| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2021/0031/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/31 |
| Огноо | 2021-06-28 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/31
2021 06 28 2021/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа
Шүүгдэгч О.Ц нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт О.Ц-т холбогдох эрүүгийн 2140000300039 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр ... аймгийн .. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., ... хамт ... аймгийн ... сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай Д овогт О.Ц.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Ц нь 2018 оны 12 дугаар сарын сүүлээр ... аймгийн ... сумын 2 дугаар баг, “Цагаан толгой” гэх газраас хохирогч Г.Д-н 4 тооны адууг авч бусдад 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан “Мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүгдэгч О.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл хийхгүй” гэв.
2140000300039 тоот эрүүгийн хэргээс
Шүүгдэгч О.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би хэрэг болсон өдрийг нь сайн санахгүй байна, 2018 оны 12 дугаар сарын сүүлээр болсон асуудал. Мөнгөний хэрэг гараад байсан бөгөөд өөрийнхөө адуундаа явж байхад Галшар сумын 2 дугаар баг "Цагаан толгой" гэх газарт манай хадам аавын адуунууд тааралдсан. Тэгэхээр нь хадам аавын адуунаас хэрэглээд, дараа нь учраа олж болох байх гэж бодоод уг адуунуудыг "Цагаан толгой" гэх газраас зүүн урагш 10 гаран км зайд байх "Сарт" гэх газар руу туусан. Би анх хадмын адууг олоод, тухайн газраасаа утсаар А-тай яриад "Адуу ачъя, мал борлуулах гэсэн юм, С-ын хашаан дээр хүрээд ир" гэж хэлээд утсаа тасалсан. Хадмын адуу байсан "Цагаан толгой" гэх газарт Жи мобайлын утасны сүлжээ барьдаг юм. Би хадам аав Д-н хүрэн азаргатай 22 тооны адууг туугаад С-ын гадаа очиход С гэртээ ганцаараа байсан. С-ын гэрийн гадаа байх малын хашаанд тууж очсон адуугаа би ганцаараа хашсан. Би тууж ирсэн адуунуудаа хашаанд хашчихаад С-ын гэрт ороод А-ыг хүлээж байхад нилээн орой нар шингэсэн хойно цагаан өнгийн портер машинтай ганцаараа ирсэн. А-ыг ирсний дараа С , А бид гурав хамт хашаатай байсан адуунаас хүрэн морь, хүрэн зээрд морь, буурал духтай хонгор морь, хонгор морь нийт 4 тооны адууг барьж А-ын машин дээр амьдаар нь ачсан. Тэгээд үлдсэн 18 тооны адууг нь хашаанаас гаргаад баруун хойш нь хөөгөөд явуулсан. А бид хоёр хамт портер машинтай нь 4 тооны адуугаа ачаад Дорноговь аймгийн Айраг сум руу явж байгаад замдаа хөдөө мал авдаг танихгүй хүнд 4 тооны адуугаа зарсан, хэн гэдгийг нь мэдэхгүй, одоо танихгүй. Тухайн үед 1 адууг нь 800.000 төгрөгөөр бодож, нийт 3.200.000 төгрөгөөр зарж борлуулсан. ... Би 4 тооны адуу борлуулсан мөнгөөрөө ойр зуурын өр дараад; ахуйн хэрэглээндээ хэрэглээд дууссан. Би тухайн үед өөрийнхөө хөх өнгийн, улсын дугааргүй, Даюун маркийн мотоциклтой явсан. Би энэ мотоциклийг 2017 оны 07 сард 1.700.000 төгрөгөөр шинээр нь худалдаж аваад, байнга хөдөө мал дээр унадаг байсан. Одоо миний мотоцикл байхгүй болсон, эвдрээд дууссан. А, Снарт хулгайн мал гэж хэлээгүй, өөрийнхөө адуунаас ачиж байна гэж хэлсэн. Манай өөрийн малын хашаа адуу байсан газраас 30 гаран км байсан болохоор арай ойр гээд С-ын хашаанд адуугаа хашсан. Би 4 тооны адуу борлуулсан мөнгөнөөс А, С нарт мөнгө өгөөгүй. Адуу ачиж өгсний хөлс машины банкинд түлш хийж, дүүргэж өгсөн. Би тухайн үед хадам аавд мэдэгдээгүй, нууцаар 4 тооны адууг нь зарж борлуулсан. Би хадмын адууг захиран зарцуулах эрх байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/
Хохирогч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие өвдөж би 12 сарын 25, 26-ны үед эмнэлэгт хэвтэхээр Улаанбаатар хотод очоод эмнэлэгт хэвтээд 2019 оны 01 сард гэртээ ирэхэд миний нартай загасан тамгатай 4 тооны, 1 хүрэн морь, 1 зээрд морь, 1 буурал духтай хонгор морь, 1 хонгор морь нийлээд 4 тооны адуу алга болсон байсан. Тухайн үед хэн авсан талаар мэдээгүй байсан. Тухайн үед манай охин О-ын нөхөр Б гэгч нь Хэнтий аймгийн төв дээр амьдардаг байсан. Манайд хүргэн Ц-ын нэг ч мал байдаггүй байсан. Сүүлд 2020 оны 08 сард хүргэн байсан Ц миний 4 адууг хулгайлж, зарсан гэдгийг сонссон. Ц нь манай охин Оюунсувдаас 2019 онд салсан. Ц-ын утсаар ярихад “Би авсан нь үнэн, таны 4 тооны адууг төлнө” гэж хэлсэн. Саяхан нэг удаа утсаар ярихад адуу өгье гэж байсан гэхдээ өгөөгүй байгаа. Түүнээс хойш би уулзаагүй байгаа. Ц-ыг ямар малтайг би мэдэхгүй, тухайн үед тусдаа байдаг байсан. Миний адуунд Ц-ын ямар нэгэн адуу мал байгаагүй. Манай малнаас захиран зарцуулах эрх байхгүй. Хэнтэй хамт хаанаас манай адууг хулгайлсныг мэдээгүй. Дам сураг сонсоход А гэх хүнтэй хамт явж хулгайлсан гэж сонссон. Би 2021 оны 01 сард энэ жилийн өвөл Хэнтий аймгийн төвд таараад “чи миний 4 морийг ачсан юм уу” гэж асуухад би таны морь гэдгийг мэдээгүй Б ачилцаад өг гээд хамт ачсан гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/
Гэрч Т.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 сарын сүүлээр /өдрийг нь сайн санахгүй/ байна. О.Б хөх өнгийн Даюун маркийн мотоциклтой, О.А цагаан өнгийн портер унаад 20 гаран тооны адуу манай баруун хойд талаас туугаад гарч ирсэн. Тухайн үед нар шингээд харанхуй болсон байсан ойролцоогоор 20-21 цагийн үед ирсэн. О.Б надад хандан танай хашаанд адуу хашаад 4 морь барих гэсэн юм барилцаад өгөөч гэхээр нь барилцсан. Манай мяндсан бугуйлаар О.Б бугуйлдаж, бид хоёр барилцаж өгсөн. Эхлээд хүрэн морь барьсан, дараа нь бусдыг нь барьж хашааны зүүн урд шороон дээр цагаан өнгийн портер маркийн О.А-ын машинд ачсан. Нийт 4 тооны морь ачсан бөгөөд хүрэн морь, хүрэн зээрд морь, буурал духтай хонгор морь, хонгор морь ачсан. Тухайн үед тамгыг нь анзаараагүй. Тэгээд О.Б манай гадаа мотоциклоо үлдээгээд цагаан өнгийн портертой О.А машинаа бариад манай гэрээс баруун урд зүгрүү 21 цаг өнгөрөөгөөд хөдөлсөн. ... О.Б миний адуу гэж хэлсэн. ... Надад мөнгө төгрөг өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/
Гэрч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Иххэт сумын төвд гэртээ 2018 оны 12 дугаар сарын сүүлээр гэртээ байж байхад /яг өдрийг нь санахгүй байна, шинэ жилийн өмнөхөн байсан/ Галшар сумын 2 дугаар багийн малчин Ц надрүу утсаар залгаж Галшар сумын 2 дугаар баг Сартад байрлах шар О ахын өвөлжөөнд оройхон ачааны машинтайгаа хүрээд ирээч" гээд гуйхаар нь орой 15-16 цагийн орчимд би хадам ахын цагаан өнгийн, портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон ганцаараа хөдөө гарсан. Тэгээд би Галшар сумын 2 дугаар баг Сарт гэх газар байрлах өвөлжөөнд гэгээ тасарсан харанхуй болж байхад очиход Т.С , Ц нар байсан, тэгээд тэнд байж байгаад 20-21 цагийн орчимд Ц гэрийнх нь гадаа хужиран дээр байсан адууг хөх өнгийн даюун маркийн мотоциклтой тууж ирээд гэрийх нь зүүн талд байдаг хашаанд загасан тамгатай, хүрэн азаргатай 20 орчим тооны адуу авчирч хашсан. Хүрэн морь, хүрэн зээрд морь, хонгор морь, буурал духтай хонгор морь Ц , Т.С бид гурав нийлж байгаад барьж аваад хашааных нь урд талд ачсан. Тэгээд Ц Дорноговь аймгийн Айраг сум орж адуу хүргэж өгчихөөд ирэе гэхээр нь би өөрөө машинаа бариад 21 цаг өнгөрөөгөөд хөдөлсөн. Тэгээд тухайн шөнийн 00 цаг өнгөрч байхад Дорноговь аймгийн Айраг сумын наад талд буюу Айраг сумаас нааш 30 км зайд цагаан ачааны машинтай 2 эрэгтэй хүн тосож уг адууг буулгаж өгсөн. Тухайн 4 тооны адууг Ц өөрөө уулзаж бэлнээр мөнгийг нь авч байсан, 1 адуугаа хэдэн төгрөгөөр зарж борлуулсныг би мэдээгүй. Буцаад шөнөдөө Дорноговь аймгийн Иххэт сумаар дамжиж миний машины банкийг дүүргэж өгөөд Галшар сумын 2 дугаар баг Сарт гэх газар байрлах адуу ачсан өвөлжөөн дээрээ хүргүүлсэн Тэгээд би шууд буцаад Дорноговь аймгийн Иххэт суманд гэртээ өглөө 08 цагийн орчимд ирсэн. Тухайн үед би Ц-ын өөрийх нь адуу гэж бодож байсан. Сүүлд Ц-ын хадам аав Д нь Хүрэн морь, хүрэн зээрд морь, хонгор морь, буурал духтай хонгор морь нийт 4 тооны адуу алдчихлаа гээд сураад явж байхад нь Ц-ын адуу биш байсан байна гэж мэдсэн. Хүрэн морь, хүрэн зээрд морь, хонгор морь, буурал духтай хонгор морь байсан яг насыг нь мэдэхгүй дандаа бүдүүн морьд байсан. Дээрээ онгитой загасан тамгатай морьд байсан. ...Надад бэлэн мөнгө бол өгөөгүй машинд маань бензин хийж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/
“Фэйр валуэшн” ХХК-ний 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШД-103 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/, хэргийн газрын схем зураг /хх-ийн 38-р хуудас/, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 84-р хуу/, хохирогч Г.Д-ийн хүсэлт /хх-ийн 87-р хуу/, Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 58 дугаартай тодорхойлолт /хх-ийн 89-р хуу/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93-р хуудас/, О.Ц-ыг хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдгээр шагнасан тухай үнэмлэхний хуулбар /хх-ийн 94-р хуу/, Монголын морин спорт уяачдын холбооны гишүүний үнэмлэхний хуулбар /хх-ийн 95-р хуу/, Сайн малчин залуу медалиар шагнагдсан үнэмлэхний хуулбар /хх-ийн 96-р хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.Ц нь 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар баг, “Цагаан толгой” гэх газраас хохирогч Г.Д-ийн 4 тооны адууг авч бусдад 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Г.Д-ийн “Миний бие өвдөж би 12 сарын 25, 26-ны үед эмнэлэгт хэвтэхээр Улаанбаатар хотод очоод эмнэлэгт хэвтээд 2019 оны 01 сард гэртээ ирэхэд миний нартай загасан тамгатай 4 тооны 1 хүрэн морь, 1 зээрд морь, 1 буурал духтай хонгор морь, 1 хонгор морь нийлээд 4 тооны адуу алга болсон байсан. Тухайн үед хэн авсан талаар мэдээгүй байсан. Тухайн үед манай охин О-ын нөхөр Б гэгч нь Хэнтий аймгийн төв дээр амьдардаг байсан. Манайд хүргэн Ц-ын нэг ч мал байдаггүй байсан. Сүүлд 2020 оны 08 сард хүргэн байсан Ц миний 4 адууг хулгайлж, зарсан гэдгийг сонссон...." гэх мэдүүлэг,
Гэрч Т.С-ын “...О.Б надад хандан танай хашаанд адуу хашаад 4 морь барих гэсэн юм барилцаад өгөөч гэхээр нь барилцсан. Манай мяндсан бугуйлаар О.Б бугуйлдаж, бид хоёр барилцаж өгсөн. Эхлээд хүрэн морь барьсан, дараа нь бусдыг нь барьж хашаан зүүн урд шороон дээр цагаан өнгийн портер маркийн О.А-ын машинд ачсан. Нийт 4 тооны морь ачсан бөгөөд хүрэн морь, хүрэн зээрд морь, буурал духтай хонгор морь, хонгор морь ачсан...” гэх мэдүүлэг,
Гэрч О.А-ын “...Тэгээд би Галшар сумын 2 дугаар баг Сарт гэх газар байрлах өвөлжөөнд гэгээ тасарсан харанхуй болж байхад очиход Т.С , Ц нар байсан, тэгээд тэнд байж байгаад 20-21 цагийн орчимд Ц гэрийнх нь гадаа хужиран дээр байсан адууг хөх өнгийн Даюун маркийн мотоциклтой тууж ирээд гэрийх нь зүүн талд байдаг хашаанд загасан тамгатай, хүрэн азаргатай 20 орчим тооны адуу авчирч хашсан. Хүрэн морь, хүрэн зээрд морь, хонгор морь, буурал духтай хонгор морь Ц , Т.С бид гурав нийлж байгаад барьж аваад хашааных нь урд талд ачсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож байх тул мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр үйлджээ. Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан хэр нь түүнийг хүсэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдлийг ойлгох бол шунахайн сэдэл нь өөрт болон бусад этгээдэд эдийн болон эдийн бус баялаг олж авах, эд хөрөнгийн ашиг хонжоо олох гэсэн эрмэлзлээр тодорхойлогдоно.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн олон тооны мал гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш мал гэж ойлгодог байсан бол 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар “олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн бодоор тооцно” гэж хууль тогтоогч энэ зүйл хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар О.Ц-ын үйлдсэн бусдын 4 тооны адууг хулгайлах гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд түүний тайлбарт 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө үйлдэгдсэн байх тул прокуророос О.Ц-ын үйлдлийг хүндрүүлэх шинжгүйгээр мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн талаар зүйлчилж ирүүлсэн нь тохирч байна гэж үзлээ.
Хохирогч Г.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “... О.Ц нь дөрвөн морь хулгайлан авсан байсан. Өр төлбөрөө барагдууллаа. Хэрэг ялгүй салгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргасан байх тул түүнийг энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч О.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтад хамрагдах”, 2.5 “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэх саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоцикл нь эвдэрч алга болсон, тухайн мотоциклыг үнэлэх боломжгүй талаар мэдэгдсэн тул мотоциклын үнийг гаргуулах шаардлагагүй гэсэн тайлбарыг гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад энэ хуулийн тусгай ангид заасан, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ Даюун маркийн мотоцикл ашигласан болох нь тогтоогдож байна. Иймд дээрх хуулийн зорилтыг хэрэгжүүлэх үүднээс тухайн мотоциклын үнэлгээг тогтоосон мөрдөгчийн магадалгааг үндэслэн шүүгдэгчээс 250.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мяндсан бугуйлыг өмчлөгч Т.С-т буцаан олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР