Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 201/МА2017/00030

 

Б.Болорцэцэгийн нэхэмжлэлтэй,

Д.Чулуунбаатарт холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Галтогтох, хариуцагч Д.Чулуунбаатар, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 28-ны өдрийн 138/ШШ2017/00747 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор Б.Болорцэцэгийн нэхэмжлэлтэй, Д.Чулуунбаатарт холбогдох Худалдах худалдан авах гэрээний үүрэг 5`000`000 төгрөг гаргуулах тухай, тээврийн зардалд 1`000`000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 07 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Болорцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах Хангай модны зах дээр талбай түрээсэлж модны наймаа хийдэг. 2015 оны 6 сард Дорнод аймгийн харьяат Дамдинбазар овогтой Чулуунбаатар нь надтай уулзаад их хэмжээгээр мод худалдан авах санал тавьсан. Эхний удаад 450 ширхэг палк, 400 ширхэг 3-ын банз, 300 ширхэг 5-ын банз, 2000 ширхэг 2-ын банз, 6 метрийн урттай 20 ширхэг палк гээд нийт 16`500`000 төгрөгийн үнэ бүхий мод худалдан авах захиалга өгсөн.

Захиалгын дагуу модоо бэлтгэчихээд түүн рүү яриад тохирсон ёсоор 16`500`000 төгрөгөө дансанд шилжүүлэхийг хүссэн. Чулуунбаатар нь 2015.06.23-ны өдөр миний дансанд 10`000`000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд үлдэгдэл 6`500`000 төгрөгийг мод ирсэн хойно шилжүүлье гэж хэлэхээр нь би удаахгүй бол яахав гээд зөвшөөрсөн. Захиалсан бүх модыг 2015.07.03-ны өдөр Чулуунбаатарын гурван ажилтан болон манай хоёр хүн нийлээд түүний 44-56 УНС улсын дугаартай ачааны автомашинд болон 09-20 ТЧ дугаартай чиргүүл дээр ачаад авч явсан. Модоо хүлээж авснаас хойш хоёр хоногийн дараа Чулуунбаатар миний утас руу залгаад “ зарим палкны чинь хэмжээ нь 2 см-ээр дутуу байна, буцаая “ гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэмжээ зөрнө гэж байхгүй, бүгдийг буцаагаад явуул гэж хэлсэн. Чулуунбаатар нэг сая төгрөгийн буюу 50 ширхэг палкыг өөрийнхөө ажилтан Батбаяр гэж хүнээр явуулсан байсан. Тэгээд 50 ширхэг палкны үнэ нэг сая төгрөгийг хасаад үлдэгдэл 5`500`000 төгрөгөө удаахгүй өгнө гэж хэлээд 11 сар хүргэсэн... Би аргаа бараад түүнд хандаж мөнгөө нэхэхэд 2016.12.31-ний өдөр 500`000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш утсаар ярих болгонд өгнөө гэж янз бүрийн шалтаг хэлээд өгөхгүй өдий хүрлээ. ... Иймд Б.Чулуунбаатараас модны үлдэгдэл мөнгө болох 5`000`000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Болорцэцэг нь мод модон бүтээгдэхүүний Хангай захад нөхөр Энхбатын хамт мод модон бүтээгдэхүүн худалддаг. Хариуцагчийн хувьд 2015 оны 6 сарын 23-ны өдөр Болорцэцэгээс нийт 16`500`000 төгрөгийн модон бүтээгдэхүүн худалдан авсан байдаг.

...Ийнхүү Чулуунбаатар нийт 16`500`000 төгрөгийн үнэ бүхий модон бүтээгдэхүүн худалдан авах захиалга өгсөн ба ажилчид нь тэр өдөртөө 44-56 УНС, 09-20 ТЧ дугаартай автомашинд ачаад Хангай захаас гарсан боловч машинд нь эвдрэл гараад Хангай захын хажуугийн хашаанд ачаатай машинаа оруулаад тэндээ машинаа засварлаад 2015.07.03-ны өдөр гарсан байгаа юм. Гэтэл хариуцагч 2015.06.04-ний өдөр мод худалдаж авсан тухай баримт нь Хангай зах харъяалагддаг Мөстийн гол трейд ХХК-ийн албан бичгээс зөрүүтэй байна. Магадгүй урьд нь худалдан авч байсан модныхоо баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн байх боломжтой. Мөн 5-ын банз 10м3-ыг худалдан авсан болох нь тус компанийн албан бичиг дээр банз нийт 20м3-ыг авсан гэснээс тодорхой харагдаж байна.

Иймд Д.Чулуунбаатар нь нийт худалдан авсан 16`500`000 төгрөгийн модон бүтээгдэхүүний үнээс 10`500`000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 5`000`000 төгрөгийг төлөөгүй байгаа учраас уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Чулуунбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дамдинбазар овогтой Чулуунбаатар миний бие “Дорнын Мөнх нар” гэдэг ХХК-тай бөгөөд захирлаар нь ажилладаг. Манай компани барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг. Би Улаанбаатар хотын Хангай захад модны борлуулагч Б.Болорцэцэгээс 2015 оны 6 сарын 04-ний өдөр 500 ширхэг палк, 3-ын банз 10м3 буюу 400 ширхэг, 6 метрийн палк 20 ширхэг модон материалыг нийт 13`100`000 төгрөгөөр, мөн 2 метрийн 2-ын банз 2000 ширхэгийг 2`400`000 төгрөгөөр буюу нийт 15`500`000 төгрөгийн модон материал худалдан авч ачуулсан. Үүнээс 10 сая төгрөгийг нь шилжүүлсэн. 2015 оны 12 сард шинэ жилийн үеэр 500`000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 5`000`000 төгрөгөөс 80 ширхэг палк буцаасны үнэ 1`600`000 төгрөгийг суутган 3`900`000 төгрөг үлдсэн. Надад өгсөн палк нь хэмжээ диаметртээ хүрэхгүй, банзны 2 захаас нь авсан байсан. 500 ширхэг палкнаас 2 талаас нь авахад 1000 ширхэг банз болно. Үүний үнэ буюу банзны үнэ 6,0 сая төгрөг болно. 44-56 УНС, 09-20 УЧ машины жолооч Насанжаргалд тээврийн зардалд 2,0 сая төгрөг, 90-15 УНО 86-61 БСЧ машины жолооч Амгалантөрд 2,0 сая төгрөг төлсөн. 80 ширхэг палкыг буцаахад тээврийн хөлс 870 км-т нэг сая төгрөг төлсөн. Тиймээс Болорцэцэг нь стандартад тэнцэхгүй палк нийлүүлснээс буцаах тээврийн хөлсний зардал манайхаас гарсан болохоор үлдсэн мөнгийг манайх төлөхгүй гэж үзэж байна. Би Болорцэцэгээс нийт 3 удаа модон бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн. Ер нь бол нийт 16`500`000 төгрөгийн модон материал авсан нь үнэн. Гэхдээ манайх 5-ын банз хэрэглэдэггүй учраас 5-ын банз бол аваагүй. Энэ модон материалуудыг компанийн үйл ажиллагаанд зориулан худалдаж авдаг байсан нь үнэн. Гэхдээ компани төлөх, би төлөх хоёр ялгаагүй, нэг л газраас гарч байгаа мөнгө учраас би үлдэгдэл төлбөр гарвал төлнө. Хариуцагчаар манай компанийг солих шаардлагагүй бөгөөд энэ асуудлыг энэ шүүх хуралдаанаар нэг мөр шийдүүлэх хүсэлтэй байна. Хариуцагчийн асуудал дээр маргахгүй гэжээ.

Хариуцагч Д.Чулуунбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Болорцэцэгийн надад худалдсан 450 ширхэг палк нь бүгд миний захиалсан хэмжээнд хүрэхгүй байсан. Надад 12 х 15 хэмжээтэй палк нийлүүлэх ёстой байсан. Гэтэл 8 х 10 хэмжээтэй палк байсан бөгөөд үүнээс 80 ширхэг нь 8 х 8 хэмжээтэй байсан. Модоо хүлээж авахдаа би ажилчдаараа хэмжүүлсэн. Болорцэцэгтэй утсаар яриад хэмжээндээ хүрэхгүй байна, бүгдийг буцаагаад явуулна гэсэн чинь тийм юм байх ёсгүй, гэхдээ та авчих аа, хүүхэд маань өвчтэй, мөнгө төгрөг хэрэгтэй байна, би танд банзыг нь өгье гээд уйлаад ярихаар нь би 8 х10 хэмжээтэйг нь авч үлдээд, 8 х 8 хэмжээтэй палкыг нь буцаагаад Баянхонгороос хот руу явуулсан. Манайд хөлсөөр ачаа тээвэрлэдэг Амгалантөрийн 90-15 УНО машинд ачаад мужаан Ц.Батбаярыг дагалдуулаад явуулсан бөгөөд Болорцэцэгийн нөхөр Энхбат эмээлт дээрээс модоо авсан. Иймд уг модыг ачуулахад Амгалантөрд 1`000`000 төгрөгийн хөлс өгсөн учраас доголдолтой хөрөнгө шилжүүлсэн Б.Болорцэцэгээс уг мөнгөө нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Б.Болорцэцэгийн хувьд Чулуунбаатараас 50 ширхэг палк буцаан авснаа зөвшөөрдөг. 2015 оны 7 сард модоо хүлээж авснаас хойш Чулуунбаатар утсаар яриад палкнууд чинь хэмжээндээ хүрэхгүй байна гэж ярихаар нь тийм зүйл байхгүй, яг хэмжээд явуулсан, хэрвээ тийм байгаа бол бүгдийг нь буцаагаад явуулчих гэж хэлсэн. Гэвч Чулуунбаатар 50 ширхэг палкыг 2015 оны 7 сарын 08-ны өдөр Баянхонгороос явуулсан байсныг түүний нөхөр Энхбат Эмээлт дээрээс очиж хүлээж авсан байдаг. Хэрвээ 80 ширхэг палк буцаалаа шүү гэж хэлсэн бол 50 ширхэгийг хүлээж авлаа, үлдэгдэл 30 ширхэг хаана байна гэсэн асуудал үүсэх байсан. Гэтэл тийм яриа нэхэмжлэгч хариуцагч нарын дунд болоогүй. Болорцэцэг 50 ширхэг палкаа хүлээж аваад хэмжээд үзэхэд яг хэмжээндээ байсан. Өөрөөр хэлбэл палк мод бол 15 х 15 гэсэн хэмжээтэй л байдаг. Тиймээс тэр 50 ширхэг палкийг нэг бүрийг нь 20000 төгрөгөөр зараад мөнгөө олоод авчихсан учраас хариуцагчаас нэхэмжлээгүй байгаа. Энэ 50 ширхэг палк өөрөө 1`000`000 төгрөгийн үнэтэй, гэтэл уг палкыг тээвэрлэхэд 1`000`000 төгрөгийн хөлс төлсөн гэдэг нь үнэнд эргэлзээтэй байна. Хэрвээ доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн бол тэр хөрөнгийг буцаан шилжүүлэхэд гарсан зардлыг Болорцэцэг төлөх ёстой, гэтэл Болорцэцэг гэрээнд заасны дагуу доголдолтой эд хөрөнгө шилжүүлээгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 28-ны өдрийн 138/ШШ2017/00747 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Чулуунбаатараас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5`000`000 /таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Болорцэцэгт олгож, нэхэмжлэгч Б.Болорцэцэгт холбогдох тээврийн зардал 1`000`000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Чулуунбаатарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Болорцэцэгийн төлсөн 94950 төгрөг, хариуцагч Д.Чулуунбаатарын төлсөн 28550 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Чулуунбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 94950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Болорцэцэгт олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Чулуунбаатар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд буруу дүгнэлт өгч намайг хохироосон гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрээр би Болорцэцэгт 5,0 сая төгрөг төлөхөөр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Би Болорцэцэгээс 450 палк авсан, 80 палкийг буцаасан. Нотлох баримт нь байгаа үүнийг шүүх үнэлэх шаардлагатай. Тээврийн хөлс 1`000`000 төгрөг хасч тооцох ёстой. Мөн надад нийлүүлсэн палк нь 2 талаас нь зүсч авсан хэмжээндээ хүрээгүй палк байсан тул 4`000`000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч гомдол гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Болорцэцэг нь хариуцагч Д.Чулуунбаатарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн дагуу худалдан авсан модон бүтээгдэхүүний үнийн үлдэгдэл 5000000 төгрөг гаргуулах, хариуцагч Д.Чулуунбаатар нь нэхэмжлэгч Б.Болорцэцэгээс доголдолтой модон бүтээгдэхүүн буцаасны тээврийн зардал 1000000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн талаар.

Нэхэмжлэгч Б.Болорцэцэг нь хариуцагч Д.Чулуунбаатарын 2015 оны 06 сард өгсөн захиалгын дагуу 2015 оны 07 сарын 03-ны өдөр 450 ш палк, 400 ш 3-ын банз, 300 ш 5-ын банз, 2000 ш 2-ын банз, 6 метрийн урттай 20 ш палк, нийт 16500000 төгрөгийн үнэ бүхий модон бүтээгдэхүүнийг хариуцагчид нийлүүлжээ.

 Хариуцагч Д.Чулуунбаатар нь дээрх модон бүтээгдэхүүний үнэ болох 10000000 төгрөгийг 2015 оны 06 сарын 23-нд нэхэмжлэгчид шилжүүлсэн, үлдэгдэл 6500000 төгрөгийг удаахгүй шилжүүлнэ гэсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Д.Чулуунбаатар нь модон бүтээгдэхүүн хүлээн авсанаас хойш 2 хоногийн дараа нэхэмжлэгчид “зарим палкны чинь хэмжээ 2 см-ээр дутуу байна, буцаая“ гэснийг нэхэмжлэгч “хэмжээ зөрнө гэж байхгүй, бүгдийг нь буцаагаад явуул” гэсний дагуу хариуцагч нь Баянхонгор аймгийн Баянлиг сумаас 50 ширхэг палк ачуулж явуулсныг нэхэмжлэгч тал хүлээн авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогджээ. / хх-ийн 1-2, 28 дахь талууд /

Гагцхүү хариуцагч Д.Чулуунбаатар Баянхонгор аймгийн Баянлиг сумаас ачиж очсон палкнаас ялгаж шаардлага хангахгүй 80 ш палк буцаасан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчид 80 ш палкыг буцаасан тухай мэдэгдээгүй, баримтаар хүлээлгэн өгөөгүй байна. Иймд хариуцагч Д.Чулуунбаатарыг маргаж байгаа дутсан гэх 30 ш палкыг нэхэмжлэгчид хэрхэн хүлээлгэн өгсөн талаар нотолж чадаагүй байна гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгчийн хүлээн авсан 50 ш палкны үнэ 1000000 төгрөгийг хариуцагчийн төлөх байсан 6500000 төгрөгөөс хасч тооцсон, мөн хариуцагч нь 2016 оны 12 сарын 31-ний өдөр нэхэмжлэгчид 500000 төгрөгийг шилжүүлсэн талаар талууд маргаагүй болно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хариуцагчаас модон бүтээгдэхүүний үлдэгдэл үнэ болох 5000000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Сөрөг нэхэмжлэлийн талаар.

Хариуцагч Д.Чулуунбаатар нь нэхэмжлэгч Б.Болорцэцэгийн нийлүүлсэн модон бүтээгдэхүүнээс 50 ш палкыг чанарын шаардлага хангахгүйн улмаас Баянхонгор аймгийн Баянлиг сумаас Улаанбаатар хотын Хангай зах руу нэхэмжлэгч Б.Болорцэцэгт хүлээлгэн өгөхөөр ачуулсаныг нэхэмжлэгч тал хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Б.Болорцэцэг нь доголдолтой эд хөрөнгө нийлүүлээгүй гэж маргаж байгаа боловч хариуцагч буюу сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Д.Чулуунбаатар нь модон бүтээгдэхүүн хүлээн авснаас хойш 2 хоногийн дараа Б.Болорцэцэгт “зарим палкны чинь хэмжээ 2 см-ээр дутуу байна, буцаая“ гэж мэдэгдэхэд нэхэмжлэгч Б.Болорцэцэгийн “хэмжээ зөрнө гэж байхгүй, бүгдийг нь буцаагаад явуул” гэснийг хариуцагч Д.Чулуунбаатарт доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. / хх-ийн 1-2 дахь тал /

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 253.2-т заасныг зөв тайлбарласан атлаа хариуцагч буюу сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Д.Чулуунбаатарыг “доголдолтой палк буцаахад тээврийн зардалд 1000000 төгрөгийг зарцуулсан талаарх өөрийн шаардлагыг нотолж чадаагүй“ гэж дүгнэсэн нь буруу болсон байна.

Шүүх сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Б.Болорцэцэг “доголдолтой эд хөрөнгө нийлүүлээгүй“ гэж маргасан болохоос тээврийн зардалд 1000000 төгрөг гарахгүй байсан гэж маргаагүй болохыг анхаараагүй байна.

Иймд хэрэгт аавагдсан баримт болон зохигчдын тайлбараар сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Б.Болорцэцэг нь доголдолтой эд хөрөнгийг хариуцагч буюу сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Д.Чулуунбаатарт нийлүүлсэн нь тогтоогдож байх тул Баянхонгор аймгийн Баянлиг сумаас Улаанбаатар хотын Хангай зах руу ачуулсан 50 ш палкны тээврийн зардал 1000000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Б.Болорцэцэгээс гаргуулан Д.Чулуунбаатарт олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Д.Чулуунбаатарын давж заалдах гомдлын зарим хэсэг хангагдаж байх тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Д.Чулуунбаатарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 28-ны өдрийн 138/ШШ2017/00747 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 253 дугаар зүйлийн 253.1, 253.2, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Чулуунбаатараас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5000000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Болорцэцэгт олгож, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Б.Болорцэцэгээс 1000000 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Д.Чулуунбаатарт олгосугай“ гэж өөрчилсүгэй.

2. 2 дахь заалтанд “... Б.Болорцэцэгт олгосугай“ гэснийг “... Б.Болорцэцэгт олгож, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Б.Болорцэцэгээс 28550 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Д.Чулуунбаатарт олгосугай“ гэж нэмэлт, өөрчлөлт оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Чулуунбаатараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                      

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Л.НАРАНБАЯР

                       ШҮҮГЧИД                                                             Я.АЛТАННАВЧ                                                                                                                  

                                                                                                     З.ЭНХЦЭЦЭГ