Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 213/МА2017/00014

 

Г.Сосорбарамын нэхэмжлэлтэй хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 131/ШШ2017/00332 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Гэндэндаржаагийн Сосорбарамын нэхэмжлэлтэй

Хариуцагч Сүүн билэгдэл ХХК-д холбогдох

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төвд байрлах 11х25м2 талбай бүхий бэлтгэлийн агуулахын өмчлөгчөөр тогтоолгож, түүний үнэ болох 22.050.000 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, нэхэмжлэгч Г.Сосорбарам нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 29-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Сосорбарам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхсайхан, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Гэндэндаржаагийн Сосорбарамаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Эрдэнэцогт сумын урд хэсэгт байрлах 11x25м2 талбай бүхий бэлтгэлийн агуулахын барилга нь Гурван-Эхт хоршооны өмч байсан бөгөөд тус хоршоог тарж хуваагдах үед тэргүүлэгч гишүүдийн 2005 оны 10 сарын 23-ны өдрийн шийдвэрээр хоршооны гишүүн Г.Сосорбарамын хувь нийлүүлсэн хөрөнгийн тооцоонд олгохоор болсон юм. Зарим модон материал тоногдож алга болсон ба тээврийн төмрийг бид авч суурь хана шал зэргийг сэвтээлгүй эргэн сэргээж ашиглахаар төлөвлөж, сумын төв дээр хүнд захин үлдээсэн байсан.

Би тухайн үед хөрөнгө мөнгөний бололцоогүй, хоёр хүүхэд оюутан байсан болохоор засаж чадалгүй өдий хүрсэн. Гэтэл Сүүн билэгдэл ХХК надад мэдэгдэлгүй өмчлөх эрхийг зөрчсөн тул хоршооны бэлтгэлийн агуулах байсан байрны өмчлөгчөөр тогтоож, түүний үнэ болох 22.050.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Гэндэндаржаагийн Сосорбарамаас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Гурван эхт хоршоог татан буугдах 7 гишүүний бүрэлдэхүүнтэй комисс томилогдож, татан буугдсан тухай мэдэгдлээ татварын албанд өгч, 2007 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр 5.600.000 төгрөгний хөрөнгөөс 6.4 хувь болох 11х25м2 талбай бүхий бэлтгэлийн агуулахыг Г.Сосорбарамд өгсөн гэсэн тодорхойлолт байдаг. Ийм учраас Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6 дугаар багт байрлах 11х25м2 талбай бүхий бэлтгэлийн агуулахын хууль ёсны шудрага өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Хоршооны бүтэц зохион байгуулалт нь алдагдсан байсан тул татан буулгасан. Би өөрийн хувьчилж авсан байраа улсын бүртгэлд бүртгүүлж амьжаагүй, учир нь барилга бүрэн бус учраас бүртгүүлэх боломжгүй байсан. Боломжтой болохоороо барилгыг гүйцээж барих төлөвлөгөөтэй байсан. Нэхэмжлэлийн шаардлага болох байрны мөнгө 22.050.000 төгрөгийн хувьд одоо эргээд тэр хөрөнгийг эзэмшиж ашиглах боломжгүй болсон учраас нөхөн төлбөр авч хохиролоо барагдуулах хүсэлтэй байна.

Хариуцагч Сүүн билэгдэл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхсайхан шүүхэд гаргасан тайлбартаа:

Эрдэнэцогт сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар нартай ярилцаад бяслаг, цагаан идээний төвийн байрны байршлыг сонгохдоо олон газраас ярилцан сумын урд хэсэгт байрлах /хуучнаар худалдаа бэлтгэлийн ангийн агуулах/ барилгыг сэргээн засварлаж ашиглах нь зүйтэй юм гэж үзсэн. Сумын 90 жил болох гэж байна, сумруу орох хэсэгт балгас барилга байж болохгүй, сумын үзэмжинд муугаар нөлөөлж байгаа зэргийг харгалзан эхний ээлжинд барилгыг битүүлээд авах саналыг сумын удирдлагаас “Сүүнбилэгдэл” ХХК-д тавьсан юм.

Дураараа хүний эзэмшлийн газар, байрыг авсан юм байхгүй, бүх асуудлыг ил тод, сумын засаг захиргаатай ярилцан зөвлөлдөж сүүлийн 20 жил хийгээгүй бүтээн байгуулалтыг сумын төвд хийсэн, түүнчлэн монголд байхгүй Сарлагийн сүүний бяслаг, цагаан идээний төвийг байгуулсан. Барилгын газар эзэмшилтэй холбоотой асуудлыг албажуулахын тулд компанийн зүгээс Эрдэнэцогт сумын Засаг дарга Ц.Төмөрбаатарт бяслаг, цагаан идээний төвийн барилга газрыг сумын 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах хүсэлтийг эхний ээлжинд хүргүүлсэн бөгөөд хариуд нь Засаг дарга Ц.Төмөрбаатарын 2013 оны 12 сарын 26-ны өдөр уг асуудлыг дэмжсэн тоотыг манайд ирүүлсэн билээ гэжээ.

Хариуцагч Сүүн билэгдэл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхсайхан анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд нэхэмжлэгч өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан гэх дүгнэлтэд хүргэж байгаа нь Иргэний хуулийн 115 дугаар зүйлтэй нийцнэ. Нэгэнт өмчлөлийн маргаан үүссэн учраас хариуцагч нь тус эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан уу, барилгын шудрага өмчлөгч болох нь ямар баримтаар хэрхэн нотлогдож байгааг анхан шатны шүүх дүгнэлт хийх шаадлагатай байх. 2005 оноос хойш ашиглагдаагүй хог шороогоор дүүрсэн хоосон агуулахыг 40.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж барилга барьж, зохих журмын дагуу хуулийн этгээдийн нэр дээр газраа эзэмшиж, барьсан барилгатаа үйлдвэрлэл явуулж байгаа үйлдэл нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй харин ч газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, сумын өнгө үзэмжийг нэмэгдүүлж байгаа үйлдэл гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөх эрхтэй эсэхээс баримтаар нотлох шаардлагатай болохоос минийх гэж бодож байна. Өмчлөх эрхээ бүртгүүлнэ гэж бодож байсан үүнийг хүмүүс мэдэж байгаа гэж хэлж байгаа нь шудрага ёс, хуулийн шаардлагад нийцэхгүй юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, Хоршооны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасныг баримтлан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төвд байрлах 11х25м2 талбай бүхий /703м3 буюу 210м2/, 5 өрөө бэлтгэлийн агуулахын өмчлөгч тогтоож, хариуцагч Сүүн билэгдэл ХХК-иас 22.050.000 гаргуулахыг хүссэн Г.Сосорбарамын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Гэндэндаржаагийн Сосорбарамаас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Г.Сосорбарам би Эрдэнэцогт сумын нутагт төрж өссөн, тогтвор суурьшилтай 30 гаруй жил ажиллаж амьдарсан. 1997 онд Гурван-Эхт хоршоог 42 гишүүний хамт байгуулж, аймгийн татварын хэлтэс, улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж, мөн аймгийн Хоршоодын холбоонд гишүүн хоршоогоор элсэж тус тус гэрчилгээ авсан. Аж ахуйн нэгж хууль ёсоор бий болгосон. Хоршоо гишүүдийнхээ хувь нийлүүлсэн хөрөнгийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгийн 0015430 гэрчилгээ авсан. Уг гэрчилгээнд хоршооны бүх үл хөдлөх эд хөрөнгийг нэр төрөл хэмжээгээр бүртгэж бичигдсэн. Мөн тус хоршооны эзэмшилд 1988 оны 4 дүгээр сарын 16-нд 3558 м2 газрыг эзэмших гэрчилгээг олгосон байдаг.

Хоршооны гишүүдийн өр төлбөр төлөгдөхгүй, дутагдал гарч хөрөнгө үрэгдэх зөрчил гарч, үйл ажиллагаа доголдсон улмаар 2005 оны 10 дугаар сарын 23-нд бүх гишүүдийн хурал болж, 23 гишүүн өмчөө тусгаарлаж, авах шаардлага тавигдсанаар хоршоо 2 хуваагдмал болж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хуваарь жагсаалт хийгдэх болж, хувь нийлүүлсэн хөрөнгийн тооцоонд 703 м3 агуулахын барилгыг авах хүсэлт гаргаснаар хоршооны тэргүүлэгч 11 хүний гарын үсэгтэй хувь нийлүүлсэн хөрөнгийн хуваарь жагсаалт батлагдан уг барилгыг миний өмчид өгсөн.

Хоршооны тухай хуулийн 38, 40, 41-д зааснаар 2006 оны 3 дугаар сарын 16-ны өдөр бүх гишүүдийн хурал хийж хоршоог татан буулгах комиссын 7 хүний бүрэлдэхүүнтэй сонгон, 13 гишүүн гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байдаг.

Эдгээр баримт мэдүүлэг, улсын бүртгэлийн лавлагаа, аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт, үндсэн эх баримтууд нь Г.Сосорбарамд Гурван-Эхт хоршооноос хувь нийлүүлсэн хөрөнгийн тооцоонд 703 м3 агуулахын барилгыг олгосон, түүний өмчлөгч болохыг тогтооход хангалттай нотолгоо болох байтал энэ баримтуудыг хамааралгүй ач холбогдолгүй мэтээр тус шийдвэрт бичсэн нь үндэсээрээ буруу болсон гэжээ.

Нэхэмжлэгч Г.Сосорбарамын өмгөөлөгч Н.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Г.Сосорбарам нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 6-р багийн уугуул иргэн бөгөөд тус сумдаа "Гурван эхт” хоршоог худалдааны байгууллагад ажиллаж байсан хүмүүсийн хамт 1997 онд үүсгэн байгуулалцаж улмаар тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 1997 онд бүртгүүлэн улмаар 1997 оны 04 сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлж байсан нь хэрэгт авагдсан "Гурван эхт " хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа болно.

Тус хоршоо нь №0015430 дугаартай улсын бүртгэлийн 0307001547 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр Эрдэнэцогт сумын нутагт орших 1080 м2 талбайтай 9 өрөө бүхий үйлчилгээний барилга, 507 м2 талбайтай барааны агуулах, 703м2талбайтай 5 өрөө бэлтгэлийн агуулах, 2480 м2талбайтай 3 тал банзан хашааны өмчлөгч болохоо тогтоож улмаар улсын бүртгэлт бүртгүүлсэн.

Тухайн хоршоонд бүртгэсэн эд хөрөнгийн өмчийн талаар гуравдагч этгээдийн зүгээс ямар нэгэн маргаан гаргаагүй.

Улмаар "Гурван эхт" хоршоо дотоод зөрчил, өр төлбөр үүссэнээс болж цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон тул Хоршооны тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж хоршоог татан буулгах тухай шийдвэрийг гаргасан.

Тухайн шийдвэрийн дагүу татан буулгах комиссыг байгуулж тус комисст Ш.Даваа, Ч.Дүгэрсурэн, Ш.Далай, С.Даваадорж, Б.Чимэдмаа, Л.Лхагвасүрэн, О.Мядаг гэх хүмүүсийг томилсон. Тус комисс нь Хоршооны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлэн татварын байгууллагад мэдэгдсэн ба хувь нийлүүлсэн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар хоршооны бүх гишүүдийн даалгасан үүргийн дагуу зохих шийдвэрүүдийг гаргаж байсан.

Энэ шийдвэрийн дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийг шилжүүлэх гэрээ байгүулагдаж "Гурван эхт" хоршооны хөрөнгийг хувиарласан ба тус хувиарлалтын дагуу Г.Сосорбарамын оруулсан хөрөнгийн хувь хэмжээнд дүйцүүлж бэлтгэлийн агуүлах гэх дөрвөн тал, 5 өрөө бүхий үл хөдлөх хөрөнгийг Г.Сосорбарамын өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Хувь нийлүүлсэн хөрөнгийн тодорхойлолт гэх албан бичгээр \2-р хавтас 4 дүгээр тал\ агуулахын 368.800 төгрөгийг Г.Сосорбарамын хувь нийлүүлсэн хөрөнгийн тооцоонд оруулж шийдвэрлэсэн байдаг.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №131\ШШ2017\00332 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Сосорбарамаас Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төвд байрлах 11х25м2 талбай бүхий бэлтгэлийн агуулахын өмчлөгчөөр тогтоолгож, түүний үнэ болох 22.050.000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Г.Сосорбарамаас өмчлөгчөөр тогтоолгохоор маргаж байгаа зүйл нь хоршооны хуучин бэлтгэлийн агуулах байдаг. Гэтэл тус маргаж байгаа Гурван-Эхт хоршооны хуучин бэлтгэлийн агуулахыг 2004 оны 5, 6 дугаар сард Г.Сосорбарам өөрөө хоршооныхоо хүмүүстэй хамтран буулгаж дээврийн төмөр, банз, хаалга, нурууны палк, цонх, рам зэрэг 947.000 төгрөгийн эд хөрөнгийг авч /2 дугаар хх-ийн 89-93 дугаар тал/ шинээр барих барилгад ашиглахаар авсан байна.

Ингээд хэрэглэх боломжтой бүгдийг авч тоногдсон бэлтгэлийн агуулах нь 2004 оноос 2013 хүртэлх 9 жилийн хугацаанд нурсан балгас хэлбэртэйгээр (фото зурагаас харвал) /хх-ийн 46, 138 дугаар тал/ Эрдэнэцогт сумын төвийн урд хэсэгт байрлаж байжээ.

Сүүн билэгдэл ХХК нь 2013 онд Эрдэнэцогт сумын засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудын зөвшөөрлийн дагуу тухайн нурсан балгасыг засаж сайжруулан дээвэр хийж, эзэнтэй болгон жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, үйл ажиллагаа явуулж, 2015 оны 1 дүгээр сарын 7-ний өдөр Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000307318 тоот гэрчилгээг олгосон болох нь /2 дугаар хх-ийн 229-230 дугаар тал/ Эрдэнэцогт сумын засаг даргын тодорхойлолт болон байгууллагын газар эзэмших эрхийн 000307318 тоот гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

Эрдэнэцогт сумын төвд хуучин Худалдаа бэлтгэлийн ангийн суурь хөрөнгө дээр 1994 онд Гурван-Эхт хоршоо болон өөрчлөгдөж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1997 оны 4 дүгээр сарын 8-нд тус хоршоог улсын бүртгэлд бүртгэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2388358 тоот гэрчилгээг Гурван-Эхт хоршооны нэр дээр /1 дүгээр хх-ийн 97 дугаар тал/ олгосон бөгөөд хоршооны удирдлага нь Шархүүгийн Мангал байна.

Мөн 2003 оны 11 дүгээр сарын 7-нд Гурван-Эхт хоршооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2388358 тоот гэрчилгээг шинэчилж олгосон, /1 дүгээр хх-ийн 220 дугаар тал/ тус хоршооны удирдлага нь Гэндэндаржаагийн Сосорбарам, гишүүдийн тоо 42 гэж тэмдэглэжээ.

Хоршооны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “..хоршоог бүх гишүүдийн хурлын шийдвэрээр татан буулгаж болно..” гэж заасан гэтэл /1 дүгээр хх-ийн 156 дугаар тал/ хоршооны нийт гишүүдийн тоо 42 байхад 2006 оны 3 дугаар сард Гурван-Эхт хоршоог татан буулгах тухай шийдвэр гаргахдаа хуралд оролцсон гишүүдийн тоо 13 гишүүн гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа нь хоршооны тухай хуультай зөрчилдсөн байна.

Хуулийн этгээдийн улсын улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д зааснаар тухайн хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэх ёстой байтал Гурван-Эхт хоршоог татан буулгасан тухай улсын бүртгэл мэдээлэлийн санд бүртгэгдээгүй, энэ талаар хэрэгт баримт байхгүй байна.

Харин Улсын бүртгэлийн хэлтэсээс шүүхэд хүргүүлсэн 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 176 тоот албан бичигт /1 дүгээр хх-ийн 91 дүгээр тал/ “..Хуулийн этгээдийн програмд Гурван-Эхт хоршооны мэдээлэл бүртгэлгүй болно..” гэж тэмдэглэжээ.

Гурван-Эхт хоршооноос 2002 оны 4 дүгээр сарын 3-нд хоршооны үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж холбогдох материалуудыг хавсаргаж /1 дүгээр хх-ийн 97-103 дугаар тал/ Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн байдаг.

Энэ хүсэлтийг үндэслэж Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас 2002 оны 4 дүгээр сарын 30-нд 703м2 талбай бүхий хоршооны 5 өрөө бэлтгэлийн агуулах зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг Гурван-Эхт хоршоо нь хууль ёсны өмчлөгч болохыг бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 0015430 тоот гэрчилгээ /1 дүгээр хх-ийн 49, 110, 144 дүгээр тал/ олгосон байна.

Гурван-Эхт хоршооны бэлтгэлийн агуулахыг Г.Сосорбарам нь миний хувь нийлүүлсэн хөрөнгөнд олгосон гэж тайлбарлаж байгаа боловч тус бэлтгэлийн агуулахыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт өөрийн нэр дээр болгож, бүртгүүлж, өөрчлөлт хийлгээгүй. Тус бэлтгэлийн агуулах нь одоо хүртэл Гурван-Эхт хоршооны нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 0015430 тоот гэрчилгээтэй бөгөөд үүнээс өөрөөр бүртгэсэн болон өөрчлөлт хийгдсэн тухай улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт байхгүй байна.

Иймд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар бэлтгэлийн агуулахыг өмчлөх эрх Г.Сосорбарамд шилжээгүй байна.

Нэхэмжлэлийг Гурван-Эхт хоршоо гаргах эрхтэй байтал Гэндэндаржаагийн Сосорбарам гэж хувь хүн нэхэмжлэл гаргасан байна. Хуулийн этгээд Гурван-Эхт хоршоог татан буугдсан гэж үзэж байгаа бол маргаантай үүрэг нь Г.Сосорбарамд шилжсэн эсэх нь тодорхойгүй байгаа, хэрэв хуулийн этгээд татан буугдаагүй бол хуулийн этгээдийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзвэл төлөөлж байгаа тухайгаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байгаа зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65 дугаар зүйлийн 65.1.10-д заасныг тус тус зөрчсөн байна.

Хоршооны бэлтгэлийн агуулахын байшин байгаа газрыг Гурван-Эхт хоршоонд аж ахуйн нэгжийн зориулалтаар 2002 оны 3 дугаар сарын 22-нд 01 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг /1 дүгээр хх-ийн 98 дугаар тал/ олгосон байна. Гэтэл 2015 оны 1 дүгээр сарын 7-нд хоршооны бэлтгэлийн агуулахын газрыг Сүүн билэгдэл ХХК-д 000307318 тоот гэрчилгээгээр олгосон байгаа нь нэг газрыг хоёр өөр хуулийн этгээдийн эзэмшилд олгосон байгаа тул нэхэмжлэгч нь газартай холбогдсон маргааныг тухайн харьяалах газарт нь гомдол, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх, мөн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандаж тус агуулахын улсын бүртгэлийн гэрчилгээний талаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх зэргээр шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэстэй байсан байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, нэхэмжлэгч Г.Сосорбарам нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхин, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хүсэлт гаргагч Г.Сосорбарамаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 268.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 -д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн 131/ШШ2017/000332 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, нэхэмжлэгч Г.Сосорбарам нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхин, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч Г.Сосорбарамаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 268.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                  ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                                Г.УЛАМБАЯР