Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2018/0426/З |
Дугаар | 221/МА2018/0594 |
Огноо | 2018-11-15 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2018/0594
О.Огийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, түүний өмгөөлөгч П.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0594 дүгээр шийдвэртэй, О.Огийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-ийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0594 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 1. 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалуудын О.Од холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н давж заалдах гомдолдоо: “ ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 116, Байгаль орчны сайдын 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 160 дугаар тус тус тушаалаар Богдхан уулийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж заасан зөвхөн зориулалтын дагуу газар ашиглах эрх олгосон.
Гэтэл газар ашиглагч О.О нь тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, 12.3-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 4-д зааснаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх, ноохойг хөндөх, эвдэж сүйтгэх”, 12.5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих”, 12.6-д “хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах”, 12.10-д “нуур, мөрөн, гол горхи, булаг, шанд зэрэг ил задгай усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах”, 12.11-д “хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах”-ыг тус тус заалтаар хориглосон байхад дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд дээрх заалтыг зөрчин 19 барилга байгууламж буюу орон сууц, амины орон сууц зэргийг барьсан.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар иргэн О.Огийн газар ашиглах эрхийг тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлан дуусгавар болгосон.
Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 12 дугаар зүйл заалтыг огт харгалзан үзээгүй ба дархан цаазат газар хууль зөрчин газрын төлөв байдлыг өөрчлөн уулыг нураан орон сууцны хороолол, барилга байгууламж барьсан зөрчлийг дүгнэхгүйгээр О.Огийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт нэхэмжлэгчийн маргаж буй актын холбогдох хэсгийг хавсаргаагүй, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ хангалтгүй биелүүлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч О.Огээс “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаал болон 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2, Усны тухай хуулийн 22.2, 22.2.1, 22.6, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2014 оны А-230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот саналыг үндэслэн дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй 28 иргэний ... газар ашиглах эрхийг хавсралтын ёсоор дуусгавар болгожээ.
Дээрх тушаалаар иргэдийг газар ашиглах явцдаа усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн гэж үзсэн байна.
Уг тушаалын хавсралт хэрэгт байхгүйгээс[1] О.Огийн газар ашиглах 2014/31 тоот гэрчилгээний хавсралтад тусгагдсан 5 нэгж талбарын аль хэсэгт явуулсан, ямар үйл ажиллагааг нь тушаалд дурдсан аль зөрчилд хамааруулсан нь тодорхойгүй.
Мөн тушаалд дурдсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ямар санал ирүүлсэн, О.О нь тухайн нэгж талбарыг анх хэний зөвшөөрлөөр, ямар үйл ажиллагаа явуулах зориулалтаар газар ашиглах эрх авсан, уг зориулалтаар нь ашиглаж байсан эсэх, газар ашиглах явцдаа дархан цаазат газрын дэглэм горимыг хэрхэн зөрчсөнтэй холбоотой баримтуудыг цуглуулаагүйгээс уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсоор олгогдсон эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.
Анхан шатны шүүхээс 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1/6105 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас маргаан бүхий акт болох уг А/76 дугаар тушаалын хавсралт, холбогдох баримтыг ирүүлэхийг шаардсан атлаа тус яамнаас ирүүлээгүй байхад шаардан аваагүй байна.
Дархан цаазат газарт газар ашиглахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгох”-оор заажээ.
Маргаан бүхий тушаалд хуулийн дээрх заалтыг баримталж О.Ог дархан цаазат газрын дэглэм горим зөрчсөн гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байхад анхан шатны шүүх “Газрын тухай хууль баримтлаагүй” гэж үзэж маргаан бүхий актыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.
2. Нэхэмжлэгчийн удаах шаардлага болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар /Хавсралтын 28-д/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг газрын төлбөр төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж, 2008 оны А/160 дугаар тушаалаар олгогдсон 4.3 га газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.
Байгаль орчны сайдын 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 160 дугаар тушаалаар О.Од урьд нь 2007 оны 116 дугаар тушаалаар аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгогдсон 5 га газар дээр нэмж жуулчны баазаа өргөтгөх зориулалтаар 2,5 га газрыг ашиглах эрх олгож шийдвэрлэсэн байна.
Хэрэгт авагдсан дээрх тушаалуудыг үндэслэн олгосон 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 392, 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 678 тоот гэрчилгээ, тэдгээрийн хавсралтаас үзвэл дээрх нийт 7,5 га газар нь нэг нэгж талбар байсан болох нь тогтоогдож байна.
Үүний дараа 2011 онд 2,5 га газрыг багасган үлдэх 5 га газар /нэг нэгж талбар/ ашиглах эрхийн 2011/83 тоот гэрчилгээ олгосон байх бөгөөд уг газарт маргаан бүхий актад дурдсан 2008 оны 160 дугаар тушаалаар ашиглах эрх олгосон 2,5 га газар орсон эсэх нь тодорхойгүй байна.
Мөн 2014 онд 2014/13 тоот гэрчилгээ хэрэгт авагдсан бөгөөд хавсралтад нь өөр өөр байршилд, тус бүрийнх нь хэмжээ нь тодорхойгүй 5 нэгж талбарын солбицол тусган олгожээ.
Уг дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 5 тусдаа байршилд газар ашиглах эрхийг хэний ямар шийдвэрийг үндэслэж олгосон, тухайн 5 байршил тус бүрийг ямар зориулалтаар, ямар хэмжээтэй хэзээ олгосон, дээрх 2011/83 тоот гэрчилгээгээр ашиглах эрх олгогдсон 5 га газар нь 5 нэгж талбарын аль нь болох, аль газрыг зориулалтынх нь дагуу ашиглаж байсан, алийг нь өөр зориулалтаар ашиглаж байсан нь тодорхойгүй байх тул маргаан бүхий актад дурдсан 2008 оны 160 дугаар тушаалаар олгогдсон 4,3 га газрыг ашиглах эрх нь зөрчигдсөн эсэхийг дүгнэх боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаан бүхий А/121 дүгээр тушаалыг 2014/13 тоот гэрчилгээгээр олгогдсон газрын “А” байршилд хамааралтай гэж тайлбарлан, холбогдох баримт цугларсан байх боловч уг гэрчилгээнд тухайн нэгж талбарын хэмжээ заагаагүй, дээрх байршил тус бүрт газар ашиглах эрх олгосон сайдын тушаал, газар ашиглах эрхийн гэрчилгээ, маргаан бүхий актад бичигдсэн газрын хэмжээ байршлууд зөрүүтэй байгаагаас захиргааны актыг хууль ёсны эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсоор үүссэн эрх нь зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй.
Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч тухайн газраа ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан 2013 он, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Архектур төлөвлөлтийн даалгавар (5 га+2.5 га=7.5 га), Барилгажих талбайн схем зураг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 94 дүгээр дүгнэлт, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргын “... орон сууцны зориулалтаар барилга байгууламж барьж ашиглалтад оруулахад тус газрын зүгээс татгалзах зүйлгүй” зэргээр тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
Учир нь дээрх захиргааны байгууллагуудын албан бичиг, дүгнэлт, даалгавар нь хууль ёсны эсэх, дархан цаазат газрыг ашиглах зориулалт, холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг анхааралгүй нотлох баримтаар үнэлснийг шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзэхгүй.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүлийн 39.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор заасан.
Маргаан бүхий акт нь О.Ог дархан цаазат газарт газар ашиглах зориулалт болох аялал жуулчлалын зориулалтаар нь газраа ашиглаагүй гэж үзэж дээрх хуулийн дагуу газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байхад анхан шатны шүүх орон сууцны зориулалтаар барилга барихтай холбоотой зөвшөөрөл олгосон дээрх байгууллагуудын албан бичгүүдийг үнэлж “газраа зориулалтаар нь ашиглаагүй гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
Иймд дээр дурдсан тодорхойгүй нөхцөл байдлуудыг тодруулж, холбогдох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр маргаан бүхий акт хууль зөрчсөн эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсоор үүссэн газар ашиглах эрх нь зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалаа.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2018/0594 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нэс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ