| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2021/0800/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/806 |
| Огноо | 2021-11-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Шагдар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/806
2021 11 23 2021/ШЦТ/806
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
улсын яллагч Ц.Шагдар,
шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109013341380 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1984 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, ам бүл 4, энхэр, хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, дээд боловсролтой, жүжигчин, Тэгш агь констракшн компанийн захирал, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д.Т/регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Тнь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хос Жүрж хотхоны 19 дүгээр байрны 40 тоотод иргэн Г.Энх-Амгалантай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газар гараараа 1, аягаар 1 удаа тус тус цохиж эрүүл мэндэд духанд шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Д.Төгсбаярыг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хос Жүрж хотхоны 19 дүгээр байрны 40 тоотод иргэн Г.Энх-Амгалантай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газар гараараа 1, аягаар 1 удаа тус тус цохиж эрүүл мэндэд духанд шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч С.Хишигбаярт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Д.Төгсбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Тнь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хос Жүрж хотхоны 19 дүгээр байрны 40 тоотод иргэн Г.Энх-Амгалантай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газар гараараа 1, аягаар 1 удаа тус тус цохиж эрүүл мэндэд духанд шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Г.Энх-Амгалангийн "...Би 2021 оны 9 дүгээр сарын 21-ний шөнө 23 цаг 40 цагаас хойш хүргэн Төгсбаяр нь залгаад байсан. Би утсаа авахгүй байсан чинь хажуугийн орцонд байдаг дүү охин Шинэцэцэг рүү орилоод байгаа нь сонсогдоод байхаар нь хүргэнтэй утсаар ярьсан. Хүргэн та ороод ир гэхээр нь цагдаа руу утасдаж дуудаад, бас эхнэрээ дуудаад хамт орсон. Тэгээд хажуугийн орцонд амьдардаг дүүгийнх рүүгээ ороод юу болов гэнэт шууд миний толгой руу гараараа цохисон. Би барилцаад авсан бид 2-г эхнэрүүд салгасан. Гэтэл цаашаа гүйгээд гал тогооныхоо ширээн дээрээс аяга аваад миний толгой руу цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №9019 тоот актын “…Г.Энх-Амгалангийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...“ гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
яллагдагч Д.Төгсбаярын "...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Би өөрийн хийсэн гэм буруугаа ойлгож байна..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.Тнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Д.Тнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.Төгсбаярт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Төгсбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.Төгсбаярт 700 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч Д.Төгсбаярт 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Д.Тнь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Тнь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тнь энэ тогтоолоор оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Тнь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Д.Тнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР