Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2018/0314/З |
Дугаар | 221/МА2018/0607 |
Огноо | 2018-11-22 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2018/0607
Х.Бий нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгч Х.Б, түүний өмгөөлөгч С.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0546 дугаар шийдвэртэй, Х.Бий нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн сайдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0546 дугаар шийдвэрээр: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Бээс Сангийн сайдад холбогдуулан гаргасан Сангийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрхийг сунгаж, сэргээлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч Х.Б давж заалдах гомдолдоо: “ ... Анхан шатны шүүх анхнаасаа миний нэхэмжлэлийг анхаарч шийдээгүй, нэг талыг барьж байсан талаар 2018 оны 07 дугаар сарын 25-нд бидний шүүхэд хүсэлт нотлож байгаа. Уг хүсэлт нь миний жинхэнэ харъяалагддаг байгууллага болох Монголын хохирол үнэлэгчдийн холбооноос миний ажил байдалтай, шалгалт өгсөн, сургалтанд хамрагдаж эрхээ сунгуулсан, Сангийн яаманд эрхийг минь сэргээлгэхээр явуулсан албан бичиг болон надад холбогдох миний нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтуудыг шүүхийн журмаар гаргуулан авч нотолгоо болгон хэрэгт хавсаргасан байсан. Гэтэл анхан шатны шүүх уг хүсэлтийг минь хүлээн аваагүй миний эрх зүйн байдлыг дордуулсан.
Би тайлбар болон хүсэлтдээ “Би монголын хохирол үнэлэгчдийн холбооны гишүүн бөгөөд энэ байгууллагад харъяаны хүн” гэдгээ олон удаа тодорхой мэдэгдсэн. Мөн тус байгууллагаас өгсөн баримтуудыг хавсаргасан байгаа.
Сангийн яамнаас миний огт харъяалагддаггүй байгууллагаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн миний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Баян-Өлгий аймгийн Татварын албанаас сонгуулийн дараа миний хөрөнгө үнэлэх эрхийг хасуулах зорилгоор шууд зориудаар зохионбайгуулан хохирол үнэлгээчний эрхэнд минь халдсан явдалд би хохирч байна.
Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0546 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ... үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х.Бий хүчингүй болгуулахыг хүссэн Сангийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаар тушаалаар /3 дугаар хавсралтын 11-д/ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг үндэслэн Х.Бий хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Анхан шатны шүүхээс “... Х.Бийг Сангийн сайдын эрх сэргээсэн тухай тушаал гаргаагүй байхад хөрөнгийн үнэлгээ хийсэн болох нь Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсээс ирүүлсэн иргэдийн хөрөнгийг үнэлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Х.Б давж заалдах гомдолдоо “... Би Монголын хохирол үнэлэгчдийн холбооны гишүүн бөгөөд энэ байгууллагын харьяаны хүн, ... Гэтэл Сангийн сайдын нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар нь миний харъяалахгүй огт өөр байгууллага болох Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институтээс хүргүүлсэн дүгнэлтийг үндэслэж миний эрхийг тухайн сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний 45 дугаар тушаалаар хүчингүй болгосон” гэжээ.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь тохиолдолд хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно”, 24.1.3-д “үнэлгээчний ёс зүйн дүрэм болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 24.1.4-д “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Х.Б нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 280 дугаар тушаалаар авч үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2016 онд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасан сургалтад хамрагдах үүргээ биелүүлээгүйн улмаас Сангийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тушаалаар тусгай зөвшөөрлийг нь 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Уг хугацаа дуусахад Сангийн сайд мөн хуулийн 24.1.4-д зааснаар түдгэлзүүлсэн хугацаанд зөрчил арилгаагүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй тул Х.Б нь 2017 оны 11 дүгээр сард сургалтад хамрагджээ. Улмаар Х.Бий харьяалагддаг хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага болох “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо”-ноос Сангийн яаманд түүний тусгай зөвшөөрлийг сэргээлгэхээр хүргүүлжээ.
Сангийн сайд мөн хуулийн 23.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг сэргээх эсэхийг шийдвэрлээгүй байхад Х.Б нь хөрөнгийн үнэлгээ хийсэн болох нь Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсээс Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газарт хүргүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаартай албан бичиг болон тус аймгийн Өлгий сумын иргэн С.Тилекберд, Х.Алия, М.Анар нарын хувийн орон сууцны байшинг үнэлсэн тайлан зэргээр нотлогдож байна.
Үүнээс үзвэл Х.Б тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд сургалтад хамрагдах үүргээ биелүүлээгүй, мөн тусгай зөвшөөрлийг сэргээх шийдвэр гараагүй байхад хөрөнгийн үнэлгээ хийсэн гэх 2 зөрчлийг гаргажээ.
Эхний зөрчлийн тухайд хариуцагч Сангийн сайд түдгэлзүүлсэн хугацаа дууссан ч хуульд зааснаар хүчингүй болгох шийдвэрийг гаргаагүй байсан тул 7 сарын дараа сургалтад хамрагдах үүргээ биелүүлсэн Х.Бийг буруутгах үндэслэлгүй. Гэвч “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо”-ноос түдгэлзүүлсэн тусгай зөвшөөрлийг сэргээлгэхээр албан бичиг хүргүүлсэн боловч Сангийн сайд сэргээх эсэхийг шийдвэрлээгүй байхад 2017 оны 12 дугаар сард иргэдийн хөрөнгийн үнэлсэн нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9-д “хөрөнгийн үнэлгээг заавал тусгай зөвшөөрөлтэйгээр хийх”-ээр заасныг зөрчсөн байна.
Сангийн яамны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 7/613 дугаар албан бичгээр Х.Бий харьяалагддаг “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо”-нд Х.Бий дээрх зөрчлүүдийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3, 24.1.4-д заасны дагуу хэлэлцэж саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд тус холбооны Мэргэжлийн зөвлөл хуралдаж, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн М306/18 дугаар дүгнэлтээр “түдгэлзүүлсэн шалтгааныг арилгаж сургалтад хамрагдсан, ёс зүйн ноцтой зөрчил гаргаагүй” гэсэн дүгнэлтийг Сангийн яаманд хүргүүлсэн нь дээрх хуульд нийцээгүй хууль бус дүгнэлт болжээ.
Иймд Сангийн сайд нь тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох эрх бүхий этгээдийн хувьд дээрх хууль бус дүгнэлт, саналыг үл харгалзан Х.Бий тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг хууль зөрчөөгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Х.Б нь Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтэд харьяалагддаггүй байх тул нэхэмжлэгчийн “миний харьяалагддаггүй Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институтээс дүгнэлт гаргуулж шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлтэй боловч түүний харьяалагддаг “Монголын хохирол үнэлэгчдийн холбоо”-ны Сангийн яаманд хүргүүлсэн дүгнэлт саналууд нь хуульд нийцээгүй байх тул анхан шатны шүүх уг баримтуудыг үнэлээгүй гэх Х.Бий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
Х.Б нь түдгэлзүүлсэн шалтгааныг хугацаа хэтрүүлж арилгасан бөгөөд тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх эсэхийг Сангийн сайд шийдвэрлээгүй байхад хөрөнгийн үнэлгээ хийсэн нь ноцтой алдаанд тооцогдохоор байх тул маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0546 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Бий давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч Х.Бээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ