Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00352

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/02620 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2101 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Б-т холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт нийт 10 755 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жамиймаа, нарийн бичгийн даргаар Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.Б- нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “С” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, барилгын ажилд шаардлагатай 3083 эд зүйлийг түрээсэлж ашигласан. Г6Батбаатар хүлээн авсан эд материалын 4 дүгээр сарын төлбөр 17 550 000 төгрөгийг төлж цааш ашигласан. Гэвч захиалагчийн буруугаас түрээслэгчийн ажил цаашид үргэлжлэх боломжгүй болсон гэх шалтгаанаар түрээсийн эд зүйлийг очиж авахаар тохирсон. Тохирсны дагуу очиж авахад 194 ширхэг бараа дутуу байсан. Үүнээс хойш Г.Б-тай холбоо барихаар байнга хайж байсан боловч холбогдохгүй, учир байдлаа ярилцахгүй бидний ажилд хүндрэл учруулж байна. Иймээс дутуу өгсөн 194 ширхэг эд материалын үнэ 7 070 000 төгрөг, түрээсийн төлбөр 3 685 400 төгрөг, нийт 10 755 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Хариуцагч нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулж, барилгын хэв, хашмал зэрэг нийт 3083 ширхэг эд зүйлсийг нэг сарын 17 812 500 төгрөгөөр түрээслэх болсон. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан өдөр хариуцагчид 3083 ширхэг эд зүйл хүлээлгэн өгнө гэсэн боловч тухайн хэмжээний эд зүйлсийг хүлээлгэж өгөөгүй, тоо ширхэг дутуу байснаас нэхэмжлэгчийн шаардсаны дагуу түрээсийн төлбөрт 17 550 000 төгрөгийг төлсөн. Гэвч гэрээний явцад тухайн түрээсийн эд зүйлсийг ашиглан барилгын ажил гүйцэтгүүлж байсан захиалагч байгууллага нь төлбөр төлөхгүй байснаас хариуцагч гэрээг цуцалж, нэхэмжлэгчийг хэв хашмал, эд зүйлсээ хүлээж ав гэж 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд түүнд мэдэгдэхгүйгээр хэв хашмал, түрээсийн эд зүйлсийг акт үйлдэхгүйгээр байсан газраас ачиж явсан. Иймд нэхэмжлэгч нь түрээсийн эд зүйлсийг хүлээлгэж өгөхдөө хүлээн авахдаа огт акт үйлдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/02620 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 492 дугаар зүйлийн 492.1.1.-т зааснаар хариуцагч Г.Б-аас нийт 9 652 050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 103 350 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 187 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-аас 169 383 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2101 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/02620 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-аас 6 740 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 015 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “169 383” гэснийг “122 790” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Шүүх хэрэгт цугласан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Учир нь: Нэхэмжлэгч нь хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулах үедээ түрээсийн эд зүйл, түүний тоо ширхэг, үнийн дүнгийн тухайд тохиролцож бараа материалын тооцоог хийх үедээ уг баримт дээр хариуцагчаар гарын үсэг зуруулж авсан байдаг. Харин бодит байдалд эд зүйлсийг хариуцагчид тоо ширхэгээр нь хүлээлгэн өгөөгүй болохоо шүүх хуралдааны явцад мэдүүлдэг бөгөөд гэрч нар ч яг талуудын бараа материал хүлээлцсэн гарын үсэг бүхий акт байхгүй хэмээн мэдүүлэг өгдөг. Гэтэл шүүгч нэхэмжлэгч болон гэрч нарын мэдүүлгийг үл хэрэгсэж, гэрээ байгуулах үед хариуцагчийн зурсан гарын үсэг бүхий бараа материалын тооцоо гэх баримтыг талуудын эд зүйлсийг хүлээлцсэн акт хэмээн үзсэнд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч нь анхнаасаа дутуу эд зүйл хүлээлгэж өгсөн атлаа нэмж 111 ширхэг эд зүйлс түрээслүүлсэн гэж мэдүүлсэн бөгөөд ийнхүү нэмж хүлээлгэн өгсөн тухай акт ч байдаггүй. Гэтэл шүүгч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн санхүүгийн тооцоо бүхий баримтад үндэслэн хариуцагчийн огт хүлээн аваагүй эд зүйлийг авсан байх боломжтой гэж, сохроор итгэн дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Харин давж заалдах шатны шүүхийн түрээсийн төлбөрт нэхэмжилсэн төлбөрийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Г.Б-аас түрээсийн гэрээний үүрэгт 3 685 400 төгрөг, дутагдсан материалын үнэд 7 070 000 төгрөг, нийт 10 755 400 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд, мэдэгдэхгүйгээр хэв хашмал, түрээсийн эд зүйлсийг ачиж явсан, түрээсийн эд зүйлсийг хүлээлгэж өгөх, буцаан авахдаа ямар нэг акт үйлдээгүй гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Зохигч нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, хариуцагч Г.Б- 37 төрлийн 3083 ширхэг барилгын материалыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэхэмжлэгч компаниас түрээсэлж, сарын 17 812 500 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээжээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Эд хөрөнгө хөлслөх болон түрээсийн гэрээнүүдийн аль нь ч дуусгавар болоход эд хөрөнгийг хөлсөлсөн, түрээсэлсэн этгээд гэрээний зүйлийг хөлслүүлэгч, түрээслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх түрээсийн гэрээний зүйлийг дутаасны төлбөрт хариуцагчаас 6 740 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Давж заалдах шатны шүүх хариуцагчийг гэрээний зүйл болох материалыг гэрээний хугацаа дууссанаас хойш өөрийн эзэмшилд байлгаж ашиглаагүй, нэмэлт хэлцлээр шилжүүлсэн гэх эд хөрөнгийн түрээсийн төлбөр болон зарим барааны зөрүүг төлөх үндэслэлгүй гэж үзэн хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээг багасгаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль зөрчөөгүй байна.

Маргааны үйл баримтын талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухай маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох  боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2101 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 122 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН