Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2018/0231/З |
Дугаар | 221/МА2018/0434 |
Огноо | 2018-08-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2018/0434
Д.Б нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, Б.Тунгалагсайхан шүүгч, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0371 дүгээр шийдвэртэй, Д.Б, Ч.Н, Н.Ж нарын нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Я.Болдод холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0371 дүгээр шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасныг тус тус баримтлан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Тэтгэмж нөхөн төлүүлэх тухай” 36/12-02-02 тоот актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо: “ ... Энэхүү актыг бид нар хүлээн зөвшөөрөхгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын нийгмийн ажилтан, сургалтын мененжер арга зүйчийн албан тушаалд ажиллаж байгаа этгээд нь 5 жил тутамд нэг удаа мөнгөн тэтгэлэг авахаар заагаагүй бөгөөд мөнгөн тэтгэмж авах эрхтэй албан тушаалтнуудад мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын нийгмийн ажилтан сургалтын менежер арга зүйч хамаарахгүй байна. Иймд Б.Баттулга, Ч.Н, Н.Ж нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д сум, тосгон, багийн,сургууль цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн сургуулийн нийгмийн ажилтан дотуур байрны багш, албан бус боловсролын багш цэцэрлэгийг арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч-д 5 жил тутамд 6 сарын үдсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж олгохоор заасан. Сургууль гэдэгт Боловсролын тухай хуулийн 14, 15 дугаар зүйлд зааснаар ерөнхий боловсролын сургууль, смэргэжлийн боловсрол сургалтын байгууллага/ политехникийн колллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв/ их, дээд сургууль, коллеж хамаардаг билээ.
Мөн Улаангом Политехникийн коллеж нь Увс аймгийн Улаангом сумын 9-р сургуулийн Улсын бүр гэлийн гэрчилгээнд бичсэн болно.
Иймд бид боловсролын тухай хуулийн 43.1.7-д мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын нийгмийн ажилтан, сургалтын менежер, арга зүйчийн албан тушаалт ажиллаж байгаа этгээд нь 5 жил тутамд нэг удаа мөнгөн тэтгэмж авахаар заагаагүй гэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0371 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нар шүүхэд “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Тэтгэмж нөхөн төлүүлэх тухай” 36/12-02-02 тоот актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Санхүүгийн улсын хяналт шалгалтын улсын байцаагч Я.Болд нь дээрх актаар Улаангом Политехникийн коллежийн 2016 он, 2017 оны эхний 9 сарын санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, тус байгууллагын сургалтын албаны арга зүйч Ч.Нт 4 442 045 төгрөг, М.Жамбалнямбууд 4 045 464 төгрөг, нийгмийн ажилтан Д.Бд 3 650 742 төгрөгийг 5 жилийн тэтгэмжийг тус тус олгосон нь Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг зөрчсөн гэж үзээд нэхэмжлэгч нараар тэтгэмжийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ч.Нт, Н.Ж нар нь Улаангом Политехникийн коллежид сургалтын арга зүйчээр тус тус ажилладаг, тэдгээрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байранд тавигдах шаардлага нь “багш” мэргэжилтэй,
5-аас доошгүй жил багшаар ажилласан туршлагатай байх, ажлын байрны зорилго, чиг үүрэг нь сургалтын болон хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургалтын агуулга, арга зүй, технологийн орчныг сайжруулах үйл ажилагааг өдөр тутмын мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, зохион байгуулах, манлайлах, дүн шинжилгээ хийх үйл ажиллагаа явуулдаг байна.
Дээрх зорилгод хүрэхийн тулд багш нарын заах арга, ур чадварыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, сургалтын хөтөлбөр боловсруулах зэрэг ажлыг гүйцэтгэдгээс үзвэл тухайн сургуулийн сургалтын чанар, үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэдэг боловсролын харилцаанд оролцогч этгээд гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д “Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох: 43.1.7.а/ сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч” гэж тус тус заасны дагуу тэтгэмж авах эрхтэй гэж үзэхээр байна.
Харин нэхэмжлэгч Д.Б нь тус коллежийн нийгмийн ажилтнаар ажилладаг байх тул дээрх заалтын “сургуулийн нийгмийн ажилтан” гэж үзнэ.
Хариуцагч нь актын үндэслэлээ “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна түүнд 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно” гэж заасан учраас Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан нь багшаас бусад албан тушаалтнууд хамаарахгүй ...” гэж тайлбарлажээ.
Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Багш дараах нийгмийн баталгаагаар хангагдана:” гэж “Багш” гэж тодорхой заасан боловч 43.1.2, 43.1.4, 43.1.7, 43.1.8 дахь заалтуудад багш болон багшаас бусад боловсролын харилцаанд оролцогчдын нийгмийн баталгааг зохицуулснаас үзвэл хуулийн 43.1 дэх хэсгийг зөвхөн багшид хамааралтай гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Мэргэжлийн боловсрол, сургалтын хууль тогтоомж нь Боловсролын тухай хууль ... эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн актаас бүрдэнэ” гэж, мөн хуульд багшаас бусад ажилтнуудын нийгмийн баталгааг зохицуулаагүй зэргээс үзвэл мэргэжлийн боловсролын сургууль буюу коллежид ажилладаг багшаас бусад албан тушаалтан буюу коллежийн арга зүйч, нийгмийн ажилтанд боловсролын харилцаанд оролцогчдын талаарх ерөнхий харилцааг зохицуулсан Боловсролын тухай хуульд заасан нийгмийн баталгааг эдлүүлэхгүй гэх хууль зүйн үндэслэлгүй.
Мөн хариуцагч нь “... Боловсролын тухай хуулийн 27.1, 31.1.1, Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 6.1, 8.2-т зааснаар мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын удирдлагыг Засаг дарга хариуцахгүй, Яам хариуцдаг ...” гэж тайлбарлах боловч боловсролын харилцаанд оролцогч, улсын төсвөөс санхүүждэг төрийн өмчийн сургуулийн ажилтны нийгмийн баталгааг хангаж тэтгэмж олгох асуудалд дээрх заалтууд хамааралгүй байна. Мөн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал, чуулганы хуралдааны тэмдэглэл зэргээс үзэхэд орон нутагт ажиллаж байгаа багш, бусад ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор Боловсролын тухай хуулийн 43.1.7.а-д өөрчлөлт оруулсан байх бөгөөд харин ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсролын сургуулийн ажилтан гэдгээр нь ялгамж тэтгэмж олгох зорилго байхгүй байна.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын эрхэлдэг ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх үүрэг, тавигдах шаардлагыг анхаараагүйгээс гадна ерөнхий харилцааг зохицуулсан Боловсролын тухай хуулийн дээрх заалтыг мэргэжлийн сургалтын байгууллагын ажилтанд хамаарахгүй гэж буруу тайлбарлажээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын гомдлын дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0371 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7.а-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б, Ч.Н, Н.Ж нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Тэтгэмж нөхөн төлүүлэх тухай” 36/12-02-02 тоот актыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Н, М.Жамбалнямбуу, Д.Б нараас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Ч.Н, М.Жамбалнямбуу, Д.Б нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ