| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 170/2018/0019/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2018-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэвдагва |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 17
М.На-д холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Прокурор Д.*******а Шүүгдэгч М.На- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.От-ын давж заадсан гомдлоор М.На-д холбогдох 1823000000018 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Идэр сумд 1989 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, Мануустай багт малчин, Завхан аймгийн Идэр сумын Мануустай багт оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* ******* овгийн *******ын На- РД:/ИЖ********/
Шүүгдэгч М.На- нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны шөнийн 03-04 цагийн үед иргэн М.От-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч *******-Ямаат овгийн *******ын На-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.На-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч М.На-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч М.На- нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулж, шүүгдэгч М.На-д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.На-гаас 216000 төгрөг гаргуулж хохирогч М.От-т олгож, хохирлыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлж барагдуулахыг шүүгдэгчид даалгаж, шүүгдэгчийн 10 тооны эр хонийг битүүмжилсэн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 5/23 дугаартай прокурорын тогтоолыг хохирол төлөгдтөл хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, хохирогч нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болох, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох, шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Хохирогч М.От- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие М.От- үүрэгт ажлаа хийж яваад Идэр сумын Мануустай багийн иргэн М.На-д зодуулж гэмтэл авсан. М.На- нь хийсэн хэргээ шүүх дээр хүлээн зөвшөөрсөн боловч надаас нэг ч удаа уучлал гуйгаагүйн улмаас манай нөхөр буруугаар ойлгож бид 2 тусдаа амьдарч байна. Мөн надад учруулсан хохирлыг бүрэн барагдуулаагүй учир 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хурлын шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна... гэжээ. Шүүгдэгч М.На- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хохирогч М.От-т 216.000 төгрөг төлсөн байгаа. Одоо нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжтой. Өөр тайлбар байхгүй гэв. Прокурор Д.*******а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч М.На- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 02-р сарын 25-наас 26-нд шилжих шөнө Завхан аймгийн Идэр сумын нутагт М.От-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож анхан шатны шүүхээс М.На-д ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хохирогч М.От-ийн гомдолд дараах тайлбаруудыг гаргаж байна. Мөрдөн байцаалтын болон прокурор, шүүхийн шатанд хохирогч М.От- нь эмчилгээний зардалд нийт 2.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. 2.000.000 төгрөгний хохирлоос албан ёсны баримттай нь 216.000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан тул эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбогдуулан гарах зардлуудаа иргэний журмаар жич нэхэмжлэхийг шүүх тогтоолдоо дурдаж өгсөн байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хохирогч нь М.На- намайг хүчиндсэн, мөн хохирлоо барагдуулаагүй гэж эмчилгээний зардалтай холбоотой баримтуудыг хэрэгт өгсөн. Илтгэгч шүүгчээс баримтуудыг дурдлаа. Нэгэнт давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5- дахь хэсэгт заасны дагуу тус хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-дахь хэсэгт заасан хохирол, хор уршиг нөхөн төлөх барагдуулахтай холбоотой анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх эрх нь давж заалдах шатны шүүхэд байгаа. Гэсэн хэдий ч дээрх баримтуудаас харахад нэгдүгээрт: анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хохирогч М.От-оос “Өөрт чинь дахин эмчилгээний зардалтай холбогдуулан гаргах баримтууд байна уу” гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Гэтэл дахин эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтууд гаргаж ирсэн. Эдгээр баримтуудын зарим нь он, сар, тамга, тэмдэг байхгүй баримтууд гаргаж ирсэнийг прокурорын зүгээс эргэлзээтэй байна гэж үзэж байна. Мөн зарлагын баримт гэсэн 2 баримтын нэг нь тамга тэмдэг байхгүй, нөгөө нь он, сар байхгүй баримт байна. 2018 оны 03-р сарын 28-ны өдөр хохирогч М.От- нь Улаанбаатар хот руу явсан баримт байгаа боловч шүүх хуралдаан 2018 оны 03-р сарын 26-ны өдөр болсон. Биедээ гэмтэл авсны улмаас Улаанбаатар явсан уу, үгүй юу, яваад ямар эмчилгээ үйлчилгээ авсан эсэх нь огт байхгүй байгаа гэдгийг шүүх харгалзан үзэж шийдвэрээ гаргах байх гэж үзэж байна. Хохирогч М.От- хэлэхдээ: “М.На- намайг санаатайгаар хүчиндэхийг завсан” гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.От-, шүүгдэгч М.На- нарын мэдүүлгүүдээр 2018 оны 02-р сарын 25-наас 26-нд шилжих шөнө М.На- нь М.От-ийн хоолойг боогоод хойш нь хашаа руу шахаад духаараа толгой руу нь мөргөсөн. М.От-ыг хүчиндэх гэсэн санаа зорилго агуулаагүй, заамдалцаж байгаад зууралдах үед болсон гэдгийг хохирогч болон шүүгдэгч нар анхан шатны шүүх хуралдаанд ярьсан. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Хохирогч М.От-ын намайг хүчиндэхийг завдсан гээд байгаа гомдлын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.От-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 23 тоот шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна. Шүүгдэгч М.На- нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны шөнө 03-04 цагийн орчим согтуугаар Завхан аймгийн Идэр сумын Цэцэрлэг багийн нутагт М.От-ыг шалтгаангүйгээр нүүрэн тус газар цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч М.От-, гэрч М.*******үү, М.******* нарын мэдүүлгүүд, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт зэргээ нотлогдон тогтоогдсон байна. Шүүхээс М.На-д холбогдох хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв. Хохирогч М.От- давж заалдах гомдолдоо: Шүүгдэгч М.На- нь надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Надад учирсан хохирлыг барагдуулахаас татгалзсан. Миний биед толгой өвдөх, хараа муудах, хамраас цус гарах, зүрх өвдөх зовиур нэмэгдсэн. Ер нь М.На- нь намайг санаатайгаар хүчиндэхийг завдсан учраас гэр бүл салахад нөлөөлсөн гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч нь хохирогчийг хүчиндэх гэсэн санаа, зорилго байсан болох нь тогтоогдохгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн явдал тогтоогдоогүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгч М.На-д үйлдсэн гэмт хэргийнх нь нөхцөл байдал, нийгмийн хор аюул, хувийн байдалд нь тохирсон шийтгэл оногдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.От-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.От-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг га рдуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Ж.БАТТОГТОХ