Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1699

 

“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/01857 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Нарантуяа, Я.Ганхуяг нарт холбогдох

           

Зээлийн гэрээний үүрэгт 122.796.043 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг 

 

Хариуцагч Д.Нарантуяагийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч    Д.Батцэнгэл

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч        Г.Гал-Очир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Нарантуяа нь “Хас банк” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1330025399 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 100.000.000 төгрөгийн зээлийг жилийн суурь хүү дээр 2.5 хувийг нэмсэнтэй тэнцүү хүүтэй, 60 сарын хугацаатайгаар орон сууцны, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1330026023 тоот зээлийн гэрээгээр 24.000.000 төгрөгийг жилийн 24.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай үндсэн хөрөнгийн зориулалтаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж авсан. Зээлийн гэрээнд Я.Ганхуяг хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Баталгаат ипотекийн №1330025399-01 тоот гэрээгээр Улсын бүртгэлийн Ү-2205052879 дугаартай, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс гудамж 27 дугаар байр 60 тоот хаягт орших 114.5 м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн Ү-2205054792 дугаартай, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс гудамж 27 дугаар байр Зоорийн давхар 22 тоот хаягт орших 18 м.кв талбайтай автозогсоол, Улсын бүртгэлийн Ү-2205054973 дугаартай, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс гудамж 27 байр Зоорийн давхар 21 тоот хаягт орших 18 м.кв талбайтай автозогсоолын хамт барьцаалсан.

Зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөхгүй байсан тул банкнаас зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардсан. 1330025399 дугаартай 100.000.000 төгрөгийн орон сууцны зээлийн тухайд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2014 оны 12 дугаар сар дуустал сар бүр төлөх ёстой үндсэн зээлийн төлбөр нь 1.010.722 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс 2015 оны 12 дугаар сарын хугацаанд сар бүр төлөх зээлийн төлбөр нь 1.121.027 төгрөг гээд нэмэгдэж явсаар жилдээ буюу 12 сарын хугацаанд 13.452.322 төгрөгийн төлбөр төлөх ёстой. Графикийн дагуу төлсөн тохиолдолд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд үндсэн зээлээс 85.536.956 төгрөгийн үлдэгдэлтэй байх ёстой. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 85.536.954 төгрөг байна. Зээлдэгч 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүртэл үндсэн зээл 14.463.046 төгрөг, хүү 18.315.221 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23.443.50 төгрөг, нийт 32.801.711.18 төгрөг төлсөн. Иймд зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байх тул тэдэнтэй байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Д.Нарантуяа, Я.Ганхуяг нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар тооцож 1330025399 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 85.536.954 төгрөг, зээлийн хүүд 19.283.427 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 407.176 төгрөг, нийт 105.227.557 төгрөг нэхэмжилнэ. Нэхэмжлэлээс үзэхэд үндсэн зээлийн үлдэгдэл 85.536.954 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны хүүд 37.598.648 төгрөг бодогдсоноос хүүд төлсөн 18.315.221 төгрөг хасч, үлдэх 19.283.427 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 430.619 төгрөг бодогдсоноос төлсөн 23.443.50 төгрөгийг хасч үлдэх 407.176 төгрөг, нийт 105.227.557 төгрөг болно. Нэхэмжлэл гаргахдаа хүүг 10.723.338 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 1.442.491 төгрөг гэж алдаатай бичсэн байх бөгөөд хүү 19.283.427 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 407.176 төгрөг болохыг залруулж байна. 1330026023 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 14.793.039 төгрөг, зээлийн хүү 2.728.856 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46.592 төгрөг, нийт 17.568.486 төгрөг нэхэмжилж байна. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээнд өөрчлөлт оруулснаар дансны дугаар өөрчлөгдсөн. Энэ гэрээний дагуу үндсэн зээлд 9.206.961 төгрөг, хүүд 1.358.925 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 14.793.187 төгрөг, гэрээнд өөрчлөлт оруулснаас хойш 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүртэл бодогдсон хүү нь 4.087.781 төгрөгөөс төлсөн 1.358.925.50 төгрөгийг хасаад үлдэх 2.728.856 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46.592 төгрөг, нийт 17.568.486 төгрөг болно. 1330026023 дугаар зээлийн гэрээний дагуу фидуцийн гэрээгээр Субару форестор маркийн автомашиныг 16.200.000 төгрөг, Тоёота приус маркийн автомашиныг 13.800.000 төгрөгөөр тооцож үнэлсэн. Энэ зээлийн зорилго нь автомашин худалдан авах зориулалттай бөгөөд эзэмшил нь Д.Нарантуяад байдаг. Анх автомашин улсын дугаар аваагүй байсан, өмчлөлийн гэрчилгээ нь Д.Нарантуяагийн нэр дээр гарсан байх гэж бодож байна, шүүхэд өгөх баримтгүй.

Дээрх 2 гэрээний дагуу хариуцагч Д.Нарантуяа, Я.Ганхуяг нараас нийт 122.796.043 төгрөгийг гаргуулж, Баталгаат ипотекийн №1330025399-01 тоот гэрээгээр Улсын бүртгэлийн Ү-2205052879 дугаартай, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон Энельс гудамж 27 байр 60 тоот хаягт орших 114.5 м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн Ү-2205054792 дугаартай Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон Энельс гудамж 27 байр зоорийн давхар 22 тоот хаягт орших 18 м.кв талбайтай авто зогсоол, Улсын бүртгэлийн Ү-2205054973 дугаартай, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс гудамж 27 байр Зоорийн давхар 21 тоот хаягт орших 18 м.кв талбайтай авто зогсоол зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

          Хариуцагч Д.Нарантуяа шүүхэд гаргасан тайлбартаа:

          Миний бие нь Хас банкнаас энэхүү зээлүүдийг авсан нь үнэн. Хас банкнаас нэхэмжилсэн 2017 оны 2 дугаар сарын 13-ны байдлаар үндсэн зээл 85.536.940 төгрөг, зээлийн хүү 10.723.856 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.442.491 төгрөг нийт 105.227.557 төгрөг гэж нэхэмжилсэн нь зөрүүтэй бодогдсон байна. Энэ дүнгээр нийт 97.702.783 төгрөг байх ёстой атал 7.524.774 төгрөгийн илүү дүнтэй бодсон байна. Орон сууцны зээлийн хувьд гаргасан дүн алдаатай байгаа тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд авсан зээлийг төлж, зээлийг хэвийн байдалд оруулна гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Нарантуяа, Я.Ганхуяг нараас  2014  оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 85.536.954 төгрөг, зээлийн хүү 19.283.427 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 407.176 төгрөг, нийт 105.227.557 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14.793.039 төгрөг, зээлийн хүү 2.728.856 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46.592 төгрөг нийт 17.568.486 төгрөг, нийт 122.796.043 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Хас банк" ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 105 227 557 төгрөг төлөх үүргээ хариуцагч Д.Нарантуяа, Я.Ганхуяг нар сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205052879 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж 27 байр 60 тоот хаягт орших 114.5 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205054792 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс гудамж 27 байр Зоорийн давхар 22 тоот хаягт орших 18 м.кв талбайтай авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205054973 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс гудамж 27 байр Зоорийн давхар 21 тоот хаягт орших 18 м.кв талбайтай авто зогсоолын зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, Нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №1330026023 тоот зээлийн гэрээний үүрэг болох 17.568.486 төгрөгийг баталгаат ипотекийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Д.Нарантуяа, Я.Ганхуяг нараас улсын тэмдэгтийн хураамжид 771.930 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Хас банк" ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 771.930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Д.Нарантуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч тал 122 796 043 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргахдаа үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцохдоо буруу тооцож миний хүүд 7.524.774 төгрөг төлснийг хасч тооцолгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлээгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77, 100 дугаар зүйлд заасныг зөрчиж миний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ, шүүх хуралдаанд оролцох зэрэг эрхийг минь хязгаарлаж шийдвэрлэснийг харгалзна үзнэ үү. Мөн шүүхийн  шийдвэрээс 7.524.774 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Д.Нарантуяа, Я.Ганхуяг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 122.796.043 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Д.Нарантуяа нь 97.702.783 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх шаардлагыг эс зөвшөөрөн маргажээ.

 

 Зохигчдын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 100.000.000 төгрөгийг жилийн суурь хүү дээр 2.5 хувийг нэмсэнтэй тэнцүү хүүтэй, 60 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлбэл үндсэн хүүгийн 20%-тай тэнцүү хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байна.

 

 Гэрээний 2.2-т 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээг 16.5 хувь байх, энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хувьсах хүүгийн хувь 19 хувь байна гэж тохирчээ.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельс гудамж 27 байр 60 тоот хаягт орших 114.5 м.кв тапбайтай орон сууц,

Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс гудамж 27 байр зоорийн давхар 22 тоот хаягт орших 18 м.кв талбайтай авто зогсоол,

Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельс гудамж 27 байр Зоорийн давхар 21 тоот хаягт орших 18 м.кв талбайтай автозогсоолуудыг барьцаалсан байх бөгөөд барьцааны гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 /хх 13-18/

 

Мөн талууд 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр  24.000.000 төгрөгийг 365 хоногт 24.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлэхээр зээлийн гэрээг байгуулж, мөн өдөр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Субару форестор маркийн автомашиныг 16.200.000 төгрөгөөр, Тоёота приус маркийн автомашиныг 13.800.000 төгрөгөөр тооцсон фидуцийн гэрээ, мөн УНС улсын дугаартай Bongo frontier маркийн автомашиныг барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулсан байна. /хх55-57,59-65/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

 

Хариуцагч нар 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 14.463.046 төгрөг, хүү 18.315.221 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 23.443 төгрөг,

 

 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 9.20.961 төгрөг, зээлийн хүүд 1.358.925 төгрөгийг тус тус  төлсөн талаар маргаагүй байна.  

 

Хариуцагч зээлийн төлбөрийг буруу тооцсон гэж тайлбарлаж, энэ үндэслэлээр давж заалдаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байх тул шүүхээс түүнийг эс зөвшөөрөн маргаж байгаа 7.524.744 төгрөгийг хасч тооцох боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь буцаан төлөх мөнгөний баримт зэргийг үндэслэн хариуцагч Д.Нарантуяа, Я.Ганхуяг нараас 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 85.536.954 төгрөг, зээлийн хүүд 19.283.427 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 407.176 төгрөг нийт 105.227.557 төгрөг,

 

2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн зээлийн гэрээгээр үндсэн зээлд 14.793.039 төгрөг, зээлийн хүүд 2.728.856 төгрөг , нэмэгдүүлсэн 46.592 төгрөг нийт 17.568.486 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо шүүх хуралдаанд оролцуулаагүй гэсэн үндэслэл заажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Д.Нарантуяад шүүх хуралдааны товыг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирж чадахгүй болсон тухай нотлох баримт ирүүлээгүй байх тул анхан шатны шүүх түүнийг байлцуулалгүйгээр шүүх хуралдаан хийснийг буруу гэж үзэхгүй. Иймд түүний давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Я.Ганхуяг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр өөрийгөө төлөөлөх итгэмжлэлийг хариуцагч Д.Нарантуяад олгосон байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Нарантуяа оролцсон байна.

 

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2017/01857 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Нарантуяагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа Д.Нарантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             А.МӨНХЗУЛ

                  ШҮҮГЧИД                            С.ЭНХТӨР

                                                               Ц.ИЧИНХОРЛОО