Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/150

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Л.Л, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Л-ийн Л-д холбогдох эрүүгийн 2135001280134 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Л-гийн Л, 1983 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, хамтран амьдрагч, түүний дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын аравдугаар багийн 6-32 тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, мөн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 5 хоногийн хорих ялаар шийтгэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 6 сар нэмж нэгтгэн нийт 5 жил 6 сар 5 хоногийн хорих ял, мөн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгүүдэд зааснаар 3 сарын баривчлах ял, 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 хоногийн хорих ял, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2,  147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар:..............

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.Л нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг Гашууны голоос 2021 оны 8 дугаар сарын 04-ний шөнө иргэн С.Р-гийн гэрийн гадна аргамжаатай байсан түүний нэг тооны хар зүсмийн морийг хулгайлж 1’300’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр эрүүгийн 2135001280134 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

Улсын яллагч: 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 4-8 дугаар хуудас/, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хохирогч С.Р-гийн өгсөн мэдүүлгийг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэрч Р.Т-ын өгсөн мэдүүлгийг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэрч Т.О-ын өгсөн мэдүүлгийг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэрч О.Ц-ий өгсөн мэдүүлгийг /хх-ийн 24-25 дугаар хуудас/, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэрч Л.Д-ын өгсөн мэдүүлгийг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэрч Б.Н-ийн өгсөн мэдүүлгийг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэрч Л.С-ын өгсөн мэдүүлгийг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гэрч М.Т-ын өгсөн мэдүүлгүүдийг /хх-ийн 36-37, 38-39 дүгээр хуудас/, хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 21/36 дугаартай малын зах зээлийн үнийн тодорхойлолтыг /хх-ийн 52 дугаар хуудас/, 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн Л.Л-ийн мэдүүлгийг /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэрч Т.С-ын өгсөн мэдүүлгийг /хх-ийн 41 дүгээр хуудас/, 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэрч Ж.Б-ийн өгсөн мэдүүлгийг /хх-ийн 43-45 дугаар хуудас/, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 621 дугаартай Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын тодорхойлолтыг /хх-ийн 79 дүгээр хуудас/, шинээр гаргаж өгсөн Л.Л-ийг хохирогчоор тогтоосон тогтоолын хуулбар, шүүгдэгч Л.Л-ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 416 дугаартай дүгнэлтийг тус тус шинжлэн судалсан байна.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

- Хохирогч С.Р-гийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед би өөрийнхөө хар зүсмийн морио гэрийн гаднаас уяж идүүлсэн юм. Шөнө 03 цагийн үед гараад харахад байхгүй байсан. ...өглөө 05 цагийн үед хүү Р.Т-т хэлэхэд манай хүү Р.Тү ирээд гэрийн ойр орчмоор хайгаад олоогүй юм. ...миний адууг манай хажууд зусаж байгаа Л /Л.Л/ гэж залуу авсан байж магадгүй гэж би үзсэн. Өнгөрсөн шөнө буюу миний морь алга болдог шөнө тэдний гэрт машин ирээд хүн дугараад байх шиг байсан, бас орой морио идүүлэх гэж байхад манай гэрт Л халамцуу орж ирээд нэг их юм ярихгүй гараад явсан...” гэх мэдүүлэг[1],   

- гэрч Р.Т-ын 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 05-ны өглөө үүрээр 04 цаг өнгөрч байхад манай аав С.Р ...залгаад “гэрийн гадна уясан хар морь алга болсон байна. Хулгай авсан байх би сайн уясан алга болчихсон байна” гэж хэлсэн. ...манай аав С.Р надад хэлэхдээ “энэ манай ойролцоо байдаг Л /Л.Л/ гэх залуу хулгайлсан байж магадгүй, орой манай гэрт орж ирээд явсан” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би Улаангом орж цагдаагийн байгууллагад мэдэгдээд Лагийн гэрт очсон. Л гэх айлын гэрт ороход нэг залуу адууны мах эвдэж байсан. Тэгэхээр нь “та энэ адууг хаанаас авч ирсэн бэ” гэж асуухад “манай ах Л гэх залуу авч ирсэн. Л одоо байхгүй байна. Хар зүстэй морь алсан юм” гэхээр нь хаана алсан талаар асуухад “Улаангом сумын 12 дугаар багийн төв байрны урд талын хашаанд нэг айлд алсан байна лээ. Би сайн мэдэхгүй” гэсэн юм. Тэр газар очиход цагдаа нар бас ирсэн байсан. Манай хулгайд алдсан адууг алаад хаячихсан, сэвс нь бараг уур манарсан, толгой нь амбаарын хажууд ил хоёр шийр нь баасны хажууд байсан бас цус болсон цаас байсан. Бусад мах болон арьс байхгүй байсан. Би тэр айлын хашаанд байсан нэг эмэгтэйгээс “энэ адууг хэн авч ирж алсан бэ” гэж асуухад Л хажуудаа нэг эмэгтэй, бас нэг эмэгтэй ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[2],

- гэрч Т.О-ын 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр буюу өнөөдөр өглөө 06 цагийн үед ...манай ээж М.Тогтуур ...залгаад “хөдөөнөөс Л ах нь нэг морь авч ирсэн байна чи ирээд тэр морины амь гаргалцаад өг” гэсэн юм. Би 07 цаг 40 минут болж байхад манай ээжийн найз Л.Д гэх хүний гэрт очиход Л найз Төгсөө, Ч.С гээд нэг эгч, гэрийн эзэн Л.Д гэх хүн бас нэг эрэгтэй хүн ийм хүмүүс байсан. Тэд нар нэг хар зүстэй морь алаад янзалж байсан. Би “энэ юун морь бэ?” гэж асуухад өчигдөр орой хөдөөнөөс авч ирсэн, Л ахын дүүгийн морь гэж байсан. ...Тэгэхэд Л.Л гэх хүн энэ адууны махыг зармаар байна, та нар идэх махаа авч үлдээд бусдын зармаар байна гэхээр нь гэрийн эзэн Л.Д, бас хажууд нь нэг хүн бид гурав уг морины махыг миний 88-06 УВХ улсын дугаартай машинд ачаад Улаангом сумын мал махны зах ороод ченж гэх хүнд 550’000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг[3],

- гэрч О.Цэвээний 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 05-ны ...өглөө зах дээр ирээд байж байтал 11 цагийн үед настай байрын танихгүй эгч нэг машинтай хажуудаа хоёр залуу дагуулчихсан адууны мах авч ирсэн. Намайг дуудаад “мах авах юм уу” гэж асуусан. Би очоод харахад адууны хоёр гуя, нэг хаа, нэг ууц гэсэн адууны өрөөл мах байсан. “Та хэдээр өгөх бэ” гэж асуухад 700’000 төгрөгөөр өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би “таны махыг би 550’000 төгрөгөөр авбал авна” гэж хэлсэн юм. Тэгсэн чинь хэсэг байж байгаад намайг ав гэхээр нь би тэр махыг авсан...” гэх мэдүүлэг[4],

- гэрч Л.Д-ын 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр манай найз М.Тогтуур, Л хоёр надад хэлэхдээ “бид хоёр нэг мал авч ирж зармаар байна. Манай дүү Улаангом сумын нэгдүгээр багт байдаг, тэр дүүгээсээ нэг морь авч ирж зарна гэж байсан. Тэр орой манай хашаанд морь авч ирээгүй байсан. Би унтаад үүрээр буюу 2021 оны 8 дугаар сарын 05-ны өглөө 05 цагийн үед сэрээд харахад Л нэг хар зүстэй морь аваад ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг[5],

- гэрч Б.Н-ийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 05-ны өглөө 06 цагийн үед ...Л.Л залгаад “Л.Д гэх айлын хашаанд ирээд нэг адуу алаад өг” гэж хэлсэн. ...Би гэрээсээ гараад Улаангом сумын 12 дугаар багийн төвийн урд хойшоо харсан цэнхэр хаалгатай Л.Д гэх айлд очиход хар зүстэй морь уячихсан байсан. Би “ямар учиртай морь бэ” гэж асуухад Л.Л “манай дүү өгсөн юм. Удахгүй найр хуримын ажил болно, мөнгө төгрөг хэрэг болоод алж байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[6],

- гэрч Ч.С-ын 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...Л.Л “би нэг үхэр аваад ирнэ, тэр үхрийг алж зарна” гэж байсан. 2021 оны 8 дугаар сарын 04-ний орой 18 цагийн үед Л.Л гараад явсан. Бид нар унтаж амрах гэж байтал шөнө 23 цагийн үед байх Л.Л ганцаараа нэг хар зүстэй морь хөтөлчихсөн Л.Д-ын хашаанд орж ирсэн юм. Орж ирээд “үхэр өгсөнгүй адуу өглөө” гэж хэлсэн. Тухайн үед хамтран амьдардаг М.Т-тай юм яриад байсан. Би “хаанаас авч ирсэн бэ” гэж асуухад “Улаангом сумын нэгдүгээр багт хөдөө байдаг дүүгээсээ авч ирлээ. Өглөө энэ адууг алалцаад өгөөрэй би бас хүн дуудна” гэж байсан...” гэх мэдүүлэг[7],

- гэрч М.Т-ын 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр өгсөн “...2021 оны 8 дугаар сарын 04-ний орой 17 цагийн үед миний хамтран амьдрагч Л.Л “би Улаангом сумын нэгдүгээр багт байдаг дүүгээсээ очоод нэг үхэр аваад ирье” гэж хэлээд гараад явсан. Би Л.Д-ын гэрт байж байтал тэр орой буюу 2021 оны 8 дугаар сарын 04-ний орой 23 цаг өнгөрч байхад Л.Л нэг хар зүстэй морь хөтөлсөн бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн орж ирсэн...” гэх мэдүүлэг[8] зэргээр шүүгдэгч Л.Л нь Улаангом сумын есдүгээр багийн нутаг Гашууны гол гэх газраас буюу хохирогч С.Р-гийн гэрийн гаднаас түүний нэг тооны хар зүсмийн морийг хохирогчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, өмчлөгчийн зөвшөөрөлгүй авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан тул 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 21/36 дугаартай малын зах зээлийн үнийн “Увс аймгийн Улаангом суманд 8 настай морины зах зээлийн дундаж үнэ цэнэ 2021 оны 8 дугаар сарын байдлаар 1’300’000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолтыг[9] үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох үндэслэлтэй.

Тодруулбал шүүгдэгч Л.Л нь нэг тооны, найман настай морийг хулгайлж авсан үйлдлээрээ хохирогч С.Р-д 1’300’000 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж тодорхойлсон ба шүүгдэгч Л.Л-ийн нэг тооны морийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Иймд шүүгдэгч Л.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгаа нөхөн төлөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Лоос 1’300’000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Рд олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Л.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, ...Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 500’000 төгрөгийг албадан гаргуулж хохирогч С.Р-гийн хохирол төлөхөд зарцуулах” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...зорчих эрх хязгаарлах ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Т.С-ын “...Л.Л нь зан аашийн хувьд хүний нүүрэн дээр зөөлөн сэтгэлтэй, сэтгэл гаргасан зүйлдээ сэтгэлээсээ ханддаг, тэгээд цаашаа эргээд алга болчихдог, зан аашийн хувьд нэг хэнэггүй зан гаргахаараа алга болчихдог, хүнд худал хэлдэг, хүнтэй худал харилцдаг, хүний бодоогүй юм хийдэг. Олон жил хэрэгт холбогдож ял эдэлж байсан бөгөөд тэр болгонд нь ар гэр, ах дүү нараас нь дандаа хохирол мөнгийг нь төлдөг байсан. Одоо бол ах дүү, аав ээж нь зөнд нь орхисон, өөрөө ч гадуур байнга тэнээд алга болчихдог, архи согтууруулах ундааны зүйл байнга уудаг бөгөөд хаа хамаагүй хүнтэй архи уугаад хэд хэдэн хоногоор нь уугаад алга болчихдог...” гэх мэдүүлэг[10], гэрч Ж.Б-ийн “...Л.Л-д ямар нэгэн гэр орон байхгүй бөгөөд М.Тогтуурын гэрээр орж гараад хамт яваад байгаа юм. Л.Лид эд хөрөнгө, мал гэх зүйл байдаггүй. Л.Л нь байнга архи уугаад хаа хамаагүй хонож өнжөөд гэртээ ирэхгүй байгаа...” гэх мэдүүлэг[11], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[13], Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[14], Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[15], Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[16], Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2017/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[17] зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Л нь архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хамтран амьдрагч, түүний дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын аравдугаар багийн 6-32 тоотод оршин суудаг, урьд удаа дараа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас хохирол төлөхөөр завсарлага авсан боловч шүүгдэгч шүүх хуралдаанд “Хохирогчоос надад хохирлын баримт гаргаж өгөөгүй. 500’000 төгрөгийг бэлнээр төлсөн, 800’000 төгрөгийг ойрын хугацаанд төлнө гэдгээ илэрхийлсэн” гэх тайлбарыг гаргасан байна. Шүүгдэгчийн зээ дүү Т.С гэрчээр “...зан аашийн хувьд нэг хэнэггүй зан гаргахаараа алга болчихдог, хүнд худал хэлдэг, хүнтэй худал харилцдаг...” гэх мэдүүлэг өгсөн, мөн шүүгдэгчийн тайлбар нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул хохирлыг хэсэгчлэн төлсөн гэж үзэх үндэслэлгүй.

Мөн шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй буюу тогтвортой орлогогүй, хувьд ногдох эд хөрөнгөгүй тул түүний “...Хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна” гэх тайлбарыг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Л.Л-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Гэрч О.Ц-ий “Тухайн адууны өрөөл махыг би жинлэж үзэхгүйгээр 550’000 төгрөгөөр тухайн хүнээс худалдан авсан” гэх мэдүүлгээр[18] шүүгдэгч хулгайлж авсан морио алж зараад 550’000 төгрөгийн орлого олсон болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох эд хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна” гэж тус тус заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л-оос гэмт хэрэг үйлдэж олсон 550’000 төгрөгийг албадан гаргуулж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн саналаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Л.Л-оос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Л-гийн Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л-ийг 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Л-д оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лийн гэмт хэрэгт үйлдэж олсон орлого болох 550’000 төгрөгийг шүүгдэгчээс хураан авч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулсугай.

5. Шүүгдэгч Л.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.Л-оос 1’300’000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Рд олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА

 

[1] хх-ийн 15-16 дугаар хуудас,

[2] хх-ийн 17-18 дугаар хуудас

[3] хх-ийн 21-22 дугаар хуудас

[4] хх-ийн 24-25 дугаар хуудас

[5] хх-ийн 27-28 дугаар хуудас

[6] хх-ийн 30-31 дүгээр хуудас

[7] хх-ийн 33-34 дүгээр хуудас

[8] хх-ийн 36-37  дугаар хуудас

[9] хх-ийн 52 дугаар хуудас

[10] хх-ийн 41 дүгээр хуудас

[11] хх-ийн 43-45 дугаар хуудас

[12] хх-ийн 88 дугаар хуудас

[13] хх-ийн 91-94 дүгээр хуудас

[14] хх-ийн 95-97 дугаар хуудас

[15] хх-ийн 98-102 дугаар хуудас

[16] хх-ийн 105-108 дугаар хуудас

[17] хх-ийн 112-119 дүгээр хуудас

[18] хх-ийн129-130 дугаар хуудас