Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 138

 

Ц.Уламбаяр, Д.Ганбаатар нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Х.Батчимэг,

шүүгдэгч Ц.Уламбаярын өмгөөлөгч Л.Жавзмаа,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 204 дүгээр магадлалтай, 201625021750 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Уламбаярын өмгөөлөгч Л.Жавзмаагийн гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, эрэгтэй, 2002 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 70,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, 2009 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2006 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн, Бургууд овогт Цээпэлийн Уламбаяр нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1956 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Бичээч овогт Должингийн Ганбаатар нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Уламбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д.Ганбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Д.Ганбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Ц.Уламбаярыг 5 жил 01 сар хорих ял шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Уламбаяр, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэг, өмгөөлөгч Л.Жавзмаа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Уламбаярын өмгөөлөгч Л.Жавзмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “…Давж заалдах шатны шүүх өмгөөлөгчийн гомдлыг няцааж үгүйсгэх байдлаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасан “...давж заалдсан гомдолд дурдсан зүйлээр хязгаарлахгүй бүх шүүгдэгчийн хэргийг бүхэлд нь хянаж үзнэ” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн. Хэрэг үйлдэхэд хэрэглэсэн гэх чулуу нь мөрдөн байцаалтад хураагдсан чулуу биш гэдгийг гэрч Г.Баянбаатар, шүүгдэгч Д.Ганбаатар, Ц.Уламбаяр нар мэдүүлгээрээ нотолсон байдаг. Тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулуугаар хохирогчийг цохисон гэх байдал тогтоогдохгүй үгүйсгэгдэж байхад давж заалдах шатны шүүх “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт заасан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн гэх хуулийн үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3, 80 дугаар зүйлийн 80.1.1, 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсгүүдийг зөрчсөн гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй. Шүүгдэгч нь сүүжиндээ 3 ширхэг хадаастай, 2016 онд хадаасаа авахуулах байсан боловч санхүүгийн боломжгүй байдлаас үүдэн авахуулж чадаагүй. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд энэ хүний хувийн байдал, эрүүл өвчтэй эсэхийг тогтоогоогүй. Мөн энэ хүн бага насны хоёр хүүхэдтэй ба бага хүүхэд нь шүүгдэгчийн ээжтэй нь хамт байдаг бөгөөд эхнэр нь том хүүхдээ аваад явсан байдаг. Бид давж заалдах шатны шүүхэд авчирч өгсөн лавлагаанд шүүгдэгчийг ам бүл 6 гэсэн байдаг. Харин хавтаст хэрэгт ам бүл 4 гэсэн байна. Хүүхдүүд нь энэ хүний асрамжинд байдаг бөгөөд шүүхээс асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогоогүй. Дээрх байдлаас үүдэн хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна. Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ц.Уламбаярыг урьд нь 3 удаа ял шийтгүүлж байсан гэж дүгнэсэн ба хэрэгт нотлох баримтаар шийтгэх тогтоолууд авагдсан нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудастай зөрүүтэй байдаг. Энэ асуудлыг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тодруулахаар прокуророос асуусан боловч хариулт өгч чадаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахад нөлөөлөхүйц нөхцөл байдлыг тодруулахгүйгээр прокуророос хариулт өгч чадаагүй асуудлыг “2002 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 70,000 төгрөгөөр торгох ялаар, 2009 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоног ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2006 оны хуулиар өршөөн хэлтрүүлэгдсэн” гэж дүгнээд нотлох баримтаар хавсаргагдсан 2005 оны 53 дугаар шийтгэх тогтоолыг хэрхэн дүгнэсэн, улмаар анхан шатны шүүх 3 удаагийн ял шийтгэлтэй гээд ял оногдуулсан дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэхгүйгээр “зөвтгөн залруулах нь зүйтэй” гэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.1, 318.2.2, 319 дүгээр зүйлийн 319.1.3 дахь заалтуудыг зөрчсөн. Ц.Уламбаярын үйлдсэн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн талаар прокурор дүгнэлтдээ “аль намд саналаа өгөх гэж байна” гэж асуун сонгуулиас болж маргаан үүсгэж барьцалдан авч харилцан зодолдсон гэжээ. Харин шийтгэх тогтоолд “өөрийг нь үл тоож, зүй бус харьцаж маргаан үүсгэлээ” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсан гэж дүгнэж ял оногдуулсан. Ийнхүү илтэд хоёр өөр зөрүүтэй байдлын талаар давж заалдах шатны шүүх хуралдаан дээр прокурор “өөрийг нь үл тоож маргаан үүсгэн зүй бус харьцлаа гэж яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоол, шүүхийн хэлэлцүүлэгт яригдаагүй” гэж анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэсэн байхад давж заалдах шатны шүүх “тодотгож дүгнэсэн”-ийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхгүй гэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийг зөрчсөн байна. Шинжээчийн дүгнэлт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2, 3.1.2 дахь заалтад заасан шаардлага хангаагүй, Ц.Уламбаярын эрх зүйн байдлыг илтэд дордуулсан гэж үзэж байна. Дүгнэлтэд “...духны зүүн хөндийн гадна дотно ялтас, зүүн нүдний ухархайн дээд хана, суурийн урд хонхрын шугаман хугарал, нүүр толгойн хуйхны олон тооны шарх, дух, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл үүссэн гэжээ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь заалтад “гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал: үүнд, гавлын орой (дух, зулай яс), чамархай, дагз ба суурь яс (өмнө, дунд, ар хонхор, эрвээхэй яс, ухархай, самалдагийн дээд хана)-ны хугарал, заадсын салалт хамаарах ба харин нүүр, духны хөндийн өмнөд ханын хугарал, гавлын орой ясны гадна ялтасны цууралт хамаарахгүй” гэжээ. Мөн журмын 2.2 дахь хэсэгт гэмтлийн хүнд зэрэгт  ...хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги алдагдсан гэмтэл хамаарахаар заасан ба шинжээчийн дүгнэлтийн 4 дэх заалтад цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэсэн нь уг журмын 2.2.4 дэх заалтад заасан хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр (35-100%) тогтонги байдлаар алдагдсан шинжийг агуулаагүй байх тул хүнд зэрэгт хамаарахгүй гэмтэл гэж үзэж байна. Гэмтлийн зэрэг тогтоох журамд хүнд зэргийн гэмтлийг тогтоохдоо амь насанд аюултай гэмтэл, амь тэнссэн байдал, гэмтлээс үүссэн үлдэц уршиг, ерөнхий чадвар алдалт гэсэн үндсэн шалгуур шинжүүдийг харгалзан үзэхээр заасан байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн ажиллагааг хянан үзэж, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь эд мөрийн баримтыг хэрэг гарснаас хойш 2 сарын дараа хохирогч авчирч өгсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсгийг зөрчсөн. Шүүгдэгч нь яллах дүгнэлтэд дурдсанаар урьд нь 3 удаагийн ял шийтгэлтэй гэж харагддаг. 2005 онд үйлдэгдсэн хэрэгт 2009 онд дахин ял шийтгэсэн мэтээр тодорхойгүй нөхцөл байдал бий болгосон байна. Хэдийгээр ялтай байдал нь өнгөрсөн хэдий ч хувийн байдлыг зайлшгүй тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Мөн эхнэр нь 3 хүүхдээ аваад Увс аймаг явсан гэж худлаа хэлсэн байж болохоор мэдүүлэг анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Гэтэл хэргийн 149 дүгээр талд Увс аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт энэ талаар огт дурдаагүй байдаг. Дээр дурдсан хэргийн нөхцөл байдлаас харахад энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хууль бусаар хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг ноцтой зөрчсөн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Ц.Уламбаяр нь согтуугаар 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн орой 21-22 цагийн үед танил Д.Ганбаатартай Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 46 дугаар гудамжинд тааралдан “аль намд саналаа өгөх гэж байна” гэж асуун маргаан үүсгэж, улмаар харилцан зодолдохдоо түүний толгой руу чулуугаар цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

шүүгдэгч Д.Ганбаатар нь согтуугаар танил Ц.Уламбаяртай Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны 46 дугаар гудамжинд тааралдан хувийн таарамжгүй харилцаа үүссэний улмаас харилцан маргалдаж зодолдохдоо түүний толгой руу чулуугаар цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ц.Уламбаярыг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Ганбаатарыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Д.Ганбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ц.Уламбаяр нь Д.Ганбаатарын биед хүнд гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаагийн “...мөрдөн байцаалтад хураагдсан чулуу нь хэрэг үйлдэхэд ашигласан чулуу биш” гэсэн гомдлын тухайд эд мөрийн баримтаар хураагдсан чулууг хэрэг үйлдэхдээ ашигласан эсэх талаар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах нь хэрэгт ач холбогдолгүй, зүйлчлэлд нөлөөлөхгүй ба энэ талаар шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянах эрх хэмжээтэй бөгөөд шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй тохиолдолд хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, өөрсдийн дотоод итгэлээр үнэлж тогтоосон үйл баримтыг хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн эсэх талаар дахин дүгнэлт хийх, хэргийн үйл баримтыг өөрчлөх, хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч Ц.Уламбаярын өмгөөлөгч Л.Жавзмаагийн “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзнэ.

Харин шүүгдэгч Ц.Уламбаяр урьд хоёр удаа ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал нь дууссан, бусдад төлөх төлбөргүй болон түүний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулан, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 204 дүгээр магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уламбаярт оногдуулсан 5 жил 01 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Уламбаярын өмгөөлөгч Л.Жавзмаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                            ДАРГАЛАГЧ

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН