| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/00397/И |
| Дугаар | 00866 |
| Огноо | 2017-04-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 00866
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 7-226 тоотод оршин суух, Боржигон овгийн Нямдоржийн Ганбадраа /РД: ХЙ58020415/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “МИАТ” ТӨХК-д холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорлоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ганбадраа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие “МИАТ” ТӨХК-ийн Берлин хот дахь төлөөлөгчийн газар 1999 оноос хойш Ерөнхий төлөөлөгч билет бичигч, аерпорт менежер зэрэг албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2015 онд Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан Гадаад улс дахь төлөөлөгчийн газрын бүтцийн дагуу Европын бүсийн төлөөлөгчөөр томилогдсон. Нийт 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн ба өөрийн эрдэм мэдлэг, авъяас чадвар, бүх нөөц боломжоо дайчлан зүтгэж ирсэн. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Гүйцэтгэх захирлын Б/553 дугаар тушаалаар Европын бүсийн төлөөлөгчийн албан тушаалаас гүйцэтгэх ажил үүрэг, хариуцлагыг харгалзан Берлин хот дахь төлөөлөгчийн газарт аерпорт менежерээр шилжүүлэн түр томилсон. Гэтэл Н.Ганбадраа намайг “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамир 2017 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна”, 24.1-д “ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг иргэнд өгөх үүрэгтэй” гэж заажээ. Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15-д “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэг хэсгийг заавал баримталсан байвал зохино” гэж тайлбарлажээ. “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамирын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/11 тоот “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Н.Ганбадраа надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах харилцааг зохицуулаагүй хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосон, Мөн байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэх үндэслэлийг баримтлаж байгаа нь зохих хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хууль бус гэж үзэж байна. Мөн нөгөө талаар 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/553 дугаар тушаалаар намайг Европын бүсийн төлөөлөгчийн албан тушаалаас Берлин хот дахь төлөөлөгчийн газарт аэропорт менежэрээр 2015.09.01-ний өдрөөс 2015.12.31-ний өдрийг хүртэлх хугацаагаар түр шилжүүлэн ажиллуулсан бөгөөд шилжүүлэн ажиллуулах хугацаа 2015.12.31-ний өдөр дууссан боловч ажилтан ажил олгогч нар хэн аль нь санал гаргаагүй, уг ажлаа үргэлжлүүлэн хийсээр байсан. Учир нь ажил олгогч, ажилтантай зөвшилцсөний үндсэн дээр өөр ажилд шилжүүлсэн бол хугацаа дуусмагц хуучин ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хуучин ажлын байр нь хэвээр хадгалагдах үүрэгтэй. Иймд “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тамирын 2017 оны 01 дүгээр сарны 02-ны өдрийн Б/11 тоот “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорлоо шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “МИАТ” ТӨХК-ийн хөдөлмөрийн гэрээ дотоод журамд зааснаар гүйцэтгэх захирал орон тоог баталсан нь хууль зөрчсөн. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар 4 орон тоо гэж батласан байсан. Энэ бүтцэд өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй хууль зөрчсөн. Одоо ч Берлиний төлөөлөгчийн газрын орон тоо хасагдаагүй байгаа. Түр шилжүүлэн ажиллуулж байсан аэрпорт менежер гэх орон тооноос нэхэмжлэгч ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Гүйцэтгэх захирлын гаргаагүй, хүчин төгөлдөр болоогүй байгаа тушаалыг үндэслэн Н.Ганбадрааг ажлаас нь халсан нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа. Н.Ганбадраад мэдэгдэх хуудсыг 2016.12.01-ний өдөр хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, Н.Ганбадраатай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан боловч сунгагдаагүй. Энэ бол түр ажлын байр биш байнгын ажлын байр юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулдаг. Иймд Н.Ганбадрааг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20/12 тоот тогтоолын 02 дугаар хавсралтаар гадаадын төлөөлөгчдийн газруудыг шинэчлэн байгуулж, орон тоог баталсан. Берлин хот дахь төлөөлөгчийн газрыг 4 орон тоотой байхаар батлаж, Аэрпорт менежер болон техник үйлчилгээний орон тоог нэгтгэж гүйцэтгэх захирлын 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1162 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Түүнээс хойш Н.Ганбадраа нь тус төлөөлөгчийн газрын суудал захиалагч-билет бичигч Н.Булганыг хүүхэд асрах чөлөөлтэй байх хугацаанд, Мөн “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/553 тоот тушаалаар тус төлөөлөгчийн газрын Аэрпорт менежер Н.Эрдэнэцогт болон Европын бүсийн төлөөлөгч Н.Ганбадраа нарыг 2015 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл түр шилжүүлэн томилж, 2 тал харилцан тохиролцож, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Хамгийн сүүлд ажлын ачаалал болон Зам тээврийн хөгжлийн яамнаас шалгалт хийгдэж байсантай холбоотой 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар сунгасан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ нь дээрх хугацаанд дуусгавар болсон. Нэхэмжлэгч Н.Ганбадраагийн ажиллаж байсан орон тоо нь үндсэн орон тоо биш, түүнтэй хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт заасантай нийцэж байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн удирдамжийн дагуу “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 тоот тушаалаар гадаад улсын төлөөлөгчийн газрын бүтэц орон тоог баталсан бөгөөд Холбооны Бүгд найрамдах Герман Улсын Берлин хот дахь төлөөлөгчийн газрыг 4 орон тоотой, бүсийн төлөөлөгчийн орон тоо байхгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.Ганбадраа нь ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг шаардсан, харин хариуцагч тал хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг үндэслэлтэй гэж маргасан байна.
Хэргийн баримтаас үзэхэд Н.Ганбадраа “МИАТ” ТӨХК-ийн Берлин хот дахь төлөөлөгчийн газар 1999 оноос хойш ерөнхий төлөөлөгч, билет бичигч, аэропорт менежерийн албан тушаалд, 2015 оноос Европын бүсийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаад “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015.09.01-ний өдрийн Б/553 дугаартай “шилжүүлэн түр ажиллуулах тухай” тушаалын дагуу ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Аэропорт менежерээр 2015.12.31-ний өдрийг хүртэл түр томилогдон ажиллаж байжээ.
Н.Ганбадрааг уг албан тушаалд түр томилсон гэх боловч 2015.09.01-ний өдөр 12А/2 хөдөлмөрийн гэрээг түүнтэй байгуулсанаас хойш 4 удаа сунгаж, 2016.12.31-нийг хүртэл сунгагдсан гэрээний дагуу ажиллаж байсан байна.
Төрийн өмчийн хорооны 2012.06.22-ны өдрийн 300 дугаар тогтоолоор баталсан “МИАТ” ТӨХК-ийн дүрмийн 7.3-т зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл нь мөн дүрмийн 7.3.4-т компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, удирдлагын зардлын болон цалин хөлсний дээд хязгаарыг батлах, 7.3.14-т компанийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна.
“МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2012.11.24-ний 20/12 компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай тогтоолоор гадаад дахь төлөөлөгчийн газруудын орон тоо, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн Берлин хот дахь төлөөлөгчийн газрын 4 орон тоог баталсан, мөн 2015.07.30-ны өдрийн 12/15 дугаартай аялал жуулчлалыг дэмжих тухай ТУЗ-ийн тогтоолоор Европын болон Азийн бүсийн төлөлөгчийн орон тоог туршилтын хугацаагаар тус бүр нэг нэгжээр нэмэгдүүлсэн байна.
“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015.09.01-ний өдрийн Б/553 тоот “шилжүүлэн түр ажиллуулах тухай” тушаалаар ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Аэропорт менежер Н.Эрдэнэцогтыг Европын бүсийн төлөөлөгчөөр, харин Европын бүсийн төлөөлөгч Н.Ганбадрааг ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Аэропорт менежерээр тус тус 2015.12.31-ний өдрийг хүртэл түр шилжүүлэн томилжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй бөгөөд ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Аэропорт менежерийн ажил, орон тоо нь байнгын ажлын байр байхад нэр бүхий ажилтныг шилжүүлэн томилсон нь 2 талын харилцан тохиролцоо, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх үндэслэлгүй байна.
Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 43 дугаар зүйл, Компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11, Хөдөлмөрийн дотоод журмын 11.5, ажилтанд хүргүүлсэн 2016/52 тоот мэдэгдлийг тус тус үндэслэн “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017.01.02-ны өдрийн Б/11 дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Н.Ганбадраагийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэж үзээд /шилжүүлэн томилсон албан тушаал/-аас чөлөөлсөн нь ойлгомжгүй байна.
Дээрх тушаал нь эрх зүйн акт болохын хувьд актад тавигдах шаардлагыг хангаагүй, үндэслэл болгосон хуулийн зохицуулалт нь тохироогүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Учир нь Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай юм.
“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015.03.23-ны Б/170 дугаар тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталсан, уг журмын 2.1.5-д зааснаар “компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, түүний өөрчлөлтийг гүйцэтгэх захирал, захиргааны саналыг харгалзан ТУЗ-өөс батална”, Компанийн дүрмийн 8.8, 8.8.9-д зааснаар гүйцэтгэх захирал нь ТУЗ-өөс баталсан орон тоо, зохион байгуулалтын бүтцийн хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг байгуулах, ажлаас чөлөөлөх эрх үүрэгтэй байна.
Гэтэл “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017.01.02-ны өдрийн Б/03 тушаалаар Коммер эрхэлсэн дэд захирлын харьяа Гадаад улс дахь төлөөлөгчийн газрын бүтэц зохион байгуулалт, орон тоог шинэчлэн баталж, мөн өдрийн Б/11 дугаартай хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Н.Ганбадраагийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь компанийн дүрэм болон хөдөлмөрийн дотоод журамд нийцээгүй байна.
Иймд Н.Ганбадрааг ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Аэропорт менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааг 2017.01.02-ноос 2017.04.17-ныг хүртэл тооцож, түүний сарын дундаж цалинг 8 600 000 төгрөгөөр тодорхойлсон “МИАТ” ТӨХК-ийн 2017.08.15-ны өдрийн албан тоот, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг үндэслэн ажилгүй байсан хугацааны олговорт нийтдээ 31 781 817 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “МИАТ” ТӨХК-иас 316 859 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар Н.Ганбадрааг ХБНГУ-ын Берлин хот дахь төлөөлөгчийн газрын Аэропорт менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “МИАТ” ТӨХК-иас 31 781 817 төгрөг гаргуулан Н.Ганбадраад олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “МИАТ” ТӨХК-иас 316 859 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ