Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 12

 

Э.Иш-ад холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн, Прокурор Б.Төрболд Шүүгдэгч Э.Иш- Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболдын давж заалдсан гомдлоор 1824000050010 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Асгат сумд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Завхан аймгийн Асгат сумын Суварга багт оршин суух, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Э-ийн Иш- /РД: ИЧ-********/

Шүүгдэгч Э.Иш- нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн үед Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн А.Мө-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цоожийг эвдэлж, дотогш нэвтрэн орж “Ерөөл” нэртэй 0,5 литрийн 4 шил, “Болор” нэртэй 0,75 литрийн 1 шил архи, бэлэн 26,000 төгрөг хулгайлж, нийт 84,500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэчимэгийн Иш-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Э.Иш-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Иш-ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Э.Иш- нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосон үеэс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Э.Иш- нь хохирогч А.Мө-д учруулсан хохирол 84500 төгрөгийг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 10000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба хохирогч гомдол саналгүй гэснийг, мөн шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0,75 литрийн Болор архины шил 1 ширхэг, “EXTRA SANTIAO TOP SEKURITY” гэсэн бичигтэй, цоожийг түлхүүрийн хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Э.Иш-ын иргэний бичиг баримт хэргийн хамт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Э.Иш-ад холбогдох Эрүүгийн 1824000050010 дугаартай хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дундын шүүхийн 2018 оны 03 сарын 15-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Прокурор хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэн яллагдагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн тухай ....хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналаа прокурорт мэдэгдэхэд шүүхийн шатанд шийдвэрлэх боломжтой, та шүүхийн шатанд өгчих өнөөдөр хэргийг нь шилжүүллээ гээд өдөрт нь шилжүүлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргах эрхийг тус тус зөрчжээ...

2. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай ...яллагдагчийн өөрт холбогдох хэргээ шүүхээр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрх нь прокурорын шатанд зөрчигдсөн дээрхи үйл явцаас үүдэн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргасанг тус шүүхийн 2018 оны 3 сарын 9-ний өдрийн 22 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг шүүх хэрэглээгүй гэж үзэж байна... Тус шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтын дагуу 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэх саналыг шүүгдэгчийн өмгөөлөгч гарган мэтгэлцсэнийг шүүх хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 5 дахь хэсэгт “Шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус зааснаас үзвэл 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан буюу өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байна” гэж дүгнэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар “ Шүүхээс ... 21 нас хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэсэн атал шүүх уг хуулийн хэрэглээгүй шалтгаан үндэслэлээ тодорхойлоогүй байна гэж үзнэ... Шүүгдэгч Э.Иш- нь 1997 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн тул хэргийг анхан шатны журмаар хэлэлцсэн 03 дугаар сарын 14-ний өдөр 20 нас 12 сар 30 хоногтой байх учир түүнийг өсвөр насны хүнд тооцох боломжтой байна. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд өсвөр насны хүнд тооцох эрх зүйн үндэслэл, үнэлэлт дүгнэлтийг дурдаагүй тодорхойлоогүй байна... Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөрийн чадваргүй шүүгдэгч Э.Иш-тай Хууль зүйн тусалцаа үзүүлэх гэрээ байгуулсны дагуу түүнд холбогдох Эрүүгийн 1824000050010 дугаартай хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дундын шүүхийн 2018 оны 03 сарын 15-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Гомдлын агуулга прокурор, шүүх нь хэрэглэх ёстой Эрүүгийн хуулийг хэрэглээгүй хууль зөрчжээ. Шүүгдэгч Э.Иш-ын үйлдэл, эс үйлдэл нь хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байсан, хэргийг прокурорт шилжсэн байх үед нь шүүгдэгч хууль зүйн тусалцаа авах хүсэлтээ өмгөөлөгчид тавьсан. Өмгөөлөгчийн зүгээс прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналаа тавихад шүүхийн шатанд шийдвэрлэх боломжтой, та шүүхийн шатанд хүсэлтээ бичгээр өгчих өнөөдөр хэргийг нь шилжүүллээ гээд өдөрт нь прокурор хэргийг нь шилжүүлсэн. Энэ нөхцөл байдлын улмаас прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэж байна. Энэ нь яллагдагчийн хуульд заасан эрх ашгийг зөрчсөн үйлдэл болохын зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргах, мөн зүйлийн 4 дэх хэсгийн яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно гэсэн, 17.3 дугаар зүйлийн прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг даруй шүүхэд шилжүүлнэ гэснийг тус тус зөрчсөн байна. Энэ байдлаас үүдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой хэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэхгүй, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулиар олгогдсон эрхийг зөрчиж албадан шүүхэд шилжүүлдэг гаж тогтоолцоо бий болгох үр дагавартай байна гэж үзнэ. Учир нь: миний үйлчүүлэгч сэтгэцийн хөнгөн хэлбэрийн эмгэгтэй, бичиг үсэг мэдэхгүй зайлшгүй хуульзүйн тусалцаа шаардсан иргэн атал прокурор нь хэргийг албадан шүүхэд шилжүүлж байгаа нь зохимжгүйн зэрэгцээ хуулиа мэдээд зориуд санаатай юу эсхүл мэдэхгүйдээ ийм үйлдэл хийв үү гэдэгт эргэлзээ төрж байна. Яллагдагчийн өөрт холбогдох хэргээ шүүхээр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрх нь прокурорын шатанд зөрчигдсөн дээрхи үйл явцаас үүдэн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргасанг тус шүүхийн 2018 оны 3 сарын 9-ний өдрийн 22 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзжээ. Шүүхэд яллагдагч, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлт нь агуулгын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх, мөн хуулийн дээрхи зүйлийн 6.6 дугаар хэсэгт заасан шүүх хянан хэлэлцэж шийдвэр гаргах атал шүүх хэлэлцээгүй байна. Учир нь: мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-6.17 дахь хэсэг нь бүхэлдээ оролцогч талуудаас гаргасан хүсэлт, гомдлыг бүхэлд нь хянан хэлэлцэх хуулийн зохицуулалттай байтал хүсэлтийг хангахаас татгалзсан нь оролцогчдын хуульд заасан эрх ашгийг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд 22 дугаартай захирамжид гомдол гаргах эрхгүй боловч яллагдагч хэргээ прокурорын шатанд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргасан боловч хуульд заасан эрхийг нь хязгаарласан явдал шүүхийн шатанд ч гэсэн давтагдан оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн гэж үзэх үндэслэл болж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “ Өсвөр насны хүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байна гэж дүгнэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар “ Шүүхээс ... 21 нас хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэсэн атал шүүх уг хуулийг хэрэглээгүй байна. Учир нь: өсвөр насны хүнд хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын үндэслэл, түүний нас биед тохирсон, сэтгэцийн онцлогийг харгалзан түүний нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг нь ухамсарлуулах, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах шаардлага зэргийг харгалзахыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2,5 дахь хэсэгт хуульчилсанг шүүх хэрэглээгүй байна. Нөгөө талаар хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь нийгэмд өөрийн байр сууриа олоогүй, амьдрал ахуйн хувьд амьжиргааны түвшингээс доогуур орлогтой, сэтгэцийн бэрхшээлтэй эхийн хамт амьдардаг, өөрөө хөнгөн хэлбэрийн сэтгэцийн эмгэгтэй хүнийг хорих газар хорино гэдэг нь нэлээн бэрхшээлтэй асуудал байна. Шүүгдэгч Э.Иш- нь 1997 оны 03 сарын 15-ний өдөр төрсөн тул хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн 2018 оны 03 сарын 14-ний өдөр насны хувьд 21 нас хүрээгүй 20 нас 12 сар 30 хоногтой байх учир түүнийг өсвөр насны хүнд тооцох боломжтой байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргахдаа түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хангана, 2 дахь хэсгийн “ Өсвөр насны шүүгдэгчийн насны онцлогийг харгалзан хүмүүжих, алдаагаа засах боломж олгохыг анхаарч ажиллана гэсэн хуулийн шаардлага бий, мөн хуулийн тусгай журмын 18 дугаар бүлэгт заасан өсвөр насны яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх удирдлага болгоход баримтлах шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлээгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна гэв. Шүүгдэгч Э.Иш- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй. Өмгөөлөгчийнхөө давж заалдсан гомдлыг дэмжиж байна гэв. Прокурор Б.Төрболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд би Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Э.Иш-ад холбогдох 1824000050010 дугаартай эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Э.Иш- нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн үед Завхан аймгийн Асгат сумын Суварга багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн А.Мө-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цоожийг эвдэн дотогш нэвтрэн орж “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи 4 шил, “Болор” нэртэй 0.75 литрийн архи 1 шил, бэлнээр 26.000 /Хорин зургаан мянга/ төгрөг хулгайлж нийт 84.500 /Наян дөрвөн мянга таван зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 10 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Иш-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эд мөрийн баримтаар хураагдсан цоож, түлхүүрийг устгахаар шийдвэрлэжээ. Давж заалдсан гомдолд Шүүгдэгч Э.Иш-ын өмгөөлөгч С.Энхболд “... Хяналтын прокурор Б.Ганзориг нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргахад хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж хүсэлтийг маань хүлээн авалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн... Мөн шүүх хэргийг хялбаршуулах хүсэлтийг хүлээн авалгүй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаагүй, яллагдагчийн хууль ёсны эрх ашгийг Зөрчсөн... Шүүгдэгч нь 21 насанд хүрээгүй байсан тул өөр хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байна гэж гомдол гаргажээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Шүүгдэгч Э.Иш-ын холбогдсон эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэг биш юм. Иймд дээрх хэрэгт яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргавал прокурор хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх боломжтой. Гэтэл өмгөөлөгч С.Энхболд нь энэ талаар хүсэлт гаргаж, түүнийг прокурор хүлээн аваагүй гэж гомдолдоо дурдсан боловч энэ талаар хэрэгт ямар нэгэн баримт байхгүй байна. Харин шүүхэд хэрэг шилжсэний дараа яллагдагч Э.Иш-аас гаргасан хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлээгүй байгаа нь шүүгдэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмуудыг зөрчсөн гэж үзэх нь учир дутагдалтай байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ 20 насанд хүрсэн бөгөөд 21 насанд хүрээгүй байсан болох нь тогтоогдож байна. Гэвч хуульд “Өсвөр насны хүн” гэдгийг “Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй хүнийг ойлгоно” гэжээ. Эндээс үзэхэд шүүгдэгч нь өсвөр насны хүн биш байна. Өсвөр насны яллагдагч, шүүгдэгч биш тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан “Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх журам”-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй юм. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэсэн нь дээрх хуулийн зүйл, заалтыг зөвхөн ял оногдуулахдаа харгалзаж болох талаар тусгасан болохоос биш заавал энэ зүйл заалтад зааснаар ял оногдуулна гэж ойлгох нь буруу тул өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүдэгч Э.Иш- нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цагийн үед Завхан аймгийн Асгат сумын Суврага багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн А.Мө-ын эзэмшлийн байшингийн цоожийг эвдлэн орж “Ерөөл” нэртэй 0,5 литрийн 4 шил, “Болор” нэртэй 0,75 литрийн 1 шил архи, бэлэн 26.000 төгрөг хулгайлж бусдад нийт 84.500 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч А.Мө-, гэрч Г.*******, Л.Дэжидмаа, Ч.Мядагбадам, Ш.Баасандорж, Н.Болдбаатар, Г.Отгонбаяр нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. Шүүгдэгч Э.Иш-ын өмгөөлөгч С.Энхболд давж заалдсан гомдолдоо: ...Миний үйлчлүүлэгч Э.Иш-ыг 21 насанд хүрээгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор байтал уг хуулийн заалтыг хэрэглэлгүй хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэжээ. Шүүгдэгч Э.Иш-ын үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан 02-8 жилийн хорих ялтай хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Гэвч анхан шатны шүүх шүүгдэгч Э.Иш-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан 2015 оны Эрүүгийн хуульд зааснаас доогуур Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Э.Иш-ад 1 жилийн хорих ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэргийнх нөхцөл байдалд тохирсон байна хүнддээгүй байна. Түүнчлэн шүүгдэгч Э.Иш-ын үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн боломжгүй юм. Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Иш-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Иш-ын өмгөөлөгч С.Энхболдын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Иш-ын өмгөөлөгч С.Энхболдын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ