Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/750

 

 

 

 

  2021        11         08                                   2021/ШЦТ/750

 

                                

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “Ё” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Ч.Хишигжаргал

Улсын яллагч: Ц.Шагдар,

Шүүгдэгч Д.М (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Д.Мод холбогдох эрүүгийн 2109000000208 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр, хүүхдийн хамт, Дорнод Дашбалбар сумын чухаг 3 дугаар багт оршин суух хаягтай, урд 2 удаагийн ял шийтгэлтэй,

2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

2014 оны 08 дугаар сарын 12-ны Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 54а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, ............. Д.М, /РД:............./,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хүүхдийн 2 дугаар эмнэлгийн урд талд байрлах автобусны буудлаас Шархад-Зунжин чиглэлийн 92-03 УНМ улсын дугаартай автобусанд нохойтой суулгахгүй гэсэн жолоочийн шаардлагыг эсэргүүцэж хоорондоо маргалдаж, автобусны явах хөдөлгөөнийг хязгаарлан жолооч талын салхины шилийг гараараа цохиж хагалан, улмаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол буюу 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Эрүүгийн 2109000000208 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Лхагва-Эрдэнээс “...Би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн үед Шархад-Зунжин чиглэлийн 9203 УНМ улсын дугаартай автобустайгаа ажлаа хийж явтал Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хүүхдийн 2 дугаар эмнэлэгийн автобусны буудал дээр бор шаргал өнгийн хүрэмтэй, хар өнгийн өмдтэй шар өнгийн нохой дагуулсан 40 орчим насны эрэгтэй автобусанд нохойтойгоо суух гэж байхаар нь нохой оруулахгүй гэсэн чинь түй май гээд салаавч гаргаад орилхоор нь би хаалгаа хаагаад хөдөлсөн чинь автобусны араас ирээд автобусны урд хаалганы шил рүү 2 удаа өшиглөж бас гараараа цохисон юм. Тэгэхээр нь би яаж байна гээд автобуснаасаа буугаад очсон чинь архи уусан хүн байсан. Тэр хүн намайг заамдаж аваад хэвлий хэсэг рүү өшиглөхөөр нь би барьж
аваад нэг алгадсан чинь зорчигч нар гарч ирээд салгаад бид нар автобусандаа суугаад хөдөлсөн, түгжрэлтэй байсан тул бид нээх холдолгүй зогсож байтал тэр залуу араас ирээд автобусны өмнө гараараа алдалж зогсоод гараараа нэг удаа маш хүчтэй автобусны урд салхины шил буюу жолооч тал руу цохисон чинь автобусны урд салхины шил нь нилээн том цуурчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

               Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10 дугаар хуудас/,

 Дамно хөрөнгийн үнэлгээний 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хүүхдийн 2 дугаар эмнэлгийн урд талд байрлах автобусны буудлаас Шархад-Зунжин чиглэлийн 92-03 УНМ улсын дугаартай автобусанд нохойтой суулгахгүй гэсэн жолоочийн шаардлагыг эсэргүүцэж хоорондоо маргалдаж, автобусны явах хөдөлгөөнийг хязгаарлан жолооч талын салхины шилийг гараараа цохиж хагалан, улмаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш төгрөгний хохирол буюу 350.000 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.Мын шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Лхагва-Эрдэнээс “...Тэр хүн намайг заамдаж аваад хэвлий хэсэг рүү өшиглөхөөр нь би барьж аваад нэг алгадсан чинь зорчигч нар гарч ирээд салгаад бид нар автобусандаа суугаад хөдөлсөн, түгжрэлтэй байсан тул бид нээх холдолгүй зогсож байтал тэр залуу араас ирээд автобусны өмнө гараараа алдалж зогсоод гараараа нэг удаа маш хүчтэй автобусны урд салхины шил буюу жолооч тал руу цохисон чинь автобусны урд салхины шил нь нилээн том цуурчихсан...” гэх мэдүүлэг,  гэрэл зургийн үзүүлэлт, Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь бусдын эд хөрөнгө болох автобусны урд талын салхины шилийг  гараараа цохин хагалж, хууль бусаар гэмтээн сэргээн засварлахгүйгээр зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон хууль бус үйлдэл нь гэрч хохирогч нарын зөрүүгүй өгсөн мэдүүлэг, Дамно хөрөнгийн үнэлгээний газрын тайлан дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол[1] учирсан байхыг шаардах ба шүүгдэгч Д.Мын үйлдлийн улмаас 350.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний байгууллагаас гаргасан дүгнэлтээр тогтоогдсон, үйлдэл хор уршгийн хооронд шалтгаант холбоо байна гэж шүүхээс дүгнэсэн тул шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.Мод бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Б.Лхагва-Эрдэнийн гаргасан хүсэлтээр тогтоогдсон болно.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаад прокурорын саналыг хүлээн авч  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзээд шүүгдэгч Д.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 245 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэв.  

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Лхагва-Эрдэнэ нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй  гэж үзэх үндэслэлтэй байна. 

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

                                                                                                                                ТОГТООХ НЬ: 

 

1. Шүүгдэгч . Д.Мыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүүгдэгч Д.Мыг 245 /хоёр зуун дөчин тав/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

             5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

             6.   Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      


 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН

 

 

[1] Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дахь хэсгийн 4.3-т заасан.