Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0091

 

 

 

 

 

 

       2021         12           10                                    2021/ШЦТ/91

 

                            

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга:                Б.Н

Улсын яллагч:                                  Б.Б

Шүүгдэгч:                                          Х.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Г-т  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2104000000096 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн хэсгийн ..... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б-н овгийн Х-н Г-р /РД:СУ77091878/.

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч Х.Г нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны орой Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хөдөө хэсэг “Улаан ухаа” гэх газраас Г.Б-ны эзэмшилийн загал зүсмийн шүдлэн эр ямаа 1, хар зүсмийн шүдлэн эр ямаа 1, гэдэргээ эвэртэй цагаан зүсмийн бүдүүн эр ямаа 1, улаан зүсмийн бүдүүн эр ямаа 1 буюу нийт 4 тооны ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 420,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                       

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Х.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Д-ж гэдэг хүний малыг хөлсөөр харж өгөхөөр тохиролцож Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут гэх газраас малаа хүлээж аваад Төв аймгийн Баяндэлгэр сумын Дунд байдлаг гэх газар руу тууварласан. Тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Багануур дүүргийн нутгаар дайран хонь, үхэр, адуун сүргийг ганцаараа тууварлаж явсан ба Багануур дүүргийн 2 дугаар хороо “Багануур хөшөө”-ний цаад талаар хойшоо чигтээ уруудаж явтал миний тууварлаж явсан малтай ойрхон бэлчиж байсан 10 гаран ямаанаас 4 ямаа давхиж ирээд нийлсэн. Тэгэхээр нь би цааш нь хонио туугаад явчихсан юм. Энэ талаар би эхнэр, хадам аав, хонин сүргийн эзэн хэнд ч хэлээгүй. Тэгтэл маргааш нь голын эргийн хажууд байж байтал мотоцикльтой 2 хүн ирээд “хэдэн ямаа алдчихаад явж байна, танай хоньтой нийлчихээгүй биз” гэхээр нь би ямар нэгэн юм хэлээгүй. Гэтэл тэр 2 хүн хонины захад очиж хараад цаашаа яваад удалгүй цагдаатай хамт ирсэн. Тэгээд тухайн өдөр 4 ямааг нь эзэнд нь өгсөн. Гэм буруугаа хүлээж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 48-49-р хуудас/,

 Г.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-19-р хуудас/,

Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

С.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 188 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-р хуудас/,           

Мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5-р хуудас/,

2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйл хураан авч, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-йн 6-9-р хуудас/,

            Шүүгдэгч Х.Г-н хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 52-59, 60-62-р хуудас/,

Х.Г-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 59-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

              1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

            Х.Г нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны орой Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хөдөө хэсэг “Улаан ухаа” гэх газраас Г.Б-ны эзэмшилийн загал зүсмийн шүдлэн эр ямаа 1, хар зүсмийн шүдлэн эр ямаа 1, гэдэргээ эвэртэй цагаан зүсмийн бүдүүн эр ямаа 1, улаан зүсмийн бүдүүн эр ямаа 1 буюу нийт 4 тооны ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 420,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт  хэрэгт холбогджээ.

“Алдуул мал” гэж өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос үл хамааран өөрийн ижил сүрэг, байнга идээшиж дассан нутаг бэлчээр, хашаа, хороогоо орхин алслагдаж, хэний ч эзэмшил, хараа хяналтгүй болсон малыг хэлэх бөгөөд тухайн нөхцөлд малын өмчлөгч, эзэшигч нь хэн болох нь мэдэгдэхгүй байгааг ойлгоно.

Шүүгдэгч Х.Г-ийн гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хэлэлцэгдсэн:

-  Г.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “... Манайх иБагануур дүүргийн 2-р хороо “Улаан ухаа” гэх газарт мал маллаж амьдардаг. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хонин сүргээ засмал замаас урагш буюу уурхайн бүс тал руу гаргаж бэлчээсэн. Манай 8-9 настай 2 зээ орой нь 18 цагийн үед хонио хотлуулахаар гэрийн гадна тууж ирсэн. Намайг хонио харахад манай хонинд байдаг содон цагаан ямаа, гэдэргээ эвэртэй улаан эр ямаа зэрэг маань харагдахгүй болохоор нь хонь, ямаагаа тоолоход 6 толгой ямаа дутсан. Маргааш нь нөхөр Т-ын хамт мотоцикльтой ямаагаа хайж яваад Байдлагийн гол гаргаад малаа бэлчээчихсэн машинтай, 2 морьтой хүмүүс байсан.  Тэд нар дээр явж очоод “бид нар хэдэн ямаагаа алдчихаад явж байна” гэж хэлэхэд хэн нь ч дуугарахгүй болохоор нь нөхөр бид хоёр хонийг нь тойрч харахад манай загал зүсмийн шүдлэн эр ямаа 1, хар зүсмийн шүдлэн эр ямаа 1, гэдэргээ эвэртэй цагаан зүсмийн бүдүүн эр ямаа 1, улаан зүсмийн бүдүүн эр ямаа 1 буюу нийт 4 тооны ямаа хонины захад ялгараад идээшилж байсан. Тэгээд би хорооны цагдаа дуудсан. ...Эдгээр ямаануудын маань буруу талын эвэрт ногоон будаг түрхсэн байсан. Тэд нарын өөрсдийнх нь ямаанууд бүгд ногоон будагтай юм байналээ. ...Өмнөх мэдүүлэгтээ 6 ямаа дутсан гэж мэдүүлсэн ба улаан, хар зүсмийн 2 ямаагаа урьд өдөр нь хонь бэлчээсэн газраасаа олсон. Би алдагдсан 4 тооны ямаагаа буцааж авсан ба гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-19-р хуудас/,

- Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Манай мал Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Галуут багт байрладаг ба өвөл мал харах хүнгүй болохоор манай дүү Г гэх хүнээр малаа харуулахаар болж 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр малаа хүлээлгэн өгч, өвөлжөө рүүгээ малаа тууварлуулсан. Тэгээд Г малыг 2 өдөр туугаад Багануурт ирсэн. Байдлаг хэсэгт байх дүүгийн хашаанд малаа хашиж хоноод өглөө нь буюу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өглөө бүх малдаа ногоон өнгийн будаг түрхэж тэмдэглэсэн. Тэгээд тоолоход 358 тооны бог малыг Г-т хүлээлгэн өгөх гэтэл Г “дөрвөн ямааг битгий тоолоорой, миний тууж яваа мал шүү” гэхээр нь би “өө тэгвэл будахаас өмнө хэлэхгүй яасан юм” гэж хэлээт тухайн үед нэг их тоогоогүй. Малаа туугаад Байдлагийн голын тэнд явж байхад мотоцикльтой 2 хүн ирээд Г ахтай уулзаад цааш яваад буцаж ирэхдээ цагдаатай ирсэн. Гэтэл өглөө нь мал тоолоход Г ахын “миний тууж яваа ямаа шүү” гээд байсан 4 ямаа тэр хүмүүсийх байсан юм байналээ.”  гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

- С.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...миний хувьд нөхрийгөө мал тууж байхдаа айлын малыг хамт туусан гэдгийг огт мэдээгүй, манай нөхөр ч надад энэ талаар хэлээгүй. Цагдаа очиход л айлын мал туусныг мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

- Мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5-р хуудас/,

- 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйл хураан авч, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэлд: “...загал зүсмийн шүдлэн эр ямаа 1, хар зүсмийн шүдлэн эр ямаа 1, гэдэргээ эвэртэй цагаан зүсмийн бүдүүн эр ямаа 1, улаан зүсмийн бүдүүн эр ямаа 1 буюу нийт 4 тооны ямааг хохирогч Г.Б-д хүлээлгэн өгөв.” Гэсэн тэмдэглэл.  /хх-ийн 6-9-р хуудас/,

            - шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь өөрийн тууж явсан малд нийлсэн 4 тооны ямааг бусдын өмчлөл, эзэмшлийн мал гэдгийг мэдсэн атал зориуд тууж явж буй нь өөрийн үйлдэлдээ шунахайн сэдэлтээр шууд санаатай хандсан байна гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгоно гэж заасан бөгөөд гэмт үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу нийт 420,000 төгрөгийн хохирол учирсан нь Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 188 дугаартай “Үнэлэгдэж буй эд зүйлийн өнөөгийн зах зээлийн дундаж үнийг ...загал зүсмийн шүдлэн эр ямаа 90,000 төгрөг, хар зүсмийн шүдлэн эр ямаа 90,000 төгрөг, цагаан зүсмийн бүдүүн эм ямаа 100,000 төгрөг, улаан зүсмийн бүдүүн эр ямаа 140,000 төгрөг” гэх дүгнэлтээр /хх-ийн 35-р хуудас/ тогтоогдож байна.              

Иймд шүүгдэгч Х.Г-г Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Х.Г нь хохирогчид  загал зүсмийн шүдлэн эр ямаа 1, хар зүсмийн шүдлэн эр ямаа 1, гэдэргээ эвэртэй цагаан зүсмийн бүдүүн эр ямаа 1, улаан зүсмийн бүдүүн эр ямаа 1 буюу нийт 4 тооны ямааг нэг бүрийн  шинжээр нь хохирогчид буцаан өгсөн /х-ийн 6-9-р хуудас/, хохирхогч нь цаашид нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдол, саналгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн /хх-ийн 23-р хуудас/ нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.           

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Г нь 4 тооны ямааг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 420,000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдсон. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэсэн ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хууль мэдэхгүй байдлаасаа ийм хэрэгт орлоо. Хохирогчид 4 ямааг өгсөн.”  гэв.

 Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал, шүүгдэгчийн хувийн байдлыг хянаад, шүүгдэгч Х.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, тус торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овгийн Х-н Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Х.Г-т 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Х.Г-т  мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.Г-т тайлбарласугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Г нь загал зүсмийн шүдлэн эр ямаа 1, хар зүсмийн шүдлэн эр ямаа 1, гэдэргээ эвэртэй цагаан зүсмийн бүдүүн эр ямаа 1, улаан зүсмийн бүдүүн эр ямаа 1 буюу нийт 4 тооны ямааг хохирогч Г.Б-д нэг бүрийн шинжээр нь буцаан өгснийг баталж, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Х.Г-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                     

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН