Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2018/0589/З |
Дугаар | 221/МА2018/0647 |
Огноо | 2018-12-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2018/0647
Д.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, гуравдагч этгээд Ц.О, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0627 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Б-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0627 дугаар шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 13.1.9, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 54/3 байрны 11 тоот, B1 давхрын 01, 02 тоот авто зогсоолыг Ц.О-д олгосон Y-2206041501, Ү-2206041494, Ү-2206041497 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэл хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг хүчингүй болгох, Д.Б миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн эрхийн бүртгэлийн тасагт даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэгч Д.Б-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, 106.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэснийг зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлийг гаргаж байна.
Анхан шатны шүүх дүгнэхдээ “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.7-д “Өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар...” гэж заасны дагуу Ц.О нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар мэдүүлэг гаргаж түүнд бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, албан ёсны хаяг, эд хөрөнгийг харуулсан план зураг, фото зураг, үйлчилгээний болон тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хамт хүсэлтээ гаргасан, Ц.О нь 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр барилга байгууламжийг хүлээлцсэн улсын комиссын акт, өмчлөгчөөр бүртгэх этгээдийн нэр, хамтран ажиллах гэрээ зэргийг үндэслэн Ц.Оын нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгосныг шууд буруутгах үндэслэлгүй байна.” гэжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газар нь иргэн Ц.О-д Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авахаас өмнө дутуу гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээг гаргаж өгсөн байдаг ба Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, иргэний өмчийн газар дээр баригдаж байгаа бол газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн газрыг өмчлөгч иргэний зөвшөөрлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно.” хэмээн заасан байтал хуульд заасан баримт бичгүүдийг бүрдүүлж өгөөгүй, барилга баригдаж буй газрын өмчлөгч иргэн Д.Быг зөвшөөрлийг аваагүй байтал дутуу гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээг хууль бусаар гаргаж өгсөн мөн энэ талаар холбогдох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байтал анхан шатны шүүх Ц.Оын нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгосныг шууд буруутгах үндэслэлгүй хэмээн үзэж байгааг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргах тухай харилцааг зохицуулсан байх ба 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”; 13.5.4-д “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар” зэрэг баримт бичгийг мэдүүлэг гаргахдаа хавсаргаж өгөхөөр хуульчлан зааж өгсөн байтал Ц.О нь дээрх баримтуудыг мэдүүлэг гаргахдаа бүрэн гүйцэд гаргаж өгөөгүй, тодруулбал маргаан бүхий эд хөрөнгүүдийг өмчлөх эрхтэйг нь нотлох баримт гаргаж өгөөгүй, газар эзэмших, ашиглах эрхийн гэрээг гаргаж өгөөгүй байдаг ба Улсын бүртгэлийн ерөнхий газар нь хуульд нэрлэн заасан баримт бичгүүд дутуу эд хөрөнгүүдийг өмчлөх эрхтэйг нь нотлох баримт хангалтгүй байхад хууль бус бүртгэл явуулж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан байтал анхан шатны шүүх буруутгах үндэслэлгүй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Анхан шатны шүүх дүгнэхдээ “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах 9 үндэслэлийг нэрлэн заасан бөгөөд тухайн мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан болох нь хариуцагчийн тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогджээ” гэжээ.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, 14.1.6-д “энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол” мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана хэмээн тодорхой зааж өгсөн мэдүүлэг гаргагч Ц.О нь мөн хуулийн 13.5.1, 13.5.4-д заасан баримт дутуу байхад хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь бүртгэл хийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хууль зөрчин гаргаж өгсөн байтал анхан шатны шүүх мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан хэмээн дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарласан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, 106.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, дараах үндэслэлүүдээр гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Баас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Ц.О-д олгосон Y-2206041501, Ү-2206041494, Ү-2206041497 тоот үл хөдлөх эд хөрөнгө эмчлөх эрхийн бүртгэл хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг хүчингүй болгох, Д.Б миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дгээс гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээ “...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”, 13.5.4-д “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар” зэрэг баримт бичгийг мэдүүлэг гаргахдаа хавсаргаж өгөхөөр хуульчилсан бөгөөд эдгээр баримтуудыг бүрэн гүйцэт гаргаж өгөөгүй, маргаан бүхий эд хөрөнгүүдийг өмчлөх эрхтэйг нотлох хангалттай баримт байхгүй байхад хууль бус бүртгэл хийсэн” гэж тодорхойлон маргажээ.
Шүүх хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, гуравдагч этгээд Ц.О нь 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Хан-уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандаж гаргасан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөх эрхийн гэрчилгээ хүссэн мэдүүлэгтээ 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Ц.Оыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 54/3 тоотод байрлалтай 1008 м.кв талбай бүхий 97 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн эрхийн гэрчилгээ, Ц.О, “Худалдаа, хөгжлийн банк” ХХК нарын хооронд байгуулагдсан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаальсан зээлийн болон барьцааны гэрээ, “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-ний Ц.Оын барьцаа хөрөнгийг чөлөөлөх тухай албан бичиг болон холбогдох бусад баримтуудыг хавсаргасан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасантай нийцжээ.
Түүнчлэн гуравдагч этгээдээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.4.2-т “...нэрсийн жагсаалт, оногдох талбай, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулсан огноо, тэдгээртэй холбоотой гэрээ хэлцэл зэргийг тодорхой тусгасан “Захиалгаар бариулсан орон сууцны жагсаалт” /хавсралт дугаар/-ыг улс, аймаг, нийслэлийн мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянаж... бүртгэнэ” гэж заасны дагуу 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан мэдүүлэгтээ орон сууцыг захиалгаар авч буй иргэдийн нэрсийн жагсаалт, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2015/86 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт” болон тухайн үл хөдлөх эд хөрөнгө баригдсан Д.Б-ын эзэмшлийн 300 м.кв газрын гэрчилгээг хавсаргасан байна.
Эдгээр нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэхэд нэгэнт Ц.Оаас 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт мэдүүлэг гаргахдаа дээрх газрын гэрчилгээг урьдчилан ирүүлсэн байхад уг гэрчилгээ, Ц.Оын үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөх эрхтэйг нотолсон болон холбогдох бусад баримтуудыг үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж маргаан бүхий бүртгэлүүдийг хийж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гуравдагч этгээд Ц.О-д үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон захиргааны байгууллагын үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “хуульд заасан баримт бичгүүдийг бүрдүүлж өгөөгүй, барилга баригдаж буй газрын өмчлөгч Д.Б-ын зөвшөөрлийг аваагүй байтал дутуу гүйцэтгэлтэй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг Ц.О-д хууль бусаар гаргаж өгсөн” гэх гомдлын тухайд нэхэмжлэгчээс энэхүү бүртгэл болон өмчлөх эрхийн гэрчилгээтэй холбогдуулж маргасан зүйлгүй, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй учраас гомдлын энэ хэсгийг хүлээн авч дүгнэлт өгөх боломжгүй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй боловч баримтлах ёсгүй болон хуульд байхгүй заалтыг баримталсныг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0627 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 13.1.9, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх...” гэснийг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН