Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 1313

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******,*******ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******, ЭТӨЧ 77 хаягт байрлах “Баганат өргөө” ХХК /рд:2562618/-нд холбогдох,

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид 42,646,313.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ,*******ээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Хариуцагч “Баганат өргөө” ХХК нь манай дүүргийн ,тэй бүртгэлтэй бөгөөд 2016 оны 06 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлгүй, 29,352,210.00 төгрөгийн өр үүссэн.

 

Бид, энэ талаар тус байгууллагатай удаа дараа уулзаж, шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд шимтгэлийг төлж барагдуулахгүй байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1, 17.1.1-д тус тус зааснаар ажил олгогч тал нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй бөгөөд тус хуулийн 20.1.2-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож, нийт 13,294,103.00 төгрөг, нийт 42,646,313.00 төгрөгийн нэхэмжилж байна.

 

Манай байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх зорилгоор хариуцагчтай уулзах, мэдэгдэл өгөх, банкин дах дансдыг битүүмжлэх зэрэг ажиллагааг хуульд зааснаар зохих ёсоор явуулсан.

 

Иймд, хариуцагч “Баганат өргөө” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид нийт 42,646,313.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч “Баганат өргөө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани ойролцоогоор 50 гаруй ажилтантай бөгөөд 2016 оны 06 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлд 29,352,210.00 төгрөгийг төлөөгүйн үнэн, үүнд аливаа маргаан байхгүй.

 

Бид, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилт болон Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн боловч холбогдох байгууллагаас санхүүжилт орж ирэхгүйгээс шалтгаалан ийм нөхцөл байдалд орсон.

 

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 59,970,169.94 төгрөгийн санхүүжилт орж ирэхээр тооцоо нийлж, мөнгө орж ирэхийг хүлээж байна.

 

Мөн манай компани энэхүү авлага, өглөгийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газар болон нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн ,тэй уулзаж, тэдгээрийн ажилтнуудад барьсан орон сууцаа хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, төлбөрийг нийгмийн даатгалын шимтгэлд шилжүүлэх талаар санал солилцож, тодорхой шийдэл гаргахаар болсон байтал ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна.

 

Компанийн өнөөгийн санхүүгийн боломж, өр, авлагыг харгалзан үзвэл алдангийг төлөх ямарч боломжгүй.

 

Иймд, нийт 42,646,313.00 төгрөгөөс алданги 13,294,103.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн ,*******ээс хариуцагч “Баганат өргөө” ХХК-нд холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид нийт 42,646,313.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч “Баганат өргөө” ХХК-ийн 2016 оны нийгмийн даатгалын шимтгэлд төлөх ёстой өр 29,352,210.00 төгрөг бөгөөд зохигчид энэ талаар маргахгүй байна.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 52,988,256.00 төгрөг, үүнээс 23,636,046.00 төгрөг төлөгдөж, 29,352,210.00 төгрөг төлөгдөөгүй байгаа ажээ.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т ”нийгмийн даатгалын сан гэж ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг” хэлнэ гэж, түүнчлэн 2.4-т ”нийгмийн даатгалын шимтгэл гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг” ойлгон гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэл нь тодорхой орлогоос хуулийн дагуу авч буй тэтгэвэр, тэтгэж, төлбөр, үйлчилгээнд зарцуулагдах төлбөр бөгөөд нийгмийн даатгалын сангийн орлогыг тус хуулийн 15 дугаар зүйлд заасан хэмжээгээр тогтоосон ажил олгогч болон ажилтны төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр бүрдүүлэх юм.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заажээ.

 

Тодруулбал, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хувь хэмжээгээр тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан үүргийн дагуу ажил олгогч тал ажилтан буюу даатгуулагчийн төлбөл зохих шимтгэлийг өөрийн төлөх шимтгэлийн хамт тухайн сардаа багтааж, харъяа нийгмийн даатгалын сангийн дансанд төлөх үүрэгтэй.

 

 Гэтэл хариуцагч “Баганат өргөө” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 52,988,256.00 төгрөгөөс 29,352,210.00 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн ,*******ээс тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3-д тус тус заасны дагуу ажил олгогчийн тайланг үндэслэн холбогдох шимтгэлийг тооцох бөгөөд хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлэх эрхтэй.

 

Нэгэнт хариуцагч тал хуульд заасан үүргээ үл биелүүлж, тайлангаар тодорхойлсон шимтгэлийг хугацаандаа төлөөгүй байх тул дээр дурьдсан 29,352,210.00 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх нь зүйтэй.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч тал нийгмийн даатгалын шимтгэл болох 5,054,516.00 төгрөгийг 236 хоног, 4,878,076.00 төгрөгийг 205 хоног, 4,342,640.00 төгрөгийг 175 хоног, 3,819,574.00 төгрөгийг 144 хоног, 3,649,542.00 төгрөгийг 114 хоног, 3,760,312.00 төгрөгийг 83 хоног болон 3,780,420.00 төгрөгийг 53 хоног төлөхгүй хугацаа хэтрүүлсэн байх бөгөөд энэ талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, хариуцагч “Баганат өргөө” ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан хугацаанд тайлангаар тодорхойлогдсон шимтгэлийг хуульд заасан хугацаандаа зохих ёсоор төлөх үүрэгтэй ба ийнхүү үүргээ үл биелүүлсэн тохиолдолд тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар алданги төлөх үүрэг хүлээх юм.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэх болсон хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан талаар баримтаар нотлохгүй байна.

  

Хэдийгээр хариуцагч тал Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай тодорхой төрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг хугацаандаа аваагүй хэмээн тайлбарлаж буй боловч ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэлийг суутгаагүй, өөрийн төлөх ёстой болон ажилтны төлөх шимтгэлийг холбогдох төсөвт төлөөгүй үйлдэлд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай байгуулсан гэрээ, хэлэлцээр шууд шалтгаант холбоотой биш байна.

 

Иймд, хариуцагч талыг 13,294,103.00 төгрөгийн алданги төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар тус алдангийг төлөх үүрэгтэй болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн ,*******ээс  хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр хариуцагч “Баганат өргөө” ХХК-нд мэдэгдэх, банкин дах дансдыг битүүмжлэх зэрэг холбогдох арга хэмжээг тус тус авсан байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал Нийгмийн даатгалын тухай 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “тогтоосон хугацаанд шимтгэл төлөөгүй ажил олгогчийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг шимтгэлээ төлж дуустал түр зогсоох” гэж, мөн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т “зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах” гэж тус тус заасны дагуу тус хуулийн 26 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 4-т зааснаар үл маргах журмаар буюу шүүхийн бус журмаар төлбөр төлөгчийн харилцах данс, хөрөнгөөс төлбөрийг шууд гаргуулах ажиллагааг зохих ёсоор гүйцэтгэсэн боловч төлөгдөөгүй тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан ажээ.

 

Иймд, нэхэмжлэгчийг хугацандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл болох 29,352,210.00 төгрөгийг төлүүлэх ажиллагааг хуульд зааснаар явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас нийгмийн даатгалын өр, алдангид 42,646,313.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т тус тус зааснаар хариуцагч “Баганат өргөө” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид нийт 42,646,313.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн ,т олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч тал хуульд заасны дагуу тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 371,182.00 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР