| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0172/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/184 |
| Огноо | 2021-12-03 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
улсын яллагч Ц.Гэрэлчимэг,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Д.Бт холбогдох эрүүгийн 2107001090224 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Завхан аймаг, ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *******ын багш мэргэжилтэй, хувиараа засал чимэглэлчин ажилтай, ам бүл 1, ............................................ тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............................................ тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт Д.Б /РД: ................../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Б нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны бэлэн мөнгөний АТМ-с иргэн Б.А нь 5.000.000 төгрөг авахаар карт уншуулсан боловч мөнгө гарч ирээгүй удаж улмаар орхиж явсны дараа АТМ-с гарч ирсэн бэлэн мөнгийг авч бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас Б.Ад бага хэмжээнээс дээш буюу 5.000.000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны үүдэнд байдаг АТМ-с картаа уншуулаад 5.000.000 төгрөг авахаар команд өгтөл мөнгө гарч ирэхгүй гүйлгээ хийгдэж байна гэсэн бичиг гарч ирээд миний карт гарч ирчхээд мөнгө гарч ирэхгүй 3 орчим минут болохоор нь гарахгүй юм байна гэж бодоод зогсож байтал дотор хаалга онгойгоод дотроос хүн гарч ирэхээр нь хамгаалагч дээр нь очоод “намайг оруулчхаач би 20.000.000 төгрөг авах ёстой юм. Маргааш эрт мөнгө хэрэг болоод байна” гээд гуйсан чинь намайг оруулсан. Ингээд теллер дээр очоод 3-4 минут орчим хүлээгээд 20.000.000 төгрөг авах хүсэлтээ хэлсэн чинь таны дансанд 20.000.000 төгрөг хүрэхгүй байна ш дээ та дөнгөж сая 5.000.000 төгрөг авсан байна гэхээр нь гайхаад би сая ATM дээр очоод мөнгө авах гэтэл гарч ирэхгүй байсан шүү дээ гэхэд нөгөө теллер камераа шүүж өгтөл миний арын үйлчлүүлэгч мөнгийг аваад гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 15 цаг өнгөрч байхад АТМ-с мөнгө авахаар Хаан банкны ATM дээр ирэхэд оочиртой байсан ба оочирлоод зогсож байтал миний хажуу талын АТМ-с нэг эмэгтэй үйлчлүүлж байгаад гараад холдоод явахаар нь оочиргүй болсон учир би тэр АТМ-д очсон чинь ATM уншиж байснаа урдаас бэлэн мөнгө гараад ирэхээр нь би шууд аваад гадагшаа гараад Энгэршанд руу алхаж яваад замдаа мөнгийг тоолоод үзтэл 5.000.000 төгрөг байсан. Тэгээд эхэндээ хүний мөнгө юм чинь үрээд яахав гэж бодож байснаа би тухайн үед Б гэх найзаасаа Ниссан экстрайл маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авахаар ярьж байсан болохоор ерөөсөө машиныг авъя гэж бодоод Бтай яриад 3.500.000 төгрөгөөр машиныг нь худалдаж аваад 700.000 гаруй төгрөгөөр хөндлөн гар, түлк резинүүд, дугуй, том масло солих гэх мэт зүйлсэд зарцуулаад үлдсэн 800.000 төгрөгөөр хувцас худалдаж аваад бензин хийгээд дуусгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл болон дансны хуулга /хх-ийн 5-7 дугаар хуудас/,
“...............” ХХК-ийн гадаах камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 51 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 59-61 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/, хохирогчид хохирол барагдуулсан талаарх баримт /хх-ийн 68-69 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны бэлэн мөнгөний АТМ-с иргэн Б.А нь 5.000.000 төгрөг авахаар карт уншуулсан боловч мөнгө гарч ирээгүй удаж улмаар орхиж явсны дараа АТМ-с гарч ирсэн бэлэн мөнгийг авч бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас Б.Ад бага хэмжээнээс дээш буюу 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны үүдэнд байдаг АТМ-с картаа уншуулаад 5.000.000 төгрөг авахаар команд өгтөл мөнгө гарч ирэхгүй гүйлгээ хийгдэж байна гэсэн бичиг гарч ирээд миний карт гарч ирчхээд мөнгө гарч ирэхгүй 3 орчим минут болохоор нь гарахгүй юм байна гэж бодоод ... теллер дээр очоод 3-4 минут орчим хүлээгээд 20.000.000 төгрөг авах хүсэлтээ хэлсэн чинь таны дансанд 20.000.000 төгрөг хүрэхгүй байна ш дээ та дөнгөж сая 5.000.000 төгрөг авсан байна гэхээр нь гайхаад би сая ATM дээр очоод мөнгө авах гэтэл гарч ирэхгүй байсан шүү дээ гэхэд нөгөө теллер камераа шүүж өгтөл миний арын үйлчлүүлэгч мөнгийг аваад гарсан байсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...АТМ-с мөнгө авахаар Хаан банкны ATM дээр ирэхэд оочиртой байсан ба оочирлоод зогсож байтал миний хажуу талын АТМ-с нэг эмэгтэй үйлчлүүлж байгаад гараад холдоод явахаар нь оочиргүй болсон учир би тэр АТМ-д очсон чинь ATM уншиж байснаа урдаас бэлэн мөнгө гараад ирэхээр нь би шууд аваад гадагшаа гараад Энгэршанд руу алхаж яваад замдаа мөнгийг тоолоод үзтэл 5.000.000 төгрөг байсан.” гэх мэдүүлэг,
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл болон дансны хуулга, “...............” ХХК-ийн гадаах камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэдэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч Д.Б нь АТМ-ээс гарч ирсэн 5.000.000 төгрөгийг өөрийнх нь биш бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж зохих байгууллага болон иргэнд мэдэгдэхгүйгээр хохирогчийн гээгдэл эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авч, захиран зарцуулсан нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ад 5.000.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Д.Б нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хохирогчийн Хаан банкны .................. данс руу 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар /хх-ийн 69 дүгээр хуудас/ тогтоогдож байх ба хохирогч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “хохирлын мөнгө болох 5.000.000 төгрөгийг шилжүүлж авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбарыг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч санал, тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч Д.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /АТМ-ээс мөнгө авахаар очиход мөнгө гарч ирсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирлыг нөхөн төлсөн/, хувийн байдал /гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал/ зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “...............” ХХК-ийн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ