Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1768

 

Ш.Түргэнбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар       

                                                                       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01269 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Түргэнбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Бодь даатгал” ХХК-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт 38 820 112 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

           

Нэхэмжлэгч Ш.Түргэнбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ш.Түргэнбаяр нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр "Бодь даатгал" ХХК-тай Гадаад зорчигчдын эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулж, 2 хоногийн дараа буюу 13-ны өдрийн өглөө Япон Улсын Токио хотыг удахгүй төрөх гэж байсан охин Т.Гэрэлийн хүүхдийг асрахаар зорьсон болно. Энэ үед бие эрүүл, саруул байсан. Миний бие Япон Улсад очсоны маргааш өдөр нь буюу 9 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө гэнэт бие муудаж түргэн тусламжаар Японы Олон Улсын эрүүл мэнд, анагаахын Үндэсний төвийн яаралтай тусламжид хүргэгдсэн. Тус эмнэлэгт холбогдох шинжилгээнүүдийг хийлгэж Гийен Баррегийн хам шинж оноштойгоор 5 хоногийн хугацаанд Интровенус Иммуноглобулин, 20 хоног нөхөн сэргээх эмчилгээнд тус тус хамрагдсан. Ердөө нэг хоногийн дотор миний бүх бие хөдөлгөөнгүй болсон.

Миний охин Т.Гэрэл даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын компани болон олон улсын яаралтай тусламж (SOS)-д /Тайландын эмнэлэгтэй холбогдсон, хариуцагч компанитай хамтран ажилладаг учраас/ мэдэгдсэн бөгөөд намайг эмнэлэгт хэвтэж байхад "Бодь даатгал" ХХК-иас миний биеийн байдлын талаар асууж, холбогдох мэдээллийг авсан. Даатгалын компаниас эмчилгээний баримтаа өгөөд нөхөн төлбөрөө нэхэмжилж аваарай гэсэн хариуг тухайн үед манай гэр бүлийнхэнд өгч байсан. Миний бие, хэлний бэрхшээлийн улмаас Япон Улсад нөхөн сэргээх эмчилгээг үргэжлүүлэх боломжгүй болсон тул 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хагас хэвтрийн байдалтай хүргэн хүү Г.Алтансүхийн тусламжтайгаар Улаанбаатар хотод ирж, "Интермед" эмнэлэгт хэвтэн эмчилгээгээ үргэлжпүүлсэн. Япон Улсад хэвтэж байсан эмнэлгийн зардлын тооцоо болон шинжилгээний хариунуудыг эмнэлгээс гарахдаа авч 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлж нөхөн төлбөр хүссэн өргөдлийн хамт "Бодь даатгал" ХХК-д гаргаж өгсөн. Даатгалын компанийн Нөхөн төлбөрийн газрын захирал С.Ганчимэгээс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн албан бичигт "...эмчилгээний хуудаснаас харахад 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр буюу даатгалын хугацаанаас өмнө танд өвчний шинж тэмдэг илрэн зүүн гар хүчгүй болж, улмаар маргааш өдөр нь хүндэрч өвдсөн байна. Нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн" гэсэн хариуг өгсөн.

Аялалын даатгалыг 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр буюу 13-ны өдөр өвдөж эхлэхээс өмнө байгуулсан болохыг тодотгож даатгалын компанийн хуульчид мэдэгдсэн бөгөөд үүний дагуу 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тодруулга ирүүлсэн. Энэхүү тодруулгад "...гэрээний дагуу даатгуулагчийг даатгалын хугацаанд, гадаад улс оронд байх үед бий болсон гэнэтийн өвчлөл, ослын эрсдлээс хамгаалж байгаа билээ. Гэвч даатгуулагчийн өвчлөл нь Монголд байх хугацаанд бий болж, улмаар маргааш өдөр нь хүндэрч өвдсөн байна" гээд даатгалын гэрээний хугацаанаас өмнө бий болсон өвчлөл, гэнэтийн өвчлөл бус гэж үзэж Даатгалын тухай хуулийн 8.5.3 дахь заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан. "Бодь даатгал" ХХК-иас ирүүлсэн татгалзсан хариуг аваад 2016 оны 02 дугаар 22-ны өдөр "Санхүүгийн зохицуулах хороо"-д өргөдөл гаргасан. Ингээд Санхүүгийн зохицуулах хорооноос 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 9/1104 тоот албан бичгийг "Бодь даатгал" ХХК-д явуулахдаа 1 хувийг надад хүргүүлсэн. Миний өвчилсөн Гийен-Баррегийн хам шинж нь хүний биеийн дархлаа суларснаас мэдрэлийн эсүүд гэмтэж богино хугацаанд мэдрэлийн тогтолцоо ажиллагаагүй болдог, урьдчилж оношлох боломжгүй, одоог хүртэл эрдэмтэд өвчний шалтгааныг тогтоогоогүй 100 мянган хүнд/1-2 тохиолддог ховор өвчин юм.

Даатгалын гэрээний нэр томьёоны тайлбарын 25-д "Даатгал эхлэх өдөр" гэдэгт гэрээнд бичигдсэн даатгал эхлэх өдөр, цагийг тус тус хэлнэ гэж заасан бөгөөд гэрээ нь 2015 оны 09 дүгээр сарын 13-наас 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 90 хоног хүчинтэйгээр байгуулсан тул даатгалын гэрээний хугацаанд бий болсон өвчлөл гэж үзэж байна. Энэхүү өвчин нь цаг, минутаар хүндэрдэг бөгөөд урьдчилсан шинжилгээгээр оношлох боломжгүй өвчин юм. Намайг Япон Улсад байх хугацаанд эмнэлгийн болон бусад холбогдох туслалцаа, дэмжлэг үзүүлээгүй, Гийен-Барре хам шинж өвчний талаарх нарийн мэргэжпийн эмчийн дүгнэлтийг үндэс болголгүйгээр даатгалын хугацаанд үүссэн өвчлөлийн хугацааг буруу тогтоож, гэнэтийн өвчлөл гэж үзэлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Уг өвчлөл нь цочмог буюу архаг гэсэн шинжтэй бөгөөд Ш.Түргэнбаяр нь цочмог шинжтэй Гийен Баррегийн хам шинж өвчнөөр өвчилсөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн гэрээний нэр томьёоны тайлбарт урьд өмнө мэдэгдэж байсан өвчнийг даатгал эхлэхээс өмнө 12 сарын турш хэвтэн эмчлүүлсэн, эсхүл 6 сарын хугацаанд эм тариа хэрэглэж, эмчлүүлж байсан өвчнийг хэлнэ гэсэн байгаа. Гэтэл Ш.Түргэнбаяр өөрөө “Бодь даатгал” ХХК-д очиж гэрээнд гарын үсэг зурсан байгаа нь урьд өмнө өвчилсөн байсан гэж үзэхгүй юм. Хэрэв энэ хүн өвчтэй байсан бол түүнийг гэрээ байгуулахад өвчтэй байсан гэх үндэслэлээр гэрээ байгуулахгүй байсан.

Иймд хариуцагч "Бодь даатгал" ХХК-иас Даатгалын тухай хуулийн 8.1, 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Гадаад зорчигчдын эрүүл мэндийн даатгалын гэрээ"-ний 11 дэх хэсэгт зааснаар Япон Улсад эмчлүүлсэн эмчилгээний зардал 2 255 256 иенийг 16.60 төгрөгөөр үржүүлбэл 37 437 000 төгрөг, өвчтөнг Монгол Улсад хүргэж өгсөн хүний онгоцны тийзний үнэ болох 1 383 000 төгрөг, нийт 38 820 112 төгрөгийн нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Бодь даатгал" ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Нямбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус хэргийн зохигч нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 3020215197 дугаар "Гадаадад зорчигчдын аяллын даатгалын гэрээ"-г Иргэний хуулийн 431.4 дэх хэсэгт нийцүүлэн байгуулсан болно. Даатгалын зүйл нь даатгалын гэрээний хугацаан дахь нэхэмжлэгчийн гэнэтийн ослын болон гэнэтийн өвчлөлийн даатгал юм. Бидний зүгээс уг өвчлөл нь хууль болон гэрээгээр тохиролцсон даатгалын тохиолдол биш гэж үзэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 431.4.2 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 8.5.3 болон 8.5.5 дахь хэсгүүдийг үндэслэн дор дурдсан шалтгаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа болно. Үүнд:

Нэг. Иргэний хуулийн 431.4.2 дахь хэсэгт заасны дагуу даатгалын гэрээний эрсдэл нь даатгалын гэрээний нэгдүгээр бүлгийн "Аяллын даатгалын хамгаалалт" хэсэгт зааснаар даатгалын зүйлийг гэнэтийн осол, гэнэтийн өвчлөл, мөн нэр томъёоны тайлбар хэсгийн 1 дэх заалтад зааснаар гэнэтийн өвчлөл гэж байнгын оршин суугаа газарт бус гадаад улс оронд аялах хугацаанд урьдчилж таамаглаагүй эсвэл гэнэтийн өвчлөлийн шинж тэмдэг, хурц хэлбэрийн эсвэл амь насанд аюултай хурц шинж тэмдэг илэрсэн өвчлөлийг ойлгох юм. Даатгалын гэрээний нэр томъёоны хэсгийн 39 дэх заалтад тайлбарласнаар "урьдчилан таамаглаагүй" гэж даатгал эхлэх өдрөөс хойш тохиолдсон гэнэтийн санамсаргүй байдлыг ойлгоно гэж заасан байна. Гэтэл, нэхэмжлэгч нь даатгалын гэрээ байгуулахаас өмнө буюу Япон Улсад зорчихоос өмнө өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд энэхүү өвчлөл нь гэнэтийн шинжтэй биш, архаг хууч өвчин болно. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн 2016 оны 2/301 дугаар албан бичигт нэхэмжлэгч Ш.Түргэнбаярын өвчилсөн Гийен-Баррегийн хам шинж нь цочмог ба цочмогдуу эхлэн илэрдэг гэж тодорхойлохдоо MNS 6208:2010 Монгол Улсын стандартыг үндэслэсэн байна. Энэхүү стандартын 5 дугаар зүйлд Тийен-Барре хам шинжийн архаг явцтай хувилбар учир харьцангүй аажим даамжрах явцын онцлогтой" гэж тус өвчнийг дүгнэсэн бөгөөд мөн стандартын 4.1 дүгээр зүйлд өвчний үүсэл, шалтгааныг "халдвар-цитомегаловирүс, Эпштейн-Барр, микоплазм ..., Аутоиммун хүчин зүйл ..." гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, Гийен-Барре архаг хам шинжийн эмгэг жамын механизм нь удаан хугацааны туршид өрнөдөг архаг явцтай болох нь тогтоогдож байна. Тус хам шинжийн илрэл нь цочмог ба цочмогдуу байдаг хэдий ч уг өвчний шалтгааны хүчин зүйл нөлөөлснөөс хойш өвчин өрнөх эмгэг жамын механизм болон явц нь архаг, үргэлжилсэн хугацаа шаарддаг байна. Иймд нэхэмжлэгчийг даатгалын хамгаалалтад хамаарах эрсдэл болох гэнэтийн өвчлөлийн улмаас эмчилгээ хийлгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёр. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх өвчлөл нь даатгалын гэрээний хугацаанд үүссэн гэж шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Олон Улсын эрүүл мэнд, анагаахын Үндэсний төвийн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Эмчилгээний тухай хуудсанд тэмдэглэснээр даатгуулагч нь эмнэлэгт хэвтэхээс 10 хоногийн өмнө халуурч, гүйлгэж байсан, 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн өглөө түүний баруун гар нь сульдаж байсан бөгөөд маргааш өдөр нь буюу Япон Улсад очсоноор бусад гар, хөл нь сульдаж, хүчгүй болсон тухай тодорхойлсон байна. Энэ нь даатгуулагч Монгол Улсад байх хугацаанд, даатгалын гэрээ байгуулахаас өмнө өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Бид гадаадад зорчигчдын аяллын даатгалын гэрээний дагуу даатгуулагчийг гадаад улсад байх хугацаанд үүсэх гэнэтийн өвчлөл, ослын эрсдлээс даатгасан бөгөөд нэхэмжлэгчийн өвчлөл нь Монгол Улсад даатгалын гэрээ байгуулахаас өмнө үүссэн байх тул даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарахгүй юм. Тус өвчлөл нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр илэрсэн боловч үүнээс 10-14 хоногийн өмнө Монгол Улсад байх хугацаанд илэрсэн өвчлөл байна. Иймд дээр дурдсан холбогдох хуулийн заалт, даатгалын гэрээ, нотлох баримт зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Ш.Түргэнбаяртай гэрээ байгуулсан болон даатгалын тохиолдол бий боллоо гэж тус компанид мэдэгдсэнтэй маргаан байхгүй. Тэр 75 доллар төлж, 75 000 долларын хамгаалалт авахаар гэрээгээр тохирсон гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар "Бодь даатгал" ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 38 817 882 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Түргэнбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2229 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 352 039 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 051 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тэлмүүний давж заалдах журмаар гаргасан гомдолд:

1. Хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн тухай: "Бодь даатгал" ХХК-ийн хуульчаар ажиллаж байсан хуульч А.Базар нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Мөн тус компанийн хуульч, нөхөн төлбөрийн газрын захирал Э.Чинбаатар нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мөн өөрийн хүсэлтээр ажлаас гарсан бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Ийнхүү тус компанийн хуульчаар ажиллаж байсан хүмүүс ажлаас гэнэт гарч, түр хугацаанд хуульчгүй болсон тул компани тус хэргийн анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулахыг даалгаж, эрх зүйч мэргэжилтэй, шуурхай албаны мэргэжилтэн Б.Нямбаярыг томилсон. Б.Нямбаяр нь хуульч бус, эрх зүйч мэргэжлээр ажиллаж байсан туршлагагүй тул компанийн хуульчид ажлаас гарсаныг тайлбарлаж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргахыг компанийн зүгээс даалгасан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тус хүсэлтийг гаргасан боловч шүүгч хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Ингэхдээ, итгэмжлэлд Б.Нямбаярыг хуульч гэж тусгасныг үндэслэжээ. Гэвч Б.Нямбаяр нь хуульч биш, шуурхай албаны мэргэжилтнээр ажилладаг бөгөөд итгэмжлэл хуульч нарт зориулагдан гарч байсан өмнөх загварт гарсантай холбоотой тийнхүү алдаатай бичигдсэн байна. Иймд компанийн зүгээс анхан шатны шүүх хуралд өмгөөлөгч, хуульчгүйгээр орсон нь түүний хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөгч авах эрхийг ноцтой зөрчсөн хэрэг юм.

Түүнчлэн, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямбаяр өөрийн итгэмжлэлээ өгч шүүхэд очиход учир холбогдлыг нь тайлбарлахгүйгээр хэрэг танилцуулсан баримтад гарын үсэг зуруулж авсан байна. Хуульч бус иргэний хувьд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хэргийн материалтай танилцсан гэж үзсэн ч нэг хоногийн хугацаа нь шүүх хуралд бэлдэж амжих хангалттай хугацаа биш юм. Тухайлбал, хэрэгтэй танилцаж ямар хүсэлт гаргах, ямар баримт гаргуулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэж чадах хангалттай хугацаа биш юм. Иймд, анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн хэргийн баримттай танилцах, хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд бэлдэх боломжоор хангалгүй, эрхийг нь зөрчсөн байна. Үүнтэй холбоотой хариуцагч нь дахин шинжээч томилуулах, нотлох баримт гаргаж өгөх зэрэг хийгдэх шаардлагатай ажиллагаануудыг хийлгэх эрхээ алдсан.

                2. Нотлох баримт гаргуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон тухай:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатарын зүгээс 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хэргийн 23 дахь талд буй баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан авахуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх тус хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх уг баримтыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн үндэслэлээ "нэгэнт Санхүүгийн зохицуулах хороо тус баримтыг үндэслэн маргааныг шийдвэрлэсэн учир хэрэгт авах шаардлагагүй" гэж тайлбарласан байна. Гэвч Санхүүгийн зохицуулах хороо тус баримтыг үндэслэж шийдвэр гаргасан нь тухайн баримтыг хэрэгт авахгүй байх үндэслэл болохгүй билээ.

                3. Нэмэлт шинжилгээ хийлгэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй: 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 679 дүгээр Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч нь тус өвчлөлийн цочмог үрэвсэлт шинж бүхий хэлбэрээр өвчилсөн талаар дүгнэсэн бөгөөд уг дүгнэлтэд өвчний шинж тэмдэг өвчин илрэхээс 1-3 долоо хоногийн өмнө илэрдэг тухай дурьдсан байна. Иймд бидний зүгээс үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн өвчний шинж тэмдэг хэзээ илэрсэн гэж үзэх эсэхийг тогтоолгохоор дахин шинжээч томилуулах байсан бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой юм. Мөн шинжээчийн дүгнэлтээс харахад 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өрхийн эмчид үзүүлэхэд "2 хоног халуурсан, ханиана, амьсгалын замын хурц халдвар" гэж тусгагдаж байсан бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан өвчний эхэн үеийн шинж тэмдэгийг агуулж байна. Иймд Япон Улсад эмнэлэгт хэвтэс эмчлүүлэхээс 10-аад хоногийн өмнөөс тус өвчний шинж тэмдэг илэрч байсан гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ байгаа бөгөөд үүнийг шинжээчийн дүгнэлтээр тодруулах шаардлагатай юм. Хэргийн 47 дахь талд буй хариуцагчийн гаргасан хүсэлтийн 2 дахь асуулт нь "... өвчтөний өвчний шинж тэмдэг 10 хоногийн өмнө илэрсэн, өвчний үүсгэгч нь 10 хоногийн өмнө өвчтөнийг халдварлуулсан байх боломжтой эсэх"-ийг тодруулахаар шинжээчийн асуулт тавьж байсан байна. Гэвч анхан шатны шүүх хариуцагчийн тус хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн мөртлөө захирамжид хариуцагчийн 2 дахь асуултыг дутуу тэмдэглэж, өвчний  шинж тэмдэг 10 хоногийн өмнөөс илэрсэн байсан эсэх талаар шинжээчид асуулт тавиагүй байна. Хэргийн 103 дахь талд буй шүүх хуралдааны "тэмдэглэлээс харахад хариуцагчийн төлөөлөгч нь "өмнө хүсэлт гаргасан. Энэ талаар хэрэгт авагдсан байна. Энэ хүсэлтээ дэмжиж байна" хэмээн өмнө гаргасан хүсэлтээ дэмжиж байсан байна. Гэтэл шүүх, хариуцагчийн гаргасан хүсэлтэд буй шинжээчид тавих асуултуудыг дутуу тавьсан. Энэ нь шүүх хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх үүргээ дутуу хэрэгжүүлсэн хэрэг юм.

            4. Орчуулгын шинжээч томилуулах эрхээ хэрэгжүүлж чадаагүй тухай: Анхан шатны шүүх нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулаагүйгээс    хариуцагчийн зүгээс зайлшгүй хийгдэх ажиллагаа болох орчуулгын шинжээч томилуулах эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Хэргийн 13 дахь талд буй баримтын 3 дахь догол мөрөн дэх өгүүлбэрийн төгсгөл хэсэг болох "аbоut 10 days prior to the onset" гэж тусгагдсан нь 10-аад хоногийн өмнө өвдөж байсан биш "10 хоногийн өмнөөс буюу 10 хоногийн турш өвдөж байсан" гэж орчуулагдах эсэх талаар бид шинжээч томилуулсан билээ. Гэтэл хэргийн 84 дэх талд авагдсанаар шинжээчид "onset" гэх үгэнд төвлөрч орчуулга хийсэн буюу талуудын маргаж буй гол асуудлаар дүгнэлт гаргаагүй байна. Шүүгчийн захирамжид орчуулгын шинжээч нь "10-аад хоногийн өмнөөс" эсвэл "10 хоногийн өмнөөс буюу турш" гэж орчуулагдах эсэх талаар дүгнэлт ирүүлэхийг тодруулаагүй тул шинжээчид тус асуудлаар төвлөрч дүгнэлт ирүүлээгүй байна. Иймд тус асуудлаар шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй гэж үзэж дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.

Түүнчлэн хэргийн 12 дахь талд буй баримтад "Энэ оны 09 дүгээр сарын 13-ны өглөө түүний баруун гар нь сульдсан байсан" гэж орчуулга хийгдсэн нь алдаатай орчуулга байна. Учир нь баримтын эх хувьд "he felt weakness on his left hand and arm" гэж тусгасан нь "зүүн гар болон зүүн хөл нь сульдсан" гэх агуулгатай бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн орчуулгад зөвхөн баруун гар нь сульдсан гэж орчуулсан нь алдаатай. Иймд тус асуудлаар бид орчуулгын шинжээч томилуулах байсан. Энэ нь нэхэмжлэгчийн өвчний шинж тэмдэг хэзээ илэрч эхэлсэнийг тогтооход ач холбогдолтой юм.

                5. Ямар эмчилгээ хийгдсэн нь тодорхой бус: Нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан даатгалын гэрээний А хэсэгт тусгагдсанаар гэнэтийн өвчлөлийн улмаас гарсан яаралтай эмчилгээнд шаардагдсан эмчилгээний нөхөн олгогдох зардлыг даатгагч нөхөн төлөх үүрэгтэй. Гэрээний мөн хэсэгт тайлбарласнаар яаралтай эмчилгээ гэж өвчтнийг бүрэн анагаахад бус тухайн үед нэн дариу шаардлагатай эмнэлгийн үйлчилгээг ойлгоно. Түүнчлэн, тус зардлаас даатгагчаас нөхөн олгогдох зардал нь (1) эмчийн зөвлөсөн буюу шаардсаны дагуу, (2) зайлшгүй хийгдэх, (3) зүй ёсны болон нийтлэг зардал байх бөгөөд зүй ёсны болон нийтлэг зардал гэж даатгуулагчийн хийлгэсэн эмчилгээний зардлуудыг ижил төстэй эмчилгээний зардлуудтай харьцуулсан зардал юм. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас эмчилгээний зардалд 2 255 256 иен шаардахын тулд тус эмчилгээний зардлууд нь дээрх шаардлага, нөхцөлүүдийг хангасан зардал болохыг нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилж буй эмчилгээний зардал нь одоогийн маргаж буй өвчлөлийг эмчлэхэд шаардлагатай эмчилгээ байсан гэдийг нотлох шаардлагатай. Гэтэл, нэхэмжлэгч нь энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаагүй, түүний гаргаж өгсөн баримтаас тухайн эмчилгээний зардал нь ямар эмчилгээнийх болох нь ойлгогддоггүй.

Нэхэмжлэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл эмчилгээ хийлгэсэн гэдэг боловч хэргийн 16 дахь талд 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл эмчлүүлсэн тухай баримт байдаг. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн эмчилгээний баримтууд нь зөрчилтэй байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг тодруулсаны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх байсан. Одоогоор хэрэгт цугларсан баримтуудаар дээрх нөхцөл байдпууд тодорхой бус. Анхан шатны шүүх хурал хойшилсон нөхцөлд бид эмчилгээний зардлыг тодруулах ажиллагаа хийлгүүлэх байсан. Одоо шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нөхцөлд бид эмчилгээний төлбөрийг тодруулахад чиглэсэн баримтууд гаргуулах болно.

6. Өөрийн хүлээх хариуцлага хасагдаагүй тухай: Даатгалын гэрээний 1 дүгээр бүлэг, "А" хэсэгт тусгагдсанаар даатгагч нь даатгалын нөхөн төлбөр олгох нөхцөлд даатгалын тохиолдол бүрт 50 ам.долларыг хасч нөхөн төлбөр олгох бөгөөд энэ нь даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэсэг юм. Анхан шатны шүүх хурал хойшлоогүйтэй холбоотой бид өөрийн хүлээх хариуцлагын хэсэг болох 50 ам.доллар нь тухайн үеийн ханшаар хэдэн төгрөг болохыг нотлох, тус төлбөрийг хасуулах эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна

            7. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй тухай: Даатгалын гэрээний нэр томъёоны тайлбар хэсэгт тусгагдсанаар “гэнэтийн өвчлөл" гэж даатгуулагч нь оршин суугаа газарт бус гадаад улс оронд аялах хугацаанд урьдчилж таамаглаагүй туссан өвчлөлийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, даатгуулагч Монгол Улсад байх хугацаандаа бус гадаад улсад байх хугацаандаа гэнэтийн өвчлөл туссан нөхцөлд даатгалын нөхөн төлбөр олгогддог хэргийн 21 дэх талд буй даатгагчийн албан бичгээс харахад энэ талаар тайлбарлаж, нөхөн төлбөр олгохоос татгалзаж байсан. Нэхэмжлэгч нь 2015 оны 09 дүгээр гарын 13-ны өдөр Япон Улс руу зорчсон бөгөөд тэнд очсоноос хойш гэнэтийн өвчлөл туссан гэж маргадаг боловч 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэд түүний өвчлөл нь өвчин эхлэхээс 1-3 долоо хоногийн өмнө амьсгалын дээд замын цочмог үрэвсэл, ходоод гэдэсний хямрал илэрдэг тухай дурьдсан бол өвчний эхний илрэл нь бие сулрах, бага зэрэг халуурах, гар, хөл чинэрч өвдөх, гар хөлний булчин сулрах саа үүсэх шинжээр илрэх тухай тусгасан. Харин хэргийн 12 дахь талд буй баримтад нэхэмжлэгч нь эмнэлэгт хэвтэхээс 10-аад хоногийн өмнөөс халуурч, гүйлгэсэн бөгөөд үүнийг хоолны хордлого байх гэж таамаглаж байсан тухай тусгагдсан. Энэ нь шинжээчийн дүгнэлтэд тусгасан ходоод гэдэсний хямралын шинжээр өвчин илэрч байсныг илтгэх юм. Тус баримтад "9 дүгээр сарын 13-ны өглөө түүний зүүн гар, хөл нь сульдсан байсан. Японд ирсэний дараагаар түүний биеийн байдал эрс муудаж, баруун гар болон хөл нь суларсан" гэж тусгасан нь өвчний шинж тэмдэг Монголд байх хугацаанд нь илэрч, гадаад улс руу очсоны дараа хүндэрснийг илтгэх юм. Амбулаториор эмчлүүлэгчдийн картанд 9 дүгээр сарын 10-ны өдөр Өрхийн эмчийн үзлэгт "Онош: Амьсгалын замын хурц халдвар" гэж тусгагдаж байсан байна. Эндээс дүгнэхэд, нэхэмжлэгч Монголд байх хугацаанд тус өвчлөлөөр өвчилж өвчний эхний шинж тэмдэгүүд илэрч байсан буюу гадаад улсад байх хугацаанд туссан өвчин биш гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч өөрийг нь хүргүүлж ирсэн Г.Алтансүхийн хүргүүлсэн зардлыг нэхэмжилсэн боловч тус зардлыг өөрөө гаргасан буюу нэхэмжлэх эрх бүхий этгээд болохоо нотлоогүй. Мөн даатгалын гэрээний 2 дугаар бүлэгт тусгагдсанаар тус ажиллагааг олон Улсын СОС зохион байгуулж замын зардлыг төлөх юм. Даатгалын гэрээний тус бүлэгт тусгагдсанаар даатгуулагчийг нутаг оронд нь буцаах, өөр эмнэлэгт шилжүүлэх, бага насны хүүхдийг нь нутаг буцаах, ойр дотны хүний эргэлтийн зардал зэрэг тээвэрлэлтийн зардлыг олон улсын СОС хариуцахаар тусгагдсан. Гадаадад зорчигчдын аялалын даатгал нь зөвхөн Монгол Улсын даатгагчийн болон Олон Улсын СОС зэрэг гадаадын даатгагч, эмнэлгийн байгууллагатай хамтарсан хоёр төрөлтэй байдаг бөгөөд даатгуулагчийн сонгосон даатгал нь Олон Улсын СОС-той хамтарсан даатгалын бүтээгдэхүүн юм.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч нэхэмжилж буй эмчилгээний зардал нь даатгалын гэрээнд заасан шинж бүхий, нөхөн олгогдох зардалд хамаарах, маргаж буй өвчлөлийн эмчилгээний төлөө төлөгдсөн зардал болохыг нотлоогүй. Түүний гаргаж өгсөн эмнэлгийн тодорхойлолтод энэ нь ямар эмчилгээний зардал болох нь тусгагдаагүй байсан. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

 

                                                                 ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Түргэнбаяр нь хариуцагч "Бодь даатгал" ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт нийт 38 820 112 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, Ш.Түргэнбаярын өвчилсөн Гийен-Барре хам шинж өвчин нь гэнэт
өвчилсөн өвчин биш, Монгол Улсад байх хугацаанд, даатгалын гэрээ байгуулахаас
өмнө өвчний шинж тэмдэг илэрсэн тул даатгалын тохиолдол бий болоогүй гэж
маргажээ.

 

Ш.Түргэнбаяр нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр "Бодь даатгал" ХХК-тай 3020215197 дугаар "Гадаадад зорчигчдын аяллын даатгалын гэрээ"-г 3 сарын хугацаатай байгуулж, өөрийн эрүүл мэндийг даатгуулсан ба даатгалын үнэлгээг 75 000 ам.доллараар тохирч, даатгалын хураамжид 75 ам.доллар төлсөн, 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Япон Улс руу явсан,/хх-6/ 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Гийен-Баррегийн хам шинж өвчнөөр өвчилж, Япон Улсын Олон Улс, Эрүүл мэнд, Анагаахын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. Энэ талаар зохигчид маргаагүй.

 

Талуудын хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл гэж  шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.3 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Зохигчдын байгуулсан "Гадаадад зорчигчдын аяллын даатгалын гэрээ"-нд   гэрээний нэгдүгээр бүлгийн "Аяллын даатгалын хамгаалалт" хэсэгт даатгалын тохиолдлыг гэнэтийн осол, гэнэтийн өвчлөл байхаар тохирсон, гэрээний нэр томьёоны тайлбарын 1-д “гэнэтийн өвчлөл гэдэгт эмчийн оношилсноор байнгын оршин суугаа газарт бус гадаад улс оронд аялах хугацаанд урьчилж таамаглаагүй эсвэл гэнэтийн өвчлөлийн, өвчний шинж тэмдэг, хурц хэлбэрийн эсвэл амь насанд аюултай хурц шинж тэмдэг...”,  6-д “урьд өмнө мэдэгдэж байсан өвчин гэж даатгал эхлэх өдрөөс өмнө 12 сарын турш хэвтэн эмчлүүлж байсан эсвэл даатгал эхлэхээс өмнө 6 сарын хугацаанд эм тариа хэрэглэж, эмчийн хяналт доор эмчлүүлж, шинжлүүлж байсан өвчинг хэлнэ” гэжээ.

 

Хэргийн 123-124 дүгээр талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 679 тоот шинжээчийн дүгнэлтэд ... Ш.Түмэнбаярт цочмог үрэвсэлт полирадикулоневропати буюу Гийен-Барре хам шинж өвчин оношлогдсон гэжээ. Гийен-Барре хам шинж өвчний оношлогоо, эмчилгээ буюу МНЗ 6208:2010 Монгол Улсын стандартад уг өвчлөлийг цочмог ба архаг үрэвсэлт гэж 2 хуваадаг, тус стандартын 4 дүгээр зүйлд цочмог үрэвсэлт Гийен-Барре хам шинж 5 дугаар зүйлд архаг үрэвсэлт Гийен-Барре хам шинж өвчний оношлогоо эмчилгээ, илрэх хэлбэрийг тус тус тусгажээ. Цочмог үрэвсэлт Гийен-Барре хам шинж өвчин нь цочмог юм уу цочмогдуу эхлэн 4 мөчний өгсөх саажилтаар илэрдэг болохыг тодорхойлсон. /хх-96-100/

 

Хариуцагчийн “уг өвчнөөр өвчилсөн тохиолдолд уг өвчин 1-3 дах долоо хоногт илэрдэг, нэхэмжлэгч Монголд байхдаа гэдэс гүйлгэж, халуурсан нь Монол Улсад байхдаа өвдснийг нотлож байгаа” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. Нэхэмжлэгчийн амбулаториор эмчлүүлэгсдийн картад урьд өмнө дээрх өвчлөлөөр өвчилж, эмчилгээ хийлгэж байсан талаарх бичилт хийгдээгүй байна. Уг өвчин нь хурц цочмог хэлбэрээр илэрдэг болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Талууд гэнэтийн өвчлөлийг Монгол Улсад халдвар авч, гадаад улсад очсон үед хурц цочмог хэлбэрээр өвдвөл даатгалд хамаарахгүй талаар гэрээндээ тохиролцоогүй байна.

 

Нэхэмжлэгч Япон Улсад байхдаа уг өвчнөөр өвдөж эмчлүүлсэн, энэ нь даатгалын тохиолдол болох нь баримтаар хангалттай тогтоогдсон байх тул Монгол Улсад халдвар авсан эсэх, энэ талаар дахин шинжээч томилох нь хэрэгт ач холбогдолгүй, зохигчдын зүгээс нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлохоор цуглуулж бүрдүүлсэн нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

Шүүх зохигчдын маргааны үйл баримтыг үндэслэлтэй зөв тодорхойлж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх Япон Улсад байх хугацаанд Ш.Түргэнбаярын бие гэнэт өвчилж, даатгалын тохиолдол бий болсон, гэрээгээр тохирсон нөхөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас хэд хэдэн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон. Эдгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт эрх үүргийг хуульд зааснаар танилцуулж, хэрэгжүүлэх боломжийг олгосон, хэргийн материалтай танилцах, нотлох баримт бүрдүүлэх, өмгөөлөгч авах талаар шүүхээс хугацаа олгож байснаас үзвэл зохигчийн эрхийг хангаагүй, хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал, үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/01269 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                               ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                     Б.НАРМАНДАХ