Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 05

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч А.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

“Миний хүү А.Ю-н төрсний гэрчилгээ болон улсын бүртгэлийн мэдээллийн санд эхийн овог нэр хэсэгт миний бие төрсөн эх А.А П.А гэж эцгийн нэрийг П гэж андууран бичигдэн бүртгэгдсэн байгааг залруулан бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 121/2020/0002/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хяналтын улсын байцаагч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Юмжирдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.А шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А овогтой А би 1968 оны 03 дугаар сарын 27-нд Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт А-н охин болж мэндэлсэн. Тухайн үед төрсний гэрчилгээн дээр бичилт хийж байсан хүмүүсийн хариуцлагагүйгээс миний хүүхдийн төрсний гэрчилгээ дээр миний овог нэрийг буруу бичиж хохироож байна. Учир нь миний бие 4 хүүхэдтэй гэх нөхцөлөөр өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл нэг хүүхдийн төрсний бүртгэлд миний эцгийн нэрийг П гэж буруу бүртгэснээс болж би одоо өндөр настны тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд А овогтой А миний хүү А.Ю-н төрсний гэрчилгээ болон улсын бүртгэлийн мэдээллийн санд эхийн овог нэр хэсэгт миний бие төрсөн эх А.А-г П.Агэж эцгийн нэрийг П гэж андууран бичигдэн бүртгэгдсэн байгааг залруулан бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү”  гэжээ. 

Хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа : 

“Иргэн А.А нь: Миний хүү А.Ю-н төрсний бүртгэлд эх болох миний бие А.А-г П.Адъяахүү гэж андуурч бичсэн байх тул уг зөрчлийг арилгуулах талаар улсын бүртгэлд даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн 1 хувийг ирүүлжээ. Энэхүү бүртгэлийг шалгахад тус хэлтсийн иргэний баримтын архивт хадгалагдаж байгаа Уянга сумын 1984 оны төрсний бүртгэлийн дэсийн 209 дугаарт А.Ю нь 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрснийг 1984 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бүртгэсэн. Эх П.А гэсэн бүртгэл байна. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж заасныг баримтлан хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр зөрчлийг арилгах боловч уг төрсний бүртгэлд дурдагдсан эх П.А, нэхэмжлэл гаргагч А.А-г нь нэг хүн гэдэг нь нотлогдохгүй, мөн хүү Юн-г эмнэлэгт төрүүлсэн талаарх төрөлтийн түүх, нярайн өсөлтийн түүх зэрэг төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадалгааг ирүүлээгүй тул шүүхэд хандан тогтоолгохыг зөвлөн ажилласан болно” гэв. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.А нь Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Миний хүү А.Ю-н төрсний гэрчилгээ болон улсын бүртгэлийн мэдээллийн санд эхийн овог нэр хэсэгт миний бие төрсөн эх А.А-г П.А гэж эцгийн нэрийг П гэж андууран бичигдэн бүртгэгдсэн байгааг залруулан бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбарт тулгуурлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримт болох Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 00/000175 дугаартай “Улсын бүртгэлийн лавлагаа” болон иргэн А.А-н иргэний цахим үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар иргэн Боржигон овогт А.А нь регистрийн дугаартай, Өвөрхангай аймгийн Уянга суманд 1968 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн болох нь батлагдан нотлогдож байна.

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний баримтын архивт хадгалагдаж байгаа Уянга сумын 1984 оны төрсний бүртгэлийн дэсийн 209 дугаарт А.Ю нь 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрснийг 1984 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бүртгэсэн. Эх П.А гэсэн бүртгэл байна. А.Ю нь эх А.А-д овоглодог болох нь уг архивын баримтаар тогтоогдож байна. 

Харин А.Ю-н төрсний бүртгэлийн лавлагаанаас үзэхэд түүний эхийн нэрийг А гэж үнэн зөвөөр бүртгэсэн атлаа эх А овгийг А гэхийг П гэж буруу нэрээр андуурч ташааран бүртгэсэн болох нь нэхэмжлэгч А-н А-н “Олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр”, БНМАУ-ын иргэн А-н А “Иргэний паспорт”, иргэний цахим үнэмлэх, А-н Ю-н төрсний гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүх иргэн А-н А нь 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн хүү А-н Ю-г төрүүлсэн болох нь тогтоогдож байна гэж үзсэн болно. 

Нэхэмжлэгчийн “Олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр” дээр бичигдсэн бүртгэлийн дугаар нь 209 байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний баримтын архивт хадгалагдаж байгаа Уянга сумын 1984 оны төрсний бүртгэлийн дэсийн 209 гэсэн дугаартай тохирч байх төдийгүй мөн А.Ю-н төрсний гэрчилгээн дээрх бүртгэлийн дугаар нь 209 гэж мөн эдгээр дугаарууд нь бүгд ямар нэгэн зөрүүгүй хоорондоо таарч тохирч байх ба эдгээр дугаарууд нь байх ёстой 3 баримтад гурвууланд нь таарч байна.

Харин уг бүртгэлийг үндэслэж хариуцагч захиргааны байгууллагаас А.Ю-н төрсний бүртгэлийн лавлагааг олгосон байх хэдий боловч эх А-н А овгийг бүртгэхдээ А гэхийг ташаарч төрөлтийн бүртгэлийг хийхдээ П гэж алдаатай бүртгэсэн нөхцөл байдал тогтоогдож байна. 

Уг алдаатай бүртгэлээс шалтгаалан Монгол Улсын олон хүүхэд төрүүлж өсгөсөн эх өндөр настай уг иргэний хуулиар олгогдсон нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах боломж нөхцөл хязгаарлагдаж, иргэний хувьд баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал бий болсон байна гэж шүүхээс дүгнээд иргэний эрхийг сэргээж бүртгэлийг зөвтгөн залруулах шаардлагатай байна гэж үзэв.  

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхээс энэхүү маргаантай бүртгэлийн талаар тодорхой шийдвэр гаргасан тохиолдолд бүртгэлийн байгууллага төрсний бүртгэлийг залруулах боломжтой гэсэн тайлбар хийж байх ба нэхэмжлэгч А.Агийн хүү А.Ю-н төрсний гэрчилгээнд эх А-н А эцгийн нэрийг П гэж андууран бичсэнээс өөр бусад ямар нэгэн бүртгэлийн маргаан байхгүй болох нь тогтоогдож байна. 

Иймд шүүхээс А.Ю-н төрсний гэрчилгээнд эхийн овгийг ташаарч алдаатай буруу бичиж бүртгэснээс шалтгаалан Монгол Улсын иргэнд хуулиар олгогдсон эрхээ эдэлж тодорхой төрлийн нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байдалд хүрч, Монгол Улсын өндөр настай, олон хүүхэд төрүүлсэн иргэн А.Агийн эрх ноцтойгоор зөрчигдөхөөр байна гэж үзлээ.           

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай харилцааг хуульчлан заасан байна.

Уг хуулийн мөн зүйл буюу Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж хуульчлан зохицуулж өгчээ. 

 Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр” гэж заасан байх ба хуулийн уг заалтаас үзэхэд шүүхийн шийдвэрээр иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулж болох хууль зүйн зохицуулалт өдгөө Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж үйлчилж байна.

Мөн Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт шүүх нь “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” эрхэм зорилготой болохыг хуульчлан зааж өгсөн байна.  

Иймд шүүхээс нэхэмжлэгч А.Агийн төрсөн хүү А.Ю-н төрсний гэрчилгээ болон улсын бүртгэлийн мэдээллийн санд эхийн овгийг П-н А гэснийг А-н А гэж залруулахыг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгч Монгол Улсын иргэн А.Агийн хууль ёсны ашиг сонирхол, эрхийг шүүхээс хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:  

1. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч А.А-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст иргэн А.А-гийн төрсөн хүү А.Ю-н төрсний гэрчилгээ болон бүртгэлийн мэдээллийн санд эхийн овгийг П-н А гэснийг А-н А гэж зөвтгөн өөрчилж бүртгэхийг даалгасугай.    

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.СУГАР