Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/148

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М ургийн овогт Б-ын Г-д холбогдох эрүүгийн 2035001650063 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М ургийн овогт Б-ын Г, 1979 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны бодлого, зохицуулалтын хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын хоёрдугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .............

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Г нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны улсын байцаагчаар ажиллахдаа Жамц давс ХХК-ийн захирал Ч.Мгээс түүнд ирүүлсэн Давст сумын нутагт байрлах Шүдэн уул давсны уурхайн ордыг ашиглах байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж өөртөө давуу байдал бий болгож 2018 оны 11 дүгээр сард Увс аймгийн Давст сумын нэгдүгээр багийн иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Бэд танилцуулж Жамц давс ХХК-ийн захирал Ч.М-гээс 2018 оны 11 дүгээр сард хоёр удаагийн гүйлгээгээр 1’000’000 төгрөг авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр эрүүгийн 2035001650063 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

Улсын яллагч: 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоолыг /1 дүгээр хх-ийн 01 дүгээр хуудас/, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, гэрч Ц.Б-ын 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тус тус өгсөн мэдүүлгийг /1 дүгээр хх-ийн 30-31, 33 дугаар хуудас/, гэрч Ц.Б-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус тус өгсөн мэдүүлгийг /1 дүгээр хх-ийн 38-39, 40-41 дүгээр хуудас/, гэрч Э.Б-ын 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тус тус өгсөн мэдүүлгийг /1 дүгээр хх-ийн 78-79, 81 дүгээр хуудас/, гэрч Ч.М-гийн 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлгийг /1 дүгээр хх-ийн 91-92 дугаар хуудас/, гэрч Т.Ц-ын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлгийг /1 дүгээр хх-ийн 94 дүгээр хуудас/, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаартай Увс аймгийн Давст сумын 01 дүгээр сарын багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны тэмдэглэлийг /2 дугаар хх-ийн 4-5 дугаар хуудас/, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/06 дугаартай Увс аймгийн Давст сумын 01 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол /2 дугаар хх-ийн 06 дугаар хуудас/, Б.Г-ын ажлын байрны тодорхойлолтыг /2 дугаар хх-ийн 20-21 дүгээр хуудас/, Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаал, ажлын байрны тодорхойлолтыг /2 дугаар хх-ийн 28-34 дүгээр хуудас/, Б.Г-ын төрийн банк дахь 160300060834 тоот дансны хуулгыг /2 дугаар хх-ийн 53-57 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: гэрч Ж.Б-ийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлгийг /2 дугаар хх-ийн 128 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг /2 дугаар хх-ийн 134 дүгээр хуудас/ тус тус шинжлэн судалсан байна.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

- гэрч Ц.Б-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “...Би хуурамчаар 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Увс аймгийн Давст сумын 01 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл бичиж, гарын үсэг зурж улмаар төсөл дэмжих тухай багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол гаргаж, төсөл дэмжих тухай албан бичгийг БОАЖ-ын яаманд хүргүүлсний төлөө Ч.М гэгчээс ямар нэг эд хөрөнгө, мөнгө эд зүйл, эрх олгосон зүйл аваагүй. ...Нөхөн сэргээлтээр Жамц давс ХХК-нийг уул руу оруулахыг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Г санал тавьж оролцсон...” гэх мэдүүлэг[1],

- гэрч Ц.Б-ийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дахин өгсөн “...2018 оны 11 дүгээр сард би дээрх бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн. Тухайн үед хурал хийгээгүй, хурал хийх боломж байгаагүй учраас хурал зохион байгуулахгүйгээр бичиг баримтыг бүрдүүлсэн. Би 2018 оны 11 дүгээр сард тус сумын байгаль орчны байцаагч Б.Г-д уг бичиг баримтуудыг өгсөн. Уг бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хэзээ, хэн хүргэсэн, Байгаль орчны яам хэзээ хүлээн авсан, уг бичиг баримтыг үндэслээд ямар шийдвэр гаргасан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг[2],

- гэрч С.Б-ийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн “...Тухайн үед Б.Г над дээр ирээд “Ц.Б гэдэг айл голын өвөлжөөнөөсөө Хатуугийн уулын өвөлжөө рүү нүүгээд явчихсан байна, түүний буусан өвөлжөөг мэдэх үү” гэж асуухаар нь “мэднэ” гэж хэлсэн. Б.Г “Ц.Б-д Жамц давс ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний төслийг танилцуулмаар байна” гэхээр нь би хамт явсан. Б.Г бид хоёр Хатуугийн уулын өвөлжөөнд очиход Ц.Б гэрээ бариад дөнгөж дуусаж байсан. Ц.Б-ийнд ороход эхнэр нь байсан. Б.Г ороод Ц.Б-д Жамц давс ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээний төслийг танилцуулж байсан...” гэх мэдүүлэг[3],

- гэрч Г.Ц-ын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн “...2018 оны 11 дүгээр сард Б.Г, С.Батсүх нар манай гэрт ирж байсан. манайд ирээд нөхөр Ц.Бэд тус аймгийн Давст сумын нэгдүгээр багийн нутагт байрлах давсны уурхайтай холбоотой асуудлын талаар ярьж байсан...” гэх мэдүүлэг[4],

- гэрч Ч.М-гийн 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “...Б.Г-ын данс руу 2018 оны 11 дүгээр сард 2 удаагийн гүйлгээгээр 1’000’000 төгрөгийг шилжүүлж байсан. Энэ талаар шалгахаар нь л мэдсэн. Түүнээс мартсан байна лээ. ...ямар учиртай шилжүүлэг хийсэн бэ гэхээр давсны уурхайд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг багийн иргэдийн хуралд танилцуулах зорилгоор Б.Г болон байгаль хамгаалагч нь гэх /нэрийг нь санахгүй байна/ хүмүүс хамт явж байгаад автомашин нь Давст сумаас хойш 60 орчим км зайд байдаг багийн ойролцоо голын мөсөнд цөмөрч автомашинд нь эвдрэл гэмтэл үүсээд зогссон байсан. Ингээд Давст сумаас эмнэлгийн автомашины дуудаж татаж гаргуулсан гэдэг. Тийм учраас би түүнд учирсан автомашины эвдрэл гэмтэл болон шатахууны зардал, сумаас автомашин дуудаж ирүүлсэн шатахууны зардал гэж 1 сая төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг[5],

- Шүүгдэгч Б.Г-ын Төрийн банк дахь 160300060834 тоот дансны хуулга[6],

- 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6 дугаартай Увс аймгийн Давст сумын 1-р багийн ИНХ-ын хуралдааны тэмдэглэл гэх баримтын хуулбар[7],

- 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/06 дугаартай Давст сумын нэгдүгээр багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол гэх баримтын хуулбар[8]

- Шүүгдэгч Б.Г-ын хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Жамц давс ХХК-ийн Шүдэн уулын чулуун давсны ордын байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний хуулбар[9] зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Жамц давс ХХК-ийн захирал Ч.М-гээс Жамц давс ХХК-ийн Шүдэн уулын чулуун давсны ордын байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг танилцуулах зардал гэж 500’000 төгрөгийг өөрийн Төрийн банк дахь 160300060834 тоот дансаар авчээ.

Гэрч С.Б-ээр зам заалгаж Давст сумын Иргэдийн нийтийн хурлын дарга Ц.Б-ийн гэрт очиж, гэрч Ц.Бээр “Жамц давс ХХК-иас ирүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний төслийг тус багийн иргэдийн хэсэгчилсэн хурлаар хэлэлцээд уг төслийг дэмжих нь зүйтэй” гэх агуулгатай 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6 дугаартай Увс аймгийн Давст сумын 1-р багийн ИНХ-ын хуралдааны тэмдэглэл, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/06 дугаартай Давст сумын нэгдүгээр багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдүүлж авсан байна.

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүгдэгч Б.Г нь Жамц давс ХХК-ийн захирал Ч.М-гээс дахин 500’000 төгрөгийг өөрийн Төрийн банк дахь 160300060834 тоот дансаар авсан үйл баримтууд хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Г нь Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилладаг төрийн захиргааны албан хаагч болох нь Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаал[10], ажлын байрны тодорхойлолтоор[11] тогтоогдож байна.

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд хамаардаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д дээр дурдсан албан тушаалтнуудыг нийтийн албан тушаалтан гэж тодорхойлжээ. Тодруулбал шүүгдэгч Б.Г-ыг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт “Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна” гэж заажээ.

Мөн Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын уул уурхай, байгаль орчны үнэлгээ, усны асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Цэрэннадмидын “...Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн эрх бүхий байгууллага тухайн компанийн хүсэлтээр хийж өгдөг. Тухайн эрх бүхий байгууллага дээрх үнэлгээний тайлан гарснаар тухайн талбайд байршиж байгаа сумын багийн Иргэдийн нийтийн хурлаар тайланг хэлэлцүүлэн багийн иргэд зөвшөөрснөөр тайланг холбогдох материалын хамт байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлэн батлуулдаг. Тухайн нарийвчилсан үнэлгээний тайланг хийлгэсэн компанийн төлөөлөл тайланг багийн иргэдийн нийтийн хуралд танилцуулахаар оруулна. Түүнээс биш төрийн алба хаагч хувийн хэвшлийн ажлыг танилцуулаад явна гэж байхгүй. Ажлын чиг үүрэгт нь гэсэн ч байхгүй...” гэх мэдүүлгээр[12] Шүдэн уулын чулуун давсны ордын байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг тухайн нутгийн иргэдэд танилцуулах үүрэгтэй этгээд нь тухайн үнэлгээний тайланг боловсруулсан Тэкол ХХК болон төсөл хэрэгжүүлэгч Жамц давс ХХК болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Г Жамц давс ХХК-ийн хэрэгжүүлэх ёстой үйл ажиллагааг түүнээс хөлс авч бусдаар хуурамч баримт бичиг үйлдүүлэн гүйцэтгэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэж, 37.1.17-д “үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх” гэж тус тус заасныг зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “урвуулан ашиглах гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж тодорхойлжээ.

Тодруулбал шүүгдэгч Б.Г нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д зааснаар төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэхэд хяналт тавих үүрэгтэй этгээд атлаа ашиг олох зорилгоор хуулиар зөвшөөрөөгүй буюу Жамц давс ХХК-ийн хэрэгжүүлэх ёстой үйл ажиллагаа гүйцэтгэснийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгон гэж тодорхойлсон ба шүүгдэгч Б.Г нийтийн албан тушаалтны хувьд хийх ёсгүй үйлдэл хийж Жамц давс ХХК-ийн захирал Ч.М-гээс 1’000’000 төгрөг авсныг өөртөө давуу байдал бий болгосон гэж үзнэ.

Гэрч Ц.Б-ийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6 дугаартай Увс аймгийн Давст сумын 1-р багийн ИНХ-ын хуралдааны тэмдэглэл, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/06 дугаартай Давст сумын нэгдүгээр багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол зэргийг хуурамчаар үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна. Гэвч энэхүү гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нэг жил ба хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол тул прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагад материаллаг хохирол учирсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийснийг гэмт хэрэгт тооцно. Учир нь албан тушаалын гэмт хэрэг нь Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

Иймд шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч нийтийн албанд томилогдох эрх хасах хугацааг 4 жилээс багасгаж, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Ж.Б-ийн “...Б.Г нь Давст сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчны бодлого хариуцсан мэргэжилтнээр бараг хорь орчим жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа хүн юм. Б.Г нь эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэлтэй, хамт олон, нутаг усандаа нэр хүндтэй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг[13], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14] зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын Хоёрдугаар багийн нутагт оршин суудаг, Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчин бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Г-ын урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял, 8’000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8’000’000 /найман сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох эд хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын гэмт хэрэгт үйлдэж олсон орлого болох 1’000’000 төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж улсын төсөвт оруулах үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх талаар талууд хүсэлт гаргаагүй тул уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 Шүүгдэгч Б.Г-оор нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М ургийн овогт Б-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах, 8’000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8’000’000 /найман сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын гэмт хэрэгт үйлдэж олсон орлого болох 1’000’000 төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

5. Шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Б.Г-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА

 

[1] 1 дүгээр хх-ийн 38-39 дүгээр хуудас

[2] 1 дүгээр хх-ийн 40-41 дүгээр хуудас

[3] 1 дүгээр хх-ийн 72-73 дугаар хуудас

[4] 1 дүгээр хх-ийн 85-86 дугаар хуудас

[5] 1 дүгээр хх-ийн 91-92 дугаар хуудас

[6] 2 дугаар хх-ийн 53-55 дугаар хуудас

[7] 2 дугаар хх-ийн 4-5 дугаар хуудас

[8] 2 дугаар хх-ийн 6 дугаар хуудас

[9] 1 дүгээр хх-ийн 132-229 дүгээр хуудас

[10] 2 дугаар хх-ийн 28 дугаар хуудас

[11] 2 дугаар хх-ийн 29-34 дүгээр хуудас

[12] 1 дүгээр хх-ийн 94 дүгээр хуудас

[13] 2 дугаар хх-ийн 128 дугаар хуудас

[14] 2 дугаар хх-ийн 134 дүгээр хуудас