| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2021/0139/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/151 |
| Огноо | 2021-11-29 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З ургийн овогт Б-гийн Э-т холбогдох эрүүгийн 2135000000156 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн З ургийн овогт Б-гийн Э, 1996 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл нэг, Увс аймгийн Өмнөговь сумын гуравдугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр тус аймгийн Өмнөговь сумын тавдугаар багийн нутагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахад нь зогсоон шалгаж зөрчлийг таслан зогсоосон хууль сахиулагч буюу тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Х-ы албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр эрүүгийн 2135000000156 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:
Улсын яллагч: 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийг /хх-ийн 2 дугаар хуудас/, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Б.Х-ы зүүж явсан мөрдөс, өмсөж байсан цамцанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 4-8 дугаар хуудас/, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Б.Х-ы биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 9-12 дугаар хуудас/, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зөрчлийн 2135000839 дугаартай хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл, уг хэргийн материалын хуулбарыг /хх-ийн 13-23 дугаар хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Б.Х-аас гаргаж өгсөн цагдаа ноосон цамц, мөрдсийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоолыг /хх-ийн 25 дугаар хуудас/, 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр, 10 дугаар сарын 07-ны өдөр, 10 дугаар сарын 26-ны өдөр тус тус хохирогч Б.Х-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 29-31, 33, 35 дугаар хуудас/, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэрч П.Н-гаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 37-39 дүгээр хуудас/, 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэрч А.Б-өөс мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 41-42 дугаар хуудас/, 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэрч З.Ч-аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 44-45 дугаар хуудас/, 2021 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн 389 дугаартай хохирогч Б.Х-ы биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг /хх-ийн 61-62 дугаар хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 21/49 дугаартай хохирогч Б.Х-ы цагдаа цамц, мөрдсөнд хийсэн мөр судлалын шинжилгээний дүгнэлтийг /хх-ийн 69-70 дугаар хуудас/, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн мэдэгдлийг /хх-ийн 77 дугаар хуудас/, Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдгийн үнэлгээг /хх-ийн 79 дүгээр хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Б.Х-ы гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг /хх-ийн 82-84 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгч Б.Э-аас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 100-101 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг /хх-ийн 104 дүгээр хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрч Г.Р-гээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 120 дугаар хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрч Б.Энхболдоос мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 122 дугаар хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрч Б.Н-гаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг /хх-ийн 124 дүгээр хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн Засаг даргын тодорхойлолтыг /хх-ийн 126 дугаар хуудас/ тус тус шинжлэн судалсан байна.
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт “Би 2021 оны 9 дүгээр сарын 18-нд хөдөө адуу хайж яваад найзтайгаа таараад Эдэн гэдэг архи уучхаад Өмнөговь сумын төв рүү бензин авах гэж ороод хэсгийн төлөөлөгчтэй таарсан. Тийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Дахиж архи уухгүй. Би гэртээ ганцаараа амьдардаг. Манай ээж 2020 оны 02 дугаар сарын 23-нд бурхан болсон. Би ээжтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд тэрнээс хойш хааяа нэг архи уудаг байсан. Үүнээс хойш би дахиж архи уухгүй, маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг өгчээ.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
- Хохирогч Б.Х-ы 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн үед сумын төвд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрүүдийг хаалгаад явж байтал Хаан банкны тэндээс хамгаалах малгайгүй мотоциклтой хүн гараад ирсэн. Тэр мотоциклтой хүн дөхөөд ирэхээр нь харахад илт согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан учир Ховд гол дэлгүүрийн урд талд зогсоогоод ...тэр хүнд “та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй, Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж байна, таны тээврийн хэрэгслийг саатуулна” гэх шаардлага тавихад зугтах гээд байсан учир би тэр залууг мотоциклоос нь буулгаад хоёулаа хамт манай ажил дээр очъё гэж хэлэхэд тэр залуу над руу уурлаж эхэлсэн. ...та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэж хэлээд мотоциклыг нь өөрөө жолоодоод хойноо Б.Э-ыг суулгаад явах гэхэд “би яагаад чамтай хамт явах ёстой юм” гээд явахгүй болохоор нь мотоциклоос буугаад дээлийн бүснээс нь хөтлөөд явганаар кабон руу явах гэхэд шууд миний өмсөж байсан албаны зузаан ноосон цамцны баруун мөрдсийг татаад газар луу шидэхээр нь би Б.Э-ыг дээлийн бүснээс нь нэг гараараа бариад мөрдсөө авч халаасандаа хийгээд хөтөлсөн хэвээрээ явж Улиастай дэлгүүр хүртэл 30 гаруй метр явсан. ...Улиастай дэлгүүр дээр ирэхэд Б.Э надад хандаж “намайг тавьчих пизда минь” гэхээр нь “чадахгүй” гэхэд над руу салаавч гаргаж “пизда минь тэгвэл би чиний бүх хувцсыг чинь урна, гөлөг минь тэгсний дараа хамт ажил руу чинь явъя банди минь” гэж хэлээд миний зүүн талын мөрдсийг тасалж авч шидэхээр нь би дахин Б.Э-ыг хөтөлж яваад мөрдсөө авч халаасандаа хийгээд босоход хоёр гараараа цамцны захны хоёр талаас барьж өөр лүүгээ татаж байгаад миний амны хэсэгт мөргөхөд дээд уруулын дотор хэсгээс цус гарсан...” гэх мэдүүлэг[1],
- гэрч П.Н-гийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн “2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ...19 цаг өнгөрүүлээд гэрээсээ гараад төв замаар доошоо явж байтал Улиастай дэлгүүрийн урд зам дээр хоёр хүн барьцалдчихсан байгаа харагдсан. Би тухайн үед мотоциклтой явсан тул дөхөөд харахад манай сумын хэсгийн төлөөлөгч Б.Х байсан ба намайг харчхаад дуудахаар нь би мотоциклоо зам дээр тавиад очсон. Тухайн үед хэсгийн төлөөлөгч Б.Х, Б.Э нар хоорондоо барьцалдаж байсан. Б.Х Б.Э-ыг ажил руу явна гээд дээлийнх нь бүснээс татаад явах гэхэд Б.Э нь “би явахгүй, би яагаад чамтай явах ёстой юм” гэж эсэргүүцээд байсан. ...Тухайн үед хэсгийн төлөөлөгч Б.Х-ы амнаас нь цус гарсан харагдаж байсан ба надад “та энэ залууг ажил дээр хүргэлцээд өгмөөр байна, миний бие сулдаад байна” гэж хэлэхээр нь “чамайг цохисон юм уу” гэж асуухад “намайг татаад мөргөчихлөө” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[2],
- гэрч А.Б-ийн 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн “Би 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн үед байх найзтайгаа уулзахаар явж байтал гудамжинд хүмүүсийн чанга дуу сонсогдоод байсан ба Улиастай дэлгүүрйн урд ирэхэд зам дагуу хэсгийн төлөөлөгч Б.Х П.Н гэх ах болон Б.Э гэх залуугийн хамт зогсож байсан. ...хэсгийн төлөөлөгч Б.Х Б.Эт “чи зүгээр миний шаардлага биелүүлээд дагаад яв, энэ залуу миний шаардлага эсэргүүцээд миний хоёр мөрдсийг аваад шидчихлээ, мөн миний нүүр лүү мөргөлөө” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[3],
- гэрч З.Ч-ын 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн “2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр би сумандаа байхад 19 цаг 02 минутад Өмнөговь сумын хэсгийн төлөөлөгч д/ч Б.Х залгаад “манай суманд хүрээд ир” гэж хэлсэн. Би Б.Х-аас юу болсон талаар асуухад “манайхан хөдөө явсан ирээгүй байна, нэг согтуу жолооч миний тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед халдлаа хүрээд ир” гэж хэлсэн. Би сумаасаа албаны 74-75 УВЗ улсын дугаартай Мустанг-150 загварын мотоциклтой тэр дор нь гараад Өмнөговь суманд 19 цаг 51 минутад орж ирээд цагдаагийн хэсгийн байранд ирэхэд хэсгийн төлөөлөгч, д/ч Б.Х хажуудаа нэг танихгүй согтуу хүн болон Өмнөговь сумын иргэн П.Н, А.Б гэх гурван хүний хамт байсан. Хажууд нь очоод юу болсон талаар асуухад хажуудаа байгаа танихгүй залууг заагаад “энэ Б.Э гэх залуу согтуу мотоцикл жолоодож яваад таарахаар нь зогсоогоод хэсгийн байранд авч ирж согтуурлыг нь шалгах гээд шаардлага тавьсан боловч миний шаардлагыг эсэргүүцэж албаны хувцсыг урж хоёр мөрдсийг авч газар луу шидлээ” гэж хэлсэн. Мөн тухайн үед миний өмсөж явсан албаны зориулалттай ноосон цамцны захаар хоолой боож байгаад татаж амны хэсэгт нэг удаа мөргөхөд нь миний дээд уруул дотор хэсэгтээ шалбарч цус гарлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[4],
- 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зөрчлийн 2135000839 дугаартай хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл, уг хэргийн материалын хуулбар[5] зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын тавдугаар багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэж Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоцикл жолоодож явахад нь тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Х зогсоон шалгасан байна.
Улмаар шүүгдэгч Б.Э-ын согтуурлын зэргийг шалгахаар цагдаагийн хэсгийн байр луу хамт явах шаардлага тавихад хэл амаар гутаан доромжилж, хохирогч Б.Х-ы хоёр мөрдсийг тастаж, цагдаагийн албаны дүрэмт хувцас болох ноосон цамцыг урж, хохирогчийн нүүрэн тус газар нэг удаа мөргөж цохисон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/825 дугаар тушаалаар: 1. Цагдаагийн ахлагч Б-ы Х-ыг Увс аймаг дахь цагдаагийн газрын Бөхмөрөн сум дахь цагдаагийн ажлаас 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 10 дугаар сарын 16-ны өдрөөс мөн газар Өмнөговь сум дахь хэсгийн төлөөлөгчөөр томилж, цагдаагийн дэслэгч цол олгосон байна” гэх мэдэгдлээр[6] хохирогч Б.Х нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын Өмнөговь сум дахь хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг, цагдаагийн дэслэгч цолтой болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “хууль сахиулагч гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсон ба хохирогч Б.Х-ыг хууль сахиулагч гэж үзнэ.
2021 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн 389 дугаартай хохирогч Б.Х-ы биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “Б.Х-ы дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт,[7] 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 21/49 дугаартай хохирогч Б.Х-ы цагдаа цамц, мөрдсөнд хийсэн мөр судлалын шинжилгээний “Шинжилгээнд ирүүлсэн цагдаагийн албаны мөрдөсний саан хүрээ 5 см, хар өнгийн ноосон цамцны баруун мөрний хэсэгт 11 см, баруун захны хэсэгт 13 см, зүүн мөрний хэсэгт 19 см, зүүн захны хэсэгт 12 см, баруун суганы ар хэсэгт 6 см, баруун болон зүүн ханцуйны хэсэгт байгаа лого зэрэгт ханзарсан гэмтэл үүссэн байна” гэх дүгнэлт[8] зэргээр шүүгдэгч Б.Э-ын хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогчийн биед болон өмсөж явсан хувцсанд гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хууль ёсыг үл хүндэтгэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсний улмаас хууль сахиулагчийн биед болон хувцсанд гэмтэл учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Э согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өөрийн зан суртахуун, үйлдлээ хянах чадваргүй болсон нь гэмт хэрэг гаргах шалтгаан нөхцөл болжээ.
Иймд шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 249 дугаартай “Увс аймагт 2021 оны 9 дүгээр сарын байдлаар цагдаа ноосон цамц, дэслэгч мөрдөсний зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 22’291 /хорин хоёр мянга хоёр зуун ерэн нэг/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлтээр[9] шүүгдэгч Б.Э-ын хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогч Б.Х-д 22’291 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ.
Хохирогч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад “Б.Э надтай уулзаж болсон зүйлийн талаар уучлалт гуйсан. Надад учирсан хохирлыг барагдуулж, урагдсан цамц, эвдэрсэн мөрдсийг засаж өгөхөөр болсон тул нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байхгүй” гэж мэдүүлсэн[10], шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн “хохиролд хэдэн төгрөг төлсөн бэ” гэх асуултад “250’000 төгрөг төлсөн” гэж хариулсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах...” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Г.Р-гийн “...зан харилцаа даруу төлөв боловч хааяа архи уусан үедээ ухаан мэдрэлээ алдаад хүмүүст агсам согтуу тавьж асуудал гаргачхаад байдаг. Тэрнээс биш өөр хэрэг төвөг хийдэг, буруу болохгүй зан байдаггүй...” гэх мэдүүлэг[11], гэрч Б.Н-гийн “...Б.Э нь төлөвшилтэй, эрүүл үедээ зан харилцаа хэвийн, харилцааны соёлтой бусдыг ямар нэгэн байдлаар уруу татдаггүй. ...Б.Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн ухаан мэдрэлээ алдаж агсам согтуу тавиад байдаг юм...” гэх мэдүүлэг[12], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн Засаг даргын тодорхойлолт[14] зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.
Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь Увс аймгийн Өмнөговь сумын гуравдугаар багт мал аж ахуй эрхэлж амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлтэй байна.
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нь гэмт хэрэг гаргах шалтгаан нөхцөл болсон, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ догшин зан авиртай болдог гэх үйл баримт гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Э-т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх талаар талууд хүсэлт гаргаагүй тул шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн Ди Ви Ди дискт гэмт хэрэг гарсан байдлыг бэхжүүлж авсан бичлэг байх тул хэргийн хамт хадгалж, хохирогч Б.Х-ы хоёр ширхэг дэслэгч мөрдөс, нэг ширхэг ноосон цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З ургийн овогт Б-гийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Э-т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Эт хяналт тавих үүргийг түүний оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Э-т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн нэг ширхэг Ди Ви Ди дискийг хэргийн хамт хадгалж, хоёр ширхэг дэслэгч мөрдөс, нэг ширхэг ноосон цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Х-д буцаан олгосугай.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 29-31 дүгээр хуудас
[2] хх-ийн 37-39 дүгээр хуудас
[3] хх-ийн 41-42 дугаар хуудас
[4] хх-ийн 44-45 дугаар хуудас
[5] хх-ийн 13-23 дугаар хуудас
[6] хх-ийн 77 дугаар хуудас
[7] хх-ийн 61-62 дугаар хуудас
[8] хх-ийн 69-72 дугаар хуудас
[9] хх-ийн 133 дугаар хуудас
[10] хх-ийн 35 дугаар хуудас
[11] хх-ийн 120 дугаар хуудас
[12] хх-ийн 124 дүгээр хуудас
[13] хх-ийн 104 дүгээр хуудас
[14] хх-ийн 126 дугаар хуудас