Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00782

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 36 дугаар байрны 19 тоотод түр оршин суух Ядамжав овогт Загдсүрэнгийн Мөнхцэцэг /РД:ШД83012804/-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэх хорооллын 35 дугаар байрны 1-4 тоотод оршин суух Цог овогт Одсэрийн Батзаяа /РД:ЦЖ74062861/-д холбогдох,

гэрлэлт цуцалж, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Мөнхцэцэг, түүний өмгөөлөгч Ч.Ням, хариуцагч О.Батзаяа, түүний өмгөөлөгч Х.Доржпалам, нарийн бичгийн даргаар М.Тайванжаргал  нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...О.Батзаяагаас гэрлэлтээ цуцлуулж, дундын өмч болох Нисэхийн 10 дугаар хороо, 35 дугаар байрны 4 тоот 2 өрөө орон сууцыг ахдаа 40 сая төгрөгөөр зарсан тул орон сууцны мөнгөнөөс оногдох хэсэг 20 сая төгрөг, 1 800 000 төгрөгний буйдан ор, 1 500 000 төгрөгний Сони маркийн нөүтбүүк, 900 000 төгрөгний керамик плитка, 500 000 төгрөгний Чехийн өнгөт зурагт, 450 000 төгрөгний дэлгэдэг 2 хүний ор, 2013 онд шинээр авсан Приус-20 маркийн автомашин, нийт 26 550 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ням шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний үйлчлүүлэгч З.Мөнхцэцэг 2005 онд сургууль төгсөж, 2006 онд О.Батзаяатай танилцаж 2007 онд гэр бүл болсон. 2007 онд гэр бүл болж амьдарснаас хойш 2008 оноос 2013 оны 6 дугаар сарыг хүртэл хамт Чех улсын төмрийн үйлдвэрт ажиллаж байгаад Монгол улсад ирсэн. Гадаадад ажиллаж байх хугацаандаа 40.000.000 төгрөг хуримтлуулсан байдаг. Уг мөнгөө хадам аав н.Одсэрийн нэрийн дансанд шилжүүлж байсан. Харин Монгол улсад ирж хадам аав н.Одсэрийн нэр байсан Нисэхийн 35 дугаар байрны 1-4 тоот 2 өрөө орон сууцыг 38.000.000 төгрөгөөр худалдаж авсан. О.Батзаяатай гэрлэлтээ цуцлуулах шалтгаан нь олон жил энэ хүний хүчирхийллийг хүлээцтэй хандаж өнгөрүүлсэн. Цаашид өнгөрөөх боломжгүй бөгөөд 2014 оны 3 дугаар сард гэрээсээ хөөгдсөн. Буцаж амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж дундын өмч хөрөнгөө хуваана. Дундын эд хөрөнгөнд Нисэхийн 10 дугаар хорооны 35 дугаар байрны 4 тоот 2 өрөө орон сууцыг н.Одсэрд гадаадад ажиллаж олсон мөнгөө өгч оронд нь авсан. Гэхдээ н.Одсэр нь 2012 оны 12 дугаар сард хурим хийх үед надад бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг шилжүүлж өгсөн гэдэг. Гэрлэлт батлуулснаас хойш бий болсон хөрөнгө учраас хамтран өмчлөх эрхтэй. 2014 оны 3 дугаар сард нэхэмжлэгч маань гэрээсээ хөөгдөж,  тус байрыг бүх эд хогшилтой нь ах О.Баттогтох авч үлдсэн байдаг. Тухайн үед зөвхөн өмсөх хувцастайгаа гэрээсээ явсан, дараа нь ээж нь очиж хагас хувцасыг авсан гэдэг. Одоо анх гэр бүл болохдоо худалдан авч байсан эд хөрөнгийн үнээс өөрт ногдох хэсгийг нэхэмжилж байна. Энэ гэр бүлийн ор болон зарим зүйлийг ах О.Баттогтох олон жил хэрэглсэн учраас байгаа гэх хуучирсан хөрөнгө авахгүй, нэхэмжлэлд дурдсан үнийн дүнгээр  ногдох хэсгээ авна гэв.

     Хариуцагч О.Батзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг Франц улсад байх хугацаанд З.Мөнхцэцэг өөрийн аав ээжтэйгээ ирж эд хөрөнгөө хүлээж авч гарын үсэг зурж явсан байдаг. Эд хогшлоо хүлээж авсан фото зураг нь байгаа. Эд хогшилд ор, өөрийн хувцас, сервант, хөргөгчийг авсан. Би энэ хүнээс салах гэж Франц улс руу яваагүй. Франц улс руу түрүүлж очиж байр суурьтай болж З.Мөнхцэцэгийг эргэж авъя гэж ярилцаад орон байраа зарж, 15.000.000 төгрөгийг З.Мөнхцэцэгт үлдээж явсан. Энэ хүн араас ирнэ гэж хэлээд ирээгүй. 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Франц улс руу явахынхаа урд өдөр З.Мөнхцэцэгт мөнгөө тоолж өгсөн. Хөрөнгийн асуудлыг шүүх өмнө нь шийдсэн, одоо гэрлэлтээ цуцлуулна, хэрэглэж байсан зурагт, диван 2-ыг авна гэвэл өгч болно гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Мөнхцэцэг нь гэрлэлт цуцалж, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн байна.

Хэргийн баримтаас үзэхэд О.Батзаяа, З.Мөнхцэцэг нар нь 2006.08.23-ны өдөр гэр бүл болсныг 2007.08.29-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны гэр бүл болсон болох нь зохигчдын тайлбар болон 0057782 дугаар гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдсон байна.

Гэрлэгчид 2008 оны 10 сараас 2013 оны 6 сарыг дуустал хугацаанд Чех улсад хамт амьдарч, ажиллаж байсан гэх бөгөөд “...40 000 000 төгрөгтэй Монголдоо ирж, хадам аав М.Одсэрийн нэр дээр байсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэх хорооллын 35 дугаар байрны 4 тоот 2 өрөө орон сууцыг 38 000 000 төгрөгөөр худалдаж авсан” гэж нэхэмжлэгч тайлбарлажээ.

Хэргийн баримтаас үзэхэд М.Одсэр болон  О.Батзаяа, З.Мөнхцэцэг нарын хооронд байгуулсан 2012.12.06-ны өдрийн орон сууцны бэлэглэлийн гэрээний дагуу өмчлөх эрх шилжиж, 2012.12.06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206001179 дугаартай гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэх хорооллын 35 дугаар байрны 4 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчид нь О.Батзаяа, З.Мөнхцэцэг нар болсон байх бөгөөд тэднийг гэр бүл болоход нь зориулж “хүү, бэр 2-тоо орон сууцыг бэлэглэсэн” гэж хадам аав М.Одсэр гэрчийн мэдүүлэг өгсөн байна.

Гэрлэгчид уг орон сууцанд 2012.12.06-ны өдөр хуримлаж, өөрсдийн хэрэгцээнд зориулж 1 800 000 төгрөгний буйдан ор, 900 000 төгрөгний керамик плитка, 450 000 төгрөгний дэлгэдэг 2 хүний ор зэрэг эд хөрөнгийг шинээр худалдан авсан талаар маргаагүй бөгөөд Чех улсад амьдарч байхдаа 1 500 000 төгрөгний Сони маркийн нөүтбүүкийг худалдан авсан, 500 000 төгрөгний Чехийн өнгөт зурагтыг О.Батзаяагийн ах, эгч нар өгсөн, мөн 2013 онд Приус-20 маркийн автомашиныг худалдан авч гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байсан гэж хариуцагч тал тайлбарласан байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд” гэдэгт Гэр бүлийн тухай хуульд зааснаар   гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойшхи хугацаа хамаардаг тул О.Батзаяа, З.Мөнхцэцэг нар 2007.08.29-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны гэр бүл болсоноос хойш дээрх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд бий болсон байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2 дахь хэсэгт зааснаар нэр бүхий хөрөнгүүд нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох бөгөөд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Гэрлэгчдийн дундаас хүүхэд төрөөгүй, тэдний хооронд зан харьцааны таарамжгүй байдал үүссэний улмаас 2015 оны 3 сараас хойш тусдаа амьдарч байгаа, хойшид эвлэрэн амьдрах боломжгүй гэж үзээд шүүхээр гэрлэлтээ цуцлуулахыг хэн алин зөвшөөрсөн боловч талуудын хооронд  дундын эд хөрөнгийн ногдох хэсгийн талаар маргаан үүссэн байна.

Хариуцагч О.Батзаяа нь 2014.11.05-ны өдөр Франц улс руу явахынхаа өмнөх өдөр буюу 2014.11.04-ний өдрийн орон сууц бэлэглэх гэрээг өөрийн төрсөн ах О.Баттогтохтой байгуулсан, уг гэрээнд З.Мөнхцэцэг гарын үсэг зурсан боловч “...байраа бэлэглэх хүсэл байгаагүй, нөхрийн шахалтад орсон” гэж нэхэмжлэгч тал тайлбарлажээ.

Хариуцагч О.Батзаяа байраа 40 000 000 төгрөгөөр зарсан, байрны үнээс 15 000 000 төгрөгийг З.Мөнхцэцэгт үлдээсэн гэх боловч “15 000 000 төгрөгийг өгсөн” талаар нотолсон баримтгүй, харин төрсөн ах О.Баттогтохын “...байр нь зарагдахгүй, замын зардал, визний мөнгөгүй байсан тул байрыг нь 40 000 000 төгрөгөөр худалдан авсан” гэх тайлбараас үзэхэд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэх хорооллын 35 дугаар байрны 4 тоот 2 өрөө орон сууцны зарагдсан үнэ 40 000 000 төгрөг болох нь тогтоогдсон гэж үзнэ.

Мөн хариуцагч Франц явахын өмнө Приус маркийн автомашиныг 5 500 000 төгрөгөөр бусдад худалдсанаа зөвшөөрсөн, нэр бүхий эд хөрөнгийг худалдан авсан үнийн талаар маргаагүй байх тул орон сууцны зарагдсан үнээс ногдох хэсэг 20 000 000 төгрөг, 1 800 000 төгрөгний буйдан орны үнээс 900 000 төгрөг, 1 500 000 төгрөгний Сони маркийн нөүтбүүкний 750 000 төгрөг, 900 000 төгрөгний керамик плитканы 450 000 төгрөг, 450 000 төгрөгний дэлгэдэг 2 хүний орны 225 000 төгрөг, Приус-20 маркийн автомашины зарагдсан үнэ 5 500 000 төгрөгийн 2 750 000 төгрөг нийтдээ 25 075 000 төгрөгийг гэр бүлийн гишүүн З.Мөнхцэцэгт ногдох хэсэг гэж шүүх тодорхойлов.

   Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна”, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь нийт гишүүдэд адил байна” гэж зааснаар гэр бүлийн дундын хөрөнгийн худалдан авсан болон зарагдсан үнийн 50 хувь буюу 25 075 000 төгрөгийг  хариуцагч О.Батзаяагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлага 26 550 000 төгрөгнөөс үлдэх хэсэг 1 475 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэлд дурдсан Чехийн өнгөт зурагтыг 500 000 төгрөгөөр худалдан авсан эсэх, Приус маркийн машиныг анх худалдан авсан  эсхүл өөр автомашинаар сольсон эсэх талаар талууд маргаантай байгаа тул ногдох хэсгийг нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээгээр хангах үндэслэлгүй болно.

Хэрэгт авагдсан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.05.28-ны өдрийн 03556 дугаар шүүхийн шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015.08.03-ны өдрийн 998 дугаар магадлалыг Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хуралдааны 2015.10.13-ны өдрийн 770 дугаар тогтоолоор тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасан байдал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2016.03.17-ны өдрийн 02267 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.01-ний өдрийн 06486 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж зэргээс харахад “...эд хөрөнгийн маргааныг шүүх шийдсэн, ногдох хэсгээ нэхэмжлэгч авсан” гэх хариуцагч талын тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Дээрх шийдвэрүүдээс харахад нэхэмжлэгч З.Мөнхцэцэг нь 2014.11.04-ний өдрийн орон сууц бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрхийг сэргээж тухайн байрыг О.Баттогтохын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг, мөн  өөрийн өвлийн куртка 1ш, бор куртка 1ш, индүү1ш, бор ботинк 1ш, түрийтэй хавар намрын гутал 1ш, аяга, тавагны ком 1ш, түшлэгтэй сандал 1 ком/4 ширхэг/, болор хундага 12 ширхэг нийтдээ 2 100 000 төгрөг гаргуулах тухай 2016.01.06-ны өдрийн нэхэмжлэлийг тус тус О.Баттогтох, О.Батзаяа нарт  холбогдуулан гаргаж байжээ.

З.Мөнхцэцэг болон түүний эцэг, эх Цэцгээ, Загдсүрэн нарт хүлээлгэн өгсөн  гэх “сандал 4ш, модон наар ком 1, гутал 3хос, рунк ком 1, индүү ком 1, модон ор 1, хөргөгч 1, мөнгөн аяга 1+1” эд зүйлүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна.

Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож чадаагүй, шүүхээр шийдвэрлүүлэхээр З.Мөнхцэцэг нэхэмжлэл гаргасан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар энэ асуудлыг шүүх шийдвэрлэлээ.  

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                                                          
                                                                                                                    ТОГТООХ нь:

     1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар О.Батзаяа, З.Мөнхцэцэг  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.1.1, 129.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Батзаяагаас хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гишүүнд ногдох хэсэг 25 075 000 төгрөгийг гаргуулж З.Мөнхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 475 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар О.Батзаяагаас 283 324 төгрөг гаргуулж З.Мөнхцэцэгт  олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361 450 /360 950+500/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                       Д.ЭНХЦЭЦЭГ