| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/00436/И |
| Дугаар | 00982 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 00982
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 52 дугаар байрны 8 тоотод оршин суух, Өөлд овогт Очирхүүгийн Энхдолгор /РД:ШБ59071506/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын 51 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах “Жи Эм Эс Эс” ХХК-д холбогдох,
гэрээний үүрэг, өөрт учирсан хохиролд нийтдээ 186 297 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Түмэнсугар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Энхдолгор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...орон сууц захиалгаар бариулах гэрээний үнийн дүн болох 132 720 000 төгрөг, орон сууц захиаласантай холбоотойгоор хадгалмжид байсан 60 000 ам доллар гэрээг цуцалсантай холбоотойгоор гарсан 10 677 000 төгрөг, гэрээ байгуулсан ашиглалтад орох хугацааны орон сууц хөлсөнлсөн нийт 33 сарын үнийн дүн болох 42 900 000 төгрөг нийтдээ 186 297 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Орон сууц захиалах 2 гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан боловч хариуцагч гэрээнд заасан хугацаанд нь байрандаа оруулаагүй тул нэхэмжлэгч гэрээгээ цуцалсан. Нэхэмжлэгч урьдчилан төлсөн мөнгөнөөсөө 33 000 000 төгрөг буцааж авсан бөгөөд үлдэгдэл 132 720 000 төгрөгийг одоо болтол аваагүй. Худалдах, худалдан авах гэрээний журам үйлчлэх учир Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэм хорын асуудал яригдах ёстой. Нэхэмжлэгч байр захиалахдаа Худалдаа хөгжлийн банк дахь хадгаламжнаас гэрээгээ цуцалж 60 000 ам доллараа авсан бөгөөд түүний хүүг хохиролд тооцож 10 677 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн орон сууц хөлслөх гэрээ байгуулсан бөгөөд гэрч 2017 оны 1 сараас хойш мөнгө аваагүй гэдгийг нотолж мэдүүлсэн тул түрээсийн төлбөрт 37 400 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч хугацаандаа байранд оруулаагүй, мөн хариуцагч тал анх Зайсанд тансаг байр гэж хэлсэн боловч энгийн байр байсан учир нэхэмжлэгч байрандаа ороогүй. Мөн байр хугацаандаа ашиглалтад ороогүй, гэрээний 5.2-т орон сууц ашиглалтад орсоноор үлдсэн мөнгөө өгч болно гэж талууд тохиролцсон учир Орон сууц захиалах гэрээний 5.1.2-т заасан үлдэгдэл 20%-ийн мөнгөө өгөөгүй гэсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага болох үлдэгдэл 132 720 000 төгрөг, хохиролд 10 677 000 төгрөг, түрээсийн төлбөр 37 400 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өмнөх шатны шүүхийн баримтаар бид хугацааны талаар маргаагүй байсан. Барилга ашиглалтад 2013 оны 9 дүгээр сард орох байсан боловч 2015 оны 1 дүгээр сарын 19-нд улсын комисс хүлээн авсан. Тэгээд 188 айлаас ихэнх айл нь байрандаа орсон. Энхдолгорт орон сууцыг улсын комисс хүлээн авсанаас хойш 5 сарын хугацаанд байраа хүлээж авахыг мэдэгдсэн боловч Энхдолгор өөрөө алга болсон. Захиалагч гэрээгээ биелүүлээгүй учир гэрээ цуцлах боломжтой байсан. Бид 5 сар хүлээсэн Энхдолгор нь мэдэгдлийг өөрөө хүлээж авсан. Уг мэдэгдлийг хүлээн авсан боловч 3 хоногийн дараа анхан шатны шүүхэд гомдол гаргасан байсан. Төлбөрийн үлдэгдэл 20 хувиа өгөөгүй байж байрыг захиалагчид өгөх, байрыг шилжүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэл өгсөн байдаг. 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн Дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн бүх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Нийт захиалагчийн буруугаас болж 1.5 жилийн хугацаа алдаж байгаа. 2014 оны 5 дугаар сарын 12-ноос байр түрээсэлсэн гэдэг бол манайх 2014 оны 11 сард эхний айлууд байрандаа орж эхэлсэн, гэтэл нэхэмжлэгч тал байраа хүлээж авах тал дээр өөрсдөө хариуцлагагүй хандаж байсан. Дээд шүүхийн шийдвэр гарч бид гаражийн гэрээг цуцлахаар ярьсан боловч 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан байдаг. Дараа нь 2016 оны 4 дүгээр сарын 4-нд захиалагч гэрээгээ цуцлаад үлдэгдэл төлбөрөө авах хүсэлтийг манай байгууллагад ирүүлсэн. Гэрээ цуцалснаас хойш бид байрыг зарсан. Бид банкны хүүгээр тооцоод таны хохирлыг барагдуулна гэж уг хохирлыг бол хүлээн зөвшөөрдөг. Бид хоорондоо ярилцаж эвлэрэх талаар санал солилцох талаар хүлээж байрыг нь хадгалсаар байсан. Өөрсдөө нөхцөл байдлаа буруу ойлгосон байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч О.Энхдолгор “...орон сууц захиалгаар бариулах гэрээний үнийн дүн болох 132 720 000 төгрөг, орон сууц захиалсантай холбоотойгоор хадгаламжид байсан 60 000 ам долларын гэрээг цуцалсантай холбоотойгоор гарсан 10 677 000 төгрөг, гэрээ байгуулсан буюу ашиглалтад орох хугацааны орон сууц хөлсөлсөн нийт 33 сарын үнийн дүн болох 42 900 000 төгрөг нийтдээ 186 297 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь орон сууц хөлсөлсөн төлбөрийн хэмжээг 37 400 000 төгрөг болгож багасгасан болно.
Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд О.Энхдолгор нь хариуцагч “Жи Эм Эс Эс” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах 2 гэрээ байгуулсан байх бөгөөд 2013.04.15-ны өдрийн 150/2-79 тоот гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Соёмбот уулын хормойд “Mountain View Residence” орон сууцны 2 дугаар орцны 79 тоот 49.5м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 49 тоот дулаан зогсоолын хамт 99 200 000 төгрөгөөр, харин 2013.04.15-ны өдрийн 149/1-71 тоот гэрээний дагуу дээрх орон сууцны 1 дүгээр орцны 71 тоот 49.5 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 50 тоот дулаан зогсоолын хамт 99 200 000 төгрөгөөр тус тус захиалан бариулахаар харилцан тохиролцсон байна..
Гэрээний 4.1, 4.3-т заасан төлбөр төлөх дүн, нөхцөл, хуваариас үзэхэд 2 өрөө орон сууц тус бүр 79 200 000 төгрөг, 2 зогсоол тус бүр 20 000 000 төгрөг нийт гэрээний дүнг 198 400 000 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгч тал 2 зогсоолын төлбөрийг 100 хувь, 2 байрны төлбөрийн 80 хувийг тус тус төлсөн байна.
Гэрээний 1.1, 2.1, 2.2, 4.3 дахь заалтаас үзэхэд гүйцэтгэгч тал захиалгын дагуу орон сууцыг барьж, 2013 оны 9 дүгээр сард хүлээлгэн өгөх, захиалагч тал нь 2013 оны 8 дугаар сард багтаан төлбөрийг бүрэн төлж дуусгах үүргийг тус тус хүлээсэн боловч тухайн орон сууцны барилга нь 2015.01.19-ний өдөр ашиглалтад орсон байна.
Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2 дахь хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэжээ.
Нэхэмжлэгч О.Энхдолгорын 2016.04.04-ний өдрийн хүсэлтээс үзэхэд “...яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон” гэх үндэслэлээр байрны төлбөрт төлсөн 165 720 000 төгрөгийг буцааж өгөхийг хүссэн, хариуцагч “Жи Эм Эс Эс” ХХК захиалагчийн хүсэлтийг хүлээн авч 2 гэрээг цуцалж 33 000 000 төгрөгийг буцаан олгож, үлдэгдэл төлбөрийг 2017.03.31-ний өдрийн дотор олгохоор харилцан тохиролцсон болох нь “Жи Эм Эс Эс” ХХК-ийн 2017.01.13-ны өдрийн 17/2 тоот мэдэгдэлээр тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч О.Энхдолгорын хадгаламжид 60 000 ам доллар байсан эсэх, дээрх орон сууцыг захиалах зорилгоор хадгаламжийн гэрээг цуцалсан талаар нотолсон баримтгүй тул хадгаламжийн хүүг хохиролд тооцож 10 677 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
Харин Ц.Даваажав, М.Цогзолмаа нартай байгуулсан 2014.05.12-ны өдрийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний дагуу тодорхой хугацаанд байр түрээсэлж байсан нь түрээсийн төлбөрийн тооцоо, гэрч М.Цогзолмаагийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул 2014.05.12-ны өдрөөс 2015.01.20-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн төбөр төлсөн 11 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч “Жи Эм Эс Эс” ХХК-ийн 2015.05.01-ний өдрийн 015/53 тоот албан мэдэгдэл, 3 шатны шүүхийн шийдвэрүүдээс үзэхэд талууд тохиролцоонд хүрээгүй байх бөгөөд тухайн орон сууцны барилга 2015.01.19-ний өдөр ашиглалтад орсоныг захиалагч тал мэдсэн атлаа захиалсан орон сууцыг хүлээн аваагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Иймд төлбөрийн үлдэгдэл 132 720 000 төгрөг, түрээсийн төлбөрт 11 000 000 төгрөг нийтдээ 143 720 000 төгрөгийг хариуцагч “Жи Эм Эс Эс” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Жи Эм Эс Эс” ХХК-иас 143 720 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Энхдолгорт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37 077 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Жи Эм Эм Эс” ХХК-иас 876 549 төгрөг гаргуулж О.Энхдолгорт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 089 435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ