Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 00813

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, тээвэрчид гудамж, 61 дүгээр байрны 46 тоотод оршин суух Цэмбэл овогт Энхбаатарын Нарансолонго /РД:ЙР84112806/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 хэсэг, интернэйшнл рент 90/5-р байр, 2 тоотод оршин суух Гаханборжигон овогт Юмийн Ганбилэг /РД:ЕЮ82022014/-т холбогдох,

гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Нарансолонго, хариуцагч Ю.Ганбилэг,  нарийн бичгийн даргаар Т.Одончимэг нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Нарансолонго шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Ю.Ганбилэгтэй 2006 онд танилцан улмаар дотносон үерхэж 2017.02.14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтын амьдралын явцад бидний дундаас 2009.06.09-ний өдөр ихэр хүү болох Ганбилэгийн Тэмүүлэн, Ганбилэгийн Цэлмүүн нарыг төрүүлсэн. Хүүхдүүд минь төрснөөс хойш Ю.Ганбилэг нь гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй, өөрийн зугаа цэнгэлээ хөөгөөд явчихдаг, гэр орондоо хонодоггүй, ингээд хоорондоо үл ойлголцон маргалдах болж улмаар 2016 оны 6 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байгаа. 2016.12.09-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон. Иймд миний бие Ю.Ганбилэгээс гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байгаа тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Одоо би өөрийн орон байргүй байгаа тул бид хоёр тохиролцож 2 хүүхдээ аавынх нь асрамжид үлдээж, гэрлэлтээ цуцлуулахаар тохирсон. Иймд хүүхдийн асрамж болон тэтгэлэгээс татгалзаж, бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэв.

Хариуцагч Ю.Ганбилэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би Э.Нарансолонготой 2006 онд гэр бүл болж, 10 жил хамт амьдарч 2009 онд хоёр ихэр хүү болох Г.Тэлмүүн, Г.Цэлмүүн нар төрсөн. 2016 оны 6 дугаар сараас хамт амьдрах боломжгүй болж тусдаа амьдарсан. Хоёр хүүхдээ өөрийнхөө асрамжинд авна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Нарансолонго нь гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэргийн баримтаас үзэхэд Э.Нарансолонго, Ю.Ганбилэг нар нь 2006.08.14-ний өдөр гэр бүл болсныг 2007.02.14-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны гэр бүл болсон, тэдний дундаас 2009.06.09-ний өдөр хүү Г.Тэлмүүн, Г.Цэлмүүн нар төрсөн болох нь 45/028951, 45/028952 дугаартай төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар болон бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Гэрлэгчдийн хооронд зан харьцааны таарамжгүй байдал үүссэн, 2016 оны 6 сараас хойш тусдаа амьдарч байгаа, хойшид эвлэрэн амьдрах боломжгүй гэж үзээд шүүхээр гэрлэлтээ цуцлуулахыг хэн алин зөвшөөрсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон, эд хөрөнгийн талаар маргаагүй байх тул шүүх Э.Нарансолонгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Эвлэрүүлэн зуучлалын  2016.12.09-ний өдрийн 148 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээс үзэхэд эвийн журмаар маргаанаа шийдвэрлүүлэх талаар идэвх санаачлагагүй гэсэн үндэслэлээр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан байна.

Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд  энэ үүргийг гэрлэгчид хамтран хүлээхээр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамжийн талаар талууд харилцан тохиролцож хүү Г.Тэлмүүн, Г.Цэлмүүн нарыг эцэг Ю.Ганбилэгийн арамжид үлдээхээр шийдсэн байх тул Э.Нарансолонгын гэрлэлт цуцлах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                                                      
                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Э.Нарансолонго, Ю.Ганбилэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар  2009.06.09-ний өдөр төрсөн ихэр хүү Г.Тэлмүүн, Г.Цэлмүүн нарыг эцэг Ю.Ганбилэгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаангүй болохыг тус тус дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт  зааснаар Э.Нарансолонго, Ю.Ганбилэг нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Ю.Ганбилэгээс 70 200 төгрөг гаргуулж Э.Нарансолонгод олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                       Д.ЭНХЦЭЦЭГ