Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/283

 

 

 

        02        15                                                                              2019/ШЦТ/39

   2021          11             25                                            2021/ШЦТ/283

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, В.Энхболд, Ч.Будхүү,

Шүүгдэгч Л.С-, Н.Б-, П.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.С-, Н.Б-, П.Б- нарт холбогдох эрүүгийн 1938008370069 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.Б. 

Монгол Улсын иргэн, Л.С. 

Монгол Улсын иргэн, П.Б. 

Шүүгдэгч  Н.Б- П.Б-, Л.С- нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ... гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө хохирогч С.Д-ийн хотноос 2 тооны хонийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч  Н.Б- П.Б-, Л.С- нар бүлэглэн шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ... гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө хохирогч С.Д-ийн хотноос 2 тооны хонийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 28 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-35 дугаар хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-38 дугаар хуудас/,

- Хохирогч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 11 цаг өнгөрч байхад унтах гээд орондоо орсон. Тэгтэл машины гэрэл туссан. Хоттой хонь үргээд байхаар нь нүцгэн гараад 2-3 удаа “хаая” гээд орилоод гэртээ эргээд орсон. Тэгээд харанхуй байсан болохоор чоно нохой байгаа юм болов уу гэж бодсон. Хальт ороод хувцасаа өмсөөд хүүгээ дагуулаад гараад ирсэн чинь хашааны цаана цагаан машин зогсож байсан. Би харанхуйд айгаад “юун хүмүүс байна” гээд айлгах санаатай тэнгэр лүү 5-6 удаа буудсан. Машин руу чиглүүлэн буудаагүй юм. ...тэгээд машин дээр өөрийн хүү Д.Б-ыг дагуулаад яваад очсон тэгтэл машинд хүн байгаагүй бөгөөд багажны хэсэгт хонь тийчигнээд дуугарч байсан. Тэгээд бид хоёр машиныг нэг тойроод зайдуухан хараад зогсож байсан чинь нэг хар шовгор малгайтай бараан өнгийн куртиктай залуу гүйгээд машинд ороод суусан. Тэр үед нь бид хоёр “буугаад ир” гэсэн тэр залуу буухгүй шууд машинаа асаасан. Тэгэхлээр нь би машины урд цонх руу модоор цохиод дугуй руу нь нэг буудсан. Тэгтэл тэрээр давхиад яваад өгсөн. Тэгээд байж байтал хонины хотон дотроос юүдэнтэй улаан куртиктэй өндөр шөвгөр царайтай залуу гараад ирсэн. Би хүрээд ир гэсэн чинь тэр ирээгүй доошоо уруудаад зугтаагаад явсан. Тэр үед бас манай нохой хуцаад нэг хүн хөөгөөд гүвээ даваад зугтаагаад бас явсан. Тэрийг нь хараагүй юм. ...энэ асуудал гарснаас хойш нилээн хэд хоногийн дараа Мөрөн сумын ... тоотоос тухайн залуучуудын нядалсан 2 хонины махыг очиж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-48 дугаар хуудас/,

- Гэрч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хонь үргээд байхаар нь манай нөхөр нүцгэн гарч хараад чоно нохой байж магадгүй гээд буугаар хий 2-3 буудаад ороод ирсэн. Тэгээд хүү манай хүү мөн гарсан орж ирээд “хөөе манай хашааны цаана машин зогсож байна” гэсэн. Манай нөхөр хувцас өмсөөд тэр хоёр цуг гарсан. Тэгтэл гадаа “машин байна, хүн хонь ачиж байна” гээд бөөн асуудал болсон. Би хойноос нь гарсан чинь 2-3 хүн байж байгаад зугтсан. Нэгийг нь нохой хөөгөөд хойшоо даваад явсан нөгөө нь доошоо уул уруудаад зугтсан нэг нь машинтайгаа зугтсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

- Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гадаа гарахад хонины хашааны цаад талд цагаан өнгөтэй машин харагдсан. Би тухайн үед аавд хонины хашааны цаад талд машин зогсож байгаа талаар хэлэхэд аав С.Д- маань машинаа асаагаад хониныхоо хашаа руу гэрэлтүүлсэн. Би тухайн үед мотоциклио асаагаад гэрлийг хониныхоо хашаа руу бас тусгасан. Тухайн үед хонины хашаан дотор нэг хүн байсан. ...машин зугтаагаад явсны дараа хонины хашаан дотроос Н.Б- гэх залуу гараа урдаа барьсаар гарч ирсэн. Н.Б- гарч ирэнгүүтээ доошоо уруудаад гүйгээд зугтаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68 дугаар хуудас/,

- “Ашид-Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ-821/04 дугаартай: “...нас нийлсэн эм хонь 1 толгой 130.000 төгрөг, нас нийлсэн эр хонь 1 толгой 196.000 төгрөг, нийт үнэ 326.000 төгрөг” гэх үнэлгээний дүгнэлт /хх-ийн 74-77 дугаар хуудас/,

- “Соната-6” маркийн ... улсын дугаартай Н.Э-гийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 122 дугаар хуудас/,

- Ашидбилгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1000852 дугаартай: “...... улсын дугаартай Соната N20 маркийн автомашины үнэлгээ ..4.500.000 төгрөг” гэх автомашин техникийн үнэлгээ /хх-ийн 118-119 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Л.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “..Миний хувьд Н.Б-, П.Б- нартай бүлэглэн Бүрэнтогтох сумын нутаг Дааган толгой гэх газраас 2 тооны хонийг хулгайлж байхдаа баригдаж, баригдсан чигээрээ авч явсан нь үнэн. Тийм болохоор гэм буруугийн асуудалтай холбоотойгоор маргах зүйл байхгүй. Миний хувьд гаргасан үйлдэлдээ их гэмшиж байгаа. ..айлаас хонь авах санааг Н.Б- гаргасан. Н.Б- намайг хамт явчих гээд байсан учраас түүнтэй хамт явах болсон. Хонь авахаар очих үед П.Б-, Н.Б- бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “..Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ..Би С.Д-ийн хотноос 2 тооны хонийг Л.С-, П.Б- нартай бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр авсан нь үнэн. Хийсэн үйлдэлдээ их гэмшиж байгаа. Миний хувьд хохирогч С.Д-ид 650.000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг барагдуулсан. ...гэм буруугийн асуудалд маргах зүйлгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Л.С-, Н.Б- нартай бүлэглэн Бүрэнтогтох сумын 5 дугаар багийн нутаг Дааган толгой гэх газарт байх айлын хотноос 2 тооны хонийг хүч хэрэглэхгүйгээр авсан нь үнэн. Гаргасан үйлдэлдээ их гэмшиж байгаа. Авсан хоёр хонио хүргэнийхээ хашаанд аваачиж нядалсан байсан бөгөөд цагдаад баригдах үедээ хохирогчид махыг нь буцаан өгсөн. ...айлын хотноос хонь авах санааг Н.Б- гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Б-н хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Уртбулаг багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 103 дугаар хуудас/,

- Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 104 дүгээр хуудас/,

- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 105 дугаар хуудас/,

- Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 106 дугаар хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107 дугаар хуудас/ зэргийг,

Шүүгдэгч Н.Б-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 110 дугаар хуудас/,

- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 111 дүгээр хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107 дугаар хуудас/ зэргийг,

Шүүгдэгч Л.С-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 115 дугаар хуудас/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 116 дугаар хуудас/,

- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 117 дугаар хуудас/,

- Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 118 дугаар хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119 дүгээр хуудас/,

- Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 147-150 дугаар хуудас/,

-  Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 242-245 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нараас авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн мэдлэг дутмаг, хохирогчийн зүгээс дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрсдэлээс сэргийлэх мэдлэг дутмаг,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Н.Б- П.Б-, Л.С- нар нь дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч  Н.Б- П.Б-, Л.С- нар бүлэглэн шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ... гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө хохирогч С.Д-ийн хотноос 2 тооны хонийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 28/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-35/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-38/, хохирогч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-48/, гэрч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-51/, гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 66-68/, “Ашид-Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ-821/04 дугаартай дүгнэлт /хх-ийн 74-77/, “Соната-6” маркийн ... улсын дугаартай Н.Э-гийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 122/, шүүгдэгч Л.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 89-90/, шүүгдэгч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 93-94/, шүүгдэгч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 97-98/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “Н.Б- хонь авах санааг гаргасан. ..Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэх /хх-ийн 89-90, 93-94, 97-98/ мэдүүлгүүдээс үзвэл шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгө олох, шунахайн сэдэл нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Н.Б- П.Б-, Л.С- нарын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 326.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэрэгт хохирогч С.Д-ийн “...2 хонины махыг очиж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47/ авагдсан, шүүгдэгч Н.Б- шүүх хуралдаанд: “...хохирогчид 650.000 төгрөг өгч, учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэж, шүүгдэгч П.Б-: “...хоёр хонины махыг буцаан өгсөн” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Н.Б- П.Б-, Л.С- нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “албан бланк, бичгийн цаас, хэвлэмэл хуудас”-ны үнэ 3.200 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож /хх-ийн 154/ шүүгдэгч нараас гаргуулахаар ирүүлсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.3, 1.4 1.5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал”-ыг хуульчилсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдох гарах бусад зардлыг Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх, цогцсыг оршуулсан газраас нь гаргаж шинжлэх, мөрдөн шалгах туршилт хийх, мэдүүлгийг газар дээр нь шалгах, таньж олуулах ажиллагаа явуулах, ялтныг хорих ангид очиж байцаах, дуудлагаар явахад гарсан болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж зааснаас үзэхэд дээрх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, /бусад зардал/-д хамаарахааргүй байгааг дурдах нь зүйтэй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Б- П.Б-, Л.С- нарын Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр ... гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө хохирогч С.Д-ийн хотноос 2 тооны хонийг авч зугатаасан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр илээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэнд тооцож эрүүгийн хариуцлага

хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.С- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбараар, шүүгдэгч Н.Б- П.Б- нар нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Б- П.Б-, Л.С- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Б- П.Б-, Л.С- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.Б-, П.Б- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.С- нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаартай захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 7 сар 26 хоногийн хорих ялыг 7 сар 26 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 139 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэн, шагналын 5 хоногтой, үлдэгдэл 92 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.С-д оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 26 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсноос эдлээгүй үлдсэн 03 сар 02 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 10 сар 02 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.С-, Н.Б-, П.Б- нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдгээрийн оршин суух газар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Н.Б-, П.Б- нарыг 7 сарын хугацаанд, шүүгдэгч Л.С-ыг 10 сар 02 хоногийн хугацаанд Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэж байна.

Шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Шүүх шүүгдэгч Н.Б- П.Б-, Л.С- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...шүүгдэгч Л.С-, Н.Б-, П.Б- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч Л.С-д Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй 7 сар 26 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, эдлээгүй үлдсэн 03 сар 02 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан нэмж нэгтгэх саналтай байна” гэснийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэлийн: “...Н.Б-ийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хорих ялын доод хэмжээг оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэснийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүүгийн: “...Л.С-д энэ шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдэх 92 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж шийдвэрлэж өгнө үү” гэснийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболдын: “...П.Б-н хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэснийг тус тус харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 3 дахь хэсэг “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ... улсын дугаартай Соната N20 маркийн автомашины үнэ болох 4.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүү гаргуулж, тус бүр 1.500.000 төгрөгийг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.С-, Н.Б- П.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                    

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Б-, Л.С-П.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-, Л.С-П.Б- нарыг тус бүр 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.С-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 03 /гурав/ сар 02 /хоёр/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 10 /арав/ сар 02 /хоёр/ хоногоор тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-, Н.Б-, П.Б- нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдгээрийн оршин суух газар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Н.Б-, П.Б- нарыг 7 /долоо/ сарын хугацаанд, шүүгдэгч Л.С-ыг 10 /арав/ сар 02 /хоёр/ хоногийн хугацаанд Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас гадагш явахыг хориглосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-, Н.Б-, П.Б- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-, Н.Б-, П.Б- нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4.500.000 төгрөгийг хувь тэнцүүлж, шүүгдэгч тус бүрээс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

     7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Л.С-, Н.Б- П.Б- нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

    8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.С-, Н.Б- П.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР