Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 112/2018/0001/З |
Дугаар | 221/МА2018/0317 |
Огноо | 2018-06-06 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2018/0317
Ц.Л-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Аийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Л-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.От холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.4, 49.3, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Л-ийн Есөнбулаг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 08/04/321/01 дугаар актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04-р сарын 05-ны өдрийн 09 дугаартай шийдвэрийг хүлээн аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь:
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын байгаль орчны байцаагч нь 2016 оны 11-р сарын 03-ны өдрийн 08/04/312/01 дугаартай улсын байцаагчийн актаар С.Э, Ц.Л нарт захиргааны хариуцлага хүлээлгэснийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлэснийг шүүх хэт явцуу байдлаар дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна.
1. Холбогдох актыг гаргахдаа захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй, захиргааны хариуцлагад татаагүй атлаа Ц.Лг байгаль орчинд хохирол учруулсан гэм хорын хохирлыг төлүүлэхээр нөхөн төлбөр тавьж байгаа нь хуулийн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж захиргааны хариуцлага хүлээлгэсэн талаар нэг ч хуудас баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт цуглараагүй байхад актыг үндэслэлтэй гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.
2. Мөн холбогдох актаар тавьсан 28000000 төгрөгийн нөхөн төлбөрийн хэдийг нь Ц.Л, хэдийг нь С.Э төлөх нь тодорхойгүй өөрөөр хэлбэл актыг хэн хэрхэн гүйцэтгэх нь тодорхой биш.
3. Ц.Лг өнөөдрийн байдлаар захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэм буруутай болохыг нотолсон, тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад гэм буруугийн хохирол болох байгаль орчинд учирсан хохирол болох нөхөн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Түүний эрх ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад акт тогтоосныг үндэслэлтэй гэж үзэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байна.
4. Хэрвээ хохирол төлүүлэх нөхөн төлбөр тавьж байгаа актыг захиргааны хариуцлага хүлээлгэж байгаа гэж ойлгож байгаа бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5-р зүйлд заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн. Өөрөөр хэлбэл зөрчил гарсан өдрөөс хойш 3 сар өнгөрсөн. эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан өдрөөс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн байхад захиргааны хариуцлага /нөхөн төлбөр/ ногдуулж байгаа нь үндэслэлгүй.
5. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18-р зүйлийн 6-д зөрчил гаргасан этгээдийн учруулсан гэм хорыг хохирлыг арилгуулах асуудлыг Иргэний хуульд зааснаар шийдвэрлэхээр заасан бөгөөд байгаль орчинд учруулсан хохирлын гэм хорын хохирол нөхөн төлбөрийг ийнхүү захиргааны актаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй болно.
6. Анхан шатны шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57-р зүйлийн 57.1. 57.3-т зааснаар гэм буруутай этгээд энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хохирлыг нөхөн төлсөн нь ... хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэснийг үндэслэн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй талаар дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Учир нь Ц.Лг өнөөдрийн байдлаар захиргааны зөрчил болоод эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцсон, хариуцлага хүлээлгэсэн, байгаль орчинд хохирол учруулсан болохыг тогтоосон ямар нэгэн шийдвэр гараагүй байхад Захиргааны хэргийн шүүх хэт нэг талыг барьж гэм буруутай этгээд гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэсэг, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсгийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн шалгалтаар иргэн С.Э, Ц.Л нар нь зөвшөөрөлгүйгээр тус сумын Рашаант багийн Ялаатын голыг трактороор ухаж, голд нуур тогтоон голын захад алт угаадаг төхөөрөмж суурилуулан ажиллуулж байсныг тогтоожээ.
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 103 дугаар тогтоолоор С.Э, Ц.Л нарт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Улмаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Нөхөн төлбөр тогтоох тухай” 08/04/321/01 тоот актаар иргэн С.Э, Ц.Л нарт Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.3, 49.5-д заасныг үндэслэн 28,294,573 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ.
Иргэн С.Э, Ц.Л нар нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд ... ашигт малтмал хайх, олборлох ... хориглоно”, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно ...” гэж заасныг зөрчин усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хууль бусаар алт олборлосон нь тогтоогдсон байна.
Байгаль орчинд учруулсан хохирлыг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч уг хохиролд нь нөхөн төлбөр тогтоосон нь үндэслэлтэй байна. Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан тул иргэн С.Э, Ц.Л нарын усны нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж байгаа нь захиргааны хариуцлага ногдуулж байгаа хэрэг биш, харин дээрх иргэдийн хууль бус үйл ажиллагаан улмаас байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлж буй хэрэг тул энэ тохиолдолд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан “захиргааны хариуцлагад татаж, шийтгэл ногдуулахад” баримтлах хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэгдэхгүй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын “Ц.Лг захиргааны зөрчил болон эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцсон, хариуцлага хүлээлгэсэн, байгаль орчинд хохирол учруулсан болохыг тогтоосон ямар нэгэн шийдвэр гараагүй” гэх үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч байгаль орчинд хохирол учруулсан нь байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоосон ажлын хэсгийн дүгнэлт, уг хохирлын үнэлгээг тооцсон шинжээчийн дүгнэлтийг зэрэг баримтуудаар тогтоогдсоныг үндэслэн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актаар нөхөн төлбөр ногдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Аийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ