Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/46

 

2021        10         28                                    2021/ШЦТ/46

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Ш.Дамдинбазар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ

Шүүгдэгч Ө.Х нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Ө.Х-д холбогдох 2140000000056 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... оюутан, ам бүл .., ... хамт ... аймгийн ... сумын ... баг ... гэх газар тоотод оршин суух хаягтай, ... овогт Ө.Х  /РД: /

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ө.Х  нь 2021 оны 08 дугаар сарын 08-ны өглөө  11 цагийн орчимд Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар баг, “Толгойн ус” гэх газар иргэн Ц.О-н нүүрэн тус газар цохих, өшиглөх зэргээр зодож улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.Х  шүүхийн хэлэлцүүлэгт: “2021 оны 08 дугаар сарын 08-нд О  манай хонин дээр ирсэн. Дүүтэйгээ ирээд манай хониноос ишиг барьж аваад манай ишиг мөн үү гэж асуухаар нь үгүй ээ, танай ишиг биш манай ишиг гэж хэлсэн чинь яасан муу пээдийсэн писда вэ гэж хэлээд мотоциклоосоо бууж ирээд мотоциклынхоо түлхүүрийг бариад над руу дайрсан. Дайрахаар нь би нүднийх нь зовхи нь дээр нь хальт цохиод мотоцикл руу нь түлхсэн. Тэрний дараа О нь хаваржаа руу явъя очиж чамайг ална, суучих гээд байхаар нь би суугаагүй. Би гэр рүүгээ дүүгээ суулгаад мотоциклтойгоо давхиж явсан. Гэр рүүгээ харих замд О  машинтайгаа ирснээ одоо буугаад ир чамайг алъя гээд тэгээд би бууж очоогүй. Тэгтэл О манай гэр рүү давхиж очоод, намайг очих үед дайрчих шахаад гэр рүүгээ явсан” гэв.

2140000000056 тоот эрүүгийн хэргээс

Шүүгдэгч Ө.Х- н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Хэнтий аймгийн Галшар сумын 2 дугаар баг Толгой ус гэх газар 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед хонин дээрээ өөрийн төрсөн эгч Н.Г-н хоёр хүүхэд Г.Б , Г.С  нарын хамт морьтой хонин дээрээ явж байх үед Ц.О  10 орчим насны дүүтэйгээ мотоциклтой давхиж ирээд манай хонийг бөөгнүүлээд манай жижиг улаан ишгийг барьж аваад манай ишиг мөн үү гэж асуухаар нь танай ишиг биш гэж хэлсэн О  пээдийсэн муу писда вэ гэж хэлээд мотоциклоосоо бууж ирээд түлхүүрээ аваад хурууныхаа салаанд хийгээд над руу дайрсан. Дайрахаар нь Ц.О-н зүүн талын нүдэн дээр зүүн талын гараараа цохиод мотоциклтой давхиад явсан. Ц.О яваад өгөхөөр нь хоёр дүүгээ дагуулаад гэр рүүгээ явсан. Гэр рүү явж байх үед Ц.О  машинтайгаа давхиж ирээд морь үргээгээд буугаад ир, авч очоод алаад өгье  гэхэд би мориноосоо буухгүй байсан машинтайгаа гэр рүү яваад өгсөн. Тэгэхээр нь араас нь яваад гэрийн гадаа ирээд мориноосоо буусан машинтайгаа дайрангаа алдаад хуруу гараа гозолзуулаад гэр рүүгээ явсан. Тэрнээс хойш уулзаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/

Хохирогч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр намайг гэрт байхад Галшар сумын харъяат Ө  ах манай гэрт ирээд Танай ишиг манай хонинд байна, очиж аваарай гэж хэлсэн, манай хүү хонин дээрээ байгаа очоод аваарай гэж хэлээд явсан.Тэгэхээр нь би дүү М-тэй хамт мотоциклтой гэрээсээ гараад хойшоо явж Ө ахын хонин дээр очсон.  Тэгэхэд тэдний хүү Х  хонин дээрээ байж байсан. Би тэдний хонины хажууд очоод 1 ишиг хараад М-р бариулаад Х-д харуулсан чинь Танай ишиг биш байна, манай ишиг байна гэж хэлэхээр нь тавьсан. Намайг ишиг бариад байхад Х маяглаад, загвартаад байхаар нь миний уур хүрээд больё, наад ишгээ тавьчих, явъя гэж дүүдээд хэлсэн. Тэгтэл Х  миний хажуу талаар орж ирээд зүүн талын нүд рүү цохисон. Х-д цохиулаад нүдээ бариад доошоо тонгойсон чинь миний толгой руу зүүн талын хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Мөн гэдэс рүү 2-3 удаа гараараа цохисон. Энэ үед манай дүү М салгаж болиулсан. Тэгээд би тэндээс мотоциклоо бариад гэртээ харьсан. Гэртээ ирээд Ө  ах руу очиж юу болсныг хэлсэн. Би Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлээд комьпютер оношлогоо хийлгээд Улаанбаатар хотод яаралтай үзүүлэх шаардлагатай байна гэхээр нь Улаанбаатар хотод ирж эмнэлгийн байгууллагад үзүүлсэн. Миний зүүн нүд ухархайны дээд хэсэгт цөмөрсөн, доод талд ухархайны яс хугасан байсан. Улаанбаатар хотод ирээд гэмтлийн хувийн эмнэлэгт 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хэвтэж хагалгаанд ороод 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр эмнэлгээс гарсан. Х миний нүүр рүү цохих, өшиглөх үед дээрх гэмтэл учирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/

            Гэрч Ч.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Намайг аргал түүгээд явж байх үед манай хонин дээр О  мотоциклтой очиж байж байгаад гэр рүүгээ яваад өгсөн. Гэр рүүгээ очоод машинаа унаад буцаад  манай хүү дээр очсон. Хүү дээр очиж байж байгаад над дээр ирээд С эгчээ сайн уу гэхээр нь сайн гэж хэлсэн. Тэгсэн Ө  ах ишгээ аваарай гэхээр нь танай хонин дээр очсон. Хонин дээр очоод ишиг авах гэсэн бид хоёр муудаад аа,  надад алдах юм байхгүй, би аав, ээжийгээ шороонд булсан, танай хүүг алнаа, та ганцхан хүүтэй хүн шүү гэхээр нь манай хүү хүн цохих хүн бишээ, 14 жил сургуульд явахдаа хүнтэй муудаж байгаагүй гэж хэлсэн. Манай ишиг биш гэж пээдийгээд, одоо буулгаад аваад ир, хөдөө одоо гарч үзнээ, миний нүд рүү нэг удаа цохисон гэж хэлсэн. Би О-тай ноцолдсоор байгаад явуулсан. Зүгээр явахгүй Х  ирж байхад дайрах шатаад цаашаа явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 394 дугаартай

  1. Ц.О-н биед зүүн нүдний доод хана, дотор хананд цөмөрсөн, гадна хажуу хананд сэлтэрсэн хугарлуудтай, зүүн нүдний зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Дээрх зүүн нүдний доод хана, дотор ханын цөмөрсөн, гадна хажуу ханын сэлтэрсэн хугарал гэмтлүүд тус бүрдээ нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн, бусад гэмтлүүд нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-н 24-25-р хуу/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ө.Х  нь 2021 оны 08 дугаар сарын 08-ны өглөө  11 цагийн орчимд Хэнтий аймгийн Галшар сумын 3 дугаар баг, “Толгойн ус” гэх газар иргэн Г.О-ын нүүрэн тус газар цохих, өшиглөх зэргээр зодож улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Ц.О-ын “...Тэгтэл Х  миний хажуу талаар орж ирээд зүүн талын нүд рүү цохисон. Х-д цохиулаад нүдээ бариад доошоо тонгойсон чинь миний толгой руу зүүн талын хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Мөн гэдэс рүү 2-3 удаа гараараа цохисон..." гэх мэдүүлэг,

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 394 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Ө.Х-ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн  гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

              Хохирогч Ц.О нь шүүдэгчээс эмчилгээний зардал 4,963,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг нийт 5,463,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 4,000,000 төгрөгийг төлж барагдуулж үлдэх 1,463,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрийлжээ. Уг илэрхийлэл бодитойгоор биелэгдэх боломжтой болох нь хэрэгт авагдсан гэрч Ч.С-ийн “...Манайх ганц хүүтэй, тэр хүү маань Ө.Х  байгаа юм. Энэ малнуудыг бүгдийг нь Х захиран зарцуулах эрхтэй...” гэх мэдүүлэг, Хэнтий аймгийн Галшар сумын Төсөв төрийн сангийн мэргэжилтэн Ц.О-н мал тооллогын баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-т заасан шаардлагыг хангаж байна гэж дүгнэлээ.

              Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогчийн бие биенээ үл хүндэтгэсэн харилцаа нөлөөлсөн байна. 

 

          Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ө.Х  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч И овогт Ө.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Х-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Х-с 1,463,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.О-т олгосугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Хохирогч Ц.О, шүүгдэгч Ө.Х-с гаргаж ирүүлсэн “CD-г тус тус хохирогч, шүүгдэгч нарт буцаан олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ө.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Р.БАТБАЯР