Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 15А

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2016 оны 08 сарын 03 өдөр               Дугаар 15А                                         Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, шүүгч Д.Сугар, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ

Иргэдийн төлөөлөгч Ч.Эрдэнэцогт 

     Улсын яллагч Д.Энх-Амар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Осоржамаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Г.Одгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Одгэрэлд холбогдох 201517000212 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн дунд боловсролтой, цаг уурын техникч мэргэжилтэй, ам бүл 4, 11-20 насны 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Элит хороололд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Буурлууд овгийн Гөлгөөгийн Одгэрэл /регистрийн дугаар ЛЮ70063011/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Г.Одгэрэл нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны шөнийн 03 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн 54-85 СҮА улсын дугаартай Прадо маркын автомашинаар Х.Цэрэнбалтавыг дайрч бусдыг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүгдэгч Г.Одгэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Сүхбаатар аймгийн Ус цаг уурын газарт техникчээр ажиллаж байсан юм. 2015 оны 07 сарын 09-ний өдөр миний ханийн ажлын чиглэлээр шалгалт ирсэн.Тэр шалгалтаа сайн өгсөн тэр өдрөө Хүслийн хүсэл амралтын газарт ажилчдаа хүлээж аваад цайллага болсон. Орой болсон хойно хүмүүс бүжиглэж байхад манай эхнэр намайг гэр рүүгээ явья гээд байсан. Би явахгүй цааргалаад байсан. Тэгж байгаад миний бие өвдөөд байна хоёулаа хамт явья, би даргад хэлчихсэн, нэгэнт даргад хэлчихсэн юм чинь явья гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэртээ ирээд машиныхаа хоёр талаар буусан. Талийгаачийг буухаар нь би буцаад явмаар санагдаад хаалгаа түгжчихээд хөдлөхөд түр тар хийсэн дуу гарсан. Би буугаад хартал талийгаач машины доогуур орчихсон байсан. Би бодохдоо дугуй доогуур биш тэнхлэгийн доогуур нь орчихсон байх гэж бодсон. Би сандраад очоод эхнэрээ өвдөг дээрээ тавихад 2-3 удаа гүнзгий амьсгаа аваад өнгөрчих шиг болсон. Би талийгаачийг машиндаа оруулаад 30 минут яахаа мэдэхгүй уйлаад суугаад байсан. Тэгээд гэртээ ороод хүү Бямбажавыг “ аав ээж хоёрынхоо орыг засчих “ гэж хэлээд ор засуулаад талийгаачийг гэртээ оруулаад хөнжилд нь хэвтүүлээд хувцсыг нь тайлах гэхэд бие нь хөшчихөөд тайлагдахгүй байсан. Тэгэхээр нь би албадлагаар тайлахад фудболк нь урагдах шиг болсон. Өглөө хүү Цэгмид утасдахаар нь би “ ээж чинь болохгүй болчихлоо “ гэж хэлсэн. Хүү Осоржамаа ахад хэлээд эмч дуудаад эмч ирээд өнгөрсөн байна гэж хэлсэн. Тэгээд бид нар хамт явж моорогт хийсэн. Талийгаачтай тэр өдөр бол маргалдаж муудаагүй. Миний хувьд Уулбаяны Сарантуяа гэдэг хүүхэнтэй 2 удаа бэлгийн харьцаанд орсон нь үнэн.  Нэг удаа намайг хөдөө яваад ирэхэд над руу тэр охин залгасан байсан. Би тэр хүүхэд рүү юу гэсэн юм бэ, би хөдөө яваад ирлээ гэж мессеж бичих гэж байгаад тэр мессежээ эхнэр рүүгээ явуулсан. Тэрнээс болж жаахан маргалдсан. Маргааш нь ажилдаа гарах гээд маргалдаж байгаад гэрээсээ гарч байхад Осоржамаа ах надтай зөрөөд орж ирсэн. Намайг ажил дээр ирэхэд “Би чиний явдаг хүүхнийг мэдчихлээ” гэж утсаар ярьсан. Осоржамаа ах хэлсэн юм шиг байна лээ. Би ханьтайгаа маргалддаг байсан боловч тэр дороо учраа олдог байсан. Тухайн үед ямар ч хэрүүл маргаан болоогүй. Би ханийгаа алдчихаад айж сандраад хадамууддаа юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан. Тэгээд л Ганболд ахыг ирэхээр нь үнэнээ хэлье гэж бодсон. Тэгээд би өөрөө цагдаад үнэнээ хэлнэ гэж хүүхдүүддээ хэлчихээд цагдаа руу өөрөө очиж үнэнээ хэлсэн. Намайг машинд мөргүүлсэн гэхээр санаатай дайрсан гэх болов уу гэж айгаад л хэлж чадаагүй юм. Би ханийгаа ингэж алдсандаа маш их харамсч харуусаж байна. Үүнийг би хэзээ ч мартаж чадахгүй. Бид хоёр тэгж аймар муудаж байгаагүй. Сарантуяагийн асуудлаас болж бид хоёр жаахан маргалдсан. Ганаа ах Осоржамаа ах  нарт  өшиглөөд уначихсан гэж л хэлсэн. Эд нар намайг яагаад санаатай алсан гээд байгаа юм бэ. Би оршуулгын зардалд нэхэмжилсэн мөнгийг нь төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би тэгж ханийгаа санаатай алах хүн биш. Би хэнд ч гомдох эрхгүй хүн гэхдээ манай хадамууд намайг урьд нь ханьтайгаа ганц нэг удаа маргаж байсны төлөө энэ санаатай  алсан гээд байгаад нь гомдож байна.  Би маш их харамсаж гэмшиж байна... гэв.

 

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Осоржамаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 07 сарын 9-10-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад өглөө Цэгмид орж ирээд ээж өнгөрчихлөө гэж хэлсэн. Намайг ороход Одгэрэл миний хань өнгөрчихлөө гэж хэлсэн. Би гадаа гараад уйлаад байж байсан. Эмч ирээд нас барсан байна гэсэн. Би машинаараа эмнэлэг рүү аваачиж моорогт хийсэн. Тэр үед талийгаачид ил ямар ч шарх байгаагүй, харагдаагүй. Орой нь манай ах Ганболд хотоос ирээд талийгаачийн хувцсыг тайлж, ээмэг бөгжийг нь авч оршуулах ёстой. Та нар ээмэг бөгжийг нь авсан уу гэхэд бид аваагүй гэж хэлсэн. Ганболд ах ээмэг бөгжийг нь авна, хувцсыг нь тайлж авна гээд эмнэлэг рүү явна гэхэд Г.Одгэрэл Ганболд ахад “Таныг хүлээгээд байсан юм. Бид хоёр Хүслийн хүслэн гэдэг газраас ирж байхад талийгаач намайг 2 өшиглөсөн, тэгээд хаалга нээгдээд талийгаач машинаас унасан. Би 20-30 минутын дараа очиж үзэхэд өнгөрсөн байсан” гэж бид нарт тэгж хэлсэн. Сүүлийн үед талийгаач энэ хоёр муудаж маргалдаад байсан. Би та хоёр хот руу явж засал хийлгэ гэж хэлсэн. Энэ хоёр хот руу явж ирээд талийгаач Итгэлт хамба руу явсан. Итгэлт хамбаас нэг хутга авчирсан байсан. Нэг удаа үзүүлээд намайг энэ хутгыг авах уу? Шинэ хутга юм. Одгэрэлд авчирсан чинь алуулах зэвсгээ авчирсан байна гээд байна гээд уйлж байсан. Дараа нь бас нэг өдөр талийгаач хашгираад би яасан бэ гэхэд надад юу ч хэлэхгүй байсан. Хэрвээ хашаандаа орж ирээд талийгаачийг дайрсан бол манайх руу хашгирахад мэдэх байсан. Яагаад хэлээгүй нуусан юм мэдэхгүй байна. Шөнийн 3 цагаас өглөөний 7 цаг хүртэл нуусан нь сонин санагдаж байна. Би санаатай алсан гэж боддог шүүх шийднэ биз. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гэв. 

 

    Гэрч Ж.Ганболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгэндээ: Надад нүдээрээ харсан зүйл байхгүй.  Над руу 07 сарын 10-ны өглөө 07 цаг 20 минутын үед талийгаач Цэрэнбалтавын ах  Осоржамаа утсаар залгаад  Цэрэнбалтав нас барчихлаа гэж гэсэн. Яаж яваад яагаад нас барсныг нь мэдэхгүй. Би тэр өдрөө хотоос гараад шөнө 23 цагийн үед аймагт ирсэн. Намайг очиход талийгаачийг моорогт хийсэн гэсэн. Тэгсэн талийгаачийн хувцас хунарыг тайлаагүй, ээмэг бөгжийг нь аваагүй гэж хэлсэн. Хоноод маргааш нь моорог руу очоод ээмэг бөгжийг нь авья гэхэд Одгэрэл “би үнэнээ хэлье талийгаач машинаас унаад нас барчихсан би ямар ч ялыг үүрэхэд бэлэн гэж хэлсэн”  Цэрэнбалтав Одгэрэл нар нь гэр бүл болоод олон жил болж байгаа том хүү нь  20 нас хүрч  байгаа байх.  Эд нарын дунд гэр бүлийн маргаан гайгүй л байдаг байсан. Сүүлийн нэг жил хоорондоо маргаад байгаа гэсэн....гэх.

 

Гэрч О.Цэгмид мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2015 оны 07 сарын 09-ний 16 цагийн үед хамгийн сүүлд аав, ээжтэйгээ уулзсан. Ээж “аав, ээж хоёр нь хоночихоод ирнэ, шууданд мах хийчихээрэй” гэж хэлсэн. 07 сарын 10-ны өглөө би махыг нь шууданд хийх гээд сүүгээ махандаа хийгээгүй байхаар нь сүүг нь аль маханд нь хийхийг асуух гээд ээж рүү залгахад ээж утсаа авахгүй байсан. Тэгээд аав руу залгахад аав утсаа авахгүй байж байгаад дараа нь над руу залгаад миний хүү хаана байна хурдан хүрээд ир ээж чинь сэрэхгүй байна гэхээр нь би утсаа салгаад 7 цаг 20 минутын үед намайг очиход ээж орон дээр хэвтэж байсан. Аав хажууд нь уйлаад зогсож байсан. Эмч ирээд ээжийг өнгөрсөн байна гэж хэлсэн. Би машинтай дагаж яваад ээжийгээ моорогт хийсэн гэв. Би аавынхаа өвдгийг дэрлээд хэвтэж байхад аав надад хандан аав нь цагдаа дээр очиж үнэнээ хэлнэ гээд ах дүү нарт хэлээд өөрөө цагдаа дээр ирсэн гэх, 

 

   Гэрч Ч.Саруул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд хэргийн талаар мэдэхгүй. Харин Цэрэнбалтав нь Халзанбух гэх хүнд өргүүлж түүний гэр бүлд нь өссөн. Бид багаасаа хамт байж байнгын холбоотой байдаг байсан. Г.Одгэрэлийг бид нар сайн хүн гэж бодож явдаг байсан. 2014 оны намар Г.Одгэрэлийн том хүү Цэгмид нь хурим хийсний дараа Х.Цэрэнбалтав нь надтай уулзаад Г.Одгэрэл нь нэг хүүхэнтэй холбогдсон гэж байсан. Хүүхнээс болж салдаг юм уу гэхээр нь над дээр хүрээд ир гэхэд би олон хүүхэдтэй чам дээр очиж дараа болоод яахав гэж байсан. 2015 оны өвөл буюу цагаан сарын өмнөх нь Улаанбаатар хотод очоод ламаар явж Г.Одгэрэлд бурханы ном уншуулаад явсан. Үүнээс хойш Х.Цэрэнбалтав нь бид нар хуучнаараа байж чадахгүй байгаа гэж байсан. Х.Цэрэнбалтав нь 2015 оны 02 дугаар сард цагаан сар өнгөрөөд удаагүй байхад над руу утсаар холбогдоод би ажлаасаа 10 хоногийн чөлөө авчихаад байгаа гэсэн. Яагаад чөлөө авсан юм гэхэд бие өвдөөд гэж байсан. Талийгаач нь надтай хамгийн сүүлд 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байх манайд шалгалт сургалт ирээд орой арга хэмжээ болно үсээ янзлуулах гээд байж байна гэсэн. Ер нь талийгаач надад бүх үнэнээ ярьдаг байсан гэх,    

 

Гэрч О.Бямбажавын мөрдөн байцаалтанд өгсөн: Аав ээж хоёр 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ажлынхаа хүмүүстэй Хүслийн хүсэл амралтын газар луу явна гээд явсан. Тэр шөнө нь би гэртээ ганцаараа унтаж байсан. Намайг шөнө унтаж байхад бүр шөнө цагийн нь санахгүй байна хаалга балбахаар нь би нээж өгсөн чинь аав орж ирээд “ аав ээж хоёрынхоо орыг засчих “ гэж хэлэхээр нь би жижиг өрөөнд орыг нь засчихаад том өрөө рүү ороод унтаад өгсөн. Би аав ээж 2-ыг ямар байдалтай орж ирснийг хараагүй. Өглөө нь намайг унтаж байхад аав уйлж орж ирээд “ээж чинь сэрэхгүй байна” гэсэн. Би тэр шөнө орыг нь засчихаад том өрөөндөө орсоны дараа аав гараад явсан. Ер нь нээх маргалдаад байдаггүй. Хааяа ажлаасаа болж маргалдаж байсан. Би хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Нэг удаа аавын уулздаг хүнийг мэдсэн гээд аавтай маргалдсан гэв.

 

  Гэрч Ц.Улааны мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 07 сарын 10-ны өглөө талийгаачийн бэр утсаар хадам ээж өнгөрчихлөө гэж ярихаар нь гайхаад Одгэрэлийнд очсон   Одгэрэл, Осоржамаа нар талийгаачийг моорогт хийчихлээ гээд орж ирэхээр нь би Одгэрэлийг тэвэрч аваад эгчдээ хэлэхгүй яасан юм гэж уйлсан. Учир нь талийгаач өвдөж зовохоороо надад хэлж бид нэг гэр бүл шиг байдаг байсан. Талийгаач хэд хоногийн өмнө надад бие өвдлөө шалгалт өнгөрөөгөөд эмнэлэгт хэвтэнэ гэж байсан болохоор зүрх нь өвдөөд нас барсан юм байх гэж бодоод Одгэрэлээс яав ийв гэж асуугаагүй. Тэр өдрөө ухаанаа олохгүй байж байгаад маргааш нь тэд нартай гандан явсан. Тэгээд Одгэрэлийг байхгүй болохоор нь хүү Цэгмидээс нь асуухад аавыг саатуулсан гэхээр нь гайхаад юу болсон юм бол гэж бодсон. Одгэрэлийг буруу юм хийх хүн биш юм даа гэж бодсон гэх,

 

Гэрч Ж.Тогтохбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:…Миний дүү Х.Цэрэнбалтав нь яагаад нас барсан болохыг мэдэхгүй байна дүү Х.Цэрэнбалтав нь өвчинөөр  болон аваараар нас барсан бол гомдолгүй, харин гадны нөлөөтэй нас барсан гэж үзэж байгаа учраас гомдолтой гэх, 

 

Гэрч А.Буянжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: О.Цэгмид нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний орой айлын хөргөгчинд хонины мах хийгээд маргааш өглөө нь шууданд хийнэ гэсэн. 2015 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 06 цаг 40 минутын орчим босоод өөрийнхөө машиныг жолоодоод хонины мах хийсэн айл руу явсан. 07 цаг 10 минутын үед над руу өөрийнхөө дугаараас залгаад ээж нас барчихсан байна гэсэн. Би Одгэрэлийнд иртэл Х.Цэрэнбалтав нь зүүн өрөөнийхөө орон дээр хэвтчихсэн хүмүүс ирчихсэн уйлчихсан байсан. Одгэрэл нь доогуураа өмд өмсчихсөн цээжин хэсгээрээ шалдан байсан. Удалгүй Цэгмид нь түргэн тусламж дагуулаад ирсэн. Эмч ирж үзчихээд зүрх нь зогссон байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

 

Гэрч О.Баатархуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 07 дугаар сарын 09-ний өглөө 07 цаг 40 минутын үед Цэгмид гэх залуу яаралтай тусламжийн тасагт ирж даралт ихтэй хүн өглөө сэрэхгүй байна гэсэн дуудлагын дагуу Баруун-Урт сумын 5 дугаар баг, Элит хорооллын 6-4 тоотод байшинтай айл руу очиход баруун талын өрөөнд том орон дээр эмэгтэй хүн хэвтэж байсан дээгүүр нь хөнжил нөмрөгсөн байсан. Хөнжлийг нь сөхөж цамцны товчийг тайлж чагнаж үзэхэд амьсгал байхгүй зүрх цохилт байхгүй, хүүхэн харааг шалгахад гэрлийн урвал байхгүй хөшилт үүсчихсэн бие нь хөшчихсөн байсан. Намайг үзэхэд дэргэд талийгаачийн хүү гээд нэг залуу байсан тухайн үед талийгаачийг гэр бүлийн хүн нь даралт ихтэй хууч өвчтэй гэж байсан. Мөн талийгаач ил харагдах шарх байхгүй болохоор нь би зохих байгууллагад мэдэгдээгүй гэсэн мэдүүлэг /хх 35, 207 дугаар хуудас/

 

  Гэрч С.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ”Талийгаач Цэрэнбалтавын биед учирсан гэмтэл нь авто ослын үед үүсдэг гэмтлийн шинжүүдийг  агуулсан байдаг. Гэхдээ авто ослын үед үүсэх боломжтой гэдэг нь яг авто машин гэж дүгнэсэн асуудал биш, тэрийг дүгнэдэг субъект нь ч би биш. Ерөнхийдөө авто машины нөлөөгөөр үүсдэг гэмтлийн шинжтэй байсан. Гэхдээ машинаар санаатай дайрсан уу, болгоомжгүй дайрсан уу гэдгийг би мэдэхгүй. Гэмтэл талаас нь дүгнэлт гаргасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас/

 

 Сүхбаатар аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 28 тоот дүгнэлтэнд: 1. Талийгаач Х.Цэрэнбалтавын цогцост баруун 1-10-р хавирганы хугарал, зүүн 2,4,5,6,7,8,9-р хавирга, өвчүүний хугарал, цээжний хугарал, цээжний хөндийн дотор хананы цус хуралт, баруун уушигны язарч урагдсан шарх, няцрал, баруун зүүн уушиг, гол судасны ар хана, гол судасны дотор хананы цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсэгт, зүүн хөлийн шагайн дотор хэсэгт зулгарсан шарх, зүүн бугалганы гадна дунд хэсэгт түлэгдсэн шарх, нуруунд хоёр далны хооронд, зүүн бөөр орчим, баруун гарын шууны гадна дээд хэсэгт хэвлийн баруун талд суганы дунд шугамаар 11,12-р хавирга орчим нидрэгдсэн зулгаралт, баруун нүдний эргэн тойронд, баруун шанаанд, зүүн даланд, зүүн өгзгөнд зүүн гуяны гадна хэсэгт, баруун өгзөгний доод хэсэг цус хуралтууд гэмтэл, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон ба зүүн гарын бугалганы гадна дунд хэсгийн түлэгдсэн шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, бусад гэмтлүүд нь авто ослын үед үүсгэгдэх боломжтой. 2. Дээрх гэмтлүүд нь амьд үед нь үүсгэгджээ. 3. Талийгаач нь цээжний хөндийн хавсарсан олон гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 4.Талийгаачийн биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь OI бүлгийн харьяаллын цустай байна. 6. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. 7. Тухайн нөхцөлд амь насыг аврах боломжгүй. 8. Цээжний хөндийн битүү гэмтлүүд буюу үхэлд хүргэсэн гэмтлүүд нь авто ослын үед үүсгэгдэх боломжтой, биед ил үүсгэгдсэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр цохигдох, авто ослын үед цохигдох зэргийг яллах боломжгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 82-84-р хуудас/

 

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 4032 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн цамцанд уранхай, өмдөнд ханзархай шинээр гарсан байна гэсэн дүгнэлт /хх-ийн 93-р хуудас/

 

Сүхбаатар аймгийн Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 28 тоот дүгнэлтэнд: 1. Хэргийн материалтай танилцахад уг үйлдэл нь зам тээврийн осол гэж үзэх үндэслэлгүй байна. 2. Зам тээврийн осол гэдэг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэлд зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалыг хохирол учрах явдал юм” гэсэн дүгнэлт /хх-ийн 91-р хуудас/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 7629 дугаартай дүгнэлтэнд: 1.Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн фудболк, хар өнгийн өмд зэргээс шатах тослох материалын агуулга илрэхгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн  162 дугаар хуудас/

 

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн дүгнэлтэнд: 1. Шинжээч хошууч Ч.Уранборын 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан 28 тоот дүгнэлт үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна. 2. Зам тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар, зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна. Зам тээврийн осол-зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал ” дээрх тодорхойлолтоос дүгнэхэд дээрх хэрэг нь зам тээврийн осол гэж үзэх үндэслэлгүй байна. 3. Жолооч Г.Одгэрэлийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 196 дугаар хуудас/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1387 тоот дүгнэлтэнд: 1.Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 28 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Талийгаач Х.Цэрэнбалтавын биед баруун 1-10 дугаар хавирга, зүүн 2, 4-9 дүгээр хавирганы далд хугарал, өвчүүний хугарал, цээжний гялтанд цус хуралт, баруун уушигны язарсан шарх, няцралт, баруун зүүн уушиг, гол судасны ар хана, гол судасны дотор хананд цус хуралт, зүүн бугалга, зүүн хөлний шагай, нуруу, баруун шуу, хэвлийн баруун хэсэгт зулгаралт, зүүн бугалганы гадна хэсэгт түлэгдсэн шарх, баруун шанаа, зүүн дал, баруун, зүүн өвдөг, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр авто машинд мөргөгдөх, дайрагдах үед үүсгэгдэх боломжтой гэсэн дүгнэлт /хх-ийн 198-200 дугаар хуудас/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: /хх-ийн 3-4 дугаар хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6 дугаар хуудас/

Авто машинд хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11 дугаар хуудас/

Мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 202-203-р хуудас/

Фото зураг /хх-ийн 204-205 дугаар хуудас/ зэрэг баримтууд болно.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч Г.Одгэрэл нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Элит хороололд 2015 оны 7 дугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнийн 03 цагийн үед машин хөдөлгөхдөө өөрийн эхнэр Цэрэнбалтавыг дайрч болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн өөрийнх нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн удаа дараагийн мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн Шинжилгээний алба болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн дүгнэлтүүд, Сүхбаатар аймгийн Замын Цагдаагийн газрын болон Улаанбаатар хотын Замын Цагдаагийн газрын техникийн шинжээчийн дүгнэлтүүд хэрэг учралын газар хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт зэрэг баримтаар нотлогдож байна. 

Тухайлбал, шүүгдэгч Г.Одгэрэл нь өөрийнхөө эзэмшлийн 54-85 СҮА улсын дугаартай Прадо-95 маркын авто машинаар хохирогч Х.Цэрэнбалтавын хамт “Хүслийн хүсэлт” амралтын газраас ирээд хашаандаа орж машинаа унтраачихаад, ажлынхаа газрын хүмүүс рүү эргэж очих зорилгоор буцаж машиндаа сууж хаалгаа түгжин машины гэрлээ асаалгүй хөдөлсний улмаас хохирогч Х.Цэрэнбалтавыг машинаар дайрч амь насыг хохироожээ.

 

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Одгэрэлд холбогдох хэргийг эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, яллаж байгаа боловч тухайн хэргийн баримтаар Г.Одгэрэл нь хохирогч Х.Цэрэнбалтавыг машинаар санаатай дайрч алсаныг тогтоогоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэргийн сэдэлтийг буюу бусдыг санаатай алсан гэдгийг бүрэн дүүрэн нотлоогүй атлаа Г.Одгэрэлд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-ээр зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Иймд шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл ...шүүгдэгчид ашигтайгаар шийднэ “ гэж заасан зарчмыг үндэслэн Аймгийн прокурорын газраас Г.Одгэрэлд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 болгон өөрчилж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.Одгэрэл нь шөнийн цагт машины гэрлийг асаалгүй хөдөлгөж болохгүй, хүн болон эд зүйл дайрч болзошгүйг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр хайхрамжгүй хандаж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

      Энэ нь Сүхбаатар аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны болон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1387 тоот “Талийгаач Х.Цэрэнбалтавын биед баруун 1-10 дугаар хавирга, зүүн 2, 4-9 дүгээр хавирганы далд хугарал, өвчүүний хугарал, цээжний гялтанд цус хуралт, баруун уушигны язарсан шарх, няцралт, баруун зүүн уушиг, гол судасны ар хана, гол судасны дотор хананд цус хуралт, зүүн бугалга, зүүн хөлний шагай, нуруу, баруун шуу, хэвлийн баруун хэсэгт зулгаралт, зүүн бугалганы гадна хэсэгт түлэгдсэн шарх, баруун шанаа, зүүн дал, баруун, зүүн өвдөг, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр авто машинд мөргөгдөх, дайрагдах үед үүсгэгдэх боломжтой “ гэсэн дүгнэлт, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрэл зургийн үзүүлэлтүүд, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлтэй уялдаж байх ба талийгаач Х.Цэрэнбалтав нь авто машинд дайрагдаж нас барсан болох нь тогтоогдож байна. 

 

         Шүүгдэгч Г.Одгэрэл талийгаач Х.Цэрэнбалтав нар нь 27 жил хамт амьдарсан, сүүлийн үед тэдний хооронд таарамжгүй харьцаа үүссэн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Осоржамаа, гэрч Ж.Ганболд, Ч.Саруул, О.Цэгмид, О.Бямбажав нар мэдүүлж байгаа боловч дээрх асуудлын улмаас үүдэн хохирогчийн амь насыг санаатай хохироосон гэх үндэслэл хэрэгт тогтоогдоогүй байна. 

 

Тухайлбал, тухайн хэрэг учрал болсон гэх өдөр шүүгдэгч Г.Одгэрэл, талийгаач Х.Цэрэнбалтав нарын хооронд ямар нэг маргаан болоогүй, харьцаа хэвийн байсан талаар “ Хүслийн хүсэл “ амралтын газарт хамт байсан гэрчүүд тодорхой мэдүүлэх бөгөөд шүүгдэгч Г.Одгэрэл нь гэр бүлийн доторх маргаан, бусад асуудлын улмаас эхнэрээ санаатай алсан гэх үндэслэл хэрэгт тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.Одгэрэлийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Одгэрэлд ял шийтгэл оногдуулахад үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогчийн оршуулгын зардлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан хөнгөрүүлэх, харин согтуурсан үедээ гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч Г.Одгэрэл нь энэ хэрэгт 364 хоног цагдан хоригдсон байх тул дээрх цагдан хоригдсон хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулж тооцно. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн фудболк, пүүзэн гутал -1 хос, сурагчийн цүнх, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж авсан тогтоол үйлдэж ирүүлээгүй үнэлэх боломжгүй талийгаачийн өмсч явсан гэх нано цэнхэр өнгийн куртик, хүрэн өнгийн ноосон цамц, улаан өнгөтэй эмэгтэй хүний биеийн тамирын цамц, ногоон өнгийн нарын малгай, эмэгтэй хүний хар майк, хар өнгөтэй эмэгтэй хүний өмд зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Осоржамаад, хүрэн өнгийн ноосон цамц, цагаан өнгийн фодвалк зэргийг Г.Одгэрэлд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Одгэрэл нь оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй тул шүүгдэгчийн 54-84 СҮА улсын дугаартай Прадо маркийн авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор тогтоов.

 

Шүүгдэгч Г.Одгэрэлийн асрах хүнгүй бага насны хүүхдүүд болох 1998 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Одгэрэлийн Сумьяажав /ЛЮ98021610/, 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Буурлууд овгийн Одгэрэлийн Анужин /УХ05212722/ нарын асран хамгаалагчийг тогтоохыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Одгэрэлийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон иргэний бичиг баримт ирүүлээгүй болно.

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Одгэрэлд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ялласаныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 болгон өөрчилсүгэй.  

 

2. Шүүгдэгч Буурлууд овгийн Гөлгөөгийн Одгэрэлийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар шүүгдэгч Г.Одгэрэлийг 5/ тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Одгэрэлд оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг журамлан шүүгдэгч Г.Одгэрэлийн цагдан хоригдсон 364 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тоолсугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн ягаан өнгийн фудболк, пүүзэн гутал-1 хос, сурагчийн цүнхийг, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж авсан тогтоол үйлдэж ирүүлээгүй хэрэгт үнэлэх боломжгүй талийгаачийн өмсөж явсан гэх нано цэнхэр өнгийн куртик, хүрэн өнгийн ноосон цамц, улаан өнгөтэй эмэгтэй хүний биеийн тамирын цамц, ногоон өнгийн нарны малгай, эмэгтэй хүний хар майк, эмэгтэй хүний хар өнгөтэй өмд зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Осоржамаад, хүрэн өнгийн ноосон цамц, цагаан өнгийн фотболка зэргийг Г.Одгэрэлд тус тус олгосугай.

 

7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар 1998 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Одгэрэлийн Сумьяажав /ЛЮ98021610/, 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Буурлууд овгийн Одгэрэлийн Анужин /УХ05212722/ нарын асран хамгаалагчийг тогтоохыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргад даалгасугай.

 

8. Ялтан Г.Одгэрэлийн 54-84 СҮА улсын дугаартай Прадо маркийн авто машиныг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2015 оны 09 сарын 09-ний өдрийн Эд хөнрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай. 

 

9. Г.Одгэрэл нь бусдад төлөх төлбөргүй, оршуулгын зардлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д зааснаар ялтан Г.Одгэрэлийн урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 11 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дугаар зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                           

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.НАСАНБУЯН

 

                ШҮҮГЧИД                             Ү.ОДГЭРЭЛ  

 

                                                         Д.СУГАР