| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0143/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/153 |
| Огноо | 2021-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлттэй, хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэх саналтай шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2136001770212 дугаартай, 178/2021/0143/Э/ индекстэй хэргийг 2021 оны 11 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 сарын 22-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 1985 оны 03 сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, аминдаа гэр-1 60 толгой мал, Верна-аксент маркийн автомашин-1, сарын өрхийн орлого 400000-1000000 төгрөг, ял шийтгэлгүй, ПП85031718 регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 09-нд шилжих шөнө 01 цагийн үед өөрийн эхнэр О.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүнийг гараараа нүүрэн тус газар цохиж, биед нь баруун нүдний дээд, доод зовхи, хамрын уг хэсэг, зүүн нүдний доод зовхи хэсгийг хамарсан цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, 1990 оны 07 сарын 22-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* сумын эрүүл мэндийн төвд үйлчлэгч ажилтай, ПП90072201 дугаарын регистртэй /Хүрдээ овогт *******ы гийн өгсөн... Би 2021 оны 10 сарын 08-ны шөнө манай нөхөр эмнэлэгт орж ирээд надтай юм ярьж байгаад хоорондоо маргалдаад миний нүүрэн тус газар намайг 2 удаа цохисон. Намайг элдэв янзаар доромжлоод чичээд байсан. Би аргаа бараад цагдаа дуудсан. Архи уухаараа их агсам. Эрүүл үедээ ер нь юм яриад байдаггүй. 2020 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд 14 хоног баривчлагдаж байсан. 2 дахь удаагаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 4-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 сарын 13-ны өдрийн 601 дугаартай...О.гийн биед баруун нүдний дээд доод зовхи хамрын уг хэсэг зүүн нүдний доод зовхи хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. О.гийн биед учирсан гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. О.гийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. О.гийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.гийн дахин өгсөн... 2021 оны 10 дугаар сарын 08-09-ний шилжих шөнө би хоёр хүүхдээ ******* сумын хүн эмнэлэгт сахиад хэвтэн эмчлүүлж байхад 01 цагийн үед нөхөр Б.******* гаднаас ганцаараа согтуу орж ирээд чи хоёр хүүхдийг худлаа хэлж эмнэлэгт хэвтүүлсэн, чи өвчин авч ирж өгсөн гээд намайг хэл амаар доромжилж байгаад миний баруун хамар луу гараараа нэг удаа цохисон. Яагаад чи намайг цохиж байгаа юм бэ гэж асуухад ямар нэгэн зүйл хэлээгүй.Б.******* эмнэлгээс гарч явахгүй хажууд суугаад байхаар нь би гарч бие заслаа гээд худлаа хэлээд эмнэлгээс гараад цагдаагийн алба хаагчид мэдэгдсэн.
Маргааш өглөө нь Б.******* цай, хоол аваад ирэхээр нь чи намайг өчигдөр орой ирээд намайг цохисон гэхэд худлаа хэлээд би би юу гэж цохиж байх юм бэ гэж хэлсэн. Өөрөө юу хийсэн талаараа сайн санахгүй болтлоо архи уусан байсан. Б.******* хэн нэгэн хүнтэй уугаагүй гэж хэлсэн. Би сонирхож асуугаагүй
Би Б.*******тай 2015 оны 01 сарын 20-нд албан ёсоор гэр бүл болж байсан. Гэр бүл болоод охин Г.Гансувд /7 настай/, хүү Г.Намсрайноров / 4 настай/ хоёр хүүхэдтэй болсон. Б.******* нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний шөнө 01 цагийн үед гэртээ 2 хүүхдийн хамт унтаж амарч байхад гаднаас ганцаараа орж ирээд “чи бол янхан, банзал ажлынхаа хүмүүстэй унтаж хэвтээд явдаг гээд миний үснээс татаад миний өмссөн байсан подволк, дотуур өмд, левчигийг ураад шидсэн гараараа нэг удаа бас хамар хэсэг рүү цохиж ” байсан. тэр үед би бас цагдаагийн алба хаагчид мэдэгдэж байсан юм. Өөр бусдаар намайг цохиж зодож байсан удаа байхгүй. Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг ажлын газрын эрэгтэй хүн болгонтой, хамаатан садангийн хүмүүстэй хөдөө гадаа явсан үед бас харддаг юм. Яагаад тэгээд хардаад байдгийг би сайн мэдэхгүй. Би хэн нэгэн хүнтэй уулзаж явж байгаад баригдаж байсан удаа байхгүй. Би гэр бүлээс гадуур надад ямар нэгэн харилцаа байхгүй. Одоо миний хамар жаахан өвдөж байна. Бусдаар миний бие өвдөж байгаа ямар нэгэн зовуур байхгүй байна. Намайг Б.******* цохиж зоддог талаар миний төрсөн эгч О.Соёлмаа сайн мэднэ. О.Соёлмаа нь ******* сумын Хүн эмнэлэгт эх баригч ажилтай. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Б.******* нь 7 хоногт 1-2 удаа архи уудаг юм. Архийг өөрийнхөө ухаан санааг алдтал уудаг юм. Архи уусан үедээ хүний үгэнд ордоггүй. Үгэнд орохгүй болохоор нь зөнгөөр нь хаячихдаг юм. Архи ууж байгаад өөрөө унтаад амарчихдаг юм. 2016 онд архинаас гарах эмчилгээнд Шинэбаярын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 2017 оноос хойш буцаад архи уугаад эхэлсэн. Архи уух нь бүр ихэссэн. Архи уух мөнгөө өөрөө олдог юм. Хөлсний ажил хийгээд олсон мөнгөөрөө бүгдээр уучихдаг. Гэр орондоо хаяа мөнгө төгрөг авч ирдэг, хаяа авч ирдэггүй юм. Б.*******д 5 ханатай гэр, гэрийн тавилга, мотоциклтой. Мал байхгүй. Б.******* нь яагаад архи уугаад байгааг нь өөрөөс нь асуухаар ямар нэгэн онц зүйл хэлдэггүй. Яагаад архи уугаад байгааг нь би сайн мэдэхгүй. Гэр бүлийн зүгээс ямар нэгэн шалтгаан байхгүй. Манай гэр бүл миний цалингаар амьдарч байгаа гэсэн үг юм. Манай нөхөр хаяа ажил хийж мөнгө олж ирдэг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэдэнсодномын өгсөн...Б.******* нь зан ааш сайтай, хүнтэй зөв боловсон харьцдаг, даруухан, хүнд итгэмтгий сайн хүн байгаа юм. Б.******* нь Ховд аймгийн зэвсэгт хүчний 123 дугаар ангийг 2011-2012 онд нэг жилийн хугацаат цэргийн алба хаасан. Б.******* нь хаяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчих гээд байдаг юм. Ямар нэгэн хууч өвчин байхгүй. Б.******* нь Ховд аймгийн ******* сумын Хөшөөт багт эхнэр О., 2 хүүхдийн хамт амьдардаг юм. Б.******* амьжиргааны төвшин дунд зэрэг,хувьдаа ямар нэгэн мал байхгүй... гэх мэдүүлэг,хх-ийн 39-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.гийн өгсөн...******* манай хүргэн миний төрсөн дүү О.гийн нөхөр байгаа юм. Миний дүү манайд хоёр хүүхдээ дагуулж ирэхдээ намайг Б.******* зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна гэж надад дүүгийн хувьд уйлаад хэлээд ирж байсан юм. Миний дуү О. 2021 оны 05 дугаар сард байх хамар нь хавдсан байдалтай хөхрөлттэй ирж байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 60-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн... Би 2021 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн үед Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байдаг Сангийн далай нэртэй газар луу давс шүүх ажлаар яваад 2021 оны 10 дугаар сарын 07-ны орой Ховд аймгийн ******* суманд гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд манай гэрт хэн нэгэн хүн байгаагүй. Манай хоёр хүүхэд хоёулаа хатгаа аваад эмнэлэгт эхнэр сахиад байж байсан юм. Маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн үед хоол цай хийгээд эмнэлэгт эргэж очсон. Тэр оройгоо гэртээ ганцаараа байж байгаад 22 цагийн үед авдарт байсан нэг шил Орос нэртэй 0.75 л архийг задлаад ганцаараа уугаад сууж байсан юм. Нэг ухаан ороход маргааш өглөө нь болчихсон. Гэртээ орондоо орчихсон ганцаараа унтаж байсан. Би босоод хоол цай хийгээд эхнэр хүүхдээ эргэж очиход манай эхнэрийн баруун нүд нь хөхөрчихсөн байсан. Би юу болсон талаар асуухад. Чи урд шөнө ганцаараа ирээд намайг цохисон гэж надад хэлсэн. Ямар шалтгаанаар цохисныг надад хэлээгүй. Би ямар шалтгаанаас цохих болсноо сайн мэдэхгүй байна.
Би ажилгүйгээс болоод бас найз нөхдийн уруу таталтаас болоод архи уугаад байна. Би архинаас өөрийгөө татаж авч чадахгүй байна. Би 2016 онд архинаас гарах эмчилгээнд Ховд аймгийн төвд Шинэбаяр эмчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж гарч байсан. Тэрнээс хойш архи уухгүй байж байгаад 2017 оны 3 сараас хойш буцаад архи уугаад эхэлсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ яагаад О.тай маргалдаад байдгаа сайн мэддэггүй. Би эхнэрээ хардаад байдаггүй юм. Би эхнэртэйгээ маргалдсан асуудлыг манай эгч мэдэж магадгүй. Өөр хүн мэдэхгүй. Гэр бүл дотроо өнгөрдөг юм. Би Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийг 2011-2012 оны хооронд нэг жилийн цэргийн алба хаасан. Миний зүрх өөрчлөлттэй гэж шинжилгээний хариу гардаг юм. Яагаад гэхээр архи уусан үедээ зүрх өвддөг юм. Бусдаар ямар нэгэн хууч өвчин байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл алга байна... гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 09-нд шилжих шөнө 01 цагийн үед өөрийн эхнэр О.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүнийг гараараа нүүрэн тус газар цохиж, биед нь баруун нүдний дээд, доод зовхи, хамрын уг хэсэг, зүүн нүдний доод зовхи хэсгийг хамарсан цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч өөрийн эхнэр О.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас 2 хүүхдэд өвчин авчирч өгсөн гэж маргалдах явцдаа гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж түүнийг гараараа нүүрэн тус газар цохиж, биед нь баруун нүдний дээд, доод зовхи, хамрын уг хэсэг, зүүн нүдний доод зовхи хэсгийг хамарсан цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан ” нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******гийн Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 09-нд шилжих шөнө 01 цагийн үед өөрийн эхнэр О.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүнийг гараараа нүүрэн тус газар цохиж, биед нь баруун нүдний дээд, доод зовхи, хамрын уг хэсэг, зүүн нүдний доод зовхи хэсгийг хамарсан цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн үйл баримттай улсын яллагчийн дүгнэлт тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс өөрийн хийж буй үйлдлийг мэдэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон.
Шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Нэг:Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О. нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.*******г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- /хэргийн 87/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын талаар гэрч Б.Цэдэнсодномын өгсөн...Б.******* нь зан ааш сайтай, хүнтэй зөв боловсон харьцдаг, даруухан, хүнд итгэмтгий сайн хүн байгаа юм. Б.******* нь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид 2011-2012 онд нэг жилийн хугацаат цэргийн алба хаасан. Б.******* нь хаяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчих гээд байдаг юм. Ямар нэгэн хууч өвчин байхгүй. Б.******* нь Ховд аймгийн ******* сумын Хөшөөт багт эхнэр О., 2 хүүхдийн хамт амьдардаг юм. Б.******* амьжиргааны түвшин дунд зэрэг, хувьдаа ямар нэгэн мал байхгүй... гэх мэдүүлэг, гэрч О.гийн өгсөн... Б.******* манай хүргэн миний төрсөн дүү О.гийн нөхөр байгаа юм. Миний дүү О. манайд хоёр хүүхдээ дагуулж ирэхдээ намайг Б.******* зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна гэж надад дүүгийн хувьд уйлаад хэлдэг байсан юм. Миний дуү О. 2021 оны 05 дугаар сард байх хамар нь хавдсан байдалтай хөхрөлттэй ирж байсан юм...гэх мэдүүлэг авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй ба бусдад хохирол төлбөргүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.******* таван зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун наян мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь улирлын чанартай ажил эрхэлдэг, хувиараа давс гаргадаг, мөн шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ эхнэртэйгээ маргалдаж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байдлыг торгох ял шийтгэхдээ харгалзан үзэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан зан үйлээ засах хөдөлмөрлөх сургалтанд хамрагдахыг даалгахыг тус тус дурдаж, дүгнэлт гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Улсын яллагчийн санал болгосон таван зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун наян мянган төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна. Зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой. Сургалтанд хамрагдахад татгалзах зүйл байхгүй гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун наян мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 580000 төгрөгийн торгох ялыг 06 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарлаж, Шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд 6 сарын хугацаанд 6 удаа хамрагдах, шүүгдэгчид өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг, 36.1,36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г таван зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун наян мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д оногдуулсан 580000 төгрөгийн торгох ялыг 06 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн 2136001770212 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 580000 төгрөгөөр торгох ялын болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд 6 сарын хугацаанд 6 удаа хамрагдахыг шүүгдэгч Б.*******д даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА