Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 00898

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Хасбаатарын гудамж, 20-8 тоотод оршин суух, Халиун овогт Батчулууны Цэвэлсүрэн /РД:ХД71071604/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам 201, “Ханбогд ресиденс” хороолол 205 тоотод байрлах “Пи Ай Эм Эм” ХХК-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-эрдэнэ нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь энэ компанид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэнээр анх ажилд орсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар Б.Цэвэлсүрэнг сахилгын ноцтой зөрчил гаргасан хэмээн ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолд сахилгын ноцтой зөрчлийг хэрхэн ойлгох, мөн ажилтныг  ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн тохирох заалтыг заавал тушаалд заах талаар тусгасан байдаг. Мөн албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэж, ёс зүйн алдаа гаргасан гэх боловч зөрчил нь нотлогддоггүй.  Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2.1, 2.2-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй болсон. Иймд нийт ажилгүй байсан хугацааг 57 хоногоор тооцож, нийтдээ  4.286.343 төгрөгийг гаргуулж өгнө үү. Б.Цэвэлсүрэнг ажилд нь буцааж авъя гэж хэлсэн боловч ажилд авахдаа нийгмийн даатгалын шимтгэлийг нь  төлөхгүй гэсэн тул уг  тушаалыг нь гардаж аваагүй гэсэн. Талууд ойлголцоогүй тул нэхэмжлэгч шүүхэд хандсан гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анх хариуцагч тал нь хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргаж ажлаас халсан байдаг тул Б.Цэвэлсүрэнг буцааж ажилд нь авсан. Нэхэмжлэгчийг ажилд нь буцааж авахад ажилдаа ирээгүй Солонгос улсад байсан. Ажилд эгүүлэн аваад ирэхгүй байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, хөдөлмөрийн гэрээний  5 дугаар зүйлийн 5.1-д заасныг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрүүл, аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй хүн байтал Солонгос ажилчдын цагийн бүртгэлээр орон тоог нь нэмж хөтөлсөн байдаг. Солонгос ажилчдын тоог нэмж, илүү мөнгө 20-иод сая төгрөг завших байсныг захирал хэлэхэд маргалдсан ба Б.Цэвэлсүрэн нь өөрт ноогдсон ажил үүргийнхээ дагуу ажлыг хийгээгүй. Энэ цагийн бүртгэлийнхээ баримтыг компанид өгөөгүй.  Өөр хүнээр Солонгос иргэдийн ажилласан цагийн данс хөтлүүлж шалгаж үзэхэд 3.125.000 төгрөг болсон. Б.Цэвэлсүрэнг эргүүлж ажилд нь авахад ирээгүй, гэвч компани 1-3 дугаар саруудын цалинг бүтнээр нь олгож байсан. Тухайн үед нэхэмжлэгчийн данс руу нь шилжүүлсэн баримтууд хэргийн материалд авагдсан байгаа. Мөн Нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь тогтоогддог. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй гэж хэлээгүй, ажилд авсан тушаалыг нь нэхэмжлэгчийн шуудангийн хаягаар явуулсан байдаг гэв.

            Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Б.Цэвэлсүрэнгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэргийн баримтаас үзэхэд Б.Цэвэлсүрэн нь 2014.03.26-ны өдрийн 16 дугаартай хөдөлмөрийн гэрээний дагуу “Пи Ай Эм Эм” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнээр ажиллаж, талуудын хоорондын 2014.05.01-ний  хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтөөр үндсэн цалингийн хэмжээг 1 230 000 төгрөгөөр тогтоосон байжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, “Пи Ай Эм Эм” ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.4,  Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтыг тус тус үндэслэн 2017.01.31-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай “Пи Ай Эм Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 09 тоот тушаалаар Б.Цэвэлсүрэнг ажлаас чөлөөлсөн байна.

Дээрх тушаалд Б.Цэвэлсүрэнг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж бүртгэлийн алдаа гаргасан, ёс зүйн харилцааны дутагдалтай байдлыг үндэслэсэн гэх боловч дээрх зөрчил гарсан талаарх нотолсон баримтгүй, нөгөөтэйгүүр ямар ажил, албан тушаалаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй байна.

           Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болох боловч зөрчил нь тогтоогдсон байх шаардлагатай.

Хариуцагч “Пи Ай Эм Эм” ХХК-ийн  гүйцэтгэх захирлын 2017.02.16-ны өдрийн 11 дүгээр “албан ажилд нь эргүүлэн тогтоох тухай” тушаалаар дээрх 2017.01.31-ний өдрийн 09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.Цэвэлсүрэнг  урьд ажиллаж байсан албан тушаалд нь эгүүлэн томилсон атлаа 22 хоногийн дараа буюу 2017.03.09-ний өдрийн 13 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дахин цуцалсан нь ойлгомжгүй болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт  “энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байна.

   Нэхэмжлэгч Б.Цэвэлсүрэнгийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, хариуцагчаас ирүүлсэн 2017 оны цалингийн хүснэгтэд тусгасан цалингийн хэмжээ зөрүүтэйгээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг үндэслэн ажилгүй байсан хугацааны олговорыг тооцоход нэхэмжлэгч талын нэхэмжилсэн үнийн дүнгээс илүү гарч байгаа тул нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Одбаярын гаргасан тооцоо 4 286 343 төгрөгнөөс төлөгдсөн 2 460 000 төгрөгийг хасч үлдэх 1 826 343 төгрөгийг хариуцагч  “Пи Ай Эм Эм” ХХК-иас гаргуулахаар шийдэв.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул Б.Цэвэлсүрэнгийн ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн хийж, баталгаажуулахыг хариуцагч талд  даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Пи Ай Эм Эм” ХХК-иас  44 171 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-д заасныг удирдлага болгон 

                                                                                                        ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Цэвэлсүрэнг “Пи Ай Эм Эм” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Пи Ай Эм Эм” ХХК-иас 1 826 343 төгрөг гаргуулан Б.Цэвэлсүрэнд олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Цэвэлсүрэнг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, хариуцагч “Пи Ай Эм Эм” ХХК-иас 44 171 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                     Д.ЭНХЦЭЦЭГ