Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 63

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Шүүгдэгч: Д.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Дамбатайж овогт Дуламсүрэнгийн Ууганбаярт холбогдох эрүүгийн 201615000215 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд 1987 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багш ажилтай,  ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Богд сумын 7-р баг Арцын 3-24 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Дамбатайж овогт Дуламсүрэнгийн Ууганбаяр. /РД:ЙД87011113/

 

Шүүгдэгч Д.Ууганбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Арцын 3-24 тоотод согтуурсан үедээ Б.Алтансүхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Б.Алтансүх рүү хутга шидэж зүүн гуянд нь дүрж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

          

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгч Д.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

  

Хохирогч Б.Алтансүхийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…Би 2016 оны 06 дугаар сарын 21-ний орой 22 цагийн орчимд Ууганбаяр ахын гэрт орсон чинь Ууганбаяр ах намайг айлд хүргээд өг гэхээр нь гэрээс нь хойш нэг байшинтай айлд хүргэж өгчихөөд хамт орох гэсэн чинь 20 минутын дараа ирж аваарай гэж хэлчихээд тэр айлд орсон. Тэгээд би гадуур явж байгаад буцаад Ууганбаяр ахын байгаа айлд очоод гэрт орсон чинь тэнд 1 шил архи задлаад тойруулж байсан. Тэнд байж байгаад Ууганбаяр ах гэрт байгаа найз нартаа хандан манайд очиж шинэ хонины мах, гэдэс ид гээд тэндээс Лхагвадорж, Тогообат, Мэндбаяр, Отгонсүрэн, Одончимэг, Ууганбаяр нар нь хамт Ууганбаярын гэрт очоод хамт гэдэс идэцгээсэн. Тэгээд Ууганбаяр ах орон дээрээ дээшээ хараад хэвтэж байгаад унтчих шиг болохоор нь би Ууганбаяр ахаа бос. Найз нар чинь гэрт чинь ирчихсэн байхад унтаад гээд хувцаснаас татаж сэрээчихээд эсрэг талын орон дээр нь очоод суусан. Ууганбаяр ах ширээн дээр байсан савтай гэдэснээс огтолж идэнгээ намайг манайхаас зайл гэж 2 удаа хэлснээ гэдэс идэж байсан хутгаа шидсэн. Уг хутга нь миний зүүн хөлний өвдөгний дээд хэсэгт оноод газар унасан. Тэгээд би гал тогооны өрөө рүү нь орсон чинь миний зүүн хөл хүйтэн оргиод байхаар нь өмдөө тайлаад үзтэл өвдөгний дээд талын хэсгээс цус гарсан байсан. Би Ууганбаяр ахын шидсэн хутга орчихсон байна гэсэн чинь араас Одончимэг, Мэндбаяр орж ирж үзсэнээ намайг Ууганбаяр ахтай хамт эмнэлэг явуулсан. Тэгээд эмнэлэг орж үзүүлж чадалгүй ирээд буцаад Мэндбаяртай хамт явж оёо тавиулсан. Д.Ууганбаяр ах бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,

 

Гэрч Ч.Отгонсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нөхөр бид хоёр Улаанбаатар хотоос сумын төвд байдаг хамаатныхаа гэрт байж байсан чинь гаднаас найзууд ирээд хамт гараад Ууганбаярын гэрт очоод тэндээсээ Одончимэгийг дагуулаад Цогоогийнд ороод хоол, цай идэж уучихаад Лхагвадоржийнд ороод байж байтал Ууганбаяр ирсэн. Тэгээд тэнд жаахан байж байгаад тарцгаасан чинь Ууганбаяр, Одончимэг хоёр манайд очиж гэдэс ид гээд Ууганбаярын гэр рүү Тогообат, Лхагвадорж, Одончимэг, манай нөхөр Мэндбаяр мөн Ууганбаяртай хамт явсан дээлтэй залуу бид нар хамт очсон. Тэгээд Ууганбаярын гэрт ороход Одончимэг гэдэс авч ирж өгсөн. Ууганбаяр гэртээ орж ирээд орон дээрээ хэвтсэн юм. Ууганбаярыг Одончимэг найз нөхдөө гэртээ авч ирчихээд хэвтээд байх юм гэсэн чинь Ууганбаяр за гэж хэлчихээд өндийгөөгүй. Тэр үед Лхагвадорж, Тогообат хоёр түр гарсан. Ууганбаяртай хамт явж байсан залуу Ууганбаяр ахаа босоорой, найз нөхөд чинь гэрт чинь ирчихсэн байна гэж хэлчихээд эсрэг талын орон дээр суусан. Ууганбаяр өндийгөөд чи юу гээд байгаа юм гээд ширээн дээр байсан түмпэнтэй гэдсэн дотор байсан хутга аваад нөгөө залуу руу шидээд зайл гэж хэлсэн. Ууганбаярын шидсэн хутга нь газар унах шиг болсон. Нөгөө залуугийн хаана нь оносон талаар анзаараагүй. Нөгөө залуу нь Ууганаа ахаа тэгж болохгүй шүү дээ гээд гал тогооны өрөө рүү орсон. Араас нь Одончимэг, Мэндбаяр хоёр юу болов гээд орсон чинь нөгөө залуу Ууганбаяр ахаа энэ болохоо байж гэж хэлсэн. Тэгээд бид нар харсан чинь тэр залуугийн зүүн хөлний өвдөгний дээд талд гадна талдаа 3-4 см орчим зүсэгдсэн байсан. Тэгээд эмнэлэг орж оёо тавиулах гээд нөгөө залуугийн хамт Ууганбаяр явсан. Эргээд эмнэлэг дээр очлоо, эмч байж байх шиг байна. Гутлын түрий рүү цус ороод байна гэж хэлэхэд нь манай нөхөр Мэндбаяр эмнэлэг рүү аваад явсан. Удалгүй би хүүхдээ сэрээгээд хамаатныхаа айл руу явсан. Гудамж руугаа ороод Мэндбаяртай таарсан. Нөгөө залууг асуутал оёо тавиулж байгаа гэсэн. Тэгээд гэртээ ороод амарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,

 

Гэрч Д.Мэндбаярын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд хөдөөгүүр явж байгаад 06 дугаар сарын 21-ний өдөр сумын төв ороод 10-н жилийн ангийхнаараа орсон. Эхлээд Ууганбаярын гэрт ороод хоол идэхэд тэднийх 1 шил архи задалсан. Тэндээс нь амсаад эргэж гэдэс идэхээр болоод гарсан. Ууганбаяр нилээн халчихсан гэртээ унтаад үлдсэн. Бид хэд Одончимэгийг дагуулаад Цогоогийнд ороод тэднийхээс Лхагвадоржийнд ороод хоол идээд нэг шил архи ууж байсан чинь Ууганбаяр гаднаас орж ирсэн. Тэгээд тэнд хамт байж байгаад Ууганбаярын гэр рүү 02 цагийн орчимд явцгаасан. Ууганбаярын гэрт ирээд шинэ хонины гэдэс халааж идэцгээсэн. Ууганбаяр гэртээ орж ирээд орон дээрээ дээшээ хараад хэвтсэн. Ууганбаярынд ороод архи задлаагүй. Тогообат, Лхагвадорж хоёр түр гарсан байсан. Гэрт Одончимэгийн хамаатан гэх дээлтэй залуу байсан. Тэр залуу Ууганбаярын хажууд очоод Ууганаа ахаа найз нар чинь ирчихээд байхад яагаад унтаад байгаа юм гээд сэрээчихээд эсрэг талын орон дээр очоод суусан чинь Ууганбаяр нөгөө залууд хандан чи манайхаас яв, найз нартай зэрэгцээд юу хийж байгаа юм гээд уурласан чинь нөгөө залуу нь за яахав дээ, би байж л байя гээд хэлсэн чинь Ууганбаяр ширээн дээр байсан түмпэнтэй гэдэснээс хутга аваад нөгөө залуу руу шидсэн. Би харахдаа Ууганбаярын шидсэн хутга нөгөө залууг онолгүй буйдан дээр уначихлаа гэж харсан. Нөгөө залуу хутга нь шүргэчихлээ гээд гал тогооны өрөө рүү орохоор нь араас нь ороод өмдийг нь тайлаад хартал нөгөө залуугийн зүүн гуяны гадна талыг зүсчихсэн байсан. Тэгээд Ууганбаяр нөгөө залууг дагуулаад эмнэлэг яваад цаг орчим болоод эмнэлэгт үзүүлээгүй ирсэн. Тэгэхээр нь би тэр залууг дагуулж яваад эмнэлэг ороод жижүүр сувилагчаас нь эмчийх нь гэрийг заалгаад эмчийг нь дуудаад үзүүлсэн. Тэгээд би хариад амарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,

 

Гэрч Д.Одончимэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 21-нд манай 10-н жилийн ангийн Мэндбаяр, Отгонсүрэн, Лхагвадорж, Даваадолгор, Тогообат нар ирээд хамт айл руу явсан чинь манай нөхөр Ууганбаяр гэрт үлдсэн. Тэгээд бид хэд Лхагвадоржийнд байсан чинь Ууганбаяр ирчихсэн байсан. Би өөрөө юм уучихсан болохоор Ууганбаярыг яг хэдийд, хэнтэй ирсэн талаар анзаараагүй. Мөн Алтансүх Лхагвадоржийнд утас бариад сууж байсан. Тэгээд тэндээсээ гараад 22 цаг өнгөрөөгөөд манай гэрт ирцгээсэн. Хадам ээж малын гэдэс чанаад гэрт оруулж ирээд тавчихсан байсан. Тэрнээс идэцгээж байхад Ууганбаяр орон дээрээ дээшээ хараад хэвтсэн. Тэгтэл Алтансүх Ууганбаярт хандан та бос, найз нөхөд чинь ирчихсэн байна гэж хэлчихээд буцаад эсрэг талын орон дээр сууж байгаа харагдсан. Ууганбаяр өндийгөөд ширээн дээр түмпэнтэй гэдэс дотроос хутга аваад Алтансүх рүү шидсэн. Нөгөө хутга нь Алтансүхийн зүүн хөл хавьцаа хүрээд газар унах шиг болсон. Тэгтэл Алтансүх босоод гал тогооны өрөө рүү орохоор нь араас нь орсон чинь Одончимэг эгчээ Ууганаа ахын над руу шидсэн хутга орчихсон байна гээд өмдөө шувталчихсан зогсож байсан. Тэгээд Ууганбаярын хамт Алтансүх эмнэлэг яваад үзүүлж чадаагүй ирсэн. Тэгээд буцаад Мэндбаяр эмнэлэг рүү авч яваад үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,

 

Гэрч Д.Лхагвадоржийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Тухайн өдөр Отгонсүрэн, Тогообат, Даваадолгор, Одончимэг, Мэндбаяр нартай Цогоогийнд таарсан. Тэгээд тэндээсээ хамт гараад манайд очоод дэмий яриад байж байтал Ууганбаяр ирчихсэн байсан. Тэгээд тэндээсээ гараад Ууганбаярын гэрт очоод шинэ хонины гэдэс идэцгээгээд сууж байгаад Тогообат бид хоёр гарч тамхи татчихаад эргээд орсон чинь Ууганбаяр нэг залуугийн гуя руу хутга шидчихсэн гээд байж байсан. Тэр залуугийн зүүн талын хөл нь өвдөгний дээд талд цус гарчихсан байсан. Тэгээд тэр залууг Ууганбаяр эмнэлэг рүү аваад явсан. Би харьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,

 

Гэрч Л.Тогообатын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Тэр өдөр Отгонсүрэн, Даваадолгор, Одончимэг, Мэндбаяр нартай Цогоогийнд таарсан. Тэгээд тэндээсээ хамт гараад манайд очоод дэмий яриад байж байтал Ууганбаяр ирчихсэн байсан. Тэгээд тэндээсээ гараад Ууганбаярын гэрт очоод шинэ хонины гэдэс идэцгээгээд сууж байгаад Лхагвадорж бид хоёр гарч тамхи татчихаад эргээд орсон чинь Ууганбаяр нэг залуугийн гуя руу хутга дүрчихсэн байсан. Тэр үед нь би харьлаа гээд хариад унтсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 207 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Б.Алтансүхийн зүүн гуяны нэвт хатгагдсан шарх, зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. 2. Уг гэмтэл нь иртэй, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 27 хуудас/,

 

Шүүгдэгч Д.Ууганбаярын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37 хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 хуудас/,

 

          Хохирогч Б.Алтансүх шүүхэд гаргасан: Ууганбаяр бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн болно. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд Д.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би шүүх хуралдаанд суухгүй гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Ууганбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Арцын 3-24 тоотод согтуурсан үедээ Б.Алтансүхтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Б.Алтансүх рүү хутга шидэж, зүүн гуянд нь дүрэн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Ууганбаярын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Алтансүх,  гэрч Ч.Отгонсүрэн, Д.Мэндбаяр, Д.Одончимэг, Д.Лхагвадорж, Л.Тогообат нарын мэдүүлэг, шүүгдэгч Д.Ууганбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Б.Алтансүхийн биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 207 тоот дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ууганбаярын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Д.Ууганбаярт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохиролд 350000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Ууганбаяр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч Б.Алтансүх нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул  Д.Ууганбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч, шүүгдэгчтэй эвлэрэхдээ түүний эрхшээлд байгаа буюу бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадаагүй гэх үндэслэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Д.Ууганбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-т “согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн бариултай урт нь 18 см, ишний урт нь 11 см хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Д.Ууганбаярын эзэмшлийн Г-1019000339 бүртгэлийн дугаартай, 569.48 м/кв гэр бүлийн хэрэгцээний газар, Өвөрхангай аймгийн Богд сум, 7 дугаар баг 3-24 тоот хашааг битүүмжилсэн 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

            1. Дамбатайж овогт Дуламсүрэнгийн Ууганбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Дамбатайж овогт Дуламсүрэнгийн Ууганбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Д.Ууганбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн бариултай урт нь 18 см, ишний урт нь 11 см хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Д.Ууганбаярын эзэмшлийн Г-1019000339 бүртгэлийн дугаартай, 569.48 м/кв гэрэл бүлийн хэрэгцээний газар, Өвөрхангай аймгийн Богд сум, 7 дугаар баг 3-24 тоот хашаа зэргийг битүүмжилсэн 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ууганбаярт авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ууганбаярт авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Д.ЦЭЦЭГЭЭ