Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 219

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, Б.Э-н нэхэмжлэлтэй, МХХХМШАЭХ-ндхолбогдох захиргааны хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э[1], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б[2], шүүх хуралдааны нарийн бичгийн дарга н.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн агуулга

1.1. Нэхэмжлэгч Б.Э 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[3]:

“Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогч Б /бүртгэлийн дугаар 292../ миний бие бодлогын шалгалтын даалгаврын» бодлого дүгнэх аргачлал, түүнд тавьсан үнэлгээтэй холбогдуулан дараах шаардлага гаргаж байна.

Миний бие 2018.09.26-ны өдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, хуульчийн мэргэжлийн шалгалтын журамд заасны дагуу сорилгын шалгалтад 40-өөс 32.6 оноо авч бодлогын шалгалтад оролцох эрхтэй болж Эрүүгийн эрх зүйн бодлогын шалгалтад 20-оос 14.3 оноо, Захиргааны эрх зүйн бодлогын шалгалтад 20- оос12 оноо, Иргэний эрх зүйн бодлогын шалгалтад 20-оос 7 оноо нийт дүнгээр 65.9 оноогоор дүгнэсэн байгааг эс зөвшөөрч Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргасан бөгөөд гомдлын хариу 2018.10.10-ны өдөр ирүүлсэн.

Тус хА д зөвхөн Захиргааны эрх зүйн бодлогын шалгалтын дүнг 2.5 оноогоор нэмсэн бөгөөд нийт дүнгээр 68.4 оноо авч тэнцээгүй байгааг түүний дотор Иргэний эрх зүйн бодлогын шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, шалгалтын комисс бодлогыг дүгнэхдээ нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бодлого бодох аргачлалын дагуу бодсон эсэх, онолын болон эрх зүйн үндэслэлтэй тайлбар гаргаж буй байдал, шалгуулагч өөрийн дэвшүүлж буй үндэслэлийг хэрхэн зөвтгөн хууль зүйн үндэслэлтэй тайлбар гаргаж буй байдал зэрэг нөхцөлүүдийг харгалзан үзээгүй гэж үзэж байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 зааснаар Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос байгуулагдсан Хуульчийн шалгалтын комисс нь хуульчийн шалгалтыг зохион байгуулж дууссан байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна гэж заасан тул Монголын хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороог хариуцагчаар татсан болно.

Миний бие нь бодлогын агуулга, шалгуулагчид тавьсан асуултууд, иргэний эрх зүйн бодлого дүгнэх аргачлалын тухайд:

Гэрээ байгуулагдсан эсэх, гэрээг тодорхойлсон эсэхээс үзэхэд А нь орлого олох зорилгоор өөрийн өмчлөлийн барилгыг /үл хөдлөх хөрөнгийг/ бусдад түрээсэлж ирсэн нь тодорхой байх бөгөөд Иргэний хуулийн 318аас 326 заалтыг үндэслэн түрээсийн гэрээ байгуулсан тухай бичсэн байгааг нь түрээсийн гэрээний зохицуулалтыг хуульчилсан байдлыг бүхэлд нь тусгасан гэж үзэж байна. Дээрх заалтуудыг тодруулан А нь Д эд хөрөнгөө шилжүүлсэн бөгөөд гэрээний гол нөхцөл болох түрээсийн гэрээний бичгээр байгуулагдах хуулийн шаардлага, Түрээслэгч түрээсийн төлбөр төлөх үнэ, хугацаа, түрээслэгч Д эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, бий болсон үр шимийг хүртэх зэрэг түрээсийн гэрээнээс үүсэх харилцаа эрх, үүргийн тухай эрх зүйн дүгнэлт өгсөн. Дээрх гэрээний харилцаатай холбоотой иргэний хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасны дагуу талууд хэлцэл хийсэн бөгөөд түрээсийн гэрээний харилцаа үүссэн тухай бүрэн бичсэн гэж үзэхээр байна.

Харин гэрээ хүчин төгөлдөр эсэх тухайд Иргэний хуулийн 318.3 гэрээний бичгээр байгуулах гэрээний хэлбэрийн шаардлага, үл хөдлөх бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх хуулийн шаардлагыг, мөн Иргэний хуулийн 318.4 гэрээ хүчин төгөлдөр бус болох нөхцөлийг дурдаж зохих тайлбарыг хийсэн болно.

Шаардах эрхтэй эсэх талаар бодлогын өгөгдөлд хууль зүйн дүгнэлт өгч байх явцад дээрхи түрээсийн гэрээ нь хуулийн 318.3, 318.4 зааснаар хүчин төгөлдөр бус  тооцогдвол Д нь түрээсийн төлбөр 2 сая төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх, Түрээслэгч А ы шаардах эрхийн талаар Иргэний хуулийн 492-496 дугаар зүйлүүдийг иш татаж үүнээс тодруулан 492.1, 492.1.1 түрээсийн төлбөр болон эд хөрөнгөө буцаан шаардах эрхийн тухай заалтыг тусгаж зохих тайлбар, эрх зүйн дүгнэлтийг хийж, иргэний хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 8.1.6 /үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших/ заалтыг журамлан иргэний эрх зүйн харилцаа үүсэж шаардах эрхтэй болохыг дурдаж өгсөн.

4 Өмгөөлөгчийн гаргасан хүсэлт үндэслэлтэй эсэх талаар А ы эд хөрөнгө барьцаалсан эсэх тухай лавлагааг Улсын бүртгэлийн байгууллагаас авах, хувь хүний нууцтай холбоотой бөгөөд хариуцагч Д өөрийн биеэр авч шүүхэд өгөх боломжгүй тул шүүхэд хүсэлт гаргасан тухай, тус хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д /Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр байгууллага хувь хүний нууцтай холбоотой...хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ/, /...Д ийн өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан баримт нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ...харгалзан шүүгч дотоод итгэл үнэмшлээр ; шийдвэрлэсэн/ гэж эрх зүйн тайлбарыг бүрэн хийсэн болно.

Мөн /Дээрхээс дүгнээд үзвэл шүүх хүсэлтийг хангалгүй шийдвэрлэж шүүх хурлыг ( явуулсан байна. Энэ нь хэрэг шийдвэрлэх хугацаа дууссан, нотлох баримт хангалттай гэж үзсэн, хурлын товын дагуу шүүх хурал зарлагдсан бөгөөд хурал эхлэх явцад гаргасан хүсэлт байна. ИХШХШТХ 105 зүйлд заасны дагуу шүүх хуралдаан эхлэхийн өмнө хэргийн оролцогчдын хүсэлтийг шийдвэрлэсэн байх боломжтой бөгөөд хүсэлтийг даруй шийдвэрлэж хурлыг хийсэн. Урьд нь тус баримтыг санал болгох буюу гаргаж өгөх бололцоотой байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байсан гэж үзэхээр байна. Иймд шүүгчийн захирамж хуульд нийцсэн байна гэж үзэж байна/ гэх бодолтоос үзэхэд Д ийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт нь шүүх хурлын ажиллагаа эхэлснээс хойш гаргасан хүсэлт бөгөөд тус хүсэлтийг шүүх нэн дариу хурлаараа шийдвэрлэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан захирамж гарган хурлыг үргэлжлүүлэн явуулж шийдвэр гаргасан тухай миний бичсэн бодлогоос бүрэн ойлгогдохоор байна.

Мөн иргэний эрх зүйн бодлого дүгнэх аргачлалд орхигдсон дараах хууль, эрх зүйн тайлбар бодолтыг нэмж бичсэн болно. Үүнд:

Бодлогын даалгаварт А түрээсийн эд хөрөнгө барьцаалсан талаарх ойлголтоос үзэхэд Иргэний хуулийн 318.5-д /энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ/, Иргэний хуулийн 294.2.1 /нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар/ гэх заалтууд нь Д түрээсийн төлбөрийг төлөөгүй үүргээ биелүүлэхгүй байгаа байдал нь А ы гэрээгээ хугацаанаас өмнө цуцлаж шаардах эрхтэй болохыг тайлбарлан бодолтондоо тусгаж өгсөн .

Дээрхээс гадна Иргэний хуулийн 171.1 зүйлд /Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна/ заалтыг тайлбарлан А ыг эд хөрөнгөө Д түрээслэх эрхтэй болохыг дурдаж өгсөн.

Мөн бодлогын гүйцэтгэлдээ /А Д гэрээ байгуулж эд хөрөнгийг шилжүүлсэн, Д 3 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулан үр шимийг нь хүртэж байсан бөгөөд түрээсийн төлбөр шаардах эрхийг үндэслэн Иргэний хуулийн 71-73 заалтын дагуу хугацааг тодорхойлох, тоолох журам хэрэглэх боломжтой/ тухай тайлбар хийж тусгасан.

Мөн өмгөөлөгчийн гаргасан хүсэлттэй холбоотойгоор Иргэний хуулийн 38.1-т /зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй байна/ гэх бодолт хийсэн.

Дээрх бодолтоо миний бие Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээний хүрээнд дүгнэж, өөрийн дэвшүүлж буй үндэажилагаатайслэлүүдийг эрх зүйн онолын хүрээнд үндэслэлтэй тайлбарлаж бодолтыг гүйцэтгэсэн бөгөөд нийт онооноос 60 хувиас дээш оноо авах үндэслэлтэй гэж үзэж байна.

Гэтэл шалгалтын комисс бодолтыг шалгаад нийт 20 авахаас 7 оноогоор дүгнэсэн нь бодлогын гүйцэтгэлийг бүрэн гүйцэд шалгаж дүгнээгүй Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,7.2 зааснаар дүгнэж, дахин шалгуулах үндэслэлтэй.

Иймд Хуульчийн мэргэжлийн шалгалтын 2018 онд оролцогч Б.Э-н  Иргэний эрх зүйн бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

Хоёр. Хариуцагч талын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Х.Ц нараас шүүхэд гаргасан тайлбартаа[4]:

“Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд МХХХМШАЭХ-нд холбогдуулан гаргасан Б Э-н нэхэмжлэлтэй танилцсаны үндсэн дээр дараах хариу тайлбарыг гаргаж байна, Үүнд:

Нэхэмжлэгч нь Хуульчийн мэргэжлийн шалгалтын 2018 онд оролцогч Б.Э-н  Иргэний эрх зүйн бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Түүнчлэн “Хуульчдын холбоо” нь Монгол улсын хэмжээнд Хуульчийн мэргэжлийн шалгалт зохион байгуулах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэн гаргадаг, гаргасан шийдвэр нь нийтийн эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг тул захиргааны байгууллага мөн бөгөөд шалгалтын комиссын бодлогын гүйцэтгэлийг шалгаад гаргасан шийдвэр нь захиргааны шүүхийн харьяаллын маргаан мөн гэж үзэн гомдол гаргасан байна.

“Хуульчийн эрх зүйн байдлын тухай” Монгол улсын хууль“-ийн 45 дугаар зүйл. Хуульчдын холбооны чиг үүрэгт:

45.1,1.хуульчийн шалгалт зохион байгуулах;” гэж заасан.

Түүнчлэн тус хуулийн “ 7 дугаар зүйл.Хуульчийн мэргэжлийн шалгалт

7.1 .Хуульчийн мэргэжлийн шалгалт /цаашид “хуульчийн шалгалт” гэх/-ын зорилго нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтооход чиглэнэ.

7.2.Хуульчийн шалгалт зохион байгуулах үйл ажиллагаанд тэгш эрх, шударга ёсыг хангах, ил тод байх, хууль дээдлэх, олон нийтийн итгэлийг даах, хараат бус байх зарчмыг баримтална.

8 дугаар зүйл.Хуульчийн шалгалтын комисс8.1.Энэ хуулийн 52 дугаар зүйлд заасан Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос байгуулагдсан Хуульчийн шалгалтын комисс /цаашид “Шалгалтын комисс” гэх/ хуульчийн шалгалтыг зохион байгуулна.

8.2.Шалгалтын комисст шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хорооны болон хуульч профессоруудын төлөөлөл орно.” гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие ...бодлогын шалгалтад нийт дүнгээр 65.9 оноогоор дүгнэсэн байгааг эс зөвшөөрч Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргасан бөгөөд гомдлыг хариуг ирүүлсэн. Иргэний эрх зүйн бодлогын шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шалгалтын комисс бодлогыг дүгнэхдээ нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бодлого бодох аргачлалын дагуу бодсон эсэх, онолын болон эрх зүйн үндэслэлтэй тайлбар гаргаж буй байдал, шалгуулагч өөрийн дэвшүүлж буй үндэслэлийг хэрхэн зөвтгөн хууль зүйн үндэслэлтэй тайлбар гаргаж буй байдал зэрэг нөхцөлүүдийг харгалзан үзээгүй гэж үзэж байна.”гэжээ.

Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулахдаа Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2017 оны 4 сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам”-ыг баримталдаг. Тус журамд гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх талаар дор дурдсанаар зохицуулахаар тусгасан.

“ 9,1 дүгээр зүйл.Гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх

Оролцогч ба бусад этгээдийн гаргасан шалгалттай холбогдох гомдлыг шалгалтын үйл ажиллагааны төрөл, онцлогийг харгалзан дараах байдлаар ангилж хянан шийдвэрлэнэ. Үүнд:

1.1 .шалгалтын бүртгэлтэй холбоотой;

1.2.шалгалтын комиссын гишүүн журам зөрчсөн тухай;

1.3.шалгалтын явцад гарсан зөрчилтэй холбоотой;

1.4.шалгалтын нууцлалтай холбоотой;

1.5.шалгалтын даалгавар, гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой;

2.Гомдол гаргагч энэ журмын 9.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан гомдлыг шалгалт эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө, сорилгын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шалгалт өгсөн өдрийн 20 цаг хүртэл, бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг дүн гарсан өдрөөс хойш ажлын нэг өдрийн дотор, бусад гомдлыг шалгалт. дууссанаас хойш ажлын гурван өдрийн дотор Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд тус тус бичгээр ирүүлнэ.

Э.Бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлтэй холбоотой гомдлыг дараахь журмаар шийдвэрлэнэ:

9.1.Бодлогын шалгалтын даалгавар дүгнэх комиссын гишүүдээс маргааныг шийдвэрлэх бүрэлдэхүүнийг томилох;

9.2.Маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүнд гомдол гаргагчийн бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлд анх үнэлгээ өгсөн комиссын гишүүнийг оролцуулахгүй байх зарчим баримтлах;

9.3.Гомдолд дурдсан шаардлага үндэслэлтэй байна гэж бүрэлдэхүүн үзвэл гомдол гаргагчийн маргаж буй даалгаврын гүйцэтгэлийг дахин нягталж дүгнэх

9.4.гомдол гаргагчийн бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн анхны үнэлгээ болон энэ журмын 9.1 дүгээр зүйлийн 9.3-т заасны дагуу дахин нягталж үзсэн бодлогын шалгалтын үнэлгээний аль өндөр авсан үнэлгээгээр эцсийн үнэлгээг тооцно." гэж заасан. Нэхэмжлэгчийн гомдол нь бодлогын шалгалтын комиссын үйл ажиллагаатай холбоотой байна. Журамд:“3.3 дугаар зүйл. Бодлогын шалгалтын даалгавар дүгнэх комисс, түүний үйл ажиллагаа

1.Дүгнэх комисс нь мэргэжлийн ёс зүйн алдаа зөрчилгүй, хууль зүйн магистр ба түүнээс дээш зэрэгтэй Хуульчдын холбооны шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хороо болон хуульч профессорын тэнцвэртэй тооны төлөөллийг хангасан 15-27 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

2.Шалгалтын комиссын дарга дүгнэх комиссыг энэ журмын 6.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрх зүйн салбар тус бүрээр 5-9 хүртэл гишүүнтэй 3 хэсэгт хуваан гишүүдийн нэрс, ажиллах хуваарийг батална.

3.Дүгнэх комиссын нэрсийг шалгалт дуусах хүртэлх хугацаанд нууцална.

4.Дүгнэх комисс нь шалгалттай холбогдох дараахь үйл ажиллагааг явуулна:

4.1.бодлогын шалгалтын даалгаврын сангаас шалгалтад оруулах сорилго болон бодлогыг сонгоход хөндлөнгийн ажиглагч байдлаар төлөөллөө оролцуулах;

4.2.шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг үнэлэх нэг зарчим, арга зүйг тогтоосон аргачлалыг баталж, түүний дагуу бодлогын даалгаврыг дүгнэх; 4.3.бодлогын даалгаврын боловсруулалтад дүгнэлт хийж, даалгаврыг гүйцэтгэх болон үнэлж, дүгнэхэд гарсан бэрхшээл, цаашид бодлогын даалгаврыг боловсруулахад зайлшгүй анхаарах шаардлагатай асуудлыг хэлэлцэж, комиссын даргад саналаа бичгээр хүргүүлэх;

4.4.Бодлогын шалгалтын даалгаврыг үнэлж, дүгнэх үйл ажиллагааны зохион байгуулалтын талаарх гомдол, санал, хүсэлтээ шалгалтын комиссын даргад хүргүүлэх;

б.Бодлогын шалгалтын даалгавар дүгнэх комиссын гишүүн өөрийн ; үнэлгээний үнэн зөв, бодитой байх асуудал болон үнэлгээтэй холбогдон гарсан аливаа үр дагаврыг бүрэн хариуцна.

в.Шалгуулагчийн гаргасан гомдлын дагуу түүний бодлогын шалгалтын даалгаврыг дахин хянаж үнэлсэн комиссын гишүүний үнэлгээ бодлогын даалгаврын анхны үнэлгээнээс 3 ба түүнээс дээш онооны зөрүүтэй дүгнэсэн байх тохиолдолд гишүүн өөрийн үнэлгээний үндэслэлийн талаарх тайлбарыг бичгээр гаргаж, тухайн өдөрт багтаан шалгалтын комиссын даргад өгнө.” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь гомдол гаргасны дагуу шалгалтын даалгавар дүгнэх комисс нь журмын дагуу дахин үнэлгээ хийж, холбогдох оноог тавьсан байна. Шалгалтын комиссыг журамд заасны дагуу хууль зүйн магистр ба түүнээс дээш зэрэгтэй Хуульчдын холбооны шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хороо болон хуульч профессорын төлөөллийг хангасан гишүүдээс бүрдүүлсэн, Комиссын гишүүн өөрийн үнэлгээний үнэн зөв, бодитой байх асуудал болон үнэлгээтэй холбогдон гарсан аливаа үр дагаврыг бүрэн хариуцдаг.

Нэхэмжлэгч Б.Э-н шалгалтын даалгаврыг түүний гомдлоор журамд заасны дагуу дахин хянаж үнэлсэн байна. Ийм тохиолдолд нэхэмжлэгчийн шаардсанаар түүний үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлэх зохицуулалт байхгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч Б.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр МХХХМШАЭХ-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж, дүгнэн, маргаан бүхий үнэлгээний хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн зохицуулалт, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага

Нэхэмжлэгчээс “Хуульчийн мэргэжлийн шалгалтын 2018 онд оролцогч Б.Э-н  иргэний эрх зүйн бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлэхийг даалгаж өгнө үү.” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг Хуульчдын холбооны шалгалтын асуудал эрхэлсэн хороонд холбогдуулан гаргажээ.

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа “Мэргэжлийн шалгалтын хороо нь иргэний эрх зүйн бодлогын даалгаврын гүйцэтгэлийг холбогдох хууль, бодлого бодох аргачлалын дагуу бүрэн гүйцэд дүгнээгүй үйлдэл нь нэхэмжлэгч миний бодлогын даалгаврын гүйцэтгэлээ эрх бүхий байгууллагаар хуульд нийцүүлэн шударгаар дүгнүүлэх, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авах, цаашилбал хуульд зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулах эрхийг зөрчиж байна.” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

Хоёр.Маргааны үйл баримтын талаар

Нэхэмжлэгч Б.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгэлийн 292.. дугаартайгаар оролцож, сорилгын шалгалтад 32.6 оноо, захиргааны эрх зүйн бодлогын шалгалтад 12 оноо, иргэний эрх зүйн бодлогын шалгалтад 7 оноо, эрүүгийн эрх зүйн бодлогын шалгалтад 14.3 оноо, нийт дүнгээр 65.9 оноо тус тус авчээ.[5]

 Улмаар Б.Э уг үнэлгээг эс зөвшөөрч Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргасан байна. 

Б.Э-н  гомдлыг үндэслэн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос түүний шалгалтын материалыг дахин шалгах комисс томилон шалгаж, сорилгын шалгалтад 32.6 оноо, захиргааны эрх зүйн бодлогын шалгалтад 14.5 оноо, иргэний эрх зүйн бодлогын шалгалтад 7 оноо, эрүүгийн эрх зүйн бодлогын шалгалтад 14.3 оноо, нийт дүнгээр 68.4 оноог системд сүүлийн байдлаар оруулжээ[6].  

Тодруулбал, Хуульчийн мэргэжлийн шалгалтын бодлогын даалгаврыг дахин дүгнэх комисс нь Б.Э-н  гомдлын дагуу түүний иргэний эрх зүйн бодлогын гүйцэтгэлийг дахин 7 оноогоор дүгнэсэн байна. Харин   захиргааны эрх зүйн бодлогын шалгалтын оноог 2.5 оноогоор нэмэгдүүлж 14.5 оноогоор дүгнэжээ.

Гурав.Хууль зүйн үндэслэлийн талаар:

3.1.Нэхэмжлэгчээс “Хуульчдын холбоо үнэлгээний үнэн зөвийг хариуцах үүрэгтэй” гэж маргаж байгаа үндэслэлийн талаар:

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо /цаашид “Шалгалтын хороо” гэх/ нь Хуульчдын холбооны шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хорооны гишүүд, түүнчлэн хуульч профессоруудын төлөөлөл оролцсон 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.”, 52.3-д “Шалгалтын хороо дараах эрх хэмжээтэй байна: 52.3.1.хуульчийн шалгалт зохион байгуулах үүрэг бүхий Шалгалтын комисс байгуулах; 52.3.2.хуульчийн шалгалт зохион байгуулах журам боловсруулж, Зөвлөлөөр батлуулах; 52.3.3.хуульчийн шалгалтын зохион байгуулалт болон даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөхтэй холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх.”, 52 дугаар зүйлийн 52.4-т “Шалгалтын хороо хуульчийн шалгалт зохион байгуулах тухай бүрд Шалгалтын комиссыг байгуулна.”, 52.6-д “Шалгалтын комисс нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ: 52.6.2.сорилгын болон бодлогын шалгалтад оролцогчдын даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөх;” гэж заажээ.

Мөн дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 52 дугаар зүйлд заасан Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос байгуулагдсан Хуульчийн шалгалтын комисс /цаашид “Шалгалтын комисс” гэх/ хуульчийн шалгалтыг зохион байгуулна.” гэжээ.

 Хуульчдын холбооны зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын 10 дугаар тогтоолоор батлагдсан Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 3.1 дүгээр зүйлийн 2-т “Шалгалтын хороо нь 2 комисс буюу шалгалт зохион байгуулах комисс, бодлогын шалгалтын даалгаврыг дүгнэх комиссыг байгуулахаар” зохицуулжээ.

Мөн журмын 3.3 дугаар зүйлийн 5-д “Бодлогын шалгалтын даалгавар дүгнэх комиссын гишүүн өөрийн үнэлгээний үнэн зөв, бодитой байх асуудал болон үнэлгээтэй холбогдон гарсан аливаа үр дагаврыг бүрэн хариуцна.” гэжээ.

Эдгээр хуулийн зохицуулалтаас дүгнэхэд, хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос шалгалт зохион байгуулах болон бодлогын шалгалтын даалгаврын дүгнэх комиссыг шалгалт зохион байгуулах тухай бүрд байгуулдаг, тухай бүр томилогдсон бодлогын шалгалтын даалгавар дүгнэх комиссын гишүүн өөрийн үнэлгээний үнэн зөв, бодитой байх асуудал болон үнэлгээтэй холбогдон гарсан аливаа үр дагаврыг бүрэн хариуцдаг байна.

3.2.Нэхэмжлэгчээс “аргачлал журамд нийцээгүй, баталсан аргачлал хэрэгт ирээгүй” гэж маргаж байгаа үндэслэлийн тухайд:

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульчийн мэргэжлийн шалгалт /цаашид “хуульчийн шалгалт” гэх/-ын зорилго нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтооход чиглэнэ.” 8 дугаар зүйлийн 8.2-д “Шалгалтын комисст шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хорооны болон хуульч профессоруудын төлөөлөл орно.”, 15 дугаар зүйлийн 15.3-д “Бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг гурваас доошгүй шалгагчийн бүрэлдэхүүнтэйгээр дүгнэж, дүнг тэдгээрээс өгсөн үнэлгээний дунджаар гаргана.”, 16 дугаар зүйлийн 16.6-д “Хуульчийн шалгалттай холбогдох бусад асуудлыг Хуульчдын холбооноос баталсан журмаар зохицуулна.” гэжээ.

Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 3.3 дугаар зүйлийн 4.4.2-т “Дүгнэх комисс нь шалгалттай холбогдох дараахь үйл ажиллагааг явуулна: шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг үнэлэх нэг зарчим, арга зүйг тогтоосон аргачлалыг баталж, түүний дагуу бодлогын даалгаврыг дүгнэх” гэж,  7.1 дүгээр зүйлийн 4-т “Дүгнэх комиссын гишүүд бодлогын агуулга, даалгаврын асуултыг харгалзан нэг зарчим, аргачлалаар дүгнэж, нэгдсэн дүнг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан журмын дагуу гаргана. ” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгчийн маргаж буй иргэний эрх зүйн бодлого дүгнэх аргачлалыг бодлогын бодолттой хамт бодлого дүгнэх комисс нь шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг үнэлэх нэг зарчим, арга зүйг тогтоон баталж, түүний дагуу бодлогын даалгаврыг комиссын 3 гишүүн дүгнэсэн, нэхэмжлэгч Б.Э-н  гомдлын дагуу дахин комиссын 3 гишүүн томилогдож түүний иргэний эрх зүйн бодлогыг уг баталсан аргачлалын дагуу дүгнэсэн гэдэг нь бодолт, аргачлал[7], дүнгийн хуудас, бодолтод тавьсан үнэлгээ[8], хариуцагч талын тайлбар зэргээс тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд энэхүү аргачлал 3.3 дугаар зүйлийн 4.4.2-т “Дүгнэх комисс нь шалгалттай холбогдох дараахь үйл ажиллагааг явуулна: шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг үнэлэх нэг зарчим, арга зүйг тогтоосон аргачлалыг баталж, түүний дагуу бодлогын даалгаврыг дүгнэх” гэж,  7.1 дүгээр зүйлийн 4-т “Дүгнэх комиссын гишүүд бодлогын агуулга, даалгаврын асуултыг харгалзан нэг зарчим, аргачлалаар дүгнэж, нэгдсэн дүнг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан журмын дагуу гаргана. ” гэж тус тус заасан зохицуулалттай нийцээгүй гэдэг нь тогтоогдохгүй байна.

Иймээс нэхэмжлэгчээс “аргачлал нь журамд нийцээгүй, баталсан аргачлал хэрэгт ирээгүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

3.3.Нэхэмжлэгчээс “иргэний эрх зүйн бодлогын даалгавраас 11-12 оноо авах боломжтой байсан, бодлогыг арга, аргачлалынхаа дагуу дүгнээгүй, аргачлалаа зөрчиж дүгнэсэн, 3 дугаар бодлогыг аль ч шалгагч багш нь дүгнээгүй, шалгагч багш нар үнэн зөв дүгнээгүй байна,” гэж маргаж байгаа үндэслэлийн тухайд:

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульчийн мэргэжлийн шалгалт /цаашид “хуульчийн шалгалт” гэх/-ын зорилго нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтооход чиглэнэ.”,

Уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “Бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг гурваас доошгүй шалгагчийн бүрэлдэхүүнтэйгээр дүгнэж, дүнг тэдгээрээс өгсөн үнэлгээний дунджаар гаргана.” гэж заажээ.

Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 3.3 дугаар зүйлийн 4.4.2-т “Дүгнэх комисс нь шалгалттай холбогдох дараахь үйл ажиллагааг явуулна: шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг үнэлэх нэг зарчим, арга зүйг тогтоосон аргачлалыг баталж, түүний дагуу бодлогын даалгаврыг дүгнэх” гэж, 

Уг журмын 7.1 дүгээр зүйлийн 4-т “Дүгнэх комиссын гишүүд бодлогын агуулга, даалгаврын асуултыг харгалзан нэг зарчим, аргачлалаар дүгнэж, нэгдсэн дүнг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан журмын дагуу гаргана. ” гэж тус тус заасан байна.

Мөн журмын 6.3 дугаар  зүйлийн 3-д “Оролцогч нь бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэл тус бүрт 20 хүртэл, нийт 60 хүртэл оноо авна” гэжээ.

Нэхэмжлэгчийн маргаж байгаа иргэний эрх зүйн бодлого 3 асуулттай, харин бодлогын бодолтын аргачлалд зааснаар[9] уг 3 бодлогын асуултад 4 шалгах дараалал, уг шалгах дараалал бүрт тохирсон хууль зүйн үндэслэлүүдийн дагуу бодсон эсэхийг шалгахаар байна[10].

Нэхэмжлэгчийн бодолт[11]-д дурдсан хууль зүйн үндэслэл, бодлогын агуулгыг шалгалтын комиссоос гаргасан аргачлалтай харьцуулан үзвэл:

 1.Бодлого дүгнэх аргачлалын 1-д заасан шалгах дараалалд хамаарах гэрээ байгуулагдсан эсэх, гэрээг тодорхойлох, Иргэний хуулийн 40.1, 195.1, 318.1-д хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон эсэхийг шалгахаар байна.

Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан үндэслэлийг тайлбарласан харин бодолтын аргачлалд дурдсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.1-д заасан хууль зүйн үндэслэлийн талаар бодлогын агуулгад хариулт өгөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, аргачлалын 1 дэх шалгах дарааллаас 3 хууль зүйн үндэслэлд хариулт өгөх байтал 1-д нь хариулт өгсөн 33%-д нь хариулт өгсөн.

Түүнчлэн бодолтын аргачлалын 2 дахь шалгах дарааллын гэрээ хүчин төгөлдөр эсэх, Иргэний хуулийн 42.1, 182.1, 318.3, 318.4-т заасан үндэслэлийг тодорхойлсон эсэхийг шалгана.

Гэтэл эдгээр хууль зүйн үндэслэл, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар нэхэмжлэгчийн бодолтод 318.3, 318.4 дэх үндэслэлийг дурдаж, “...түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх боломжтой” гэж дурдсан,  Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 182 дугаар зүйлийн 182.1-д заасан үндэслэлийг дурдаагүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч аргачлалын 2 дахь шалгах дарааллаас 4 хууль зүйн үндэслэлд хариулт өгөх байтал 2-т нь хариулт өгсөн буюу 50%-д хариулсан.

Мөн бодолтын аргачлалд дурдсан 3 дахь шалгах дарааллын шаардах эрхтэй эсэх, Иргэний хуулийн 492.1.1, 493.1-д заасан шалгах дараалал, хууль зүйн үндэслэлийг бодолтод оруулсан эсэхийг шалгахаар заасан.

Нэхэмжлэгчийн бодолтод “...Иргэний хуулийн 492-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргах үндэслэлтэй...” гэж зааснаас тусгайлан хариулт өгөөгүй, бодлогын аргачлалд заасан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасан хууль зүйн үндэслэлийг тусгайлан дурдаж, бодлогын агуулгыг гаргаагүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч аргачлалд заасан 3 дахь шалгах дарааллаас хууль зүйн үндэслэлд хариулт өгөөгүй.

Дээрхээс гадна бодолтын аргачлалын 4 дэх шалгах дарааллын өмгөөлөгчийн гаргасан хүсэлт үндэслэлтэй эсэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6, 105.1, 105.2-д заасан хууль зүйн үндэслэлийг шалгахаар байна.

Харин нэхэмжлэгчийн бодолтод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105-д заасны дагуу  хариултыг өгсөн, харин өмгөөлөгчийн гаргасан хүсэлт үндэслэлтэй эсэхэд тодорхой хариулт өгөөгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.1, 105.2-д заасан хууль зүйн үндэслэлийг тусгайлан дурдаагүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгч 4 дэх шалгах дарааллаас хууль зүйн 3 үндэслэлд хариулт өгөх байтал 1 хариулт өгсөн. Бодлогын 33%-д хариулт өгчээ.

Нэхэмжлэгчийн маргаж байгаа иргэний эрх зүйн бодлого, түүнийг дүгнэх аргачлал нь хавтаст хэргийн 69-71 хуудаст нотлох баримтаар авагдсан. Уг аргачлалын дагуу комиссын гишүүд Б.Э-н  иргэний эрх зүйн бодлогыг хэрэгт байгаа нууц материалд заасан оноогоор тус тус дүгнэж, нийлбэр дунджаар 7 оноо өгсөн гэдэг гэдэг нь тогтоогдож байна. 

Мөн нэхэмжлэгч Б.Э-н  гомдлоор уг үнэлгээг дахин дүгнэсэн комиссын гишүүд бодлогыг нийлбэр дунджаар дахин 7 оноо өгчээ.

Өөрөөр хэлбэл, Б.Э-н  иргэний эрх зүйн бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг гурван шалгагч багш шалгаж, тэдгээрийн дунджаар оноог өгсөн, нэхэмжлэгчийн бодлогын хариулт аргачлалд дурдсан шалгах хууль зүйн үндэслэл, бодолтын агуулгаас нэхэмжлэгч нь 1 дэх шалгах дараалал, үндэслэлд 33%-д, 2 дахь шалгах дараалал, үндэслэлд 50%-д, 3 дахь шалгах дараалал, үндэслэлд хариулт өгөөгүй, 4 дэх шалгах дараалал, үндэслэлд 33%-д хариулт өгч, бодолтын агуулгыг гаргасан байдал тогтоогдож байна.

Иймээс нэхэмжлэгчийн иргэний эрх зүйн бодлогыг шалгаж, үнэлгээ өгсөн шалгалтын комиссын үнэлгээ нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн нэхэмжлэгчийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтооход чиглэгдсэн байх бөгөөд бөгөөд уг үнэлгээ нь хуульд нийцээгүй, баталсан аргачлалаа зөрчсөн, түүнд нийцээгүй, нэхэмжлэгчийн бодлогоо үнэн, зөв үнэлүүлэх, хариултдаа тохирсон үнэлгээ авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ.”, 42.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.” гэж зохицуулжээ.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д “Шалгалтын комисс нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ: 52.6.2.сорилгын болон бодлогын шалгалтад оролцогчдын даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөх;” гэж заажээ.

Дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу Б.Э-н  хуульч мэргэжлийн шалгалтын бодлогын даалгаврын гүйцэтгэлийг шалгаж 7 оноо тавьсан шалгалтын комиссын гишүүдийн үнэлгээ, оноо нь бага, их байсан, ямар оноо, үнэлгээ тавих ёстой байсан эсэх талаар шүүх дүгнээгүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр гаргах хүрээ, хязгаарт хамаарах асуудал биш, бодлогын шалгалтад оролцогчдын даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөх нь шалгалтын комиссын бүрэн эрх, сонгох боломжид хамаарах асуудал гэж дүгнэв. 

 

           3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 -д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 52 дугаар зүйлийн 52.3.2, 52.6.2, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э-с “Хуульчийн мэргэжлийн шалгалтын 2018 онд оролцогч Б.Э-н  Иргэний эрх зүйн бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлэхийг даалгах тухай” гэсэн шаардлага бүхий МХХХМШАЭХ-ндхолбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                  А.САРАНГЭРЭЛ

 


[1] 128/2018/1021/З индекстэй хэргийн 6 дахь тал

[2] 128/2018/1021/З индекстэй хэргийн 34 дэх тал

[3] 128/2018/1021/З индекстэй хэргийн 1-4 дэх тал

[4] 128/2018/1021/З индекстэй хэргийн 37, 55-58 дэх тал

[5] Хэргийн 72 дахь тал

[6] Хэргийн 72 дахь тал

[7] Хэргийн 69-72 дахь тал

[8] Хэргийн нууц баримт

[9] Хэргийн 71 дэх тал

[10] Хэргийн 69-71 дэх тал

[11] Хэргийн 52-54 дэх тал