Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/31

 

 

 

   2021        06         25                                             2021/ШЦТ/31

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Э-т холбогдох 2140000000041 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл ..., .... нарын хамт ... аймгийн ... сумын .... дүгээр баг ... тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, .... регистрийн дугаартай Б овогт С.Э

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Э нь согтуугаар 2021 оны 05 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед ... аймгийн ... сумын 1 дүгээр баг 41 дүгээр байрны 01 тоот М-н гэрт бусадтай архи ууж байхдаа хохирогч Э-той маргалдаж, улмаар түүнийг түлхэж цохисноос угаалгын өрөөний ваннд толгойгоо цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

                                                                             Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр өглөө ажлаасаа буугаад гэртээ байж байсан. Ажлын ах тэнд уулзъя гээд тэгээд 38 дугаар байранд очсон. Т, Ж хоёр байж байсан. 41 дүгээр байранд очиж ууна гэсэн. Ороход нэг охин унтаж байсан. Тэгээд М ах зөрөөд гарсан. Тэндээ уугаад сууж байтал 2 цагийн үед байх ахиад М, Э ах хоёр орж ирсэн. Тэгээд Э  ах гараад явсан. М ах ч гэсэн хөдөө явлаа гээд гараад явсан. Ахиж Э  ах орж ирээд маргаад хоорондоо зодолдсон” гэв.

2140000000041 тоот эрүүгийн хэргээс

Шүүгдэгч С.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2021 оны 05 дугаар сарын 23-ны өглөө 09 цаг өнгөрч байхад ажлаасаа буугаад гэртээ унтаж амарсан. Намайг унтаж байхад манай ажлын Ж  ах 12 цагийн үед утсаар яриад хүрээд ир гэж дуудсан. Намайг 38 дугаар байрны гадаа очиход Ж  ах, Т  ах хоёр хамт байсан бөгөөд 2,5 литрийн савалгаатай Сэнгүр гэх пиво гурвыг авсан байсан. Намайг очиж уулзахад дагуулаад Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 41 дүгээр байрны 1 тоотод очсон. ... Тэгээд сүүлийн пивоо ууж байхдаа хоорондоо маргалдсан. Би Э ахтай ажлын ээлжийн амралтын талаар ярьж маргалдсан. Би "Ажилд ороод 6 сар болоод ээлжийн амралт авдаг" гэж хэлсэн чинь Э ах "12 сар ажиллаж байж ээлжийн амралт авдаг" гэж хоорондоо маргалдсан. Бид хоёр маргалдаж байгаад угаалгын өрөөнд ороод дахиад маргалдсан. Тэгтэл Э  ах миний нүүр рүү эхлээд 1 удаа мөргөсөн. Тэгэхээр нь би Э ахыг хойш нь түлхсэн чинь угаалгын өрөөний ванн ар хэсгээрээ мөргөөд унасан. Тэгэхэд Т  ах, Ж  ах хоёр ирээд бид хоёрыг салгасан. Э  ахын толгойны ар хэсгээс цус гарч байсан, мөн миний хамраас цус гарсан. Бид хоёр муудахаа болиод цусаа угаачхаад эргэж ороод пивоо уусан. Тэгтэл гаднаас цагдаа нар ирээд Э  ах бид хоёрыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/

            Хохирогч Ч.Э-ын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э  надад цохиулаад намайг хойш нь түлхэхэд нь би угаалгын өрөөний ванн толгойныхоо ар хэсгээр дагзаараа мөргөсөн... надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р хуу/

            Гэрч Ц.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...19 цагийн үед Э , Э  нар хоорондоо маргалдсан. Угаалгын өрөөнд Э , Э нар нэг нэгийгээ заамдчихсан байсан. Тэгээд Э , Э нарыг салгах гээд дундуур нь ороход Э миний зүүн талын хөмсөг рүү баруун талын гараараа нэг удаа цохисон. Э , Э нарыг яг юунаас болж муудалцсан, яг яаж зодолдсоныг нь мэдээгүй. Угаалгын өрөөнд чанга, чанга дуугараад түжгэнэх чимээ гарахаар нь, өрөөнд Ж , Т  бид гурав орж Э , Э нарыг салгасан. Э-н толгойн ар дагз хэсгээс цус гарч байсан. Э , Э , Ж , Т  бид тав ууж байсан пиво үргэлжлүүлээд уугаад сууж байтал цагдаа нар ирсэн. Тэгээд цагдаа нар ирээд Э , Э  нарыг авч явна гэх нь Т , Ж бид гурав найзуудыгаа авна гээд цагдаагийн газарт дагаад хүрээд ирсэн. ... Миний зүүн нүдний дээр хөмсөг хэсэгт хавдсан. Э , Э  нарыг маргалдах үед салгах гэж дундуур нь ороход Э баруун гараараа нэг удаа цохисон. Миний биед шарх, гэмтэл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/

Гэрч Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э , Т  бид гурав дэлгүүрээс авчирсан. 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво 3 ширхгийг хувааж ууж дуусаад сууж байхад 15 цагийн үед Э ирсэн. Тэгээд Э , Т , Эн бид дөрвүүлээ 2,5 литрийн Сэнгүүр нэртэй 2 ширхгийг нэмээд хувааж уусан. Тэгээд Э , Т , Э  бид дөрөв ажлынхаа талаар ярилцаж байгаад Э , Э  угаалгын өрөөнд "..ээлж амралтын талаар" ярилцаад маргалдаад байсан. Тэгээд угаалгын өрөөнд түжгэнэх чимээ гарахаар нь Т  бид хоёр зэрэгцээд угаалгын өрөөнд ортол Э , Э  нар барьцалдчихсан байсан. Хэн нь хэнийгээ яаж цохиж, зодсоныг хараагүй. Э-н толгойны ар дагз хэсгээс цус гарсан байсан. Тэгээд Э , Э , Т , Т бид нар үлдсэн пиво хувааж уугаад сууж байтал цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/           Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 54 дугаартай

  1. Ч.Э-ын биед толгойн дагзны төвгөрийн зүүн хэсгийн язарсан шарх, баруун, зүүн нүдний доод хэсгүүд, баруун бугалганы гадна дээд хэсэг, цээжний баруун, зүүн дээд, доод хэсгүүд болон хэвлийн урд, дээд хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх толгойн дагзны төвгөрийн зүүн хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, бусад  гэмтлүүд мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс  дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх толгойн дагзны төвгөрийн зүүн хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  4. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-н 18-19-р хуу/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч С.Энь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 41 дүгээр байрны 01 тоот дахь У.М-н гэрт хохирогч Ч.Э-той маргалдаж, улмаар түүнийг түлхэж унагааснаас угаалгын өрөөний ваннд толгойгоо цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Ч.Э-н “...Э надад цохиулаад намайг хойш нь түлхэхэд нь би угаалгын өрөөний ванн толгойныхоо ар хэсгээр дагзаараа мөргөсөн..." гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Т-ын “...19 цагийн үед Э, Э нар хоорондоо маргалдсан. Угаалгын өрөөнд Э, Э нар нэг нэгийгээ заамдчихсан байсан. ...Э, Э нарыг яг юунаас болж муудалцсан, яг яаж зодолдсоныг нь мэдээгүй. Угаалгын өрөөнд чанга, чанга дуугараад түжгэнэх чимээ гарахаар нь, өрөөнд Ж, Тбид гурав орж Э, Э нарыг салгасан....” гэх мэдүүлэг,

Гэрч Ө.Ж-ийн “...Тэгээд Э, Т, Эбид дөрөв ажлынхаа талаар ярилцаж байгаад Э, Э угаалгын өрөөнд "..ээлж амралтын талаар" ярилцаад маргалдаад байсан. Тэгээд угаалгын өрөөнд түжигнэх чимээ гарахаар нь Т бид хоёр зэрэгцээд угаалгын өрөөнд ортол Э, Э нар барьцалдчихсан байсан. Хэн нь хэнийгээ яаж цохиж, зодсоныг хараагүй. Э-ын толгойны ар дагз хэсгээс цус гарсан байсан.” гэх мэдүүлэг,

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 54 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Э нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр хохирогч Ч.Э-ыг түлхэж унагаан биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

   Хохирогч Ч.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд “Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогчийн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал болон бие биенээ үл хүндэтгэсэн харилцаа нөлөөлсөн байна. 

 

          Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч С.Энь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл С.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Р.БАТБАЯР