Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 111/ШШ2020/0003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил, нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 05 сарын 31-ний өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай “**************” ХХК нь 1996 онд анх байгуулагдаж байгуулагдсан хугацаанаасаа хойш тасралтгүй 23 дахь жилдээ барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа компани юм.

Манай компани 2013 онд Баянхонгор аймагт анх удаа бүрэн автомат бетон зуурмагийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулж Баянхонгор аймгийн барилгын салбарт маш том хөрөнгө оруулалтыг хийсэн. Уг бетон зуурмагийн үйлдвэрээ хуучнаар зам ангийн хойд талын хог, уурын зуухны үнс, алтны мөнгөн устай шалам асгачихсан газрыг цэвэрлэж анх 6500м2 газар дээр бетон зуурмагийн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Манай байгууллагын зүгээс бетон зуурмагийн үйлдвэрийн гол түүхий эд болох хайрга бутлуурын үйлвэрийг бетон зуурмагийн үйлдвэрийнхээ дэргэд барьж байгаа тул нэмж газар олгуулахаар аймгийн газрын албанд хандаж улмаар 2018 оны 01 сарын 03 өдрийн А/03 дугаар захирамжаар нэмж *******м2 газрыг олгосон.

Гэтэл авилгатай тэмцэх газраас нэмж олгосон *******м2 газар нь дуудлага худалдаа хийлгүйгээр олгогдсон байна гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэн одоо энэ хэрэг нь мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа юм.

Авилгатай тэмцэх газар мөрдөн байцаалтын шатандаа явж байхад Баянхонгор аймгийн Засаг дарга *******-ийн 2019 оны 05 сарын 31 өдөр манай компанийн гэрээ гэрчилгээг хүчингүй болгох ******* дугаарт захирамж гарч улмаар Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар дээрх газрыг дуудлага худалдаанд оруулж 2019 оны 07 сарын 19 өдөр дуудлага худалдаа зарлагдсан байна.

Иймд Авилгатай тэмцэх газар байцаагдаж хэрэг бүрэн шийдэгдээгүй байхад газар хүчингүй болгох захирамж гарч газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулж байгаа нь манай байгууллагын эрх ашиг ихээр хөндөгдөж хууль зөрчиж байгаа тул 2019 оны 05 сарын 31 өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгож мөн 2019 оны 07 сарын 19 өдрийн 2019-2609 дугаартай газрын дуудлага худалдааг түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон суурь үнэ 8.000.000 төгрөг төлснийг үндэслэн аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамжаар “******* *******” ХХК-д үйлдвэрийн зориулалтаар ******* м2 газрыг нэмж олгосон. Аймгийн Засаг даргын 2017-2018 онд гаргасан шийдвэрт 2018 оны 10 дугаар сард Авилгатай тэмцэх газраас шалгалт хийж 2018 оны А/03 дугаар захирамжийг хууль зөрчсөн гэж үзэж 2019 оны 1 дүгээр сард албан тоотоор аймгийн Засаг даргад зөвлөмж ирүүлсэн. Үүний дагуу зөрчлийг арилгах талаар Хууль эрх зүйн хэлтсийн даргын 2019 оны 2 сарын 26-ны өдрийн 6/287 дугаар хариутай тоот бичгийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн. Зөрчлийг арилгах зорилгоор Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн даргын 2019 оны 3 дугаар сарын 28-ны  өдрийн 143 албан тоотоор 2015 онд мөрдөгдөж байсан газрын дуудлага худалдааны дундаж үнийг суурь үнээр тооцон дутуу төлсөн байсан тул 12.1 сая төгрөгийг нэмж төлүүлэхийг шаардсан. Үүний дагуу 12.1 сая төгрөгийг “******* *******” ХХК төсөвт төлсөн. Тус олгосон газрыг олгохдоо дуудлага худалдаа явуулаагүй холбогдох журмыг зөрчсөн тул 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “******* *******” ХХК-ийн захирал *******, нартай Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулж аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар захирамжаар хүчингүй болгож, “******* *******” ХХК-д мэдэгдсэн. Үүний дараа аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 112 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/335 дугаар захирамжийн дагуу Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн нутаг хуучин зам ангийн зүүн хойд талд байрлалтай үйлдвэрийн зориулалттай ******* м2 газрын дуудлага худалдааг зарласан. Уг дуудлага худалдааг MLE.mn сайтад зарлаж 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “******* *******” ХХК болон 2 иргэн, 1 аж ахуй нэгж бүртгүүлэн 2019 оны 7 дугаар сарын 19-ны өдөр газрын биржийн цахи системээр зохион байгуулагдсан. Дуудлага худалдаа Монгол улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу 9.00 цагаас эхлэн явагдсан. Дуудлага худалдаа явагдаж байхад 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 11.05 цагт “******* *******” ХХК-иас явагдаж буй дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлт, өн өдрийн 11.58 цагт Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргын дуудлага худалдаа явагдаж байгаа газартай холбоотой асуудлаар ******* дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар албан бичиг факсаар ирүүлсэн. Энэ дуудлага худалдаа нь журмын дагуу явагдан 2019 оны 7 сарын 19-ний өдрийн 15.00 цаг хүртэл явагдахад “******* *******” ХХК нь 95.313.600 төгрөгөөс 1.132.000.000 төгрөг хүртэл үнийн санал өсгөн дуудаж оролцсон байна. Аймгийн Засаг даргын 2019 оны 7 сарын 05-ны өдрийн А/364 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны 7 сарын 19-ний өдөр хуралдан аймгийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/335 дугаар захирамжийн дагуу цахим сайтаар зохион байгуулагдсан Баянхонгор сумын Рашаант 10-р багийн нутаг хуучин зам ангийн зүүн хойд талд байрлалтай үйлдвэрийн зориулалттай ******* м2   газарт зарлагдсан дуудлага худалдааг 1.199.000.000 төгрөгийн үнийн санал өгсөн иргэн Очирбаярыг ялагч гэж үзсэн тул дуудлага худалдааны ялагчийн гэрээг байгуулсан. Иргэн Очирбаяр нь гэрээнд заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг төлөөгүй тул уг дуудлага худалдаа хүчингүй болсон. Иймд “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 05 сарын 31-ний өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “.......анх уг газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдааны дундаж үнээр эзэмшүүлсэн бөгөөд дуудлага худалдааны дундаж үнэ төлөөгүй, мөн маргаж буй газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа явуулаагүй учраас хууль зөрчсөн захирамж гаргасан байна гэж үзэж Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 01 сарын 03-ны өдрийн А/03 дугаартай захирамжийг хүчингүй болгож, 2019 оны 05 сарын 31-ний өдрийн ******* дугаартай захирамжийг гаргасан байна гэж тайлбар”... гаргасан байна.

2019 оны 05 сарын 31-ний өдрийн ******* дугаартай захирамжийг гаргахдаа Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газраас сонсох ажиллагаа явуулдаг бөгөөд уг ажиллагааны баримтуудад дуудлага худалдаа явуулаагүй учраас хүчингүй болгох тухай дурдаагүй, харин дуудлага худалдааны дундаж үнийг төлж барагдуулаагүй учраас Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 01 сарын 03-ны өдрийн А/03 дугаартай захирамжийг  хүчингүй болгож байгаа талаар сонсох ажиллагаа явуулж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа “.....бидэнд сонсох ажиллагаа явуулахдаа ч, захирамж гаргахдаа ч дуудлага худалдаа явуулаагүй учраас танайд газар олгсон захирамжийг хүчингүй болгож байна гэж хэлээгүй...” гэсэн тайлбараас харахад хариуцагч нь маргаж буй захирамжийг гаргахдаа дуудлага худалдаа хийгээгүй учраас анх газар олгосон захирамжийг хүчингүй болгож байгаа эсвэл дуудлага худалдааны үнийг дутуу төлсөн учраас нөхөн төлүүлэх шаардлага үүсээд байгаагийн аль нь болохыг тодорхойлоогүй байна.

Хариуцагч нь 2019 оны 05 сарын 31-ний өдрийн ******* дугаартай захирамжаар ямар харилцааг, яаж зохицуулах гэж байгаагаа тодорхой заагаагүй, уг захирамжийг гаргахдаа зорилгодоо нийцүүлээгүй байна гэж дүгнэлээ.

Энэ нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д ..зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн.

Хэрэв хариуцагч талын тайлбарт дурдсанаар дуудлага худалдаа явуулаагүй гэж анх олгосон захирамжийг хүчингүй болгож байгаа бол уг захирамжийг гаргахдаа сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй гэдгийг дурьдах нь зүйтэй.

Маргаж буй аймгийн Засаг даргын 2019 оны 05 сарын 31-ний өдрийн ******* захирамжийн 2 дугаар заалтаар “...уг захирамжаар олгогдсон  ******* ******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хураан авч хүчингүй болгохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч *******т үүрэг болгож захирамжилжээ. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж  зааснаар газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг Засаг дарга хүчингүй болгох эрхтэй байхад уг гэрчилгээг хүчингүй болгуулахаар Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга *******т үүрэг болгож даалгасан нь Газрын тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

Анх газар олгосон захирамж гаргахдаа хариуцагч нь Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 112 дугаар тогтоолыг баримтлан гаргасан байх бөгөөд аймгийн Засаг дарга уг тогтоолыг хэрэгжүүлсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 05 сарын 31-ний өдрийн ******* дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг зөвтгөх боломжгүй байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 05 сарын 31-ний өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн      7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ