Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батдоржийн Нармандах |
Хэргийн индекс | 183/2017/00573/и |
Дугаар | 1770 |
Огноо | 2017-08-07 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 1770
Б.Ононгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/01081 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Ононгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “МИАТ” ТӨХК-д холбогдох
Ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, Э.Рэнчинболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Ононгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжпэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Онон нь "МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/331 тоот тушаалаар Бээжин хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч-билет бичигчээр томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж мөнгө санхүүтэй холбоотой ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд Монгол, Хятадын бүх нийтээр амрах амралтьн өдрүүдэд болон хагас сайн өдрүүдэд энгийн цагийн хуваарийн дагуу ямар нэг нэмэгдэлгүй болон илүү цаг ажилласан цалингүйгээр ачаалалтай ажилласан.
2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан боловч төвөөс ямар нэгэн шийдвэр гаргалгүй байж байгаад 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “МИАТ" ТӨХК-ийн 2016/18 тоот дугаартай хөдөлмөрийн гэрээний хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцлах тухай мэдэгдэх хуудас ирсэн. 2016 оны 8 сарын дундуур 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал 2 сарын хугацаагаар сунгасан гэрээний сунгалт хүлээн авсан. Бээжин хотод амьдрах орон байр түрээслэхэд 1 жилээс дээш хугацаагаар гэрээ хийгддэг тул 2016 оны 6 сараас хойш гэрээ сунгах үгүй нь тодорхойгүй байсан тул түрээслэх боломжгүй болж зочид буудалд амьдарч эхэлсэн. 9 сарын 01-ний өдрөөс хойш төвөөс шийд ирээгүй байсан ч төлөөлөгчийн газрын ерөнхий менежерийн хэлснээр ажлаа ургэлжлүүлэн хийж буудалдаа амьдарч байгаад 2016 оны 10 сард ээлжийн амралтаа авч амарсан. 12 сарын 01-ний өдөр "'МИАТ” ТӨХК-ийн 2016/34 тоот дугаартай гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон дуусгаж байгаа тухай мэдэгдэх хуудас дахин хүлээж авсны дараа 12 сарын дундуур хөдөлмөрийн гэрээг сунгасан гэрээний
сунгалтыг мөн хүлээн авсан. 2016 оны 6 дугаар сараас 12 сар хуртэлх хугацаанд зочид
буудалд амьдарч, бие сэтгэлийн хувьд тав тухгүй, эдийн засгийн хувьд хохиролтой
ажиллаж амьдарч байсан. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн "МИАТ" ТӨХК-ийн
гүйцэтгэх захирлын Б/06 тоот тушаалын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөр
тасалбар болгон дуусгавар болгож байгаа тушаал хулээн авч, зохих журмын дагуу
ажлаа хүлээлгэн өгч Монголдоо ирсэн. Энэ тушаалыг хүлээн авах үед миний бие 2
сартай бие давхар байсан бөгөөд Монголд ирээд ажилд томилогдоно гэж ойлгож
ажлаа хүлээлцэж өгөөд ирэхэд хүний нөөцийн ахлах мэргэжилтэн тойрох хуудсаа
зуруулсны дараа Хан-Уул дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэст бүртгүүлэх
зөвлөгөө өгсний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр буртгүүлсэн. Мөн Бээжин хот
дахь төлөөлөгчийн газар нь байнгын ажиллагаатай байгаа бөгөөд байнгын ажлын
байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах тухай хуулийн заалтыг ноцтой
зөрчсөн, мөн жирэмсэн эхийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд
МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож, ажил
албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,
нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч “МИАТ" ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: “МИАТ” хувьцаат компанийн БНХАУ-ын Бээжин хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч билет бичигчээр хөдөлмөрийн түр гэрээгээр ажиллаж байсан Б.Ононгийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар гадаадын төлөөлөгчийн газруудыг шинэчлэн байгуулж, орон тоог баталсан ба БНХАУ-ын Бээжин хот дахь төлөөлөгчийн газрыг 5 орон тоотой байхаар баталсан. Мөн Бээжингийн чиглэлийн ачаа эргэлт, зорчигч урсгал буурсантай холбоотой зардал хэмнэх зорилгоор төлөөлөн удирдах зөвлөлийн 10 дугаар сарын 26-ны өдрийн 17/15 дугаар тогтоолоор аэропортын туслах ажилтан 1, суудал захиалагч-билет бичигч-1 орон тоог хассан. Зуны нислэгийн давтамж, ачаалал нэмэгдэж байгааг харгалзан гүйцэтгэх захирлын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/331 дүгээр тушаалаар Бээжин хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч-билет бичигчээр Б.Ононг томилж, хоёр тал харилцан тохиролцож, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, түүний орон тоо Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлагдсан үндсэн орон тоо биш, ажлын ачаалал, шаардлагаар томилж, түүнтэй хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2 дахь хэсэгт заасантай нийцэж байгаа. Б.Ононгийн хөдөлмөрийн гэрээний хугацааг түүний гаргасан хүсэлт болон ажлын ачаалал тус төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг өргөжүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, компанийн зорилтот түвшинг биелүүлэх, төлөөлөгчийн газрын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор хоёр тал харилцан тохиролцож сунгаж байсан. Хамгийн сүүлд ажлын ачаалал болон Зам, тээврийн хөгжлийн яамнаас шалгалт хийгдэж байсантай холбоотой 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар сунгасан. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээний хугацаа дээрх хугацаанд дуусгавар болсон. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн удирдамжийн дагуу компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 2016 оны 11 дүгээр 11-ний өдрийн 02/17 дугаар тогтоолоор бүтэц, зохион байгуулалт, орон тоог шинэчлэн баталсан. Уг тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар гадаад улсын төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоог баталсан ба Бээжин хот дахь төлөөлөгчийн газрыг 3 орон тоотой байхаар баталсан. Улмаар гадаадын төлөөлөгчийн газарт ажиллаж байсан бүх хөлсөөр ажиллах гэрээтэй болон хөдөлмөрийн хугацаатай түр гэрээтэй ажиллаж байсан ажилтнуудын гэрээний хугацааг дуусгавар болгосон.
Мөн Зам тээвэр хөгжлийн яамны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 38-07, 09-01/07 дугаар удирдамжийн дагуу хийгдсэн шалгалтын тайлангийн 4.5.1-д "...Гадаад улс дахь төлөөлөгчийн 6 газарт батлагдсан орон тоогоор 20 хүн ажиллахаас 26 хүн ажиллаж байгаа нь Засгийн газрын 2015 оны 157 дугаар тогтоолын 3.3-д "... шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын ачааллыг нягтруулж орон тоог бууруулах сул чөлөөтэй..." гэж дүгнэсэн. Нэгэнт компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс орон тоог баталсан, салбарын яам болон хувьцаа эзэмшигч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ажлын ачааллыг нягтруулах, орон тоо бууруулах чиглэл өгсөн тул Б.Ононд хөдөлмөрийн түр гэрээг сунгахгүйгээр дуусгавар болгох мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Б.Онон нь ажил олгогчтой харилцан тохиролцож хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, хуулийн дагуу дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх хэсэг хамаарахгүй болно. Иймд Б.Ононгийн орон тоо нь үндсэн орон тоо биш ба түүнтэй байгуулсан хөдөлмөрийн түр гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2 дахь хэсгийн дагуу дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Хан Хөхий овогт Баярын Ононг "БНХАУ-ын Бээжин хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч билет бичигчийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг
баримтлан Б.Ононгийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 20 165
856 төгрөгийг хариуцагч "МИАТ" ТӨХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Ононд олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар
Б.Ононгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч "МИАТ" ТӨХК-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн
57.3, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч "МИАТ" ТӨХК-аас тэмдэгтийн хураамжид нийт 328 979 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Гүйцэтгэх захирлын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/331 дүгээр тушаалаар Бээжин хот дахь төлөөлөгчийн газарт Суудал захиалагч-билет бичигчээр
Б.Ононг томилж, хоёр тал харилцан тохиролцож, хөдөлмөрийн хугацаатай гэрээ
байгуулсан. Өөрөөр хэлбэл ажлын ачаалал, шаардлагаар томилж, түүнтэй хөдөлмөрийн
хугацаатай гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь
хэсэгт заасантай нийцэж байгаа. Б.Ононгийн хөдөлмөрийн гэрээний хугацааг түүний гаргасан хүсэлт болон ажлын ачаалал, тус төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг өргөжүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, компанийн зорилтот түвшинг биелүүлэх, төлөөлөгчийн газрын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор хоёр тал харилцан тохиролцож сунгаж байсан. Хамгийн сүүлд ажлыг ачаалал болон Зам, тээврийн хөгжлийн яамнаас шалтгалт хийгдэж байсантай холбоотой 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар сунгасан. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний хугацаа дээрхи хугацаанд дуусгавар болсон.
Зам, тээвэр хөгжлийн яамны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн
38-07, 09-01/07 дугаар удирдамжийн дагуу хийгдсэн шалгалтын тайлангийн
4.5.1-д " ...Гадаад улс дахь төлөөлөгчийн 6 газарт батлагдсан орон тоогоор 20 хүн
ажиллахаас 26 хүн ажиллаж байгаа нь Засгийн газрын 2015 оны 157 дугаар тогтоолын
3.3.-д "... шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын ачааллыг нягтруулж орон тоог
бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг
хэмнэх..." гэж заасныг зөрчсөн..." гэж дүгнэсэн. Нэгэнт компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс орон тоог баталсан, салбарын яам болон хувьцаа эзэмшигч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас ажлын ачааллыг нягтруулах, орон тоо бууруулах чиглэл өгсөн тул Б.Ононд хөдөлмөрийн гэрээг сунгахгүйгээр дуусгавар болгох мэдэгдлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн.
3. Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээний сунгалт бүрт тодорхой үндэслэл, нөхцөл, гэрээний хугацааны талаар туссан байхад анхан шатны шүүх үнэлээгүй. түүнчлэн гэрээ нь өөрөө 2 тал харилцан тохиролцож байгуулагддаг, Б.Онон хүгацаатай
хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагаа өөрөө мэдэж байсан бөгөөд гарын үсэг зурсан нь хүлээн зөвшөөрснийг илтгэж байгааг шүүх үнэлээгүй. “МИАТ" ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.3 дахь хэсэгт "Ажилтны ажлын ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажил үүргийн биелэлт, ажлын идэвхи санаачлага хүлээсэн ажил үүргийн хариуцлагыг өндөржүүлэх, эд хөрөнгийн хариуцлага цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга дэг журмыг нэмэгдүүлэх, нууцлал, шагнал, цалин урамшуулал, нийгмийн асуудал тэтгэмж, хөнгөлөлт зэргийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг 2 тал харилцан тохиролцон хугацаатай байгуулж болно" гэж заасан байгаа болно.
4. Б.Онон нь ажил олгогчтой харилцан тохиролцож хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, хуулийн дагуу дуугавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх хэсэгт хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, Б.Ононг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр чөлөөлөөгүй, мөн хуулийн 37.1.3 дах хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусгавар болгосон. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт заасны дагуу 2 тал харилцан тохиролцож гэрээг байгуулсан нь хуульд нийцэж байгаа тул гомдлыг харгалзан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2017/01081 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Б.Ононгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Онон нь хариуцагч “МИАТ” ТӨХК-д холбогдуулан ажлаас хууль бусаар халагдсаныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хоёр тал тохиролцож хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан, түүний орон тоо нь үндсэн орон тоо биш, ажлын ачаалал шаардлагаар томилсон, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэж маргажээ.
Б.Онон нь “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/331 тоот тушаалаар 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс "Бээжин хот дахь төлөөлөгчийн газарт суудал захиалагч, билет бичигчээр томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад /хх.8, 19-22/ тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 сарын 02-ны өдрийн Б/06 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлөгдсөн байна. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйл, 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 43 дугаар зүйл, компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 11.5, 11.6 дах заалт, ажилтанд хүргүүлсэн 2016/34 тоот мэдэгдлийг тус тус үндэслэл болгожээ./хх.5/
Нэхэмжлэгч Б.Онон нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгах мэдэгдэл, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд хариуцагч талаас Б.Ононгийн ажиллаж байсан орон тоо нь байнгын орон тоо биш гэж тайлбарлаж, үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /хх.51-55/
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь хэдийгээр байнгын ажлын байр боловч талууд хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа хөдөлмөрийн хугацаатай гэрээг байгуулж, хугацааг 1 жилийн хугацаатай гэж харилцан тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх бөгөөд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар хугацаатай гэрээг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу цуцалсныг буруутгах үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй болно.
Талууд харилцан тохиролцож, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан, уг гэрээг сунгаж байсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх зөв дүгнэлт хийгээгүйгээс ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал хууль зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалт нь уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход хамаарахгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Ононгийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 69.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2017/01081 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “МИАТ” ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Б.Ононгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Б.НАРМАНДАХ