Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/43

 

   2021        10         19                                             2021/ШЦТ/43

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Д.М-д холбогдох 2140000000053 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ..-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...., .... хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 47 дугаар байрны 03 тоотод оршин суух, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 626 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үйл ажиллагаа явуулах буюу цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сар хорих ялаар шийтгүүлж байсан, ... регистрийн дугаартай ... овогт Д.М.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Д.М нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг, “Full” баарны гадаа согтуугаар “Приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.С-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

2140000000053 тоот эрүүгийн хэргээс

Шүүгдэгч Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 47-03 тоотод байх гэртээ эхнэр, Б.Ө , А  нарын хамт 2021 оны 07 дугаар сарын 25-ны орой шар айраг, “Соёрхол” нэртэй 0,5 литрийн архи хувааж уусан. Архинаас эхнэрүүд уугаагүй. Тэрийгээ ууж дуусчхаад орой 07 сарын 26-ны 01 цагийн үед би өөрийн эзэмшлийн   улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод хүмүүсээ суулгаад  “Full баарны гадаа очоод зогсох үед дэд ахлагч Ч.С ирж шалгасан. Шалгаад намайг машинаас буулгасан. Би машинаас буугаад зогсож байснаас хойш болсон үйл явдлыг санахгүй байна. Би согтууруулах ундааны зүйл  хэрэглэдэггүй болохоор салхинд зогсоод согтчихсон юм  шиг байна лээ. Нэг ухаан ороод харсан цагдаагийн хэлтэс дээр байж байсан. Тухайн гэмтлүүдийг би учруулсан. Би өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-н 114-115 хуу/

Хохирогч Ч.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг 00 минутаас 00 цаг 00 минут  хүртэл Бор-Өндөр сумын 1-4 дүгээр багт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж дуусаад цагдаагийн хэлтсийн жижүүрийн байран дээр ирж эргүүлд ажилласан илтгэх хуудсаа биччихээд жижүүрийн өрөөнд сууж байсан. Тэгсэн цагдаагийн хэлтсийн ерөнхий жижүүр, цагдаагийн дэслэгч Э.М  гадуур цагаан өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэл хөгжмөө чангалчхаад давхиад байна очоод шалгачих гэсэн үүрэг өгсөн. Би өгсөн үүргийн дагуу олон нийтийн цагдаа Б.А-ыг халдвартын постонд үүрэг гүйцэтгэж байхад нь очиж аваад явсан. Бор-Өндөр сумын 2 дугаар баг “Full баарны гадна талд цагаан өнгийн Приус маркийн   улсын дугаартай тээврийн хэрэгсэл  чанга хөгжим дуугаргаад ширүүн давхиад байсан тул  зогсоож шалгасан.  Зогсоож шалгахад тээврийн хэрэгслийг Д.М гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодоод явж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир тээврийн хэрэгслээс нь буулгаад цагдаагийн хэлтэс дээр авч ирж шалгах гээд  машинаас нь буулгасны дараа миний араас ирж түлхэхээр нь та яагаад байгаа юм бэ  гэж хэлсэн Д.М чи харин яагаад байгаа юм, уучилчхаач тэх үү гээд ахиад түлхэхээр нь та хууль ёсны шаардлага биелүүлчих, та энэ машинд суугаад явчих, та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна гэж хэлсэн. Тэгсэн Д.М гэх хүн миний малгайг цохиж унагаад, энгэрт байсан камерыг аваад шидсэн. Газар шидсэний дараа олон нийтийн цагдаа  Б.А газраас аваад  зогсохоор нь  Б.А-с аваад ахиад  энгэртээ зүүсэн. Тэгсэн ахиж аваад зүүн талынхаа өмдний халаасанд хийсэн. Би албаны энгэрийн  камер авчихлаа, албаны юм өг гэх хэлсэн халаасандаа гараа хийчхээд өгөхгүй байхаар нь гарнаас нь урагш татсан газар унасан. Би газар уначхаар нь дээшээ босгож байсан эхнэр нь ирээд наад хүнээ босгооч ээ гээд байсан. Газраас татаад босгосон машин руугаа яваад суухаар нь та машинаасаа буугаад ирээ гэж 2-3 удаа шаардлага тавьсан. Шаардлага тавьсны дагуу намайг яах гээд байгаа юм бэ гээд бууж ирсэн. Машинаасаа бууж ирээд намайг яах гээд байгаа юм, би яасан юм гэж асуухаар нь та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна, машинд суучих гээд машины хаалга онгойлгож байсан араас боосон. Намайг араас боохоор нь би та намайг боогоод байна, тавьчих гэж 2-3 удаа шаардсан. Тэгээд тавихгүй байхаар нь гарыг нь тавиулах гээд урагш нь татсан газар унаад өгсөн. Газар унаж босч ирээд миний нүүрэн тус газар хоёр удаа цохисон. Намайг цохихоор нь гарыг нь  бариад ард нь өчсөн. Гарыг нь ард нь өчсөн Д.М-н эхнэр голоор орж ирээд намайг нэг удаа алгадсан. Би тэр үед гаваа гаргаж ирээд Д.М-г гавласан. Би гарыг нь гавлахгүй бол ахиад цохих гээд байсан юм. Тэгж гавлаж байх үед ерөнхий жижүүр, цагдаагийн дэслэгч Э.М , жижүүрийн цагдаа, дэд ахлагч Б.Э  нар ирсэн. Би жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Э-тай хамтарч гавлаад машинд суулгасан. Тухайн тээврийн хэрэгсэл дотор Д.М , түүний эхнэр Туул, Ө , түүний эхнэр А  нар байсан. Өөр хүн байгаагүй. Миний биед Д.М халдсан. Халдахдаа нүүрэн тус газар 2 удаа цохисон, бугалганы дотор талаас базаж, чимхсэн.  Цохисноос болж уруул язарсан, шанаа хавдсан. Мөн хантааз урсан, энгэрийн камер авсан. Д.М-ийн эхнэр намайг 1 удаа алгадсан. Албаны зориулалтын энгэрийн камераар болсон үйл явдлыг бичиж байхад Д.М булааж авсан учир хувийн гар утсаар олон нийтийн цагдаа Б.А-аар бичлэг хийлгэсэн. Цагдаагийн хэлтэс дээр авч ирж драгер багажаар шалгах гэтэл шалгуулахаас татгалзсан. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/

            Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Халдвартын эмнэлэгт 24 цагийн постонд үүрэг гүйцэтгэсэн. Постонд үүрэг гүйцэтгэж байхад 2021 оны 07 дугаар сарын 26-ны 02 цаг өнгөрч байхад хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.С  Бор-Өндөр сумын төвөөр цагаан өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэл хөгжмөө чангалаад давхиад байна, жижүүрийн цагдаа нар завгүй байгаа учир цуг яваад шалгачихъя гээд постон дээр ирж авсан. Би хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.С-ын хамт Бор-Өндөр сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Full" баарны урд талд зогсоож шалгасан. Тухайн тээврийн хэрэгслийг зогсоож жолоочийг шалгахад Д.М гэх эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан байсан. Зөрчлийг илрүүлээд шалгаж байсан Д.М машинаасаа бууж ирээд зогссон. Тэгсэн Ч.С машиндаа суух гэсэн араас нь түлхээд бугалганых нь дотор талаас чимхсэн. Тэгсэн Ч.С яагаад байна та гэсэн Д.М яадаг юм гээд агсарч байгаад Ч.С-ын нүүрэн тус газар нэг удаа цохиод авсан. Ч.С та зүгээр бай гээд гарыг нь авч өчсөн. Тэгсэн гар тавьж бай ярилцаж байгаад болъё гээд байхаар нь Ч.С  гарыг нь өчихөө больсон. Тэгсэн Д.М Ч.Сүхбатын малгайг цохиж унагаад, энгэрийн камерыг нь энгэрээс нь булааж аваад газар шидсэн. Би камер нь газар уначхаар нь газраас аваад зогсож байсан Ч.С энгэрийн камераа буцаагаад зүүсэн. Ахиад энгэрийн камерыг нь Д.М булааж аваад, хантаазыг нь ураад, нүүр рүү нь цохисон. Би тэр үед Ч.Сүхбатын утсаар бичлэг хийсэн. Ч.С болиулах гээд ноцолдоод байсан. Гарыг нь тавихаар цохичих гээд байсан. Тэр үед Д.Мэхнэр нь гарч ирсэн. Гарч ирэхдээ согтуу байсан. Гарч ирээд Ч.С  руу зүгээр бай гээд орилоод байсан. Эхнэр нь орилж байгаад Ч.С-ын зүүн талын хацар руу нэг удаа алгадсан. Ч.С Д.М-ний гарыг тавихаар цохиод байсан болохоор гарыг нь өчөөд зогсож байсан. Эхнэр нь гарыг нь өчлөө гээд алгадсан. Би энэ үед жижүүр рүү залгаж мэдэгдсэн. Жижүүрт гарч байсан экологийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.М , жижүүрийн цагдаа, дэд ахлагч Б.Э  нар албаны машинтай ирсэн. Жижүүрийн цагдаа нар ирээд Д.М-тэй ярилцаад тайвшруулаад хэлтэс рүү авч явах гэсэн явахгүй гээд гавалж авч явсан. Цагдаагийн хэлтэс дээр ирээд драгер багажаар шалгах гэсэн үлээхгүй гээд үлээхээс татгалзсан байсан. Би тэгээд поструугаа явсан. Д.М гэх хүн Ч.С-н нүүрлүү нь 3-4 удаа цохисон. Бугалганаас нь чимхсэн. Хантаазыг нь урсан, камерыг нь шидсэн. Д.М-ний эхнэр гэх хүн Ч.С-ыг нэг удаа алгадсан. Миний биед халдсан хүн байхгүй. Хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.С-ын утсан дээр бичлэг хийсэн. Болсон асуудлыг бүгдийг нь бичиж авсан. Шөнө байсан болохоор дүрс муу гарсан байсан. Энгэрийн камерт эхний болсон үйл явдлууд бичигдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/

Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн цагдаагаар 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгээд жижүүрийн байран дээр байж байх үед олон нийтийн цагдаа Б.А залгаад Бор-Өндөр сумын 2 дугаар баг "Full" баарны гадаа шаардлага эсэргүүцээд байна гэж хэлсэн. Тэгж хэлсний дагуу ерөнхий жижүүр, цагдаагийн дэслэгч Э.М-ын хамт очсон. Бид хоёрыг очих үед Д.М гэх залуу харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.С-ын шаардлагыг эсэргүүцэж өөдөөс нь хэрэлдсэн, ноцолдсон байдалтай байсан. Ч.С-с юу болсон талаар асуухад намайг сая 2 удаа цохисон, энгэрийн камерыг маань булааж аваад нуучихлаа гэж хэлсэн. Энгэрийн камерыг нь шидчихсэн байж магадгүй гээд хайсан олдохгүй байсан. Камер нь олдохгүй болохоор нь Д.Мгавлаж машин суулгасан. Харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.С  эргүүлийн үүрэг гүйцэтгээд бууж байсан. Тэр үед Бор-Өндөр сумын төвөөр хөгжмөө чангалсан машин, ширүүн давхиад байсан болохоор шалгуулсан юм. Уруул нь язарсан, хантааз нь урагдсан байсан. Цагдаагийн хэлтэс дээр ирж драгер багажаар шалгах гэсэн татгалзаад шалгуулаагүй тул жолоочийн согтуурлыг шалгасан тэмдэглэл дээр татгалзсан гээд гарын үсэг зуруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/

Гэрч Э.Мо-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 07-р сарын 25-ны өглөөний 07 цаг 30 аас хэлтсийн томилгоот жижүүрээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнийн 03 цаг орчимд харуулын цагдаа Ч.Сүхбат 80567102 дугаарын утасруу Фүлл рүү хүрээд ирээ энд нэг хүн шаардлага эсэргүүцээд миний нүүр рүү цохисон юм хэлсний дагуу би туслах жижүүрээр үүрэг гүйцэтгэж байсан Б.Э-ыг дауулан дуудлагад явдаг Старекс маркийн тээврийн хэрэгсэлтэй очсон юм. Намайг очих үед цагдаад ажиллаж байсан М гэх хүн болон Бор-Өндөр сумын шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Ө  нар эхнэрүүдтэйгээ хамт цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан ба М  гэгч нь С-тай хэрэлдээд зогсож байсан мөн С-н хажууд олон нийтийн цагдаа А  бичлэг хийгээд зогсож байсан ба би С-с юу болсон талаар асуухад согтуугаар машин барьж байсныг нь мэдээд энд ирж зогсохоор нь амрыг эрье гэж очоод та яагаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоод байгаа юм бэ энэ чинь зөрчил шүү гэж хэлэхэд намайг шууд цохисон тэгээд миний энгэрийн камерыг булааж аваад халаасандаа хийсэн гэж хэлсэн тул М-н халаасыг шалгахад байгаагүй юм. Тэгээд М нь С  би чамайг цохиогүй шүү гэж хэлээд цээж рүү нь хоёр гараараа түлхсэн ба хантаазыг урсан байсан юм. Иймд манай цагдаа нар буюу Э , Э нарын хамт Малбаны старекс-д суулган цагдаагийн хэлтэс рүү авч ирсэн ба согтолтын зэргийг шалгахын тулд драгер багажаар шалгах гэтэл үлээхээс татгалзсан тул тэмдэглэлийг үйлдэн М-р гарын үсэг зуруулж баталгаажуулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 Шүүгдэгч Д.М нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг, Фүүл баарны гадаа согтуугаар Приус маркийн   улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ч.С-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Ч.С-ын “...Д.М гэх хүн миний малгайг цохиж унагаад, энгэрт байсан камерыг аваад шидсэн. Газар шидсэний дараа олон нийтийн цагдаа  Б.А газраас аваад  зогсохоор нь  Б.А-с аваад ахиад  энгэртээ зүүсэн. Тэгсэн ахиж аваад зүүн талынхаа өмдний халаасанд хийсэн. ...Машинаасаа бууж ирээд намайг яах гээд байгаа юм, би яасан юм гэж асуухаар нь та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна, машинд суучих гээд машины хаалга онгойлгож байсан араас боосон. Намайг араас боохоор нь би та намайг боогоод байна, тавьчих гэж 2-3 удаа шаардсан. Тэгээд тавихгүй байхаар нь гарыг нь тавиулах гээд урагш нь татсан газар унаад өгсөн. Газар унаж босч ирээд миний нүүрэн тус газар хоёр удаа цохисон....." гэх мэдүүлэг,

Гэрч Б.А-ын  “...Тэгсэн Ч.С машиндаа суух гэсэн араас нь түлхээд бугалганых нь дотор талаас чимхсэн. Тэгсэн Ч.С  яагаад байна та гэсэн Д.М яадаг юм гээд агсарч байгаад Ч.С-ын нүүрэн тус газар нэг удаа цохиод авсан. Ч.С  та зүгээр бай гээд гарыг нь авч өчсөн. Тэгсэн гар тавьж бай ярилцаж байгаад болъё гээд байхаар нь Ч.С  гарыг нь өчихөө больсон. Тэгсэн Д.М Ч.С-ын малгайг цохиж унагаад, энгэрийн камерыг нь энгэрээс нь булааж аваад газар шидсэн. Би камер нь газар уначхаар нь газраас аваад зогсож байсан Ч.С  энгэрийн камераа буцаагаад зүүсэн. Ахиад энгэрийн камерыг нь Д.М камерыг нь булааж аваад, хантаазыг нь ураад, нүүр рүү нь цохисон. Би тэр үед Ч.С-ын утсаар бичлэг хийсэн. Ч.С болиулах гээд ноцолдоод байсан. Гарыг нь тавихаар цохичих гээд байсан....” гэх мэдүүлэг,

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 356  дугаартай дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-30-р хуу/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45-49-р хуу/, энгэрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 119-р хуу/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол” гэж үндсэн шинжийг зааж өгсөн.

                Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан хууль сахиулагч гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэжээ.

            “Албаны үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэж гүйцэтгэж буй албаны үйл ажиллагаа буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэнтэй нь холбогдуулан хууль сахиулагчийн бие махбодид халдсаныг ойлгоно.  

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч Ч.С  нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн харуулын цагдаагийн ажил эрхэлдэг байх тул түүнийг хууль сахиулагч гэж үзнэ.

            Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, 23.6-д “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.

            Шүүгдэгч Д.М нь албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Ч.С-ын хууль ёсны шаардлага тавьж хуульд заасан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж биед нь хүч хэрэглэн халдаж эсэргүүцсэн нь “Албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

            Шүүгдэгч Д.М нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж байгаа өөрийн идэвхтэй үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Д.М нь бусадтай нийлэн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодон хуулийг зөрчиж улмаар хууль ёсны шаардлага тавьсан албан хаагчтай маргаан үүсгэжээ.

Хохирогч Ч.С  нь шүүгдэгчээс нэхэмжилж буй хохирлын талаар мэдүүлэгтээ дурдаагүй, энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч А овогт Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-г 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
  5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Р.БАТБАЯР