Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 00970

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 48б байрны 12 тоотод оршин суух, Олгонууд овогт Хойлогдоржийн Энхзаяа /РД:ЦБ75060225/-гийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 44 дүгээр байрны 44 тоотод оршин суух, Боржигон овогт Сугарын Дуламрагчаа /РД:УЖ67032514/-д холбогдох,

бусдын хууль бус эзэмшлээс  өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх, хариуцагчийг албадан гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч К.Манлай, хариуцагчийн өмгөөлөгч А.Бүдханд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Болд-эрдэнэ нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                               

                           

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлай шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх н.Оюунжаргал  нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул шүүхэд хандсан байдаг. Шүүх хүсэлтийг нь хангахгүй орхиж, шүүхийн албадан биелүүлэх захирамжаар орон сууцыг албадан чөлөөлүүлэх ажиллагаа хийгдсэн. Битүүмжилсэн байрыг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ус алдаад байна гэж селасарь над руу залгасан. Очоод үзтэл айл орчихсон байсан. Харъяалалын дагуу цагдаад хандахад Хан-Уул дүүргийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч А.Бүдханд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Дуламрагчаа нь гадаад улсад ажиллаж, олсон мөнгөөрөө энэхүү орон сууцыг авсан байдаг. Хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр н.Оюунжаргал түүний эд хөрөнгийг барьцаалж зээл авсан. Иймд гэрээнд ямар нэг байдлаар оролцоогүй, түүний эрх ашиг хөндөгдөж байна. С.Дуламрагчаа Солонгос улсад олон жил амьдарсан. Энэ асуудлыг улмаас ах дүү нарын хооронд таагүй харилцаа үүссэн. Хариуцагчтай холбогдох гэтэл утас нь холбогдохгүй байгаа гэв.

 

            Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                        

            Нэхэмжлэгч тал өөрийн өмчлөлийн орон сууцыг С.Дуламрагчаагийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хариуцагчийг албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Хариуцагч хариу тайлбартаа “өөрийн хөлс хөдөлмөрөөр олсон байрнаас гарахгүй” хэмээн маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

            Хэргийн баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013.06.17-ны өдрийн 1281 дугаар шийдвэрээр С.Баасансүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 80 250 000 төгрөг гаргуулж Ж.Хойлогдоржид олгосон, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Дунд голын гудамжны 44 дүгээр байрны 44 тоот 74.92 м/кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2206013113 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

            Дээрх шүүхийн шийдвэр, 439 дугаартай гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан байх бөгөөд 2016.06.17-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тухай 362 дугаар тогтоолоор төлбөр авагч Ж.Хойлогдорж, төлбөр төлөгч С.Баасансүрэн нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосонд тооцсон байна.   

            Хариуцагч С.Дуламрагчаагийн төрсөн дүү С.Баасансүрэн нь нэхэмжлэгч Х.Энхзаяагийн талийгаач аав Ж.Хойлогдоржтой 2012.01.25-ны өдрийн зээлийн гэрээг байгуулж, 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирч 50 000 000 төгрөгийг зээлж авсан, мөн зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Дунд голын гудамжны 44 дүгээр байрны 44 тоот 74.92 м/кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2206013113 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээг байгуулжээ.

            Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцааны хөрөнгө нь албадан дуудлага худалдаагаар зарагдаагүй байх тул зээлийн гэрээний үүрэгт тухайн орон сууцыг тооцож, төлбөр авагчийн охин нэхэмжлэгч Х.Энхзаяагийн нэр дээр шилжүүлсэн болохыг талууд тайлбарласан байна.

            Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж  заасны дагуу 2016.07.29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Х.Энхзаяа нь орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон байна.

            Хариуцагч С.Дуламрагчаа хариу тайлбартаа “өөрийн хөлс хөдөлмөрөөр олсон байрнаас гарахгүй” гэх боловч Ж.Хойлогдоржтой 2012.01.25-ны өдрийн барьцааны гэрээг байгуулах үед орон сууц нь С.Баасансүрэнгийн өмчлөлд байсан болох нь  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013.06.17-ны өдрийн 1281 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна.  

            Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцдог бөгөөд мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-т зааснаар улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй байх бөгөөд энэ талаарх баримт хэрэгт байхгүй байна.

            Иймд Х.Энхзаяаг хууль ёсны өмчлөгч гэж үзэх бөгөөд  Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн  106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн заалтын дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Дунд голын гудамжны 44 дүгээр байрны 44 тоот сууцнаас хариуцагч С.Дуламрагчааг албадан гаргаж, орон сууцыг чөлөөлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хариуцагч тал орон сууцыг өмчлөх эрхтэй болох нь баримтаар тогтоогдоогүй тул  түүнийг  хууль бусаар эзэмшиж байна гэж үзнэ.    

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                   

                                                                                     ТОГТООХ нь:                    

 

1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д  зааснаар нэхэмжлэгч Х.Энхзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн шүүхийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Дунд голын гудамжны 44 дүгээр байрны 44 тоот сууцнаас хариуцагч С.Дуламрагчааг албадан нүүлгэж, орон сууцыг чөлөөлүүлсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Дуламрагчаагаас 70 200  төгрөг гаргуулж Х.Энхаяад олгож, нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ                                            Д. ЭНХЦЭЦЭГ