Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2016/0585/З |
Дугаар | 221/МА2018/0438 |
Огноо | 2018-08-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2018/0438
Х.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, өмгөөлөгч А.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0293 дугаар шийдвэртэй, Х.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, А.М нарын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0293 дугаар шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М.С-ын барилгын гадна дулааны шугам байгуулалтыг баталсан актын шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэж, хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М.С-ын барилгын гадна дулааны шугамын байгуулалтыг баталсан акт нь илт хууль бус акт болохыг тогтоож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, А.М нар давж заалдах гомдолдоо: “ ... Нэхэмжлэгчээс өөрийнх нь өмчлөлийн газар дээгүүр дулааны шугамын трасс баталж улмаар гүйцэтгэхдээ ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй зөвшөөрөл авалгүйгээр өмчлөх эрхийг нь халдсан тул захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох улмаар үүнээс учирсан хохирлыг гаргуулахаар үндэслэлээ тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч байгууллага болон гуравдагч этгээдээс ч үүнийг хүлээн зөвшөөрч газар өмчлөгч этгээдээс бус тухайн хашаанд түр оршин сууж байсан эрхгүй этгээдтэй холбогдсон болохоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүх хуралдааны явцад тайлбартаа дурдсан байдаг.
Мөн анхан шатны шүүхээс “хариуцагч байгууллага гуравдагч этгээдийг өмчлөгчтэй зөвшилцсөн байх үүргээ бүрэн биелүүлээгүй байхад зургийг баталж зөвшөөрөл олгосон гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн атлаа 'дулааны шугамын зургийг батлахдаа шалгах. хяналтын ажиллагааг хэрхэн явуулсан нь тодорхой бус шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс халсан” зэргээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсон.
Захиргааны байгууллагаас хэргийн оролцогчийн хувьд тухайн үйл баримттай холбогдох нотлох баримтыг” гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн ЗХШХШТХ-ийн 32 8-д Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийн буруутгах үндэслэл болохгүй гэж заасныг шүүхээс танилцуулсны дагуу олон жил үргэлжилсэн маргаанд хамааралтай бүхий л нотлох баримтыг гаргаж өгсөн гэж үзэж байгаа ба шүүхээс тодорхойгүй гэж үзсэн ажиллагаа, түүний баримтууд нь нэгэнт хийгдээгүй тийм баримт байхгүй учраас шүүхэд гаргаж өгөөгүй нь тодорхой гэж үзэж байна.
Түүнчлэн маргаж байгаа дулааны шугамыг баталсны дагуу нэгэнт шугамыг байрлуулсан тухайн ажил хийгдсэн байхад дахин судалсны дараа акт гаргах гэсэн байдлаар шийдвэрлэсэн нь бодит байдал дээр хэрхэн хэрэгжих нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргээгдэх нь тодорхойгүй хэвээр үлдэж байна
Мөн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг шийдвэрлэлгүйгээр хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлгүй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн журмаар нэг мөсөн шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй, мөн шийдвэрлээгүй орхигдуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг холбогдох баримтыг бүрэн бүрдүүлсний үндсэн дээр шийдвэрлэх боломжтой, мөн захиргааны акт хэрэгжээд дууссан байхад дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасныг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х.Б нь “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн М.С-ын барилгын гадна дулааны шугам байгуулалтыг баталсан акт илт хууль бус болохыг тогтоож, уг актын улмаас учирсан хохирол болох 60 сая төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Анхан шатны шүүх “хохирол 60 сая төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхгүй орхиж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг зөрчсөн байна.
Мөн давж заалдах болон хяналтын шатны шүүхээс тодруулахыг шаардсан асуудлыг гүйцэд тодруулж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт өгөлгүй Барилгын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхой бус байна гэх үндэслэлээр барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхлыг харгалзан үзсэн эсэх нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 47 дугаар тогтоол, 2013 оны 07/29 дүгээр тогтоолуудаар Сүхбаатар дүүргийн 9,10,11,12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх гэр хорооллыг барилгажуулахаар шийдвэрлэн, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсны дагуу төсөл хэрэгжүүлэгчээр “Бэрэн лэнд девелопмент” ХХК шалгарсан бөгөөд иргэн М.Солонго нь төсөл хэрэгжүүлэгчтэй тохиролцон барилга барих хүсэлтээ гаргаж, холбогдох зөвшөөрөл, техникийн нөхцөлийг авч барилгаа барьж дуусган ашиглалтад оруулж төслийг хэрэгжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Анх Х.Б нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М.С-ын барилгын гадна шугамын байгуулалтыг нэхэмжлэгч болон түүний хөрш газруудыг дайруулан хийсэн зураглалыг зөвшөөрч баталсан үйлдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад Х.Б нь уг газраа иргэн Н.Чинцогтод 80 сая төгрөгөөр худалдсан, иргэн М.С-ын барилгын гадна дулааны шугамыг барих үед Х.Бтай холбогдох боломжгүй байснаас тухайн газар дээр амьдарч байсан Ц.Баярсайханд М.Солонго нь 2500000 төгрөг өгснийг нэхэмжлэгч Х.Б хүлээн авсан болох нь тогтоогдож байна.
Үүнтэй холбогдуулан дээд шатны шүүхүүдээс захиргааны актын улмаас нэхэмжлэгч Х.Б-ын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, уг эрх нь хэрхэн сэргэх талаар тодруулж хэргийг шийдвэрлүүлэхээр буцаажээ.
Х.Б нь 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрчлөхдөө /хэргийн 2-р хавтас, 125-р хуудас/ “... Иргэний хуулийн 103.1-д “Өмчлөх эрхийг гагцхүү хуулиар хязгаарлана”, 101.1 дэх хэсэг, монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.1.1-д заалтаар тогтоосон өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчин эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэлгүй байхад халдаж илэрхий алдаатай акт гаргасан ... 200 сая төгрөгөөр худалдах боломжтой байсан газраа 80 саяар хямд үнээр зарж учирсан хохирол 60 сая төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодруулжээ.
Дээрх нөхцөл байдлууд болон нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулснаас үзвэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан эрх бүхий этгээдийн шийдвэрээр агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах төслийн хүрээнд хариуцагч захиргааны байгууллагаас М.С-ын барилгын гадна дулааны шугамын зургийг баталсан байх бөгөөд нэхэмжлэгчийн тодорхойлж буй эрх, ашиг сонирхол нь захиргааны уг үйлдлийн улмаас хөндөгдсөн үү, нэхэмжлэгч Х.Б-ын хөрш болж барилга барьсан иргэн М.С-ын үйл ажиллагааны улмаас хөндөгдсөн үү гэдгийг холбогдох баримтыг цуглуулсны үндсэн дээр шийдвэрлэх шаардлагатай.
Учир нь Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д “Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй” гэж, 138.2-т “Энэ хуулийн 138.1-д заасан тохиолдолд хөрш нь зохих зөвшөөрөл олгох, зам, шугам, хоолой барьж байгуулж байгаа тал нь хөршийн шаардсанаар түүнтэй хэлэлцэн тохиролцож нэг удаагийн нөхөн төлбөр төлөх бөгөөд түүний хэмжээг талууд тохиролцон тогтоож чадахгүй бол шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ.
Уг заалтын дагуу М.С-ын барилга нь бусдын газраар хүрээлэгдэж, нийтийн шугам ашиглах боломжгүй байршилд байсан эсэхийг тогтоож, гадна дулааны шугамын зураглалыг нэхэмжлэгч Х.Б-ын газрыг дайран өнгөрөхөөр үйлдсэнийг хариуцагчаас баталсан үйл ажиллагаа үндэслэлтэй эсэхийг тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгч Х.Б-ын ашиг сонирхол захиргааны байгууллагын үйлдлийн улмаас, эсхүл дээрх Иргэний хуулийн заалтын дагуу М.Солонготой нэг удаагийн нөхөн төлбөрийн хэмжээг тохиролцоогүйн улмаас зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0293 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, А.М нараас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан олгосугай
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ