Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2017/01507

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2017/01507

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 14 дүгээр гудамж, 278 тоот хаягт оршин суух, Дээд жунай овогт Алтанхуягийн Нарантуяа /РД:ЛЮ92040802/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 90б байр, 66 тоот хаягт оршин суух, Өндөр овогт Цэдэндамбын Мөнхболд /РД:ИЮ90061579/-д холбогдох,

 

“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 онд Ц.Мөнхболдтой танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 8 дугаар сарын13-нд охин М.Мишээл төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань миний асрамжид амьдарч өсч торнисон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул миний охин Мөнхболдын Мишээлд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Мөнхболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие, А.Нарантуяатай 2011 онд танилцаж, 2012 оны 8 дугаар сарын13-нд охин Мишээл гэдэг хүүхэдтэй болсон. Бид хоёр зан харилцааны тохиромжгүй байдлаас болж хамт амьдрах боломжгүй болсон. Хүүхэддээ зохих хуулийн дагуу тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Нарантуяа нь хариуцагч Ц.Мөнхболдод холбогдуулан, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

Ц.Мөнхболд, А.Нарантуяа нар 2011 онд танилцаж, хамтран амьдрах хугацаандаа 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр охин М.Мишээлийг төрүүлсэн, зохигчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2016 оноос салж, тус тусдаа амьдрах болсон, одоо охин М.Мишээл нь эхийн асрамжид эрүүл өсч бойжиж байгаа болох зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний №0000815192 Г-4614 дугаартай гэрчилгээний хуулбар, “Амгалан-итгэлэхүй” ӨЭМТ-ийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3392 дугаар тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” 40 дүгээр зүйлийн 40.1.-д “Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно” 40.1.1.-д “11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар”, 40.1.2.-т “11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан, 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, /охин/ Өндөр овогт Мөнхболдын Мишээл /РД:УЛ12281309/-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл уг түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Мөнхболдоос тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мөнхболдоос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Нарантуяад олгосугай.

 

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                       

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.УНДРАА