Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 201/МА2017/00031

 

Н.Энхсайханы нэхэмжлэлтэй,

“Дорнын Мөнх нар” ХХК-д холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, хариуцагчийн төлөөлөгч Д.Чулуунбаатар, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 28-ны өдрийн 138/ШШ2017/00748 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Н.Энхсайханы нэхэмжлэлтэй, “Дорнын Мөнх нар” ХХК-д холбогдох Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 23`600`000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 07 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Энхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Дорнын Мөнх Нар” ХХК-ний менежер Батчимэгтэй 2014 оны 04 сарын 30-ны өдөр палкан байшингийн материал нийлүүлэх худалдан авах гэрээ байгуулж 8:6 харьцаатай мансардгүй байшин бариулахаар гэрээ байгуулсан боловч хүүхэд маань томсгохоор тохиролцож 10:8 харьцаатай мансардтай байшин бариулахаар тохирч энэ хэмжээндээ тохирсон төлбөр болох 15`000`000 төгрөгийг бэлнээр төлсөн. Байшин барих явцад гэрээний үүргээ биелүүлээгүй хаяад явсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байcан. Шүүхийн шийдвэрийн дагуу тус компани дутуу материалаа авчирч ажилчид нь барилгаа барьж эхэлсэн боловч өөрийнх нь өгсөн 30 палкнаас 10 палк дутаасныг сүүлд ажилласан бригадын хүмүүс хэлсэн. Барилгыг барихдаа зураг төслийн дагуу хийгээгүй маш чанаргүй буруу барьсан учраас хоёр удаа буулгаж дахин барьсан. 2015 оны 4 сард ашиглалтанд оруулна гэсэн боловч хойшлуулсаар одоог хүртэл байшинг барьж дуусгаагүй байна. Би дээврийн төмөр 800`000 төгрөгөөр, хар цаас 300`000 төгрөгөөр авч өгсөн. Үүнийг дээвэрт хэрэглэсэн боловч одоо дээвэр нь муруй, сарий хийгдсэн учраас дээврийг хуулж дахин хийлгэх шаардлагатай байна. Харин төмөр, хар цаас хуулахаар дахин ашиглах боломжгүй болох тул би хохироход хүрээд байна. Мөн нуруу модыг буулгаж дахин хийхдээ ухчихсан чанаргүй модоор хийсэн учраас хүчтэй салхи шуурганд тогтохгүй маш чанар муутай болсон. Ингэж байшинг хугацаанд нь чанартай бариагүйгээс бид барилгын дотоод засал бусад ажлаа гүйцээж байшиндаа орж чадахгүй хохирч байна. Энэ компани гэрээний үүргээ биелүүлээгүй нэг жил таван сарын хугацаа хэтрүүлээд байна. 3-4 удаа ажилчид нь ирж ажилласан боловч компани цалингаа өгөхгүй. Хоолны, тамхины мөнгөгүй байна гээд ажлаа хаячихаад яваад өгдөг байсан. Дээвэр чинь муруй байна гэж хэлэхээр ажилчид нь цахилгаан хөрөөгөө өөдөөс шидэж элдвээр доромжилж, зодох гэж заналхийлж байсан... Одоо гэрээний биелэлт 60 орчим хувьтай л гэж бодож байна. Манай гэр бүлийнхэн сэтгэл дундуур үнэхээр их гомдож байна. Гэрээгээр бид төлбөрийг хугацаанд нь төлөхөөр тохирсон. Үүргээ биелүүлсэн... Гэрээгээр хугацаандаа бариагүй удаашруулсан, хойшлуулсан тохиолдолд 5%-ийн хүүтэй төлбөр төлөхөөр тохиролцсон тул энэ төлбөр 5`500`000 төгрөг гаргуулахыг хүсч байна.Мөн дээврийн төмрийн үнэ 800`000 төгрөг, хар цаасны үнэ 300`000 төгрөг, ажилчдынх нь дутаасан 10 ширхэг палкны үнэ 350`000 төгрөг. Нийт 6`950`000 төгрөгийг гаргуулж, хохиролгүй болгохыг хүсч өргөдөл гаргав гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Энхсайхан нь хариуцагч “Дорнын Мөнх Нар” ХХК-иас гэрээний үүргээ биелүүлээгүйн төлөө урьдчилан төлсөн төлбөрийн мөнгөө сарын 5 хувийн хүүтэйгээр буцаан авна гэсэн заалтын дагуу 5`500`000 төгрөгийн хүү, дээврийн төмрийн үнэ 800`000 төгрөг, хар цаасны үнэ 300`000 төгрөг нэхэмжилсэн. Мөн палкны үнэ 350000 төгрөг нийт 6`950`000 төгрөг нэхэмжилж байсан. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад тус компаниар угсруулсан барилгын чанар ашиглагдах боломжгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарлаа. Өөрөөр хэлбэл тухайн барилгад ашигласан материал нь чанаргүй шувуу нурууны мод нь цууралт үүссэн хэт нарийхан жигд бус хэмжээтэй мод хэрэглэснээс дээвэрт хотойлт үүссэн, ханын тэгш хэм алдагдсан цүлхийсэн, муруй ханын 4 тал доош унжсан, цонх, хаалга гажсан. Байшингийн суурь зарим хэсэгт нь хундаам цутгаагүй зэргээс бүх гажилт үүссэн. Энэ байдал нь иргэн хүн эрүүл, аюулгүй, аятай тохитой орон байр, орчинд амьдрах өөрийн хөрөнгөөр бариулсан орон байранд сэтгэл ханамжтай, тайван сайхан амьдарна гэж ямар ч баталгаагүй болсон байна. Иймд уг компанитай байгуулсан гэрээнээс татгалзаж, урьдчилан төлсөн материалын үнэ болон барих хөлс нийт 15`000`000 төгрөг, дээврийн төмрийн үнэ 800`000 төгрөг, хар цаас 300`000 төгрөг нийт 16`100`000 төгрөгөө буцаан авах хүсэлтэй байна. Мөн 3 жилийн өмнө барьж дуусгах барилга өнөөг хүртэл дуусаагүй төдийгүй ашиглагдах боломжгүй хундаамнаас эхлэн дахин шинэчлэлт хийх шаардлагатай байна. Одоо барилгад ашигласан материал ямар ч чанаргүй 2 удаа зааж, буулгаж барьсан ч одоогийн гаргасан шинжээчийн дүгнэлтийн хэмжээнд байгаа. Энэ компани ажилчид болон инженер нь мэргэжлийн төвшинд хүрч чадахгүй нь нотлогдсон тул дахин энэ компаниар ажил хийлгэх боломжгүй гэж татгалзах үндэс болсон тул тус компанитай анх тохиролцож байгуулсан гэрээний дагуу урьдчилгаа өгсөн өдрөөс эхлэн сарын 5 хувийн хүүтэй тооцож, өмнө өгсөн мөнгөө буцаан авна гэсний дагуу одоог хүртэл 15`000`000 төгрөгийн хүүг тооцвол 27`000`000 төгрөгийн хүү тооцогдохоор байгаа бөгөөд манай тал энэ хүүг гүйцэтгээгүй үүрэгтэй нь холбогдуулан Иргэний хуульд зааснаар алдангийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тооцож 7`500`000 төгрөгийн хүүг нэхэмжилж байна. Тус барилгын ажил зохих ёсоор хийгдэж чадаагүй явдал захиалагч талаас шалтгаалаагүй бөгөөд эхний гэрээг хийсний дараа хэдхэн хоногийн дараа нэгэнт барилга бариулах гэж байгаа юм чинь гээд хэмжээгээ томсгож, мансардтай хийлгэе гэхэд, компанийн зүгээс боломжтой гээд зөвшөөрсөн. Анх байгуулсан гэрээн дээр нэмж 15`000`000 төгрөг болгосон. Манай талаас дам нуруугүй хийлгэнэ гэдэг санал хэзээ ч тавиагүй. Яаж барихыг барилгын ажил гүйцэтгэгч тал шийдсэн болно. Бид анхнаасаа болохгүй байгааг нь хэлж засуулах гэж оролдсон. Дээврийн төмрөө хар цаасны материалаа аваад ир, бид хийгээд өгье гэхэд нь авч өгсөн. Одоо дахин хуулж авч ашиглах боломжгүй болсон учир нэхэмжилж байгаа болно. Энэ барилгаас болж захиалагчид үүнээс ч илүү зардлаар хохирол учирсан. Иймд урьдчилан шилжүүлсэн 15`000`000 төгрөг дээврийн төмөр, хас цаасны үнэ 1`100`000 төгрөг гэрээний дагуу төлөх хүү 7`500`000 төгрөгийн алдангитай тэнцэх нийт 23`600`000 төгрөгийг нэхэмжилж байгааг шийдэж өгнө үү. Анхны нэхэмжлэлд дурьдсан палкны 350`000 төгрөгийг нэхэхгүй ба нэхэмжлэлийн шаардлагаа ийнхүү өөрчилж байна гэжээ.

            Хариуцагч “Дорнын Мөнх Нар” ХХК-ний төлөөлөгч, тус компаний дэд захирал ажилтай Д.Чулуунбаатар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дорнын Мөнх Нар” ХХК-ний менежер 2014 оны 04 арын 30-ны өдөр 8х6 харьцаатай мансардгүй байшин барихаар гэрээ байгуулсан боловч 10х8 харьцаатай мансардтай болгон барихаар тохиролцож 15`000`000 төгрөгийг бэлнээр авсан явдал нь үнэн. Солонгост ажилладаг хүүгийнх нь хэлсэн загвараар 10х8 хэмжээтэй мансардтай байшингаа 2014 оны 5 сарын сүүлээр барьж эхэлсэн. Энэ байшин нь дотор талдаа таазгүй дотор загвар нь Солонгос хэв маягтай бариулсан. Захиалагч байшингийн гадна болон дотор засвараа өөрсдөө хийж гүйцэтгэх байсан. Манай талаас зөвхөн захиалагчийн хүсэлтийн дагуу байшингийн торхыг л босгож өгөх байсан. Байшинг дээвэрлэх үед Сүхбаатар аймагт дээврийн төмөр байгаагүйн улмаас энэ айл дээврийн төмрөө гаргаагүй учир ажил зогссон бөгөөд бид байшинг орхиж явсан нь үнэн. Намар нь очиж гүйцээсэн. Палк мод нь 30 ширхэг яагаад дутсан бэ гэвэл 2х1.8м хэмжээтэй 3 ширхэг цонхтой 1.50-м цонх 1 ширхэг цонхны давцангийн палк болон таазны палк нийт 30 ширхгийг бид нийлүүлсэн. Энэ айл өөрсдөө төмрөө нийлүүлэлгүй байж биднийг орхисон гэж Сүхбаатар аймгийн шүүхэд өгч 600`000 төгрөгийн хүү гаргуулах шийдвэр гаргуулсан. Бид харьяаллынхаа дагуу Дорнодынхоо шүүхээр шийдвэрлүүлэхийг хүссэн боловч манай менежер Батчимэгийг дарамталж гарын үсэг зуруулж бид 600`000 төгрөгийг төлсөн. Манай ажилчдыг ялихгүй шалтгаанаар хэрэлдлээ гэж Сүхбаатар аймгийн Цагдаагаар баривчлуулна гэж айлган сүрдүүлж байсан.

Манай компани энэ айлын байшинг боломжийн барьж өгсөн. Солонгос улсад ажилладаг хүү нь миний хэлснээр, миний санаснаар, миний бодсон шиг сайхан байшин боллоо гэж над руу утсаар талархан ярьж байсан. Энэ айл анх захиалга өгөхдөө дам нуруугүй бариулна, Солонгост ийм байдаг гээд бариулсан. Би 2014 оны 11 сард нь мужаанаа дахин явуулж байшингийн нэг хэсгийг дам нуруутай болгон балконтой болгон засаж өгсөн. Байшинг хүлээлгэн өгөх үедээ дам нуруугүй байгаа, хурдан дотоод заслаа хийгээрэй гэдгийг хэлсэн. Мэдээж дам нуруугүй байшин дотоод заслыг хийж доороос нь тулгуур хийж өгөхгүй бол хотойж суулт өгөх нь ойлгомжтой. Цонхны хэсгээр суулт өгсний учир нь эднийх том хэмжээтэй цонх захиалсан, мөн цонхоо хурдан хийгээрэй гэдгийг нь хэлсэн. Дээврийн модны хувьд бид байшингийн дээвэр хийдэг модоороо л хийсэн. Чанаргүй модоор хийгээгүй. Манай талаас чанаргүй барилгын материалаар уг байшингийн торхыг бариагүй, чанарын шаардлага хангасан өөрсдийн хэрглэдэг модон материалаараа л барьсан. Энэ айл хурдан хугацаанд дотоод заслаа хийгээгүйгээс болж нойтон палк модонд цууралт өгч, цонхны хэсгээр суулт өгсөн гэж бодож байна. Бид хугацаандаа энэ айлын байшингийн торхыг барьж хүлээлгэж өгсөн учраас ажлын хөлсөндөө төлсөн мөнгийг буцааж төлж чадахгүй. Бид уг байшинд чанарын шаардлага хангасан материал хэрэглэсэн учраас дахин засварлаж өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Дээврийн төмөр болон хар цаасыг дахин ашиглаж болохгүй тухай дүгнэлт шинжээчийн дүгнэлтэд байхгүй. 5 хувийн хүү гэж нэхсэн мөнгө нийт 23`600`000 төгрөгийг манай компани төлөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 28-ны өдрийн 138/ШШ2017/00748 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч “Дорнын Мөнх нар” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16`100`000 /арван зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7`500`000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Энхсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275`950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дорнын Мөнх нар” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 238450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхсайханд олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Чулуунбаатар давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Н.Энхсайханы нэхэмжлэлтэй, “Дорнын Мөнх нар” ХХК-д холбогдох хэргийг 2017 оны 06 сарын 28-ны өдөр шийдвэрлэхдээ хууль зүйн дагуу болоогүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Энхсайхан манай “Дорнын Мөнх нар” ХХК-иар 10х8 хэмжээтэй байшин 15,0 сая төгрөгөөр бариулах хүсэлт гаргасан. Торх босгуулсан. Тухайн үед өөрсдийн буруугаас торхны дээврийн  төмрөө авч өгөөгүй. Биднийг гэрээний хугацаа хэтрүүлсэн гэж шүүхэд өгч, “Дорнын Мөнх нар” ХХК-иас 600`000 төгрөг гаргуулж байсан. Бид материалаа гаргаад ажлын хөлс 1`000`000 төгрөг авч очоод гэрээний үүргээ биелүүлсэн. Манай компани 14,0 сая төгрөгийн материал гаргаж, 1`000`000 төгрөгийн ажлын хөлстэй гэрээнд заасан үүргээ биелүүлж байшинг нэхэмжлэгч хүлээн авч, бидэнд ямаа боож өгчихөөд одоо болохоор намайг гүтгэж биднийг хохироосон явдалд гомдолтой байна. Хэргийн байдлыг зөв үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч гомдол гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Энхсайхан нь хариуцагч “Дорнын Мөнх Нар” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23`600`000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцээгүй байна.

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч Н.Энхсайхан нь хариуцагч “Дорнын Мөнх Нар“ ХХК-тай / менежер Б.Батчимэгтэй / 2014 оны 04 сарын 30-ны өдөр 8х6 хэмжээтэй, мансардгүй, шувуун оройтой палкан байшингийн торх бариулах, гадна дотор заслаа өөрөө хариуцан хийхээр “Палкан байшингийн материал нийлүүлэх, худалдан авах гэрээ“ байгуулжээ.

            Гэрээндээ байшингийн худалдах үнийг 7`500`000 төгрөгөөр тохирч, урьдчилгаа 3`500`000 төгрөгийг Д.Чулуунбаатарын дансанд 2014 оны 04 сарын 30-ны өдөр шилжүүлэхээр заажээ. / хх-ийн 5 дахь тал /

            Байшингийн торхыг барих явцад нэхэмжлэгч талын хүү нь байшингийн хэмжээг өөрчлөн 10х8 хэмжээтэй, мансардтай байшин бариулахаар санал гаргасныг гүйцэтгэгч компани хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч тал байшингийн үнэнд 15000000 төгрөг төлөхөөр тохирч үнийг шилжүүлсэн байна. Талууд энэ талаар маргаагүй. / хх-ийн 1-2 дахь тал /

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ хийгджээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч Н.Энхсайхан нь хариуцагч нь байшингийн торхыг барихдаа чанаргүй материалаар барьсны улмаас одоо ашиглах боломжгүй болсон. Байшингийн торхыг энэ компаниар дахин засуулах хүсэлгүй гэсэн үндэслэлээр  гэрээнээс татгалзжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Чулуунбаатар нь “нэхэмжлэгч Н.Энхсайхан нь анх 8х6 хэмжээтэй, мансардгүй, шувуун оройтой байшингийн торх бариулахаар тохирч, байшингийн ажил хийгдэж байх үед нэхэмжлэгч Н.Энхсайханы хүү Солонгос улсаас ярьж, анх тохирсон байшингийн торхны хэмжээг ихэсгэн 10х8 болгон, мансардтай, шувуун оройтой атлаа дороосоо тулгуургүй, Солонгос загвараар хийлгэнэ гэсний дагуу захиалагчийн хүсэлтийн дагуу байшингийн торхыг хийж гүйцэтгэсэн. Манай компани захиалагчийн байшингийн торх болон дээврийг чанаргүй материалаар хийгээгүй. Захиалагч тал 2х1,8 хэмжээтэй 3 цонх, 1 хаалга хийлгэсэн. Хаалга, цонхны хэмжээ харьцангуй том хэмжээтэй хийгдсэнээс болж суулт үүссэн байхыг үгүйсгэхгүй. Энэ ажлыг захиалагч өөрөө хариуцан хийх байсан. Иймд нэхэмжлэлийн

шаардлагыг зөвшөөрөхгүй“ гэж тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар няцаасан буюу үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шинжээчийн дүгнэлтээс үзвэл “ ... дээврийн шувуун нурууны дунд тулаасгүй, барилгын урд хэсгийн шувуун нурууны дүнз ханатай харьцаж байгаа хэсэг дам нуруугүй, барилгын мансардны шал буюу барилгын адрын хөндийн хучилтыг барилгын хагас хэсэгт угсарсан ...” зэрэг тухайн байшингийн гол доголдол нь захиалагч талын хүсэлт, заавраар байшингийн анхны тохиролцсон загварыг өөрчилсөнөөс үүдэлтэй байна.

Барилга доголдолтой баригдахад захиалагч тал өөрөө нөлөөлсөн атлаа уг доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “ Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй “, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т “ дараахь тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй:, 225.4.3-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай “ гэх заалтуудад тус тус нийцээгүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн төлөөлөгч Д.Чулуунбаатарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оын 06 сарын 28-ны өдрийн 138/ШШ2017/00748 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 225, 226, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Энхсайханы “Дорнын Мөнх Нар” ХХК-иас 23600000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Энхсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Д.Чулуунбаатараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Л.НАРАНБАЯР

                  ШҮҮГЧИД                                                             Я.АЛТАННАВЧ                                                                                                                                                       З.ЭНХЦЭЦЭГ