Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1038

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах, “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 7 дугаар хэсэг гудамж, 1260 тоотод оршин суух, Боржигон овогт Чинтамирын Энхтуяа /РД:ФМ79062261/-д холбогдох,

үйлчилгээний төлбөр, гарсан зардалд 134 525 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч.Энхтуяа нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2014-12-28-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC-30K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91057368 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Ч.Энхтуяа нь гэрээний үүргээ үл биелүүлж 91057368 дугаарын 2015-03 сарын байдлаарх төлбөр 180 525 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Ч.Энхтуяад төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Ч.Энхтуяагаас төлбөрийн үлдэгдэл болох 180 525 төгрөг үүнээс гэрээний 5.1.8-д заасны дагуу барьцаа 50 000 төгргөгийг хасч үлдэгдэл 130 525 төгрөг, нотариатын зардал 4 000 төгрөг, нийт 134 525 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Ч.Энхтуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Скайтел ХХК-ний нэхэмжилсэн 134 525 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.                                                  

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь үйлчилгээний төлбөр, гарсан зардалд 134 525 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Талуудын тайлбар, дараа төлбөрт үйлчилгээний маягт, үйлчилгээний гэрээ, төлбөрийн нэхэмжлэх зэргээс үзэхэд хариуцагч Ч.Энхтуяа нь 134 525 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 134 525  төгрөгийг хариуцагч Ч.Энхтуяа нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 134 525 төгрөгийг хариуцагч Ч.Энхтуяа нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Энхтуяагаас 2343 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 2343 төгрөгийг тус тус гаргуулж “Скайтел” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017-04-06-ны өдөр төлсөн 4686 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

  

                                        

                                                

                                      ШҮҮГЧ                                  Д. ЭНХЦЭЦЭГ