Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0224

 

Я.Наранбаатарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Я.Наранбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Я.Наранбаатарын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Наранбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ нь 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Б/50 дугаар захирамжаар Я.Наранбаатар намайг Цэцэрлэг сумын сургуулийн захирлын албан тушаалаас үндэслэлгүйгээр халсан болно. Миний бие Цэцэрлэг сумын бүрэн дунд сургуулийн захирлаар 5 жил тасралтгүй ажилласан бөгөөд энэ хугацаанд ёс зүйн болон ноцтой зөрчил гаргаж байгаагүй болно. Засаг дарга хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэжээ.

Архангай аймгийн Засаг дарга 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Я.Наранбаатар миний биед сахилгын шийтгэл ногдуулж, үндсэн цалинг 30 хувь бууруулан олгох цалингийн арга хэмжээ авч байсан. Үүнээс хойш миний бие өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан зүйл байхгүй бөгөөд дээд шатны байгууллагаас зөрчил гаргасан тухай ямар нэгэн албан ёсны дүгнэлт гаргаж, зөрчлийг тогтоосон албан бичиг надад танилцуулаагүй юм. Мөн “Төрийн албан тушаалтны хуулиар хүлээсэн үндсэн хууль, бусад хуулийг хүндэтгэн дээдлэх үүргээ сахин биелүүлээгүй” гэжээ. Миний бие албан үүргээ гүйцэтгэх явцдаа үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг хүндэтгэх үүргээ биелүүлээгүй, хууль бус үйлдлийг гаргаагүй гэж үзэж байна.

Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэжээ. Миний бие үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд ажил үүргээ хугацаанд нь гүйцэтгэж, ажлын тайлан мэдээг цаг тухайд нь гаргаж өгч байсан. 2014 онд аймгийн Засаг дарга, Цэцэрлэг сумын Засаг дарга, Боловсролын газрын дарга, сургуулийн захирал нарын дунд байгуулсан 4 талт гэрээг заасан хугацаанд нь тайлагнан, биелэлтийг нь гаргаж өгсөн. Үр дүнгийн гэрээ болон сургуулийн үйл ажиллагааны тайланг хагас болон бүтэн жилээр гарган, аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсролын газарт тус тус явуулсан болно. Гэрээг дүгнэх, баталгаажуулах талаар үр дүнгийн гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу гэрээний биелэлтийг дүгнэж, өгсөн үнэлгээг надад танилцуулаагүй өнөөдрийг хүртэл намайг ажиллуулж байгаад 2015 оны 6 дугаар сарын 22-нд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж ажлаас үндэслэлгүй халлаа.

Миний бие аймгийн Засаг захирамжуудаар ажлаас 2 удаа үндэслэлгүйгээр халагдаж байсан бөгөөд уг хугацаанд ажилдаа эгүүлэн тогтоогдож байсан. Одоо 3 дахь удаагаа ажлаас үндэслэлгүйгээр халагдлаа. Ажлаас халах эдгээр үйл явцыг миний бие улс төрийн зорилгоор байнга хувийн сэдлээр ажлаас халж байна гэж үзэж байна. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/50 дугаар хууль бус маргаан бүхий актыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилохыг Архангай аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү.

Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/50 дугаар захирамжаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан бөгөөд тус шүүхэд нэхэмжлэл гарган маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхэд явагдаж байх хугацаанд дахин үндэслэлгүйгээр 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/79 дүгээр захиргааны актаар үндэслэлгүйгээр 2 сарын цалинг 20 хувиар бууруулсан. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн б/79 дүгээр маргаан бүхий захиргааны актын Я.Наранбаатар надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Я.Наранбаатар нь хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчдөг, өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан хамт олныг удирдан манлайлах үүргээ биелүүлдэггүй. Удирдах дээд байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг мушгин гуйвуулж, улс төржилт болгон хувиргадаг. 2013, 2014 онуудад Цэцэрлэг суманд ажилласан хэд хэдэн удаагийн ажлын хэсгийн танилцуулга, Я.Наранбаатарт сахилгын хариуцлага тооцсон аймгийн Засаг даргын 2014 оны Б/69, Б/94 дүгээр захирамжууд тухайн хүний хувийн байдал, сумын орны болон удирдах дээд шатны удирдлагуудтай хэрхэн харьцдаг талаарх гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдоно.

2015 оны 5 дугаар сард Архангай аймагт хүний эрхийн комиссийн гишүүн ирж ажиллах үед Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудаас ажлын байрны дарамт шахалт үзүүлж байхад аймгийн Засаг даргын зүгээс арга хэмжээ авахгүй байгаа талаар шаардлага ирүүлсэн байдаг. Үүрэгт ажилдаа хариуцлагагүй ханддагийн зөвхөн нэг жишээ нь 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн сургуулийн байрны хүүхдүүдийн өдрийн хоолонд муудсан гэдсээр пирошки хийж өгсөн.

Я.Наранбаатарт аймгийн Засаг даргын зүгээс удаа дараа итгэл үзүүлж, авсан сахилгын арга хэмжээнээсээ татгалзаж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүндэтгэлтэйгээр зөвшөөрөн хүлээж байсан боловч итгэл даан хамтран ажиллах ямар ч санаачлага гаргадаггүй, өөртөө ч дүгнэлт хийдэггүй болохыг дурдах нь зүйтэй.

2015 онд Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг болсон. Монгол улсын Засгийн газраас Улсын үзлэг явуулах тухай шийдвэр, удирдамж, улсын үзлэг явагдах хуваарь 2015 оны 6 дугаар сард батлагдаж аймагт ирсэн. Энэ дагуу сумын Засаг даргын Тамгын газраас сумандаа ажиллаж байгаа төрийн байгууллагын удирдлагуудад, давхар аймгийн Боловсрол соёлын газраас бүх сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад аймгийн салбар комиссын үзлэгийн үеэр амралтаа зохицуулан ажиллах, удирдамжийн дагуу үзлэгт бэлтгэх чиглэл үүрэг даалгавар өгөгдсөн. Ингээд сумдуудад ажиллах үед сумын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар ээлжийн амралтын хугацаанд мөртлөө ажлаа зохицуулж, өөрсдөө байх боломжгүй нь архив, бичиг хэрэг хариуцсан ажилтнаа өөр нэг сургалтын менежер зэрэг албан тушаалтны хамт байлгаж, үзлэгт бүрэн хамрагдсан. Үзлэгийн явцад 2 сургууль, 1 цэцэрлэг эзгүй, хариуцах эзэнгүй байсан. Үүний нэг нь Цэцэрлэг сумын сургууль болно.

Я.Наранбаатар нь аймгийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/50 дугаар захирамжаар ажлаас халагдах сахилгын шийтгэл хүлээсэн хэдий ч Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 139 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын Б/50 дугаар захирамжийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн бөгөөд сургуулийн захирал Я.Наранбаатар өнөөдрийг хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа учраас улс орон даяар явагдаж байгаа төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт өөрийн удирдаж байгаа байгууллагыг бэлтгээгүй, оролцоогүй үйлдэлд нь хариуцлага тооцсон болно. Иймд Я.Наранбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6., Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 128 дугаар зүйлийн 128.1.7., 131.1.3., Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.Наранбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Я.Наранбаатарыг ажлаас халах сахилгын арга хэмжээ авах тухай” Б/50 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоож, мөн аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Ч.Цэцгээ, Я.Наранбаатар, Ц.Энхцэцэг нарт сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/79 дүгээр захирамжийн Я.Наранбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэнгүй. Аймгийн Засаг дарга миний бие Цэцэрлэг сумын сургуулийн захирал Я.Наранбаатарыг Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэх үүргээ сахин биелүүлээгүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Я.Наранбаатар нь сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй. Энэ үүргээ хангалттай биелүүлээгүйн улмаас сурагчдын үдийн хоолонд муудсан дотор махаар пирошки хийж, эрүүл ахуй аюулгүй байдал чанарын баталгаагүй хоол хүнсээр үйлчилсэн. Гэтэл энэ нь захирлын үйл ажиллагаатай хамааралгүй гэж шүүх дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Я.Наранбаатар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заагдсан хориглолт хязгаарлалтыг зөрчиж, тухайн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т зааснаар цалин бууруулах сахилгын шийтгэл хүлээсний дараа дахин тухайн төрлийн зөрчлийг давтан гаргасан нь Авлигатай тэмцэх газрын 2014 оны 05/9886 дугаар албан бичгээр нотлогдсон. Энэхүү албан бичигт зааснаар Авлигатай тэмцэх газар нэг төрлийн зөрчил гэж дүгнэсэн хэдий ч давтан тухайн зөрчлийг гаргасан болох нь нотлогдож байгаа. Гэтэл мөн шүүх өөрийн төрсөн эгчийн нөхөр Ж.Хөхөөгийн дүү Ж.Болдбаатарыг сургуулийн няраваар ажилд авч олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болгосон сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж илт хууль бус дүгнэлт хийсэн.

Үндсэн хуулиар олгогдсон бусдын эрх эрх чөлөө, хөдөлмөрлөх эрхийг ханган ажиллах нь тухайн байгууллагын удирдах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн үүрэг юм. Гэтэл Я.Наранбаатар нь М.Ойдовдорж, Н.Ганчимэг нарын хэсэг багш ажилчдыг байнга ялгаварлан харьцаж, ажлын байрны дарамт шахалт үзүүлдэг болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа. Тухайн хэргийн нэг тал болох нэхэмжлэгч Я.Наранбаатар нь өөрийн тушаалаар ажилд авсан найз нөхөд хамаарал бүхий этгээдүүдээр гэрчийн мэдүүлэг өгүүлсэн. Эдгээр гэрч нар Я.Наранбаатарыг хамгаалж мэдүүлэх нь зайлшгүй бөгөөд шүүх гэрч нарын эрс тэс мэдүүлж байгаа энэ байдалд яагаад нэг хэсэг нь нэхэмжлэгчийн эрс эсрэг, нөгөө хэсэг нь өөрийг нь илт хамгаалж мэдүүлж байгаа байдалд хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт байгаа илтгэх хуудас зэрэг баримтуудад тулгуурлан үндэслэлтэй үнэн зөв дүгнэлт хийсэнгүй. Гэрч нарын мэдүүлгээс хүртэл тухайн захирал багш ажилтнаа 2 хуваасан болох нь харагдаж байна.

Я.Наранбаатар нь ажил тасалдаг, чөлөө зөвшөөрөлгүй ажлын байраа орхиж явдаг, багш ажилчдаа ялгаварлан харьцдаг зэргээр өөрийн хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлдэг, үүнээс улбаалан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй болох нь нотлогдсоор байхад шүүх хариуцагч гэрээг хугацаа хэтрүүлэн дүгнэсэн гэж үзэн хариуцагчийг буруутгаж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой.

Мөн Я.Наранбаатарыг ажлаас халахдаа Боловсролын газрын даргын саналыг авсан талаар захирамжийн төсөл танилцуулах баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөөр байтал үүнд үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэнгүй. Боловсролын газрын дарга ажлаас халах талаар санал өгсөн гэдгээ гэрчээр мэдүүлж хүртэл хэлсэн байгаа. Боловсролын хуулийн агуулга нь"санал" авсан байхыг шаардаж байгаа бөгөөд үүнийг заавал бичгийн хэлбэрээр авна гэж заагаагүй болохыг дурдах нь зүйтэй юм. Шүүх заавал албан бичгээр халах санал авна гэж үзэж байгаа нь өөрөө хэт нэг талыг барьж байгаа агуулга гэж ойлгогдож байна. Шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын маргаж буй үндэслэлийг тодруулж, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

            Хариуцагч давж заалдах гомдолдоо “... захирал сургуулийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Муудсан  махаар сурагчдад хоол хийж үйлчилснийг захирлын үйл ажиллагаатай хамааралгүй гэж шүүх дүгнэж байгаа нь үндэслэлгүй ...” гэжээ.

Архангай аймгийн Цэцэрлэг сумын захиралтай Засаг даргын байгуулсан 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн 7.1, 7.3 дахь хэсэгт сургуулийн дотуур байрны гал тогоонд стандарт хангасан бүтээгдэхүүнээр хангах, эрүүл аюулгүй бүтээгдэхүүн худалдан авах үүргийг хүлээсэн, мөн захирлын 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр баталсан дотуур байрны гал тогоонд мөрдөх журмын 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.4-д сургуулийн захирал нь сургуулийн гал тогооны эрүүл ахуй, ариун цэвэр... дүрэм зааврыг боловсруулж мөрдүүлж, хяналт тавих, гал тогооны дотоод ба гадаад орчны эрүүл ахуй, ариун цэвэр, хоолны чанар, аюулгүй байдалд хяналт тавьж, хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн үйлчлэх бололцоог хангах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Үүнээс үзвэл Я.Наранбаатар нь сургуулийн захирлын хувьд дотуур байрны гал тогооны хоол, хүнсний чанар аюулгүй байдалд хяналт тавих үүрэгтэй бөгөөд хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж арга хэмжээ авсан байхад анхан шатны шүүх “... журмын заалтуудаас үзвэл хяналт тавьж ажиллах үүргийг нийгмийн ажилтан, эмч, ахлах тогооч хүлээсэн байх тул захиралд энэ үндэслэлээр хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй” гэж үзсэн нь буруу байна.

Давж заалдах гомдолд “... тухайн төрлийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь Авилгатай тэмцэх газрын 2014 оны 05/9886 дугаар албан бичгээр нотлогдсон” гэжээ.

Авилгатай тэмцэх газрын 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 03/7127 дугаар албан бичгээр Я.Наранбаатарыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг, мөн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 05/9886 дугаар албан бичгээр мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасныг тус тус зөрчсөнийг тогтоосон атлаа Төрийн албаны тухай хуулийн 26.5-д “Нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасны дагуу арга хэмжээ авах боломжгүй талаар дурджээ. 

Эдгээр албан бичиг болон хэрэгт авагдсан баримтаас Я.Наранбаатарын зөрчил давтан гаргасан эсэх нь тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл дээрх 03/7127 дугаар албан бичигт ямар үйлдлийг нь зөрчил гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх нь энэ талаар холбогдох баримтыг цуглуулж зөрчил давтан гаргасан эсэхэд дүгнэлт өгөөгүйгээс гадна Я.Наранбаатар нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтан байхад төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахтай холбоотой Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасантай зөрчилдөнө гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

            Архангай аймгийн Засаг даргын 2015 оны б/50 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж заасантай холбоотой анхан шатны шүүх ямар албан үүргийг хэрхэн хангалтгүй биелүүлсэн талаар баримтыг бүрэн цуглуулалгүй, “үр дүнгийн гэрээг дүгнэхдээ нэхэмжлэгчийн тайлбар, санал гаргах эрхээр хангаагүй, гэрээ дүгнэх хугацаа хэтрүүлж дүгнэн гэрээний заалтыг зөрчсөн, 2015 онд гэрээ байгуулаагүй ...” гэх үндэслэлээр “хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй” гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

            Шүүхээс маргаан бүхий акт б/50 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн хугацаанд Я.Наранбаатар нь захирлын үүргийг гүйцэтгэж байсан нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ хугацаанд албан үүргээ зохих ёсоор биелүүлэх, хөдөлмөрийн дотоод журам, төрийн албан хаагчийн ёс зүйг сахих үүрэгтэй.

Хариуцагч нь 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/79 дүгээр захирамжаар дээрх хугацаанд удирдлагаас өгсөн үүрэг биелүүлээгүй гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан байхад анхан шатны шүүх Я.Наранбаатар уг зөрчлийг гаргасан эсэх талаар нотлох баримтыг цуглуулж захирамж үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөлгүй “... б/50 дугаар захирамжтай холбоотой захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлээгүй байхад сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй байна.

            Хариуцагч давж заалдах гомдолдоо “нэхэмжлэгчийн найз нөхөд хамаарал бүхий этгээдүүдээр гэрчийн мэдүүлэг өгүүлсэн. ... эрс тэс мэдүүлж байхад үндэслэлтэй дүгнээгүй ...” гэжээ.

Шүүх уг гэрчийн мэдүүлгүүдэд дурдагдсан “...  хамт олныг хагалан бутаргадаг, ажлын байрны дарамт үзүүлдэг ...” гэх нөхцөл байдал нь маргаан бүхий актын үндэслэлд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой эсэхийг тогтоолгүй, зөрүүтэй мэдүүлгүүдийг батлах, эсхүл няцаах баримтыг цуглуулж тал бүрээс нь үнэлэлгүй, нэг талын мэдүүлгээр нөгөө талын мэдүүлгийг үгүйсгэгдэж байна гэж үзсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “... маргааныг шударгаар шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээдийг гэрч гэнэ” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Гэвч уг нөхцөл байдал нь хэрэгт ач холбогдолгүй, маргаан бүхий актын үндэслэл дангаараа болохгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

            Дээр дурдсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дутуу бүрдүүлсэн баримтыг бүрэн цуглуулж үнэлэн хэргийг үндэслэлтэй шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

        ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

        ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

        ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ