Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/40

 

   2021        09         29                                             2021/ШЦТ/40

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Улсын яллагч Ш.Дамдинбазар

Шүүгдэгч Г.Э  нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Э- холбогдох 2140000000062 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл .., ... хамт .. аймгийн .. сумын ... баг ... байрны .. тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ... регистрийн дугаартай Б овогт Г.Э.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Г.Э  нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө 21 цагийн орчимд .. аймгийн .. сумын .. баг, .. байрны .. тоотод хамтран амьдрагч Д.Н-г гараараа цохиж зодож “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

                                                                             Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүгдэгч Г.Э  шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн буруутай үйлдлээс болоод одоо энд зогсож байна. Бүх зүйлд би буруутай. Алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй” гэв.

2140000000062 тоот эрүүгийн хэргээс

Шүүгдэгч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр эхнэр хүүхдүүдтэйгээ хамт гэртээ байж байхад  хамт ажилладаг Л ах над руу залгаад “манай гэр рүү хүрээд ир” гэж дуудахаар нь үдээс хойш 15 цаг өнгөрч байхад эхнэртэйгээ хамт очсон. Эхнэр бид хоёрыг Л ахын гэрт очиход Л  ах эхнэртэйгээ архи хувааж уугаад дуусах гэж байсан, согтуу байсан. Тэр хоёр Соёрхол гэх архи ууж байсан бөгөөд эхнэр бид хоёр ууж байсан архинаасаа хундаганд хийж өгсөн. Манай эхнэр Н  архинаас уугаагүй. Л  ахын гэрт юм ярьж сууж байгаад орой 20 цаг болж байх үеэр манай гэр рүү явахаар болсон. Манайх байрныхаа гал тогооны өрөөнд засвар хийсан болохоор миний хийсэн засварыг харах гээд явахаар болсон. Тэгээд Н , Л  ахын эхнэр хоёр түрүүлээд гараад явсан. Араас нь Л  ах бид хоёр хамт гараад  гэр рүү явж байх замдаа дэлгүүрээс нэг шил 0,5 литрийн архи аваад харьсан. Хоол идсэний дараа дэлгүүрээс авсан архи задалж уусан. Би архинаас 2 хундагыг л уусан, үлдсэн архийг Л ах, эхнэртэйгээ уусан байх. Би тэр хоёрыг хэдэн цагийн үед явсныг нь сайн мэдэхгүй байна. Л ахыг байх үед эхнэртэйгээ муудаагүй байх. Би уг нь Л  ахтай хувааж ууж байсан архинаас хоёр л татсан юм. Би архи ууж чаддаггүй, амархан согтчихдог юм. Би уусан архиндаа согтоод юу болж байгааг мэдээгүй, нэг сэргэж ухаан ороход цагдаа нар манай гэрт ирчихсэн, намайг сэргээсэн. ... Би юунаас болсныг мэдэхгүй байна, би уг нь эхнэртэй гар хүрч үзээгүй. Ямар учраас эхнэрээ зодсоноо мэдэхгүй байна, мөн яаж зодсоноо ч санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-н 45 хуу/

Хохирогч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Э-ай 2016 онд танилцаж, 2017 оноос нэг гэрт орж хамтран амьдрах болсон. Хамтран амьдарч эхлэх үед  Э  4 настай хүүтэй, би 5 настай хүүтэй, хэн хэн нь нэг дагавар хүүхэдтэй нийлж байсан. Одоо энэ 2 хүүхэд 1 нь 7 настай, 1 нь 8 настай болсон. Э  бид хоёр хамтран амьдраад дундаасаа 1 хүүхэдтэй, хүүхэд маань 2018 онд төрсөн одоо 3 настай охин. Э  бид хоёрт гэр бүлийн баталгаа байхгүй. Э бид хоёр хамтран амьдарснаас хойш гэр бүлийн хэрүүл маргаан байдаг байсан, тэрнээс биш надад гар хүрч байсан удаа байхгүй. Миний хүү 2021 оны 07 дугаар сард өөрийнхөө төрсөн эцэг рүү очиж байж байгаад 1 сар болоод эргээд ирсэн. Хүүг маань ирснээс хойш Э  хааяа загнаад байдаг болсон. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нөхөр бид хоёр хамт Э-ын ажлын хүний гэрт очсон, хэн гэдгийг нь мэдэхгүй байна. Э  бид хоёрыг тэдний гэрт ороход эхнэртэйгээ архи хуваагаад ууж байсан. Ууж байсан архинаасаа бид нартай хувааж уусан. Надад архинаас хийж өгөхөөр нь би уугаагүй. Тэгээд удаагүй би тэр айлын эхнэртэй нь хамт гэртээ харьсан. Эхнэрийнх нэрийг бас мэдэхгүй. Намайг гэртээ ирээд байж байхад Э , хамт ажилладаг хүнтэйгээ цуг орж ирсэн. Э гэртээ ирээд өгсөн архинаас нь хоёр л татлаа гэж хэлж байсан. Тэгээд удаагүй Э-ын ажлын хүн, эхнэрээ дагуулаад манай гэрээс гараад явсан. Тэр хоёрыг явсны дараа орой 21 цаг өнгөрч байх үед Э  согтуу миний хүү Д-ыг “Аав руугаа явж ирээд их том болжээ, занхайгаад байгаа” гэж хэлээд гараараа Д-ын хацар руу нь 1 удаа алгадсан. Дараа нь манай хүүг босоод зогс гэж хэлж зогсоогоод гэрт байсан хуванцар цагаан өнгийн нарийн гэрлийн утас далдлагчаар хацар руу нь 2 удаа цохихоор нь гэрлийн утас далдлагчийг нь би булааж авсан. Тэгээд хүүгээ өмөөрч Э-тай хэрэлдсэн. Тэгтэл миний гар утсыг булааж аваад над руу шидсэн чинь миний толгойны орой хэсэгт оносон. Дараа нь Э  газар унасан байсан гар утсыг аваад дахиж над руу шидэхэд миний баруун нүдний орчим оносон. Би “Яаж байгаа юм бэ” гэж хэлээд  өөдөөс нь хэрэлдсэн. Тэгэхэд миний  зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон, дараа нь хамарны хажууд зүүн хэсэгт нэг удаа цохиход миний үүдэн шүд дундуураа хугарсан. Э  унтахаар нь би хоёр хүүхдээ дагуулж гараад цагдаа дээр ирж дуудлага өгсөн. Цагдаад дуудлага өгсний дараа эмнэлэгт очиж үзүүлээд бичиг хийлгэсэн. ...Э  согтуу орж ирээд миний өөрийн хүү Д-г зодохоор нь би өмөөрч хэрэлдсэн юм. Тэгээд Э  намайг хүүхдээ өмөөрлөө гэж зодсон, өөр хэрүүл маргаан болоогүй байсан. Өмнө нь намайг зодож байгаагүй, манай хүүг ч гэсэн өмнө нь зодож байгаагүй. Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, зүүн дээд үүдэн шүд дундуураа хугарсан баруун нүдний доод хэсэгт хөхөрсөн, толгойны орой хэсэгт бага зэрэг язарсан байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байхгүй. Манай хүү Д-ын биед гэмтэл учраагүй хацар дээр бага зэрэг улайсан байсан.

Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад эмчилгээний зардал гараагүй. Миний шүдийг Э  янзлуулж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 50-р хуудас/

            Насанд хүрээгүй гэрч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 14 цаг өнгөрч байхад аав, ээж гэрээс гарч, гэртээ хоёр дүүтэйгээ хамт үлдсэн. Бид гурвыг хамт гэртээ байхад орой 20 цаг өнгөрч байхад ээж, нэг танихгүй эгчтэй хамт орж ирсэн. Араас нь удалгүй аав, нэг  ахтай хамт орж ирсэн. Тэд нар гэрт орж ирээд нэг их удаагүй байхад танихгүй ах, эгч хоёр гараад  явсан. Тэр хоёрыг явсны дараа аав над руу уурлаж, намайг загнасан. Намайг “өөрийнхөө аав руу очоод том болсон, занхайгаад байгаа” гэж хэлээд гараараа миний хацар руу нэг удаа алгадсан. Тэгээд дараа нь бос гэж босгож байгаад цахилгааны утасны далдлагч хуванцраар хацар дээр хоёр удаа цохисон. Тэгэхэд ээж намайг өмөөрч аавтай хэрэлдсэн. Аав, ээж хоёр хэрэлдэж байгаад ээжийн гар утсыг булааж аваад ээж рүү шидсэн, би яг хаана нь оносныг хараагүй. Шидсэн гар утсаа газар унасан байхад нь аваад дахиад ээж рүү шидэхэд нүүр рүү нь оносон. Намайг хоёр дүүгээ аваад жижиг өрөө рүү ор гэхээр нь дүү нараа аваад орсон. Бид нарыг жижиг өрөөнд удаагүй байхад ээж том өрөөнд ор зассан. Тэгээд аавыг унтахаар нь жижиг өрөөнөөс гарч ирэхэд ээжийн хоёр  нүд нь хөхөрсөн, үүдэн шүд нь хугарсан  байсан. Тэгээд ээж бага дүү бид хоёр гэрээс гарч ахын гэрт очоод, дүү бид хоёрыг үлдээгээд цагдаад дуудлага өгнө гээд явсан. Миний баруун хацар хөхөрсөн байна, өөр гэмтэл шарх байхгүй. Аав нилээн согтуу байсан. Ээж архи уугаагүй, эрүүл байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 440 дугаартай

  1. Д.Н-н биед үүдэн нэг шүдний хугарал, толгойн орой хэсгийн шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх-н 18-19-р хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчсөн зүйл тогтоогдоогүй тул эдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө 21 цагийн орчимд ... аймгийн ... сумын .. баг, ... байрны .. тоот дахь гэртээ хамтран амьдрагч Д.Н-ын эрх чөлөөнд халдан зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Д.Н-ын “...Тэгээд хүүгээ өмөөрч Э-тай хэрэлдсэн. Тэгтэл миний гар утсыг булааж аваад над руу шидсэн чинь миний толгойны орой хэсэгт оносон. Дараа нь Э газар унасан байсан гар утсыг аваад дахиж над руу шидэхэд миний баруун нүдний орчим оносон. Би “Яаж байгаа юм бэ” гэж хэлээд  өөдөөс нь хэрэлдсэн. Тэгэхэд миний  зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон, дараа нь хамарны хажууд зүүн хэсэгт нэг удаа цохиход миний үүдэн шүд дундуураа хугарсан...." гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Г.Д-ийн  “...Тэгэхэд ээж намайг өмөөрч аавтай хэрэлдсэн. Аав, ээж хоёр хэрэлдэж байгаад ээжийн гар утсыг булааж аваад ээж рүү шидсэн, би яг хаана нь оносныг хараагүй. Шидсэн гар утсаа газар унасан байхад нь аваад дахиад ээж рүү шидэхэд нүүр рүү нь оносон. Намайг хоёр дүүгээ аваад жижиг өрөө рүү ор гэхээр нь дүү нараа аваад орсон. Бид нарыг жижиг өрөөнд удаагүй байхад ээж том өрөөнд ор зассан. Тэгээд аавыг унтахаар нь жижиг өрөөнөөс гарч ирэхэд ээжийн хоёр  нүд нь хөхөрсөн, үүдэн шүд нь хугарсан  байсан...” гэх мэдүүлэг,

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 440 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Э  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр хохирогч Д.Н-ын эрх чөлөөнд халдан зодож үүдэн шүдний хугарал, толгойн орой хэсгийн шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.

Прокуророос дээрх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна. Шүүгдэгч Г.Э , хохирогч Д.Н нарын хооронд үүссэн маргаан, тэмцэл нь нэг талын давамгайлсан гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлаас нийгмийн шалтгаант шинж байдлаар ялгаатай байж гэр бүлийн таарамжгүй харьцаанаас улбаатай, ахуйн суурьтай гарсан байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэхгүй.

   Хохирогч Д.Н  нь мөрдөн шалгах ажиллагаанд “Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад эмчилгээний зардал гараагүй. Миний шүдийг Э  янзлуулж өгсөн” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал болон бие биенээ үл хүндэтгэсэн харилцаа нөлөөлсөн байна. 

 

          Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Г.Э  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Б  овогт Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Р.БАТБАЯР