Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 213/МА2017/00015

 

Их богд зам ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 131/ШШ2017/00347 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Их Богд Зам ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

Бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийсний 180.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Их Богд Зам ХХК-ийг төлөөлж захирал *******ы давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 31-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Их Богд Зам ХХК-ийн захирал *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Их Богд Зам ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компаныг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Говийн бүсийн Их хурд даншиг наадмыг зохион байгуулах, бүтээн байгуулалтын ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг Баянхонгор аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаас хүсэлт тавьсан. Хүсэлтийг хүлээн авч 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тухайн ондоо багтаан эргүүлэн төлөхөөр тохиролцож аймгийн Хөгжимт драмын театрт 150.000.000 /зуун тавин сая/ төгрөг, Цэргийн анги аймгийн Цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтийн ажилд 70.000.000 /далан сая/ төгрөгийг шилжүүлж, Их Богд зам ХХК-аас санхүүжүүлсэн. Дээрх санхүүжилтээс 180.000.000 /зуун наян сая/ төгрөгийг одоог хүртэл төлөхгүй байна. Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас 180.000.000 /зуун наян сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Их Богд Зам ХХК-ийн захирал ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие Их богд зам ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд 2014 оны 7 дугаар сард Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар ой болох гэж байна бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийгээд өгөөч гэж удаа дараа надад хүсэлт тавьсан.

Ийнхүү 2014 ондоо багтаан өгнө гэсний дагуу хүссэн хэмжээний мөнгийг тухайн тухайн данс руу нь шилжүүлсэн. Цэргийн ангид шилжүүлсэн 70.000.000 төгрөгийн хувьд тухайн цэргийн анги ажлаа хийгээд улсын комисс хүлээгээд авсан. Төрийн алба нь залгамж халаа байх ёстой. Тухайн үеийн албан хаагч нь гэрээ байгуулаагүй нь хэний буруу болохыг тогтоох боломжтой. Иргэдийн хурлын тогтоол гараад LED телевизор болон угсардаг тайз зэргийг шилжүүлсэн байдаг. Миний зүгээс нотлох баримт хангалттай гэж үзэж байна.

Ой буюу Ламын гэгээний наадмыг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга зохион байгуулсан. Миний зээлсэн мөнгө нь тэрхүү ойд зориулж аймгийн Засаг даргын тамгын газарт зээлсэн.

Хариуцагч Баянхонгор аймгийн ЗДТГазрын дарга ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн Их богд зам ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Говийн бүсийн Их хурд даншиг наадмыг зохион байгуулах, бүтээн байгуулалтын ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлж Аймгийн Хөгжимт Драмын төатрт (Баянхонгор аймгийн төвд электрон самбар) 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөг, Цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтийн ажилд зориулж цэргийн ангид 70.000.000 /далан сая/ төгрөгийг шилжүүлж санхүүжүүлсэн гэх боловч тухайн үеийн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зээл авах шийдвэр гараагүй, Аймгийн Засаг даргын Тамгын газартай хийсэн гэрээ байхгүй, дансаар дамжиж орж ирээгүй, балансад тусгагдаагүй байгаа тул энэ мөнгийг Аймгийн Засаг даргын тамгын газар төлөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шилжүүлсэн гэх 150.000.000 төгрөг хувь хүний дансанд орсон, аймгийн Засаг даргын тамгын газрын дансанд байршаагүй. Хэрвээ 150.000.000 төгрөгийг аймгийн Засаг даргын тамгын газрын дансанд төвлөрсөн бол эргээд зарцуулалт нь харагдах ёстой бөгөөд ийм тохиолдолд бид нарын зүгээс төлөхөд татгалзах зүйлгүй гэдгийг удаа дараа хэлсэн. Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар 180.000.000 төгрөгийг хүнээс авч байгаа бол захиргааны гэрээ хийгддэг. Гэтэл энэхүү мөнгөний хувьд зээлийн төлбөртэй эсэх, эсхүл хариу төлбөртэй юм уу, хэдийд буцаан өгөх нөхцөлтэй эсэх талаар гэрээ хийгдээгүй тул эрх зүйн ямар нэг үр дагавар үүсэхгүй. Гэтэл аймгийн Засаг даргын тамгын газрын дансанд 150.000.000 төгрөг ороогүй, тэгэхээр бид нар данс шүүх боломж байхгүй. Телевиз болон тайз нь аймгийн Засаг даргын тамгын газрын эд хөрөнгийн бүртгэлд байхгүй, харин Хөгжимт драмын театр хэрхэн орлогдож авсан талаар эд хөрөнгийн бүртгэлд байгаа. Энэ талаар хүсэлтээ гаргах боломжтой байсан. Мөн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн тохижилтын ажил хийгдсэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 343 дугаар зүйлийн 343.1, Төсвийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д тус тус заасныг баримтлан Их Богд Зам ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийсний 180.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Их богд зам ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.057.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Их Богд Зам ХХК-ийн захирал ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Их Богд зам XXКомпанийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Говийн бүсийн их хурд даншиг наадмыг зохион байгуулах, бүтээн байгуулалтын ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг Баянхонгор аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас хүсэлт тавьсан. Ийнхүү 2014 ондоо багтаан буцааж төлнө гэсний дагуу Хөгжимт драмын театрт 150.000.000 төгрөг, аймгийн Цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтийн ажилд 70.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Манай компани Хөгжимт драмын театрын дарга байсан *******той ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй тухайн үеийн аймгийн удирдлагуудын хүсэлтээр тусламж, дэмжлэг үзүүлсэн. Энэ талаар тухайн үеийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга *******, нар гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг.

Гэтэл анхан шатны шүүх тус асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч байгууллагын итгэмжпэгдсэн төлөөлөгч ******* нь тухайн 70.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд маш их гомдолтой, ойлгомжгүй байна. Төрийн алба нь залгамж халаа байх ёстой. Тухайн үеийн албан хаагч нар нь гэрээ байгуулаагүй нь хэний буруу болохыг тогтоох боломжтой. Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 131/ШШ2017/00347 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Их Богд Зам ХХК нь аймгийн бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийсний 180.000 төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаснийг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Их Богд Зам ХХК нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газарт нийт 220.000.000 төгрөг зээлсэнээс 40.000.000 төгрөгийг нь Ламын гэгээний даншиг наадмын хандивт зориулж өгсөн. Үлдсэн 180.000.000 төгрөгийг нь зээлж өгсөн гэж нэхэмжлэгч талаас тайлбарладаг байна.

Баянхонгор аймгийн Засаг дарга, түүний тамгын газар нь 2014 онд Ламын гэгээний даншиг наадмын ойд зориулан Баянхонгор аймгийн төвийн услалтын системийн ажлыг гүйцэтгэх, цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахаар Зэвсэгт хүчний 339 дүгээр ангитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан /хх-ийн 69-72 дугаар тал/ бөгөөд энэ бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэхээр Баянхонгор аймгийн Их Богд Зам ХХК-иас 70.000.000 төгрөгийг, мөн Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт тайз төсөлд зориулж төв талбайд байрлуулах LED дэлгэц, угсардаг тайз, LED дэлгэцийн компьютер зэргийг худалдан авах угсарч байрлуулах зорилгоор Баянхонгор аймгийн Их Богд Зам ХХК-иас 150.000.000 төгрөгийг тус тус зээлж авсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Тухайлбал Зэвсэгт хүчний 339 дүгээр ангиас гаргаж өгсөн барилга угсралтын ажлын санхүүжилтын тооцоо, орлогын дансны хуулга /хх-ийн 67-68 дугаар тал/ зэрэгт 70.000.000 төгрөг Их Богд Зам ХХК-иас орж ирснийг орлогонд бүртгэж авчээ. Тухайн үед Баянхонгор аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан ас гэрчээр мэдүүлэхдээ “..Ламын гэгээний 375 жилийн ой болох гээд бүтээн байгуулалтын ажлуудыг дуусгах зорилгоор Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид 70 сая төгрөг, аймгийн Хөгжимт драмын театрт дэлгэц, тайз авах болон бусад ажилд зориулан 150 сая төгрөгийг Баянхонгор аймгийн Их Богд Зам ХХК-иас зээлж авсан нь үнэн. Энэ мөнгийг буцааж төлөх естой..” гэсэн мэдүүлэг,

Баянхонгор аймгийн Иргэдийн Хурлын даргаар ажиллаж байсан *******гээс гэрчээр мэдүүлэхдээ “…2014 онд Ламын гэгээний ой болох гээд Баянхонгор аймгийн Их Богд Зам ХХК-иас мөнгө зээлж аймгийн Хөгжимт драмын театрт тайз төсөлд зориулж 150 сая төгрөг, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид 70 сая төгрөг тус тус зээлж авч өгсөн юм. Энэ мөнгийг буцааж төлөх естой..” гэсэн мэдүүлэг,

Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт төв талбайд байрлуулах LED дэлгэц, угсардаг тайз, LED дэлгэцийн компьютер зэрэг хөрөнгийг эзэмших байгууллагуудад хавсралтаар шилжүүлж хөрөнгөнд бүртгүүлж орлогонд авсан тухай Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2014 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 137 дугаар тогтоол, орлогын баримт /хх-ийн 74-76 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар нь орон нутагт зохион байгуулагдах ойн ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Их Богд Зам ХХК-иас 180.000.000 төгрөгийг эргэж төлөх нөхцөлтэйгээр зээлж авсан болох нь тогтоогдсон байна.

Иймд анхан шатын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас 180.000.000 төгрөгийг гаргуулах үндэстэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 131/ШШ2017/00347 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт “…Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 343 дугаар зүйлийн 343.1, Төсвийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д тус тус заасныг баримтлан Их Богд Зам ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт хийсний 180.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай..” гэснийг “…Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас 180.000.000 төгрөг гаргуулан Баянхонгор аймгийн Их Богд Зам ХХК-д олгосугай..” гэж,

2 дугаар заалтанд “…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Их Богд зам ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.057.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй..” гэснийг “…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжийн 1.057.950 төгрөгийг гаргуулан Баянхонгор аймгийн Их Богд Зам ХХК-д олгосугай..” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Их Богд Зам ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.057.950 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                   ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                                 Г.УЛАМБАЯР