Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2018/0604

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр шийдвэртэй, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын Боролзой ХХК-ийн XV-018415, XV-020376 тоот тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, нэхэмжлэгч Боролзой ХХК-ийн XV-020376 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох Боролзой ХХК-ийн XV-018415 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежмент төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. “Б” ХХК-ийн “2017 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал нар давж заалдах гомдолдоо: “ ... Анхан шатны шүүхээс Өндөрхангай сумын Засаг даргын “Б” ХХК-ийн ХV-018415 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж үзсэн атлаа тус тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, хугацааг нь сунгахаас татгалзсан байх тул уг тусгай зөвшөөрлийн 2018 оны төлөвлөгөөг батлахыг даалгах үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь “Б” ХХК-ийн Х\/-018415 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 547 дугаар шийдвэрийн үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлага буюу “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ.” гэх шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэл юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч болох Өндөрхангай сумын Засаг дарга нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, “Б” ХХК-ийн Х\/-018415 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны   менежментийн  төлөвлөгөөг хугацаандаа баталсан бол АМГТ-ын  Кадастрын хэлтсээс манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохгүй байх байсан.

Улмаар шүүхээс “Б” ХХК-ийн Х\/-018415 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгаж  шийдвэрлэсэн тохиолдолд  бид  байгаль  орчны   менежментийн төлөвлөгөө   батлуулж,   уг   шийдвэр   дээр   үндэслэн   холбогдох   төрийн   захиргааны байгууллагад хандан, тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах талаар дараа дараагийн арга хэмжээг авах боломжтой байтал шүүхээс хариуцагчид ийнхүү даалгасан ч шүүхийн шийдвэр   биелэгдэх   боломжгүй   хэмээн   үзэж,   тус   шаардлагыг   хэрэгсэхгүй   болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн   хувьд   Х\/-018415   тоот   тусгай   зөвшөөрлийн   хугацаа   2018 оны 05 дугаар сарын 26-нд дуусахаас өмнө буюу 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг ба Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад “Увс аймгийн Засаг даргад 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хандсан байгаа ба үүнээс хойш 30 хоног өнгөрөөгүй байгаа тул 30 хоног өнгөрснийх нь дараа нэхэмжлэлээ дахин гаргана уу” гээд нэхэмжлэлийг   буцаасан.   Үүний   дагуу   нэхэмжлэгч   нь   2018 оны 06 дугаар сарын 11-ний   өдөр   шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргасан.

Ийнхүү тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө шүүхэд хандсан байгаа ба шүүхэд хандсанаас хойш тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан эсэх нь шүүхээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд хамаарахгүй гэж үзэж байна. Харин ч шүүх менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах шаардлагыг хангаагүйгээр шүүхийн шийдвэрийг биелэгдэх боломжгүй болгож байна.

Анхан шатны шүүх тусгай зөвшөөрлүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон боловч Х\/-018415 тоот тусгай зөвшөөрлийн хувьд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж шийдвэрлэсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106.3.4-д зааснаар хэргийг шийдвэрлээгүй буюу хэргийг дутуу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд төлөвлөгөөг батлахыг даалгах шаардлагыг өөр хаана ч дахин гаргах ямар ч боломжгүй бөгөөд төлөвлөгөө батлагдахгүй бол Х\/-018415 тоот тусгай зөвшөөрөл сунгагдахгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн хэвээр үлдэх болно. Иймд, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09-р сарын 25-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1-д: “...нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох Боролзой” ХХК-ийн Х\/~018415 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргалын гомдлын хүрээнд хэргийг хянаж, “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд ““Б” ХХК-ийн эзэмшлийн XV-018415, XV-020376 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын татгалзал болон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч сумын Засаг дарга нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийг тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсан, тухайн газар нутагт иргэдийн өвөлжөө, хаваржаа байгаа, нутгийн иргэд эсэргүүцэж байгаа гэх үндэслэлээр тус компанийн 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь Ашигт малтмалын хайгуулын XV-018415 дугаар тусгай зөвшөөрлийг 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, XV-020376 дугаар тусгай зөвшөөрлийг 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тус тус авсан байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үүргийнхээ хүрээнд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 26 тоот албан бичгээр Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргаар батлуулахаар хүргүүлсэн байна.

Анхан шатны шүүх Кадастрын хэлтсээс нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б” ХХК-ийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч сумын Засаг дарга батлах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа учраас хайгуулын үйл ажиллагаагаа явуулах эрхтэй бөгөөд байгаль орчныг хамгаалах талаар хуульд заасан үүргээ биелүүлэх зорилгоор менежментийн төлөвлөгөө боловсруулж батлуулахаар ирүүлсэн байхад уг үүргээ биелүүлэхтэй нь холбоогүй шалтгаанаар баталж өгөхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь сумын Засаг даргын байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх: биелэлтэд хяналт тавих зорилгод нь нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг буруу гэж үзэх үндэслэлгүй.

Засаг дарга нь нэгэнт олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн авч, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих” бүрэн эрхийнхээ хүрээнд тус компанийн гүйцэтгэх хайгуулын үйл ажиллагаа нь байгаль орчин, бэлчээрийн гол нутагт сөрөг нөлөөлөх эсэх, иргэдийн өвөлжөө хаваржаанд нөлөөлөх эсэх, хэрхэн нөхөн сэргээхээр тусгасан эсэх, шаардлагатай мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн эсэх зэргийг хянаж төлөвлөгөөг батлах боломжтой.

Харин анхан шатны шүүх хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзсэн атлаа ХҮ-018415 тоот тусгай зөвшөөрлийн тухайд Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 547 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй тул тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан тул шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй гэх үндэслэлээр “тухайн тусгай зөвшөөрөлд холбогдох хэсгийг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан “... эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол ... даалгах” шийдвэр гаргахаар заасныг зөрчсөн байна.

Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад хавсарган өгдөг Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хариуцагч Засаг дарга батлаагүй хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлийг хугацаанд нь хуульд заасан шаардлага хангаж гаргах эрх нь зөрчигдсөн байх тул хууль бус эс үйлдэхүйн улмаас зөрчигдсөн эрхийг шүүх хамгаалах нь зүйтэй юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргалын энэ талаарх “эс үйлдэхүйг хууль бус гэж үзсэн боловч төлөвлөгөөг батлахыг даалгаагүйгээс шийдвэр биелэгдэх боломжгүйд хүрнэ” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... ХХК-ийн ХҮ-020376” гэсний дараа” ХҮ-018415” гэж нэмж, “... даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “Б” ХХК-ийн ХҮ-018415 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “тус тус даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн өмгөөлөгч М.Мөнхжаргалаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан олгосугай

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР  

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ