Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, шүүгч Э.Б, шүүгч Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Б.Д,

Шинжээч Э.А,

Иргэдийн төлөөлөгч Б.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Х, С.Ш,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Г.Б /РД: .../-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 10 сарын 29-ний өдөр хүлээн  авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Д аймгийн С суманд төрсөн, ... настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг эх, 2 дүүгийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ Д аймгийн Э сумын ... байсан, Д аймгийн Э сумын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл Л овогт Г.Б /РД:.../-ийг

                                  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л овогт Г.Б нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ... тоотод иргэн Т.Х-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь элэгний эдийн тасрал, эдийн задрал, хэвлийн хөндийн цус алдалт, баруун 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы шууд хугарал, өвчүү ясны хугарал, хамар ясны хугарал, зүүн доод 2 дугаар шүдний хугарал, доод уруулын шарх, зүүн нүдний салстын цус харвалт, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, хамрын нуруу, баруун шанаа, баруун бугалга, баруун дал, цээж нуруу, баруун шилбэний зулгаралт, хамрын нуруу, баруун, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул орчмын зөөлөн эдийн няцрал зэрэг олон тооны гэмтлүүдийг учруулж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр П ахтай уучихаад А ахын гэрт очтол А ахын гэрт хүн байгаагүй. Хүн байхгүй байхаар нь хажуу талын Б ахын гэрт ортол талийгаач ах зүүн орон дээр сууж байсан. Ороод талийгаач ахтай мэндэлсэн чинь хэл амаар доромжлоод харааж зүхээд байхаар нь яасан, юу болсон бэ? Ах аа гэсэн чинь танай ээж хорт хавдар тусчихсан одоо болтол зүгээр яваад байгаа юм уу гээд намайг цохьсон. Тэгж хэлэхээр нь би цочирдсон. Тэгээд та яахаараа дандаа манайхныг дээрэлхэж дарамталж байдаг юм гээд тухайн үед дүрс гэж уурлаад ахтай зодолдсон. Тухайн үед яаж хаана нь цохьсон юм мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд орон дээр би дарчихсан байж байгаад орноос савж унасан. Тэгээд араас Б ах болиулаад яагаад муудалцаад байгаа юм гэхээр нь намайг бага байхад их зоддог байсан гээд уйлаад ярьж байсан. Тэрний дараа А ахын гэрт ороод би Х ахтай муудчихлаа гэсэн чинь яагаад ах дүү нартайгаа муудаад байдаг юм гэж байсан. Тэгээд би буцаж гараад гэрт ороход талийгаач унасан газраа дээшээ хараад хэвтчихсэн байхаар нь би гараа хагас атгаж байгаад цохьсон амьд байхаар нь ах аа бос гэсэн чинь гараа татаж авч байсан. Тэгээд цаашаа юу болсон талаар санахгүй байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэжээ.

Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэрт ороод сайн уу Х ах гэсэн чинь чамд ямар хамаатай юм, миний юу хийх, зайлаач пизда минь гээд хараагаад байсан, тэгээд би яасан юм бэ? ах гээд зүүн талын орон дээр дэргэд нь очоод суусан чинь миний зүүн талын шанаан тус газарт баруун гараараа 1 удаа цохихоор нь би та чинь одоо яагаад байгаа юм бэ? гээд нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохьсон, тэгсэн чинь миний өөдөөс зодолдох гээд дайраад байхаар нь би гарыг нь барьж байгаад биеийг өвдгөөрөө дараад орон дээр дарсан, тэгээд надтай зодолдох гээд эсэргүүцээд орон дээр тийчилж байгаад орноос доош унасан, би түүний 2 гарнаас нь барьсан, цээжин дээр нь өвдгөөрөө тулсан байдалтай тийм байдалтайгаар талийгаач баруун хажуугаараа шалан дээр, би түүний дээр дарсан чигээрээ унасан. Тэгтэл Б ах босоод ирчихсэн, хөөе боль, ах дүүс байж муудаад гээд намайг таягаараа цохихоор нь би дээрээс нь дарж байснаа болиод босоод ирсэн чинь талийгаач Х нь дахиж босож ирэхгүй, амандаа олон юм үглээд над руу муухай хараад хэвтээд байсан, тухайн үед амнаас нь ч юм уу, хамраас нь ч юм уу цус гарчихсан байсан. Би А ахад хэлэхдээ би Х ахыг зодчихлоо гэсэн чинь ахтайгаа муудаад яаж байгаа юм бэ? гээд уурлаж байсан, тэгээд би буцаад Б ахын гэрт орсон чинь талийгаач нөгөө зүүн орны дэргэд унасан газраа дээшээ харсан хэвтэж байхаар нь дэргэд нь очоод гайгүй юу, зүгээр үү гэсэн чинь амандаа үглээд байсан, тэгэхээр нь би түүнийг сэргээж босгож дуудах маягтай гараа хагас атгасан байдалтайгаар тогших байдлаар гэдэг шиг хэд хэдэн удаа зөөлөн цохьсон, тэгсэн чинь мөн л амандаа үглээд байсан, тэгэхээр нь би босгох гээд гарнаас татсан чинь гараа буцаагаад угз татаад авчихаар нь за за гайгүй юм байлгүй гэж бодоод А ахын гэрт ороод хэвтсэн чинь унтчихсан байсан, тэгээд сэрсэн чинь цагдаа, эмнэлэг болчихсон, түүнийг нас барсан гэж хэлсэн...

....Нүүрэн тус газарт цохьсны дараа хамар амнаас нь цус гарчихсан байсан, уруул ам руу цус гаргаж цохьсон байх, орноос доош унах үед би түүний 2 гарыг толгойн дээд хэсэгт нь сунгаад барьчихсан, цээжин дээр нь өвдгөөрөө дарсан чигээрээ хамт газар унахдаа би дээр нь хамт биеийнхээ бүх жингээрээ дарж унасан, талийгаач нь баруун хажуу хэсгээрээ шалан дээр унасан... Эхлээд сайн уу? Х ах гээд мэндэлсэн чинь чамд ямар хамаатай юм, ална шүү муу пизда минь гэхээр нь та чинь одоо яагаад байгаа юм бэ гэсэн чинь зайл, ална шүү танай ээж чинь хорт хавдартай, үхээгүй л яваад байна уу гэх үед миний сэтгэл санаа их цочрон давчидсан. ...манай У-т агсам тавьж, хэл амаар доромжилж, архи нэхдэг, ээжийгээ удахгүй үхнэ, шөнө орой унтуулахгүй, настай таягтай хүнийг гэрээс нь хөөгөөд гаргачихдаг байсан. ...намайг бага байхад аавтай хамт архи уучихаад манай аав Ж.Г-ыг хүн танигдахааргүй болтол зодож байсан...манай ээжийн хамрыг нь олон жилийн өмнө хугалж байсан, гудамжинд таараад цохиж зодоод байдаг, дарамталдаг байсан, биднийг их тамлан зовоодог байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 191-197/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн орчим байхаа Х манайд ганцаараа ирээд надад 4 бидон, 120 литрийн хуванцар саваар ус авч өгөөд байж байснаа удалгүй гарч яваад буцаж 11 цаг өнгөрч байхад байх аа 0.75 граммын “Ерөөл нэртэй архи авч орж ирсэн. Тэгээд надтай авчирсан архиныхаа талыг нь хувааж уусан юм. Х бид хоёр манайд хоёулаа зурагтаар “Олимп”-ын жудо бөхийн барилдаан үзээд “хаанахын бөх вэ, хэн гэдэг вэ” гэх мэт ойр зуурын юм яриад би гэрийнхээ баруун орон дээр, Х болохоор зүүн орон дээр хэвтэж байсан. Ингээд би зурагт үзээд хэвтэж байгаад хэсэг дуг хийсэн, энэ хооронд хүн том, том дуугарах, түс тас гэх чимээ гараад намайг сэрэхэд Б манайд ирчихсэн, Х-ын хэвтэж байсан орны өмнө нь шалан дээр Х-ыг газар унагачихсан дээр нь гараад 2 гараараа Х-ын цээж орчим хүчтэй балбаад байсан. Миний харснаар бол Б, Х-ын цээж орчим руу 5-6 удаа 2 гараараа ээлжлээд хүчтэй цохьсон. Цохих чимээ чанга дуугараад байсан. Тухайн үед би өндийгөөд Б-ийг “хөөе чи болиоч, арай дэндлээ, хэтрүүллээ шүү дээ” гээд Б-ийг өөрийнхөө таягаар зүүн гуя руу нь хатгасан чинь Б Х-ыг зодохоо болиод миний хажууд ирж суугаад уйлаад байсан. Би түүнд “чи арай хэтрүүллээ. Аймаар болгосон байна” гэхэд Б “зүгээр ээ, энэ  миний аавыг үүнээс илүү зоддог байсан юм. Зүгээр ээ гээд л байсан. Б нь Х-ыг зодсоны дараа намайг Х руу харахад Х гэрийн зүүн орны өмнөхөн, гэрийн баганын зүүн урд хэсэгт нь дээшээ хараад хэвтэж байсан бөгөөд түүний нүүр ам цус болсон байдалтай, шанааг нь дагаад цус урсаж байсан. Тэгэхэд Х нэг гүнзгий амьсгаа аваад, тэгснээ хүндээр амьсгаа аваад ямар ч хөдөлгөөнгүй, хөдлөхгүй хэвтээд байсан. Би Х-ыг амьд нь амьд байгаа юм байна гэж бодсон. Гэхдээ тийм зүйл хараагүй болохоор шоконд ороод, сандраад цааш нь юу болсныг нэг л сайн санахгүй байна. Нэг мэдэхэд л эмнэлэг, цагдаа сэргийлэх ирчихсэн байсан. Би Б-ийг хэзээ нь гэрээс гараад явсныг нь ч анзаараагүй, би өөрөө хүртэл сандраад хөл нүцгэн гэрээсээ гарчихсан сууж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40/

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:  “...Манай хашаанд нагац ах Д.Б гэртээ ганцаараа байдаг юм. Тэрээр хөл аарцагны өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй явах суух, хөдөлгөөн муутай байдаг бөгөөд түүний танил манай сумын хүн болох амь хохирогч Т.Х нь 2021 оны 06 сараас хойш сар гаран Д.Б ахын гэрт хамт байгаад байсан, энэ хоёр заримдаа архи ууна, өөр хийх юм байдаггүй байсан юм. 2021 оны 07 дугаар сарын 28-ны өглөө 11 цаг өнгөрч байхад Д.Б ахын гэрт ороход амь хохирогч Т.Х хоёр архи уугаад сууж байсан би тэдний ууж байсан ундаанаас нь залгилчихаад гарсан, тэгээд гэртээ орж ирээд манай дүү Х үдийн амралтаараа ирээд хөмүүл, өөхтэй хуушуур хийгээд дүү Э хэдэн хуушуур оруулж өгсөн. Тэгээд би хэсэг гэртээ байж байгаад 15 цагийн үед гэрээсээ гараад Төмөр замын дэлгүүр рүү тамхинд яваад эргээд 16 цаг өнгөрч байхад буцаад гэртээ ирсэн чинь манай сумын П ирчихсэн согтуу унтаж байсан өөр хүн байгаагүй түүнийг хэзээ ирснийг нь мэдэхгүй тэгтэл гаднаас Г.Б нь ганцаараа нэлээд халамцуухан байдалтай орж ирэхдээ “би Х ахыг зодчихлоо” гэсээр орж ирэхлээр би “яах гэж ах дүүтэйгээ муудаад байдаг юм бэ?” гэсэн чинь дугарахгүй буцаад гараад явчихсан, тэгтэл Д.Б ахын гэрт түг таг” гээд ямар нэгэн юм цохиод байгаа юм шиг чимээ гарсан тэгтэл дүү Э гаднаас ороод ирэхлээр нь би Э-т “Б, Х нар муудаад байх шиг байна, ороод салга даа” гэсэн чинь Э гэрээс гарч яваад эргээд ороод ирэхдээ “ах аа Х ах ухаангүй болчихлоо” гэхээр нь би “яв тэр Х-ын дүү Г-т очиж хэл” гээд гэрээс гаргасан, би   Б-ийн гэр рүү эргэж ороогүй, тэгтэл төд удалгүй Г-ыг дагуулаад Э хүрээд ирсэн ирээд Г гэр рүү ороод “ухаан алдсан байна” гээд сумын эмнэлэг дуудаж байсан тэгээд эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн. Энэ үйл явдал бол 16 цагаас 17 цагийн хооронд л болсон асуудал намайг тамхинд явж ирснээс хойш бол тун богино хугацаанд болж өнгөрсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45/

Гэрч Х.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:   “...2021 оны 07 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн үед босоход гэрт хүн байгаагүй, ээж ажилдаа яваад Б.А ах хөмүүл түүхээр явсан байсан, манай дүү Х.Э нь хөдөө байгаа, би нүүр гараа угаагаад цайгаа уугаад сууж байтал А ах “хөмүүл түүгээд ирлээ” гээд ороод ирсэн, тэгээд А ах бид хоёр гэртээ ойр зуурын юмаа хийгээд би гурил зуураад, ах хөмүүлээ хэрчээд бид хоёр гэртээ байсан, зун гэрийн хаалга онгорхой байдаг учраас ойр зуурхан гарч ороод байцгааж байсан, тэгээд ээж 13 цагийн үед ирээд бид хуушуур хийгээд би хэдэн хуушуур бариад Б ахын гэрт 13 цаг өнгөрч байхад ороход Б ах баруун орон дээрээ, талийгаач Х нь зүүн орон дээрээ хэвтэж байсан би хуушуур оруулж тавьчихаад гараад ирсэн, тэд нартай ямар нэгэн зүйлийн талаар яриагүй, тэгээд би 14 цаг өнгөрөөгөөд гэрээс гарахад ээж, ах хоёр үлдсэн, ээж ажилдаа явахаар бэлдэж байсан, би гэрээс гараад Ц ахынх руу мотоциклийн сэлбэг захьсан байснаа авах гээд очсон, тэднийд хэсэг юм ярьж байгаад эргээд гэртээ 16 цаг өнгөрч байхад ороод ирсэн чинь П гэрт согтуу унтаж байсан, А ах намайг яг гэрт ороод ирсэн чинь зурагт үзээд сууж байсан тэгээд намайг хараад “Б, Х хоёр муудалцаад байх шиг байна, чи ороод үзээдэх” гэхлээр нь би Б ахын гэрт орсон чинь Б ах баруун орон дээрээ цаашаа харчихсан хэвтэж байсан, Б нь гэрийн гол хэсэгт сандал дээр Х руу хараад суучихсан, харин Х нь зүүн талын орны дэргэд доошоо харчихсан нүүрнийх нь орчмоос цус гараад шалан дээр урсчихсан байхаар нь юу болсон юм бэ гээд Б-ээс асуусан чинь зүгээр ээ зүгээр хөдөлсөн, тэгээд гэрийн гадаа ирж зогсоод Г ах тэдний гэр рүү орсон, би эргэж ороогүй тэгээд эмнэлэг ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48/

Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Э ирээд Б Х ахыг зодоод тэгээд Х ах хөдлөхгүй байх шиг байна гэхээр нь би шууд мотоцикльтэй яваад очиход Б-ийн гэрийн үүдний хэсэгт доошоо харсан, толгойн доод хэсэгт шалан дээр цус тунарчихсан, түүний дэргэд Б зогсож байсан, Б надтай юу ч яриагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51/

Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Б нь өөрөө мотоцикльтэй явж байсан бөгөөд намайг сундлаад Б дэлгүүрийн үүдэнд зогсоод Б дотогшоо ороод 2.5 литрийн савтай 3 ширхэг пиво бариад гараад ирэхээр нь би юун пиво юм бэ? яах гэж байгаа юм гэсэн чинь ах хоёулаа үүнийг ууя зүүн пост руу явъя гээд төмөр замын гарам дээр Ковидтой холбоотойгоор түр хугацаагаар ажиллаж байгаа пост болох барьсан гэр дээр очиход Б.Л ганцаараа байсан. ...Б бид хоёр авч очсон пивоо бүгдийг нь хуваагаад уусан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53/

Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Х гэх хүн ухаан алдсан байна гэх дуудлага ирлээ гэх мэдээллийг өгсний дагуу очиж үзэхэд амь хохирогч Т.Х нь гэрийн босгоор орох үед гэрийн зүүн урд талд, толгой хэсэг баруун урагшаа чиглэсэн, хөл зүүн хойшоо жийсэн байдалтай доошоо харсан ухаангүй хэвтэж байсан. Уг цогцсыг араас нь харахад ил харагдах ямар нэгэн гэмтэл илрээгүй, судас дарж үзэхэд цохилохгүй, бие хөрсөн байдалтай байсан. Цогцсыг сувилагч Т-ын хамт гудас авчран дээш нь эргүүлж харуулахад зүүн нүдний зовхи хөхөрсөн, амнаас шүлс цус гарсан, эрүүн дээр ташуу 2 см орчим шархтай, хүүхэн хараа гэрлийн урвал өгөхгүй, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогссон ерөнхийдөө нас барсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57/

Гэрч Б.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Тус өдрийн 10 цаг 50 минутын орчимд миний үүрэг гүйцэтгэж буй гармын пост дээр 2 залуу хар өнгийн мотоциклтэй ирсэн. Ирэхдээ 2 литрийн нийслэл гэсэн бичиглэл бүхий 3 пиво бариад ирсэн. Тэгээд тэр хоёр гурван пивоо ууж дуусгаад манай постод суугаад байхаар нь би ажил үүргээ гүйцэтгэж байна, та 2 одоо яв гэсэн чинь мотоциклоо Г.Б унаад П-ийг сундлаад яваад өгсөн. Би хэргийн газарт 17 цаг 05 минутад очиж хамгаалалт авах үед амь хохирогчийн байгаа гэрийг гаднаас нь түгжсэн байдалтай гэрийн урд талд Ц эмч, сувилагчийн хамт зогсож байсан. ...амь хохирогч гэрийн зүүн урд талд толгой нь баруун урагш чиглэсэн байдалтай, нүүр хэсэг дээр эрээн өнгийн алчуур тавьсан байдалтай, хар хөх өнгийн биеийн тамирын өмдтэй, бусад хэсгээрээ шалдан нас барсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63/

Шинжээч эмч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Амь хохирогчийн цогцост учирсан дээрх гэмтлүүдээс элэгний эдийн тасрал, эдийн задрал, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл нь үхэлд нөлөөлсөн. Нэг ёсондоо элэгний эдийн тасрал, задралын улмаас хэвлийн хөндийд дотуур цус алдаж нас барсан гэсэн юм. Амь хохирогчийн цогцост учирсан элэгний эдийн тасрал, задрал нь эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. Учир нь энэхүү элэгний эдийн тасрал, задрал нь хэмжээний хувьд том учраас цус алдалт ихтэй, хурдан үхэлд хүргэх боломжтой, харин хэр хурдан хугацаанд цус алдаж, үхэлд хүргэсэн болохыг тогтоох боломжгүй. Элэгний эдийн тасрал, эдийн задрал нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохилт, эсвэл хэвлий хэсгээр ямар нэгэн зүйлд хавчигдах, хэвлий хэсэг шахагдах зэрэгт үүсэх боломжтой. 4,3 гэдэг нь согтолтын хүнд зэрэгт хамаардаг. Хүнд зэргийн согтолттой хүн ухамсарт үйлдэл хийх боломжтой эсэх нь хувь хүний биеийн онцлогоос хамаарч өөр өөр байна. Нэг ёсондоо биеийг эсэргүүцэл сайтай, согтууруулах ундааны зүйлийг даах чадвартай хүмүүс өөрийн биеийг ухамсарлан ухамсарт үйлдэл хийх боломжтой байхад, харин эсрэгээрээ биеийн эсэргүүцэл муутай, согтууруулах ундааны зүйлийг хэрэглэх чадваргүй хүн ямар нэгэн ухамсарт үйлдэл хийх чадваргүй, хийж буй үйлдлээ санахгүй байх боломжтой юм. Шууд хугарал гаднаас ямар нэгэн биет үйлчлэх үед үүсдэг хугарал юм. Энэ нь мөн л хатуу, мохоо зүйлийн цохилт, шахалт, дарагдлын үед үүсэх боломжтой. Яллагдагчийн мэдүүлсэн хэсгээс унахад тухайн орноос доош унах үед баруун талаараа шалан дээр унах үед эдгээр хавирганы хугарлууд бүгд үүсэх боломжгүй. Учир хавирганы хугарлуудын хугарлын түвшин нь өөр өөр байрлалтай юм. Орноос унах үед дүгнэлтэд тусгагдсанаар 7, 8, 9, 10 дугаар хавирганы суганы урд шугамаарх хугарал үүсэх боломжтой. Харин өвчүү ясны хугарал, 3, 4, 5, 6, 11 дүгээр хавирганы хугарал бол өөр түвшинд байгаа учир энэ үед үүсэх боломжгүй. Өвчүү ясны хугарал, 3, 4, 5, 6 дугаар хавирганы хугарал нь элэгний дунд шугамаар буюу нэг түвшинд байгаа учир цээжин хэсэгт хатуу, мохоо зүйл үйлчилсэн гэсэн үг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-123/

 Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-14/

Цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 101-116-р хуудас/

Хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 20-24/

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 26-28/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 3603 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Г.Б ... нас/эр 2021.07.08” гэж хаягласан цусанд 1,2 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” /1-р хх-ийн 95-96/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02/038 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Амь хохирогч Т.Х-ын цогцост хийсэн шинжилгээгээр элэгний эдийн тасрал, эдийн задрал, хэвлийн хөндийн цус алдалт, баруун 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы шууд хугарал, өвчүү ясны хугарал, хамар ясны хугарал, зүүн доод 2 дугаар шүдний хугарал, доод уруулын шарх, зүүн нүдний салстын цус харвалт, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, хамрын нуруу, баруун шанаа, баруун бугалга, баруун дал, цээж, нуруу, баруун шилбэний зулгаралт, хамрын нуруу, баруун, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул орчмын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Учирсан элэгний эдийн тасрал, эдийн задрал, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл нь үхэлд нөлөөлсөн байна.

4. Амь хохирогч Т.Х нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас нас барсан байна.

5. Амь хохирогч Т.Х нь 8-12 цагийн өмнө нас барсан байх боломжтой байна.

6. Амь хохирогчийн цуснаас 4,3 спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

7. Амь хохирогчийн цус нь А/Н/ бүлгийн харьяалалтай байна.

8. Шинжилгээний явцад шинээр илэрсэн зүйл үгүй. /1-р хх-ийн 117-118/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3604 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Хар өнгийн биеийн тамирын өмдөн дээр цус илэрсэн. Хар өнгийн дотоож, цэнхэр өнгийн амны хаалт, цэнхэр өнгийн хуванцар таган дээр цус илрээгүй.

2. Биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй.

3. Хар өнгийн өмдөн дээрх цус ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.

4.Г.Б гэж хаягласан цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.

5.Т.Х, Д.Б нарын цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов...1-р хх-ийн 134-136/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3607 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Монгол гэрийн зүүн хэсэгт байх шалан дээрх цус гэх марльд шингээсэн толбо, Монгол гэрийн зүүн урд хэсэгт байх шалан дээрх цус гэх марльд шингээсэн толбо, хиймэл шүдний 2 хэсэг, металл бөгж дээрх толбонд цус илэрсэн.

2 ширхэг тамхины ишин дээр цус илрээгүй.  2 ширхэг тамхины ишин дээр шүлс илэрсэн.

3. Монгол гэрийн зүүн хэсэгт байх шалан дээрх цус гэх марльд шингээсэн толбо, Монгол гэрийн зүүн урд хэсэгт байх шалан дээрх цус гэх марльд шингээсэн толбо, хиймэл шүдний 2 хэсэг дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрсэн ба Т.Х-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

4. Улаан шонхор тамхины иш, LD тамхины ишин дээр нэг эрэгтэй хүний шүлсний ДНХ-ийн тогтоц илэрсэн ба Д.Б-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

5. Металл бөгж дээрх цусны локусын аллелиуд бүртгэгдээгүй байх тул ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй./1-р хх-ийн 153-156/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 20 дугаартай дүгнэлтэнд:

 “...1. Г.Б нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчин үгүй болно.

  2. Г.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 163-164/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 228-231/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцэхэд прокуророос шүүгдэгч Г.Б-д зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирохгүй  байна.

Шүүгдэгч Г.Б-ийг хохирогчид олон тооны шарх үүсгэж онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж алсан гэж хүндрүүлэн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хавтаст хэргийн материалаар нотлогдохгүй байна.

“Хүнийг алахын өмнө буюу алах явцдаа санаатайгаар зодож тарчлаах буюу тохуурхан доромжлох эсхүл олон тооны шарх, гэмтэл зориуд учруулж маш их тарчилгаж зовоох, учруулсан гэмтлийн улмаас ихээхэн зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, эсхүл өлсгөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаан түлсэн хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан, ойр дотны хүмүүсийн дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэрэг үйлдлүүдийг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэж ойлгоно”.

Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б нь Х-ыг зодсоны дараа намайг Х руу харахад Х гэрийн зүүн орны өмнөхөн, гэрийн баганы зүүн урд хэсэгт нь дээшээ хараад хэвтэж байсан бөгөөд түүний нүүр ам цус болсон байдалтай, шанааг нь дагаад цус урсаж байсан. Тэгэхэд Х нэг гүнзгий амьсгаа аваад, тэгснээ хүндээр амьсгаа аваад ямар ч хөдөлгөөнгүй, хөдлөхгүй хэвтээд байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-41/, гэрч С.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Х гэх хүн ухаан алдсан байна гэх дуудлага ирлээ гэх мэдээллийг өгсөний дагуу очиж үзэхэд амь хохирогч Т.Х нь гэрийн босгоор орох үед гэрийн зүүн урд талд, толгой хэсэг баруун урагшаа чиглэсэн, хөл зүүн хойшоо жийсэн байдалтай доошоо харсан ухаангүй хэвтэж байсан. Уг цогцсыг араас нь харахад ил харагдах ямар нэгэн гэмтэл илрээгүй, судас дарж үзэхэд цохилохгүй, бие хөрсөн байдалтай байсан. Цогцсыг сувилагч Т-ын хамт гудас авчран дээш нь эргүүлж харуулахад зүүн нүдний зовхи хөхөрсөн, амнаас шүлс цус гарсан, эрүүн дээр ташуу 2 см орчим шархтай, хүүхэн хараа гэрлийн урвал өгөхгүй, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогссон ерөнхийдөө нас барсан байдалтай байсан...” /1-р хх-ийн 56-57/, Шинжээч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Амь хохирогчийн цогцост учирсан дээрх гэмтлүүдээс элэгний эдийн тасрал, эдийн задрал, хэвлийн хөндийн цус алдалт гэмтэл нь үхэлд нөлөөлсөн. Нэг ёсондоо элэгний эдийн тасрал, задралын улмаас хэвлийн хөндийд дотуур цус алдаж нас барсан гэсэн юм. Амь хохирогчийн цогцост учирсан элэгний эдийн тасрал, задрал нь эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. Учир нь энэхүү элэгний эдийн тасрал, задрал нь хэмжээний хувьд том учраас цус алдалт ихтэй, хурдан үхэлд хүргэх боломжтой” /1-р хх-ийн 121-123/ гэх мэдүүлгүүдийг шинжлэн судлахад амь хохирогч нь шүүгдэгч Г.Б-д зодуулсан даруйдаа нас барсан нь тогтоогдож байгаа бөгөөд хохирогчийг алах явцдаа санаатайгаар тарчлаах буюу тохуурхан доромжлох, олон тооны шарх, гэмтэл зориуд учруулж маш их тарчилгаж зовоосон, олон тооны шарх гэмтлийн улмаас амь хохирогч удаан хугацаагаар тарчилж зовж зүдэрсэн шинж байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байхаас гадна хохирогчид учирсан олон тооны гэмтэл нь хавсарч түүнийг үхэлд хүргэх шалтгааныг үүсгээгүй байна.

Түүнчлэн хохирогчид олон тооны шарх учруулсан хэрэг болгоныг онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан гэж үзэхгүй юм.

Өөрөөр хэлбэл хүнийг алах явцдаа санаатайгаар зодож тарчлаах буюу тохуурхан доромжлох  эсхүл олон тооны шарх, гэмтэл зориуд учруулж маш их тарчилгаж зовоох, учруулсан гэмтлийн улмаас удаан хугацаагаар ихээхэн зовж зүдрэхээр байдал бий болгосон шинжүүдийг шалгаж тогтоох нь зүйтэй юм.

Мөн шүүгдэгч Б-ийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь нотлогдохгүй байна.

Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдал гэдгийг ”...эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг этгээд хамаарна” гэж тайлбарладаг.

Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэрт ороод сайн уу Х ах гэсэн чинь чамд ямар хамаатай юм, миний юу хийх, зайлаач пизда минь гээд хараагаад байсан, тэгээд би яасан юм бэ? ах гээд зүүн талын орон дээр дэргэд нь очоод суусан чинь миний зүүн талын шанаан тус газарт баруун гараараа 1 удаа цохихоор нь би та чинь одоо яагаад байгаа юм бэ? гээд нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохьсон, тэгсэн чинь миний өөдөөс зодолдох гээд дайраад байхаар нь би гарыг нь барьж байгаад биеийг өвдгөөрөө дараад орон дээр дарсан, тэгээд надтай зодолдох гээд эсэргүүцээд орон дээр тийчилж байгаад орноос доош унасан, би түүний 2 гарнаас нь барьсан, цээжин дээр нь өвдгөөрөө тулсан байдалтай тийм байдалтайгаар талийгаач баруун хажуугаараа шалан дээр, би түүний дээр дарсан чигээрээ унасан” гэх мэдүүлэг, шинжээч эмч Э.А-ын “...4,3 гэдэг нь согтолтын хүнд зэрэгт хамаардаг. Хүнд зэргийн согтолттой хүн ухамсарт үйлдэл хийх боломжтой эсэх нь хувь хүний биеийн онцлогоос хамаарч өөр өөр байна. Нэг ёсондоо биеийн эсэргүүцэл сайтай, согтууруулах ундааны зүйлийг даах чадвартай хүмүүс өөрийн биеийг ухамсарлан ухамсарт үйлдэл хийх боломжтой байхад, харин эсрэгээрээ биеийн эсэргүүцэл муутай, согтууруулах ундааны зүйлийг хэрэглэх чадваргүй хүн ямар нэгэн ухамсарт үйлдэл хийх чадваргүй, хийж буй үйлдлээ санахгүй байх боломжтой юм” гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн орчим байхаа Х манайд ганцаараа ирээд надад 4 бидон, 120 литрийн хуванцар саваар ус авч өгөөд байж байснаа удалгүй гарч яваад буцаж 11 цаг өнгөрч байхад байхаа 0.75 граммын “Ерөөл нэртэй архи авч орж ирсэн. Тэгээд надтай авчирсан архиныхаа талыг нь хувааж уусан юм. Х бид хоёр манайд хоёулаа зурагтаар “Олимп”-ын жудо бөхийн барилдаан үзээд “хаанахын бөх вэ, хэн гэдэг вэ” гэх мэт ойр зуурын юм яриад би гэрийнхээ баруун орон дээр, Х болохоор зүүн орон дээр хэвтэж байсан” гэх мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэхэд амь хохирогч нь өөрийнхөө үйлдлийг удирдан жолоодож, хянах чадвартай байсан нь тогтоогдож байна.

Энэ зүйлд заасан хэргийн шинж нь гэмт этгээд нь хохирогчийг ухаан алдсан, муужирсан, гүн согтсон унтаж байгаа болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байгааг ухамсарлан ойлгож мэдсэн байхыг шаарддаг.

Дан ганц шинжээчийн “амь хохирогчийн цуснаас 4,3 спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр амь хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Л овогт Г.Б нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ... тоотод хохирогч Т.Х-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь элэгний эдийн тасрал, эдийн задрал, хэвлийн хөндийн цус алдалт, баруун 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы шууд хугарал, өвчүү ясны хугарал, хамар ясны хугарал, зүүн доод 2 дугаар шүдний хугарал, доод уруулын шарх, зүүн нүдний салстын цус харвалт, хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, хамрын нуруу, баруун шанаа, баруун бугалга, баруун дал, цээж нуруу, баруун шилбэний зулгаралт, хамрын нуруу, баруун, зүүн нүдний дээд зовхи, дээд уруул орчмын зөөлөн эдийн няцрал зэрэг олон тооны гэмтлүүдийг учруулж амь насыг нь хохироосон үйл баримт болжээ.

Шүүгдэгч Г.Б-ийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Г.Б-ийн хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б-ийн өгсөн “...Б ахын гэрт ортол талийгаач ах зүүн орон дээр сууж байсан. Ороод талийгаач ахтай мэндэлсэн чинь хэл амаар доромжлоод харааж зүхээд байхаар нь яасан, юу болсон бэ? ахаа гэсэн чинь танай ээж хорт хавдар тусчихсан одоо болтол зүгээр яваад байгаа юм уу  гээд намайг цохьсон. Тэгж хэлэхээр нь би цочирдсон. Тэгээд та яахаараа дандаа манайхныг дээрэлхэж дарамталж байдаг юм гээд тухайн үед дүрс гэж уурлаад ахтай зодолдсон. Тухайн үед яаж хаана нь цохьсон юм мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд орон дээр би дарчихсан байж байгаад орноос савж унасан. Тэгээд араас Б ах болиулаад яагаад муудалцаад байгаа юм гэхээр нь намайг бага байхад их зоддог байсан гээд уйлаад ярьж байсан. Тэрний дараа А ахын гэрт ороод би Х ахтай муудчихлаа гэсэн чинь яагаад ах дүү нартайгаа муудаад байдаг юм гэж байсан. Тэгээд би буцаж гараад гэрт ороход талийгаач унасан газраа дээшээ хараад хэвтчихсэн байхаар нь би гараа хагас атгаж байгаад цохьсон амьд байхаар нь ахаа бос гэсэн чинь гараа татаж авч байсан. Тэгээд цаашаа юу болсон талаар санахгүй байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би зурагт үзээд хэвтэж байгаад хэсэг дуг хийсэн, энэ хооронд хүн том, том дуугарах, түс тас гэх чимээ гараад намайг сэрэхэд Б манайд ирчихсэн Х-ын хэвтэж байсан орны өмнө нь шалан дээр Х-ыг газар унагачихсан дээр нь гараад 2 гараараа Х-ын цээж орчим хүчтэй балбаад байсан. Миний харснаар бол Б Х-ын цээж орчим руу 5-6 удаа 2 гараараа ээлжлээд хүчтэй цохьсон. Цохих чимээ чанга дуугараад байсан. Тухайн үед би өндийгөөд Б-ийг “хөөе чи болиоч, арай дэндлээ, хэтрүүллээ шүү дээ” гээд Б-ийг өөрийнхөө таягаар зүүн гуя руу нь ёворсон чинь Б Х-ыг зодохоо болиод миний хажууд ирж суугаад уйлаад байсан. Би түүнд “чи арай хэтрүүллээ. Аймаар болгосон байна” гэхэд Б “зүгээрээ, энэ  миний аавыг үүнээс илүү зоддог байсан юм. Зүгээрээ гээд л байсан. Б нь Х-ыг зодсоны дараа намайг Х руу харахад Х гэрийн зүүн орны өмнөхөн, гэрийн баганы зүүн урд хэсэгт нь дээшээ хараад хэвтэж байсан бөгөөд түүний нүүр ам цус болсон байдалтай, шанааг нь дагаад цус урсаж байсан. Тэгэхэд Х нэг гүнзгий амьсгаа аваад, тэгснээ хүндээр амьсгаа аваад ямар ч хөдөлгөөнгүй, хөдлөхгүй хэвтээд байсан. Би Х-ыг амьд нь амьд байгаа юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-41/, гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Г.Б нь ганцаараа нэлээд халамцуухан байдалтай орж ирэхдээ “би Х ахыг зодчихлоо” гэсээр орж ирэхлээр би “яах гэж ах дүүтэйгээ муудаад байдаг юм бэ?” гэсэн чинь дуугарахгүй буцаад гараад явчихсан, тэгтэл Д.Б ахын гэрт түг таг” гээд ямар нэгэн юм цохиод байгаа юм шиг чимээ гарсан тэгтэл дүү Э гаднаас ороод ирэхлээр нь би Э-т “Б, Х нар муудаад байх шиг байна, ороод салга даа” гэсэн чинь Э гэрээс гарч яваад эргээд ороод ирэхдээ “ахаа Х ах ухаангүй болчихлоо” гэхээр нь би “яв тэр Х-ын дүү Г-т очиж хэл” гээд гэрээс гаргасан, би Б-ийн гэр рүү эргэж ороогүй, тэгтэл төд удалгүй Г-ыг дагуулаад Э хүрээд ирсэн ирээд Г гэр рүү ороод “ухаан алдсан байна” гээд сумын эмнэлэг дуудаж байсан тэгээд эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45/,  гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А ах намайг яг гэрт ороод ирсэн чинь зурагт үзээд сууж байсан тэгээд намайг хараад “Б, Х хоёр муудалцаад байх шиг байна, чи ороод үзээдэх” гэхлээр нь би Б ахын гэрт орсон чинь Б ах баруун орон дээрээ цаашаа харчихсан хэвтэж байсан, Б нь гэрийн гол хэсэгт сандал дээр Х руу хараад суучихсан, харин Х нь зүүн талын орны дэргэд доошоо харчихсан нүүрнийх нь орчмоос цус гараад шалан дээр урсчихсан байхаар нь юу болсон юм бэ гээд Б-ээс асуусан чинь зүгээрээ зүгээр хөдөлсөн, тэгээд гэрийн гадаа ирж зогсоод Г ах тэдний гэр рүү орсон, би эргэж ороогүй тэгээд эмнэлэг ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48/, гэрч Т.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э ирээд Б Х ахыг зодоод тэгээд Х ах хөдлөхгүй байх шиг байна гэхээр нь би шууд мотоциклтэй яваад очиход Б-ийн гэрийн үүдний хэсэгт доошоо харсан, толгойн доод хэсэгт шалан дээр цус тунарчихсан, түүний дэргэд Б зогсож байсан, Б надтай юу ч яриагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51/,  гэрч С.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х гэх хүн ухаан алдсан  байна гэх дуудлага ирлээ гэх мэдээллийг өгсний дагуу очиж үзэхэд амь хохирогч Т.Х нь гэрийн босгоор орох үед гэрийн зүүн урд талд, толгой хэсэг баруун урагшаа чиглэсэн, хөл зүүн хойшоо жийсэн байдалтай доошоо харсан ухаангүй хэвтэж байсан. Уг цогцсыг араас нь харахад ил харагдах ямар нэгэн гэмтэл илрээгүй, судас дарж үзэхэд цохилохгүй, бие хөрсөн байдалтай байсан. Цогцсыг сувилагч Т-ын хамт гудас авчран дээш нь эргүүлж харуулахад зүүн нүдний зовхи хөхөрсөн, амнаас шүлс цус гарсан, эрүүн дээр ташуу 2 см орчим шархтай, хүүхэн хараа гэрлийн урвал өгөхгүй, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогссон ерөнхийдөө нас барсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57/, гэрч Б.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хэргийн газарт 17 цаг 05 минутад очиж хамгаалалт авах үед амь хохирогчийн байгаа гэрийг гаднаас нь түгжсэн байдалтай гэрийн урд талд Ц эмч, сувилагчийн хамт зогсож байсан...амь хохирогч гэрийн зүүн урд талд толгой нь баруун урагш чиглэсэн байдалтай, нүүр хэсэг дээр эрээн өнгийн алчуур тавьсан байдалтай, хар хөх өнгийн биеийн тамирын өмдтэй, бусад хэсгээрээ шалдан нас барсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63/,  хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-14/, цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 101-116/, хүний биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 20-24/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 26-28/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 3603 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 95-96/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 02/038 дугаартай шинжээчийн дүгнэлт  /1-р хх-ийн 117-118/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3604 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 134-136/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3607 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 134-136/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 20 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 163-164/ зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр, хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт “Ороод талийгаач ахтай мэндэлсэн чинь хэл амаар доромжлоод харааж зүхээд байхаар нь яасан, юу болсон бэ? ахаа гэсэн чинь танай ээж хорт хавдар тусчихсан одоо болтол зүгээр яваад байгаа юм уу? гээд намайг цохьсон. Тэгж хэлэхээр нь би цочирдсон. Тэгээд та яахаараа дандаа манайхныг дээрэлхэж дарамталж байдаг юм гээд тухайн үед дүрс гэж уурлаад ахтай зодолдсон” гэх мэдүүлэг, түүний өмгөөлөгч Ж.Х, С.Ш нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “Ороод мэнд мэдэж байхад өөдөөс нь чамд ямар хамаатай юм ална шүү, писда минь гэхээр нь та чинь одоо яагаад байгаа юм бэ? гэхэд зайл ална шүү танай ээж хорт хавдартай байж үхээгүй л яваад байна уу гэхээр нь миний сэтгэл санаа их цочирдсон. Талийгаач маш их архи уудаг, архи уухаараа манай эмээг хэл амаараа доромжилж архи нэхдэг, шөнө орой унтуулахгүй гэрээс нь хөөгөөд гаргачихдаг. Ийм үйл явдал байнга болдог. Аавтай хамт архи ууж байгаад аавыг хүн танихгүй болтол зодож байсан. Мөн өвчтэй байгаа ээжийг минь үхээгүй л байна уу удахгүй гэж хэлэх үед нь маш их эмзэглэж сэтгэл санаа цочирдсон, тэгээд намайг цохиж эхэлсэн. Тухайн үед би юуны талаар ярихаа мэдэхгүй цочирдсон байсан гэж мэдүүлдэг. Цочрон давчдаж үйлдсэн гэмт хэргийн шижийг агуулж байгаа. Тэгэхээр эдгээр байдалд шүүх бүрэлдэхүүн анхаарлаа хандуулж гэм буруугийн шийдвэрээ гаргах байх гэж үзэж байна” гэх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй байна.

Сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэдгийг “хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг” ойлгодог.

Шүүгдэгч Г.Б-ийн “миний зүүн талын шанаан тус газарт баруун гараараа 1 удаа цохихоор нь би та чинь одоо яагаад байгаа юм бэ? гээд нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохьсон, тэгсэн чинь миний өөдөөс зодолдох гээд дайраад байхаар нь би гарыг нь барьж байгаад биеийг өвдгөөрөө дараад орон дээр дарсан, тэгээд надтай зодолдох гээд эсэргүүцээд орон дээр тийчилж байгаад орноос доош унасан, би түүний 2 гарнаас нь барьсан, цээжин дээр нь өвдгөөрөө тулсан байдалтай тийм байдалтайгаар талийгаач баруун хажуугаараа шалан дээр, би түүний дээр дарсан чигээрээ унасан. Тэгтэл Б ах босоод ирчихсэн, хөөе боль, ах дүүс байж муудаад гээд намайг таягаараа цохихоор нь би дээрээс нь дарж байснаа болиод босоод ирсэн” гэх мэдүүлэг, гэрч Б-ийн  “Тухайн үед би өндийгөөд Б-ийг “хөөе чи болиоч, арай дэндлээ, хэтрүүллээ шүү дээ” гээд Б-ийг өөрийнхөө таягаар зүүн гуя руу нь хатгасан чинь Б Х-ыг зодохоо болиод миний хажууд ирж суугаад уйлаад байсан. Би түүнд “чи арай хэтрүүллээ. Аймаар болгосон байна” гэхэд Б “зүгээр ээ, энэ  миний аавыг үүнээс илүү зоддог байсан юм. Зүгээр ээ гээд л байсан” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байгаа болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б нь амь хохирогчийг зодож алах явцдаа яаж зодож, ямар үйлдэл хийгээд байснаа тод санаж, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох чадвартай байснаа мэдүүлдэг. Энэ шүүгдэгчийг сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгчийн “намайг бага байхад аавтай хамт архи уучихаад манай аав Ж.Г-ыг хүн танигдахааргүй болтол зодож байсан...манай ээжийн хамрыг нь олон жилийн өмнө хугалж байсан, гудамжинд таараад цохиж зодоод байдаг, дарамталдаг байсан, биднийг их тамлан зовоодог байсан...” гэх мэдүүлгээр шүүгдэгч нь урьдны аав, ээжийг зоддог, манайхыг дарамталдаг байсан үйлдэлд хариу авах, өшөө авах зорилго нь тухайн үед үүсч, архи ууж согтуурсан үедээ хүнийг зодож алсан шинжийг агуулж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Г.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, согтуугаар үйлдэж бусдын амь насыг хохироосон, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б гомдол саналгүй гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч Г.Б нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд ял оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг баримтлан хуульд зааснаар доогуур хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Г.Б нь  хэдийгээр хүний амь нас хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрдөг ч сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас хүний амь нас хохироосон гэж зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцэж байгааг гэм буруугаа сайн дураараа бүрэн дүүрэн хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч Г.Б-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д ” хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “...Хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 07 сарын 29ий өдрөөс 11 сарын 24-ны өдрийг  буюу өнөөдрийг хүртэл нийт 117 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 117 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт, бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтын талаар оролцогч нар нь шүүх хуралдаанд ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй тул  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс авсан дээж 1 ширхэг, цагаан өнгийн сэтэрч эвдэрсэн металл бөгж 1 ширхэг, хиймэл шүдний хугархай 1 ширхэг, цогцосны толгойн хэсгээс зүүн зүгт 10 см зайд газраас авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс авсан дээж 1 ширхэг, LD улаан шонхор гэсэн бичигтэй тамхины иш 2 ширхэг, хутга 1 ширхэг, ерөөл архины шил 3 ширхэг, соёрхол архины шил 1 ширхэг, фанта ундааны сав 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар хөх өнгийн өмд 1 ширхэг, ногоон өнгийн углааш 1 хос, улаан өнгийн цамц 1 ширхэг, бор өнгийн подволка 1 ширхэг, Huiston Rrokets гэсэн бичиглэлтэй хар өнгийн өмд 1 ширхэг, аддидас гэсэн бичиглэлтэй улаан өнгийн тавчик 1 хос, саарал өнгийн оймс 1 хос, хөх цэнхэр өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг зэргийг устгахаар шийдвэрлэж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн эд мөрийн баримт устгуулах комиссоор устгуулахаар  шийдвэрлэв.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчид урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Г.Б-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Л овогт Г.Б /РД:.../-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л овогт Г.Б-д 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийн цагдан хоригдсон 117 /нэг зуун арван долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс авсан дээж 1 ширхэг, цагаан өнгийн сэтэрч эвдэрсэн металл бөгж 1 ширхэг, хиймэл шүдний хугархай 1 ширхэг, цогцосны толгойн хэсгээс зүүн зүгт 10 см зайд газраас авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс авсан дээж 1 ширхэг, LD улаан шонхор гэсэн бичигтэй тамхины иш 2 ширхэг, хутга 1 ширхэг, ерөөл архины шил 3 ширхэг, соёрхол архины шил 1 ширхэг, фанта ундааны сав 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар хөх өнгийн өмд 1 ширхэг, ногоон өнгийн углааш 1 хос, улаан өнгийн цамц 1 ширхэг, бор өнгийн подволка 1 ширхэг, Huiston Rrokets гэсэн бичиглэлтэй хар өнгийн өмд 1 ширхэг, аддидас гэсэн бичиглэлтэй улаан өнгийн тавчик 1 хос, саарал өнгийн оймс 1 хос, хөх цэнхэр өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн дотуур өмд  1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст устгуулахаар даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.Ц

 ШҮҮГЧИД                                                Э.Б

                                                                              Д.Ц