Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  Э.Ө                                                                          

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д.Н-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр З аймгийн Н суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлал мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Д аймгийн З сумын ... дугаар багийн ... тоотод оршин суух, Х овогт Д.Н /РД: .../

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... дугаар багийн ... тоотод иргэн Д.М-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр найзуудын хамт гадуур гарч согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад таньдаг А ахын Замын-Үүд сум 3 дугаар баг ... тоотод ирэхэд А ах, найз гээд М нар байсан. Тэгээд би А ахын гэрт унтаж амарсан. Маргааш өглөө буюу 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 07 цагийн орчимд сэргээд байж байхад манай эхнэр Э ирээд намайг гэртээ харьж амрахгүй юм уу гэж асуухаар нь би чи гэртээ харьж бай би өнөөдөр архи ууна гээд А ахын гэрт үлдсэн. Тэгээд би А ахын гэрээс гарч яваад буцаад 11 цагийн орчимд ирэхэд А, Т, М гурав архи уугаад сууж байсан. Тэгээд бид нар хоёр шил 0,75 литрийн “ЭКС” нэртэй архи хоол цай хийж идэж байхдаа уусан. Мөн дахин машинд байсан 0,5 литрийн “Хараа” нэртэй нэг шил архи авч орж ирээд бид нар уусан. Энэ үед Т, А хоёр гэрээс гараад явсан. Би гэрийн хоймор хэсэгт ширээний хойд талд хойшоо хараад сууж байхад М толгойн хойд хэсэгт дарах шиг болсон, энэ үед А ах гаднаас орж ирээд чиний хоолойноос цус гараад байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд миний эрүүний доод хэсгээс цус гарч байхаар нь М-ыг “Чи миний хоолойг хэрчлээ” гээд босож ирээд баруун талын гараараа сандарсандаа болоод М-ын нүүрэн тус газар 2-3 удаа цохьсон чинь гэрийн баруун талд байсан машины сандалны тийшээ газар унасан. М бид хоёрыг А ах салгаад эмнэлэгт хүргэж өгсөн гэжээ. /хх-ийн 72-73/

Шүүгдэгч Д.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 08 дугаар сарын дундуур Замын-Үүд суманд найз А-ын гражийг барьж дуусгах гээд ирсэн. 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Замын-Үүд сум 2 дугаар баг ...тоотод А-ын хашаанд граж барьж байгаад гэртээ орж ирээд унтаж амрах гэж байхад А-ын хуурай дүү Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд унтаж амарсан. 10 дугаар сарын 08-ны өдөр 07 цагийн орчимд Н гэрээс гараад явсан. Надтай хамт граж барьдаг Б ирээд бид хоёр гражаа барьж байхад А, Т хоёр ирээд газар худалдаж авах гэрээ хийгээд А Т-аас газрыг нь худалдаж авсан. Тэгээд би үдээс хойш 14-15 цагийн орчимд ажлаас буугаад гэрт орж ирэхэд А, Т хоёр 0,75 литрийн “ЭКС” нэртэй архи задалсан уугаад сууж байсан, тэр архийг бид гурав хувааж уусан. Би цуйван хоол хийгээд байж байхад дахин 0,75 литрийн “ЭКС” нэртэй 1 шил архи гаргаж ирээд уугаад сууж байхад Н гаднаас орж ирээд гэрийн баруун талын орон дээр суугаад бид нартай хамт архи уугаад, хоол цай идэж уусан. Бид нарын ууж байсан архи дуусаад Н кабинд нэг юм байгаа гэж хэлээд 0,5 литрийн “Хараа” нэртэй нэг шил архи оруулж ирээд бид нар уугаад суусан. Тухайн үед Т орж гараад машиндаа унтаад байсан. Би нилээн согтсон байсан. Тэгээд би ширээн дээр байсан архины шил, том заазуур зэргийг хурааж, янзлах гэж байгаад ширээн дээр байсан том заазуурыг бариад босохдоо хальтарч унаад гэрийн хойд талд хойшоо хараад сууж байсан Н-ийн хүзүүг зүсчих шиг болсон. Тэгээд Н босож ирээд намайг зодсон. Би ухаан алдаад нэг сэргэтэл, гадаа хөл нүцгэн зугтаад гүйж байсан. Тухайн өдөр Н бид хоёрын дунд ямар нэг хэрүүл маргаан, зодоон нүдээн болоогүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нилээн муудсан байсан тул ширээн дээр байсан архины шил, заазуур гэх мэт зүйлсийг хурааж, цэвэрлэх гэж байгаад хальтарч унаад Н-ийн хүзүүг санамсаргүй байдлаар зүсчихсэн юм. Ямар Н бид хоёрын дунд ямар нэг зодоон нүдээн болсон биш. Надад ямар нэг хохирол учраагүй. Миний биеийн байдал сайн байгаа. Хохирлын талаар нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 63-64/

Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй хүн байсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 25-нд хилийн бүсэд жолоочоор ажиллахаар яваад 2021 оны 09 дүгээр сарын 15-нд Замын-Үүд суманд ирсэн. Тэгээд ирсэн цагаасаа хойш 5 хоноод гарч архи уучихаад ирсэн, тэгээд 2021 оны 10 дугаар сарын 04-ний орой нэг найзтайгаа утсаар яриад гараад явсан. Тэгээд удалгүй гэртээ орж ирэхдээ архи уучихаад ирсэн. Удалгүй гэрт байсан нэг шил архийг ганцаараа уучихсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өглөө 09 цагийн үед “Б ахын машиныг янзлахаар явлаа” гээд гараад явсан. Тэгээд 18 цагийн үед гэртээ ирэхдээ согтуу хүрээд ирсэн. Тэгэхлээр нь би “чи одоо яагаад архи дарс уугаад байгаа юм бэ” гээд асуусан чинь “би архи ууж болоогүй байна, би дахиад ууна” гээд гараад явсан. Тэгээд гэртээ ирэхгүй, миний утсыг авахгүй хоёр хонохоор нь найзаас нь асуусан чинь “би мэдэхгүй байна, яасан юм бол оо, би яриадахъя” гэсэн тэгснээ удалгүй “цаадах чинь утсаар ярих тэнхэлгүй шал согтуу байна, А-ийн барилга барьж байгаа гэрт байгаа юм байна” гэсэн. Тэгэхээр нь би 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 22 цагийн үед тус А гэх хүний ... тоот хаягаар нь очиход манай нөхөр шал согтуу газарт хэвтэж байхаар нь өргөх гэсэн дийлээгүй. Тэгээд А гэх хүн нь эрүүл байхаар нь хамт өргөлцөөд хүргээд өгөөч гэсэн чинь одоо согтуу байгаа хүнийг дийлэхгүй, чи маргааш өглөө эрт ирээд аваад яв гэсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 07 цагийн үед бага охиноо дагуулаад очиход тэр гэрт унтаж байсан. Тэгээд би сэрээгээд “одоо харья” гэсэн чинь “би өнөөдөр архи ууна, чи гэр рүүгээ яв” гэсэн. Энэ үед хүүхэд машин дотор уйлаад байхаар нь гарахад ардаас Н гараад ирсэн. Тэгээд би “машинд суу, явъя” гэсэн чинь цаашаа зугтаад гүйгээд явчихсан. Тэгэхээр нь ардаас нь гүйгээд очсон чинь “би машин руугаа явах гэж байна, хүн амьтан хараад байна санаа зовмоор юм, чи яв л даа” гээд байсан. Тэгэхээр нь орхиод гэр рүүгээ явсан. Миний нөхөр их дуугүй, томоотой, ажил амьдралынхаа төлөө явж байдаг, хааяа архи уучихдаг, архи уухаараа агсам согтуу тавьдаггүй унтаад өгчихдөг. Гэр орондоо архи ууна гэж байдаггүй. Миний нөхөр Н-ийн нойр булчирхай өвддөг, архи уухаараа өвдөөд байдаг юм. Бусдаараа өөр өвддөг зүйл байхгүй гэжээ.  /хх-ийн 13-15/

Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тус өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр баг ... тоотод гэртээ 09 цагийн үед сэрээд 10 цагийн үед найз Т-тай уулзаад газар худалдан авах, худалдах гэрээ хийгээд газрын албан дээр нэрээ шилжүүлсэн. Тэгээд 12 цагийн үед ... тоотод байрлах худалдан авсан газартаа очоод М, Т бид гурав хоол хийж идээд архи уусан. Наймаа хийсэн юм чинь гээд Т 0,75 литрийн “Экс” архи гаргаж ирж бид 3 уусан. Тэгээд гаднаас Н орж ирээд архи нэмээд уугаад байсан. Тэгээд бид нар юм яриад байж байсан чинь Т гадаа машинд унтах гээд би Т-ыг машинд унтуулахаар аваад гарсан. Тэгээд ороод ирсэн чинь Н-ийн хүзүүнээс цус гарчихсан байсан. Би яг юу болсныг нь хараагүй. Тэгээд сандраад эхнэр рүүгээ залгаж дуудаад эмнэлэг хүргүүлсэн. Энэ хоёр тухайн үед ямар ч хэрүүл уруул хийгээгүй зүгээр л уугаад сууж байсан. Тэгээд гараад ороод иртэл Н хүзүүндээ зүсэгдсэн байдалтай, М зодуулсан байдалтай байсан. Тухайн үед би согтуу байсан учир нарийн хараагүй гэжээ.  /хх-ийн 24-25/

Гэрч О.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тус өдрийн өглөө 10 цагт А-тай уулзаад хашаа байшингийн гэрчилгээнийхээ нэрийг солиулах гээд ЗДТГ-т байрлах газрын алба руу явсан. Тэндээ нэр усаа шилжүүлчихээд гараад Замын-Үүд сум 2 дугаар баг ... тоотод очоод 0,75 литрийн “Экс” архийг А, М хоёртой уусан. Тэгээд уугаад сууж байгаад нойр аймар хүрээд гараад машинд унтаад өгсөн. Би урьд шөнө нь нойргүй машин барьж байгаад ирсэн тул ядраад түрүүлээд согтчихсон. Яг юу болсныг хараагүй, унтаж байсан гэжээ.  /хх-ийн 34-35/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 сарын 11-ний өдрийн 04/231 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1. Д.М-ын биед гэмтэл тогтоогдлоо. 2. Д.М-ын биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, дээд уруулын дээд талд зулгаралт, хуйханд баруун чамархай хэсэгт зулгаралт, зүүн чихний дэлбээний дээд хэсэг болон зүүн чихний ар талд цус хуралт, хуйханд ар дагз хэсэгт зулгаралт, хэвлийд хүйсний дээд талд зулгаралт, баруун гарын бугалганы гадна дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. Д.М-ын биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 6. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 50-51/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-10/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 52-53/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай ... дугаартай тогтоол /хх-ийн 68-69/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар, Замын-Үүд сумын 2-р багын Засаг даргын тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 81-82/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 85-86/

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 87/

Хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын 5/55 дугаартай тогтоол, прокурорын санал /хх-ийн 89-91/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн ... тоотод иргэн Д.М-ыг зодож, эрүүл мэндэд зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, дээд уруулын дээд талд зулгаралт, хуйханд баруун чамархай хэсэгт зулгаралт, зүүн чихний дэлбээний дээд хэсэг болон зүүн чихний ар талд цус хуралт, хуйханд ар дагз хэсэгт зулгаралт, хэвлийд хүйсний дээд талд зулгаралт, баруун гарын бугалганы гадна дээд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч Д.М /хх-ийн 63-64/, гэрч Г.Э /хх-ийн 13-15/, гэрч Л.А /хх-ийн 24-25/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 сарын 11-ний өдрийн 04/231 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 50-53/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчид зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохиролын хувьд:

Хохирогч Д.М нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн болно.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно. Оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгчийн хувийн байдалд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,  эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.Б