Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 1254

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******, Энхтайваны өргөн чөлөө 17 тоот хаягт байрлах “Блюскай эйжиа” ХХК /рд:5093171-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар, *******,*******,*******,*******,*******-д холбогдох,

 

8,100,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийин итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , хариуцагч , түүний өмгөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.                                    

 

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “Блюскай эйжиа” ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Монголын тогооч нарын холбоо”-ны гадаад харилцаа хариуцсан менежер тэй Хурал хүлээн авалтын захиалга авах тухай гэрээг байгуулж, 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Блюскай тауэр цогцолборт тус холбооны шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулсан.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар 13,230,000.00 төгрөгийг тус арга хэмжээг зохион байгуулахаас өмнө бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон боловч хариуцагч тал үлдэх 8,100,000.00 төгрөгийг төлөөгүй.

 

Энэхүү хүлээн авалт, үйлчилгээний арга хэмжээний төлбөр нийт 15,750,000.00 төгрөг болсон бөгөөд үүнээс 7,650,000.00 төгрөг төлөгдөж, 8,100,000.00 төгрөг төлөгдөхгүй өнөөдрийг хүрсэн.

 

Тус гэрээг “Монголын тогооч нарын холбоо”-ны өмнөөс хариуцагч байгуулсан хэдийч тэрээр анхнаасаа төлбөр мөнгө болон захиалга, зохион байгуулалтыг хариуцаж байсан тул үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй хэмээн үзэж байна.

 

Бид, энэхүү авлагыг тус холбооны ерөнхийлөгч оос шаардсан боловч тэрээр манай төлбөр тооцоо дууссан гэсэн хариу өгсөн.

 

Иймд, хариуцагч өөс 8,100,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

   

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие “Монголын тогооч нарын холбоо”-ны ерөнхийлөгч ийн хүсэлтээр тус холбооны гадаад харилцаа хариуцсан менежерээр тодорхой хугацаанд ажилласан юм.

 

Би, 2016 оны 12 дугаар сард холбооны шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах үйл ажиллагааг хариуцаж, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Хурал хүлээн авалтын захиалга авах тухай гэрээг холбооны ерөнхийлөгчийн зөвшөөрлийн дагуу байгуулсан.

 

Энэхүү арга хэмжээнд манай холбооны хот, хөдөөгийн гишүүд уригдаж, нийт 150 гаруй тогоочид оролцсон ба төлбөрийг гишүүдээс төлөх хураамжаар барагдуулах тооцоололтой байсан.

 

Нэхэмжлэгч тал, намайг тухайн гэрээ, хэлэлцээрийг өөрийн нэрийн өмнөөс байгуулсан мэт ойлгож байх шиг байна, би хэдийгээр тус гэрээг байгуулсан боловч ерөнхийлөгч ийн хүсэлтээр холбоог төлөөлөн итгэмжлэлийн үндсэн дээр байгуулсан.

 

Миний бие хожим хариуцсан ажлыг хүлээлгэн өгсөн бөгөөд уг төлбөр тооцоотой холбоотой асуудал надад ямар ч хамааралгүй.      

 

Иймд, нэхэмжлэгч “Блюскай эйжиа” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тус тус шинжлэн судлаад

    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Блюскай эйжиа” ХХК-иас хариуцагч өд холбогдуулан 8,100,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Блюскай эйжиа” ХХК болон “Монголын тогооч нарын холбоо” төрийн бус байгууллага нар харилцан тохиролцож, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хурал хүлээн авалтын захиалга авах тухай гэрээг байгуулж, нэхэмжлэгчийн зүгээс тус төрийн бус байгууллагад тодорхой төрлийн үйлчилгээ үзүүлэхээр болжээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч тал “Монголын тогооч нарын холбоо” төрийн бус байгууллагын 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдах шинэ жилийн арга хэмжээнд зориулалтын орон байраар хангах, зочдод захиалгат хоол, хүнсийг хийж гүйцэтгэх болон тодорхой төрлийн бүтээгдэхүүнийг худалдах, түүгээр үйлчлэхээр тус тус тохиролцсон байна.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд тодорхой нэг төрлийн гэрээ, хэлэлцээр бус харин хэд хэдэн гэрээний шинжийг агуулсан холимог төрлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж, түүнчлэн 198.5-д “Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна” гэж заасан.

 

Тодруулбал, хэдийгээр нэхэмжлэгч тал уг төрийн бус байгууллагын шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулахад тохиромжтой орон байраар хангах үүрэг хүлээсэн боловч гэрээнд заасан хоол, хүнсээр хангах, холбогдох этгээд буюу зочдод түүгээр үйлчлэх үүрэг хүлээсэн байх тул “Блюскай эйжиа” ХХК болон “Монголын тогооч нарын холбоо” төрийн бус байгууллага нарын хооронд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх, ажил үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч тал биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч тал хариуцагчийг худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн хэмээн үзэж, түүнээс 8,100,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгч “Блюскай эйжиа” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 015 тоот мэдэгдэл, “Монголын тогооч нарын холбоо” төрийн бус байгууллагын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Е/006 тоот хариу мэдэгдлээс тус тус үзвэл энэхүү Хурал хүлээн авалтын захиалга авах тухай гэрээнд заасан бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг худалдан авах этгээд нь “Монголын тогооч нарын холбоо” төрийн бус байгууллага байна.

 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр хариуцагч тухайн гэрээг байгуулсан боловч тэрээр уг гэрээнд заасан бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг анхнаасаа худалдан авч, үйлчлүүлээгүй, харин худалдан авагч талыг гэрээ, хэлэлцээрт төлөөлсөн этгээд ажээ.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно” гэж, мөн 63 дугаар зүйлийн 63.2-т “Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, “Монголын тогооч нарын холбоо” төрийн бус байгууллага нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хуулийн этгээдийн эрхтэй байгууллага болохынхоо хувьд тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна” гэж заасны дагуу иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээд мөн бөгөөд хуулиар зөвшөөрсөн аливаа төрлийн гэрээ, хэлэлцээрийг ийнхүү төлөөлөгчөөрөө дамжуулан байгуулж болно.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч тал анхнааасаа тус төрийн бус байгууллагын гишүүдийн шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулагдахыг мэдэж байсан бөгөөд тухайн арга хэмжээг хариуцагч зохион байгуулж, төлөөлөн оролцож байсан байна.

 

Иймд, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Хурал хүлээн авалтын захиалга авах тухай гэрээг “Блюскай эйжиа” ХХК болон “Монголын тогооч нарын холбоо” төрийн бус байгууллага нарын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасны дагуу тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээдүүдийн хооронд хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл байгуулагдсан тохиолдолд тэдгээрийн хооронд гэрээний эрх, үүрэг үүснэ.

 

Энэ нь, гэрээ, хэлцэл байгуулсан этгээдүүдийн хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүсч, гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхийг бие биенээсээ шаардах эрхийг олгох бөгөөд тухайн гэрээ, хэлэлцээрийг байгуулахад төлөөлсөн этгээдэд уг гэрээ, хэлцлээс үүсэх эрх, үүрэг хамаарахгүй юм.

 

Иймд, нэхэмжлэгч “Блюскай эйжиа” ХХК болон хариуцагч нарын хооронд гэрээ, хэлэлцээр байгуулагдаагүй, үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй тул хариуцагч тал төлөгдөөгүй үлдсэн 8,100,000.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээхгүй.

 

Шүүхээс дээр дурьдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч “Блюскай эйжиа” ХХК-иас гаргасан хариуцагч өд холбогдох 8,100,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Блюскай эйжиа” ХХК-ийн гаргасан хариуцагч өд холбогдох 8,100,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,550.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР